Айдсан дундах арал
2014 оны 3 сарын 10 [Уншсан тоо: 120673]
дээр бид өнөөдөр амьдарч байна.

Бид сэтгэл зүйн хоосролоос айж ,маргааш үгээгүй хоосон болохоос айж , долларын ханш өсөхөөсайж, нүүрс, цэсний үнэ унахаас айж, өвчин тусаад эмчлэх мөнгөгүй тарчилахаас айж, авилгагаар баяжсан нь илэрэхээс айж …ер нь л бүгд ирээдүйгээсээ айж амьдарч байна.     

Ардчилал анх тогтох үед бид гинжээ алдсандаа сэтгэл тэнэгэр болсон ч тэжээгчээ гинжтэйгээ цуг алдсан олон  хэрхэхээ мэдэхгүй  нэг их сайхан санаа алдаад л шууд дараагийн айдасын далай  дунд гайгүй том эрх чөлөөний арал маань газраа алдсаар арал улам бүр жижгэрсээр л …Ийм амь амиа боддог нийгэмд амьдрах чадвартай нь дөнгөж хорь хүрэхгүй хувь байсныг тэхэд мэдээгүй билээ.

Уг нь ардчилал гэгч нь бусдын эрхийг ёсчлон ойлгох ухаан, ёс суртахуун,бусдын эрхийг яг өөрийн эрх мэт хүндэтгэх “дотоод цензур”атал цензургүй ярьж, цензургүй амьдарч юу дуртайгаа хийхийг  ардчилал хэмээн буруу ойлгосоор өнөөг хүрсэн бөгөөд одоо бүр л өнөөх “эрх чөлөөний арал”айдсын далайд хумигдсаар л байна.

Хэдийгээр хүн бүр чадлаараа амьдрах, тэр дундаа сайхан амьдрахыг  хичээвч энэ өнгөрүүлсэн хугацаандаа өнөөдрөө бүтээж чадаагүй улс бараг манай хүн амын 80 хувь нь байна. Өнөөдөр ажилтай хэдий ч маргааш ажилгүй болохоос айна.Эсвэл зүв зүгээр байж байтал хэн нэгэн түүний хийсэн бүтээсэн бүх зүйлийг баллаж орхихоос айна.Юм хийсэн нь дампуурахаас айна…тэр чигээрээ айдас.

Саяхан манай эдийн засаг өсч байна гэж хөөрцөглөөд гаднаас хөнгөн гоомой тооцоо хийгээд долларын зээл авчихсан нь өнөөдөр бас нэг айдасыг үүсгэлээ.Гол гол том компаниуд хэдэн тэрбум долларын өрөнд унасан тухай ярьж бичиж байна. Гэтэл өнөөх зээлсэн доллар нь өдөр өдрөөр өссөөр л .

Одоо энэ Украйныг хар. Хэнээс мөнгө ирэх бол гэж горьдсон айсан бас л нэг айдсан дундах арал болж хувирав.Дал наян хүнээ алуулж хэдэн зуун хүнээ эрэмдэг болгож байж “ эрх чөлөөгөө “ олж авлаа гэх ч яг 2 р дайны дараах үе шиг бүр хоёр хуваагдаж ч магадгүй арал болж байх шиг.

Бид ч ялгаагүй Хятадаас айсан Оросоос айсан улс байсаар ирсэн гэтэл одоо бас Канадаас айсан, барууныхнаас айсан улс болж орхив.Олон тулгуурт төрийн бодлого олон талын айдас болж хувирав.

Чингис хааны үр сад бид Айванхо гэгч канад баатраас айж сууна.Юм уншдаг хүн бүр багадаа “Айванго баатар” гэдэг номыг уншсан л байх.Тэр баатрын үр садаас л бид айгаад сууж байна шүү дээ.

Ийм үед бид яах ёстой юм бэ? Хамгийн түрүүнд айж бужигнаад далай дээрхи давалгаа шиг байх бус дотооддоо эв түнжинтэй байж ядаж бие биенээ айж ядаж байхад нь айдас нэмэлгүй далайн гүн дэх тэр тэгш амгаланг эхлээд олох ёстой бөгөөд хий хоосон давалгаа өөрсдөө бий болгохгүй байхыг хичээж дотоод цензурээ ашиглаж ёс суртахуунтай бие биенээ сонсож дэмжиж ,бужигнасан давалгаагаа эхлээд намдаах хэрэгтэй . Энэ бол гадагшаа давалгаалах биш дотогшоо гүнрүүгээ ор гэсэн үг.Хөгжлийн гарц гэсэн үг их харагдах юм. Д.Урианхай гуай уг нь хөгжлийн орц бодох болсон гэж нэг удаа хэлсэн! Гэтэл  юу ч уншсан юу ч үзсэн хариу үйлдэлийн хар салхи  шуурга улам нэмэгдэхийг л харж сууна.

Миний бодлоор бол шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газар эхлээд хуучин хэрэглэж байсан “картын бараа” шиг ядуу доод давхрага гэж ад үзээд байгаа 70 орчим зарим мэдээлэлд 80 хувь ядуустаахямд үнээр гол нэрийн бүтээгдэхүүн мах, талх, гурил будааг хямд олгох шинэчлэлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Бельги зэрэг оронд нийгмийн халамжийн бодлогоор хэдэн зуун төрлийн ундаа хоол хүнсийг зүгээр цагаан шошго наагаад 3 дахин хямд зардагыг би өөрөө иддэг байлаа. Надтай хамт кино хийсэн найруулагч яг тийм харахад л үзэмжгүйгээс бус коло бол кола, нэстле кофэ бол кофэ ер нь бараг бүх гол нэрийн яг адил чанартай барааг авч хэргэлдэг байж билээ. Одоо ч тийм хэвээрээ юм билээ. Бельги социалист орон биш ч ингэж нийгмийн дунд, доод давхаргыг халамжилдаг юм байна. Энэ нь манайх шиг баян ядуу хүн бүрт 21 мянган төгрөг тарааж өнөөдүүл нь тэрүүгээр архи авч уудаг байснаас тэс өөр ялгаатай бодлого юм. Үнийг л төрийн бодлого гэдэг!

Манай үндсэн хуулинд хүн бүр амьд явах эрхтэй гэж заасан ч амьд явах баталгаа алга байна.    Ерөнхий сайд нь хүртэл өндөг бол тансаг хэрэглээ гэж хэлээд буруудсан.

Сүүлийн үед манайд бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөгч хүлээж авч хэрэгжүүлэх гэгч огт алга болжээ.Мань мэт нь бичээд л байгаа ч зөв шүү …гэж хэлээд л таг болдог болоод удаж байна.Ядуучуудын тоо талаас давсан тохиолдолд баячуудаа үзэн ядах сэтгэлгээ бүр гаарч эцэстээ эргээд өнөөх лүмпэн пролетарийн хувьсгал гарах үүд нээгддэг.

Эхлээд гэдэс цатгалан хойчдоо айх аюулгүй болсон хойно л ёс суртахуун гэгч гарч ирдэг.Өнөөдөр бол баяжихын тулд эхлээд ёс суртахуунаа орхи гэсэн үзэл бараг уриа болсон.Уг нь ёс суртахуунтай иргэдтэй болсон цагт бараг ямар ч хууль хэрэггүй болдог.

Ёс суртахуун гэгч хүний дотоод хэм хэмжээ бөгөөд ёс суртахуун тогтсоноор хэнийг ч хэлмэгдүүлдэггүй мөртлөө бүгдийг хэмжээнд нь барьж байдаг жинхэнэ ардчилал бэхжих атал өнөөдөр нийгэм тэр аяараа зэрлэгшиж бие биенээ барьж идэх дээрээ тулжээ.Ядуу өлсгөлөн хүн архичин болж эцэстээ яахаас ч буцахгүй болж ирдэг.

Баячууд өөрсдөө хэрмэн дотор амьдарч машинд суугаад өөр нэг хэрмэнд орж явчихдаг ч тэдний үр хүүхэд нийтийн дунд л амьдрах болно. Одоо бас ч гэж сүпэрмаркетад орход өч төчнөөн гадаад үнэтэй хүнс байхаас гадна “Оргио” тахиа гэх мэтээр өөрсдөө ч идэх юмаа хийгээд эхэлсэн ч тэрийг нь авч идэж чадахгүй ядаж цувдай ч олж идэх тэнхэлгүй хүмүүс нийт хүмүүсийн талаас илүү хувь болж байгаа нь хамгийн том айдсыг бас үзэн ядалтыг бий болгосоор л байна.

Шинэчлэлийн засгын газрын хамгийн эхний хийх алхам бол дээр өгүүлсэн картын ч гэмээр юм уу нөөцийн ч гэмээр юм уу хоол хүнсээр хамгийн бага орлоготой хүн ч амьдарч болохоор болгож орхивол дараагийн сонгуульд ямар ч эргэлзээгүй ялах болно.Тийм хямд юм тоож авахаа байсан цагт л больчихно биз.Уг нь бол гаднаас бараа оруулж ирж байгаа компани бүрийг оруулж ирсэн барааныхаа тодорхой хэсгийг татвар маягаар ингэж хямд үнээр борлуулах тухай ярилцаад л хуульчилхад болчихмоор.Нөөцийн мах гэж гаргаад байгаа шиг л юм.Үүнийг л төрийн оролцоо гэдэг. Төр нь өнөөдөр өөрсдөө ямар ч үйлдвэр,худалдаагүй шахам болсон үед ийм л бодлого хэрэгжүүлэхээс өөр яалтай ч билээ.

Далайн шуурга салхийг зогсооход бас хэвлэл мэдээлэл маш их үүрэгтэй билээ.Гурван сая дөхөж байгаа улсад ийм олон хэвлэл мэдээлэл байх нь ямар ч ашиггүйг бүгд харж сууна.Өнөөдөр телевиз үздэг хүний тоо улам цөөрсөөр байгааг хэн хүнгүй мэдэж байгаа.Гадны ертөнцөд ч бас ийм зүйл ажиглагдаж байгаа билээ. Үзэгчдийн дөнгөж 38 хувь нь телевиз үздэг болсон гэсэн судалгаа байна билээ. Настангуудыг л айдсаар булж байдаг хэрэгсэл болоод уджээ.Солонгос улсын соёлын довтолгоон бүр хэрээс хэтэрч хөдөөнөөс орж ирсэн залуугын ганц хүсэл нь тэнд очиж боол болох л болж.Гутарсан сэтгэлээ цайруулах юм нь хошин шогэсвэл архи.Энд хэдэн жил өдөр шөнөгүй ажлаад ч байр савтай болж чадахгүй болохоор тийш явах гээд байгаа хүслийг буруутгах ямар ч арга байхгүй. Хөөрхий тэд байр сав,хуучин машины төлөө л биеэ барж байгаа шүү дээ.

Өдөржин шөнөжин бүх телевизээр тэдний кино гарсаар байхад ингэхээс ч өөр яах билээ.Зохиогчын эрхийг дээдлээд орхитол одоо зөвхөн солонгос кино эсвэл аль хуучин цагийн социалист кино л бүх телевизын бараг тал цагийг үлдсэн цагийг айдас дүүрэн хар мэдээ л эзэлж байна шүү дээ.

Монгол тулгатны 100 эрхэмээс өөр үзэх нэвтрүүлэгч алга. Гэхдээ өнөөх 100 эрхэм бас л дандаа өнгөрсөн цагийн тухай ярьж байгааг бас анзаарсан биз.Үнэтэй гадны бренд эд зүйлсийн реклам ядуу зүдүүгээ гайхсан мэдээ ,алсан талсан шоронд орсон гэх мэдээ , Солонгос кино ингээд л манай телевизүүдийн программ дуусч байгаа юм.

Энэ бас л шинэчлэлийн гэх засгийн газрын сөрөг пи -ар шахуу болчихоод байгааг огт ойшоохгүй байна.

Саяханы болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат –Эрдэнэ аварга тун бага зөрүүгээр ялагдсан нь дараагийн сонгуульд навс унахын дохио болсоныг хэлхэд илүүдэхгүй.Уг нь сонгууль дууссаны маргааш л дараагийн сонгуулиа бодох ёстой ч сонгуулийн жил л тархи угаах тухай боддог нь гэм биш зан болжээ.

Өнөөх л хэрүүл уруулын их салхи шуурганы хүчээр бид гадны хөрөнгө оруулагч нарыг бараг хөөгөөд явуулчихлаа. Би гэх Эгогоо дэвэргэгч улс төрчдийн хийсэн популист ажил бол энэ .

Ард түмний хэн нь ч тэднийг хөөгөөгүй.Өлсгөлөн юу ч уншидаггүй хүмүүс зөвхөн телевизор л үзэж байтал тэрүүгээр нь бөөн бөөнөөрөө өөрөө л сонгогдох гэж элдвээр орилсоор ард олноо ч гаднаас мөнгө бариад орж ирсэн хүмүүсийг ч айлгасаар айдас хүйдэст арлаа живүүлж орхиод өөрсдөө төрд гарч байна шүү дээ.Төрд гараад ч бас пи ар гэж андуураад айдсын далайруу аралаа  бүр лавшруулан живүүлж  л сууна.

Энэ айдасын хар сүүдэр олон жилд алга болох эсвэл бүр  өчүүхэн эрх чөлөөний арлыг нэг мөсөн живүүлж мэдэх  их сүүдэр юм.

Шинэчлэлийн засгын газар, хотын захиргаа ” Азийн цагаан дагина” гэсэн дуу хангинуулаад л хог түүх машин явуулдаг болсон нь бараг л даапаалж байгаа мэт сонсдох боллоо.Мишээсэн дагина байхаа болиод удсан шүү дээ.Хүрлийсэн ууртай хар хүн л болсон байх.

Мишээсэн дагина шиг миний Улаанбаатар …гэсэн дуу хангинаж хог авах машин иржээ.Энэ бол жинхэнэ сюррейлист сонгодог амьд кино юм.  Аймаар юм дандаа сонин байдаг болохоор сонин л нийгэмд амьдарч байна даа.
 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив