Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Зохицуулна аа…” гэж
2014 оны 6 сарын 9 [Уншсан тоо: 105553]
Аглуу ингэж хэлээд байдаг нэг хошин шог байдаг. Нэг хэсэг хүмүүс ч хоорондоо “Зохицуулна аа” хэмээн ярьж, инээлдэж байгаад тэгсгээд мартагджээ. Уг нь ардчилсан улс оронд төр асуудалд оролцох бус  зохицуулах ч ёстой ажээ.

АНУ Үндсэн хуулиараа баталсан 13 яамтай ч тэд жинхэнээсээ бодлого гаргаж, зохицуулах үйл ажиллагаа боловсруулдаг болохоос “Боинг” мэт компанитай  очоод худалдаа хийдэггүй, агентлагууд тийм ажлыг хийдэг байх жишээтэй.

Мөн Герман улсад Соёлын яам байдаггүй, энэ ажлыг нь Гадаад яам нь хавсардаг байх юм. Бидний мэдэх “Ингэн нулимс” киног төрөөс нь санхүүжүүлж хийлгээд гадны оронд өөрсдийнхөө киног сурталчлах зориолгоор  тэр жилдээ Оскарт “Буeна Виста Сошиал клаб” киног түрүүлүүлэх санаатай давхар оруулж байх жишээтэй зохицуулалт хийдэг ажээ. Оскарын Академийн гишүүдийн ихэнх нь жүүдүүд байдаг учир Германы киног төдийлөн дэмждэггүй болохоор Вим Вендерс гэх асар нэртэй найруулагчаараа тэр киног хийлгэж, төрөөс зохицуулсан байх юм.

Бас нэг өөр зохицуулалтын жишээ хэлхэд “Парис хотын бодлогын зөвлөл” гэж байдаг ажээ. Тэр бодлогын зөвлөлд насаараа, хэдэн үеэрээ Парист амьдарсан голдуу урлагийн хүмүүс багтдаг бөгөөд хотын захиргаа нэг хөшөө босгох болоход тэр зөвлөлийн зөвшөөрлөөр хаана барих, хэдий хэмжээний хөрөнгө гаргах, эргэн тойрондоо тэр хөшөө зохицох эсэх, түүхэн талаасаа зөв буруу зэргийг шийдүүлдэг ажээ. Ер нь товчдоо бол төр нь олон нийтээсээ асууж зохицуулалт хийдэг гэсэн үг юм. Ийм жишээ маш олныг дурдаж болно.

За одоо тэгэхээр манайд төрийн зохицуулалт байгаад байна уу, төрийн оролцоо байна уу гэдэг талаар бодлоо хэлье. Төр бол муу менежер гэх хэллэг их түгээмэл байх юм. Төр өөрөө оролцоод эхэлбэл завших, идэх, хахууль авлигад баригдах нь үнэн хэдий ч зохицуулалтын тухай яриа энд хамаагүй юм.

Уг нь бол энэ олон асуудлыг олон нийтийн байгууллагууд зохицуулдаг юм байна л даа. Усыг зохицуулдаг, эрчим хүчийг зохицуулдаг, харилцаа холбоог гэх зэргээр нийтэд хамаатай салбарыг зохицуулах хороонууд хийдэг бөгөөд гадны оронд бол бол Засгийн газрын бүтцэд ордоггүй ёстой атал манайд анх байгуулахдаа Ерөнхий сайдын доор байгуулж орхиод 20 гаруй жил яваад байгаа ажээ. П.Жасрайгийн үед “Азийн хөгжлийн банк”-наас ийм санаа анх гаргасан бөгөөд тэр үед байсан  МАХН-ын засаг унаад  М.Энхсайханы Засгийн газрын үед анх байгуулахдаа түр зуур Ерөнхий сайдын мэдэл дор хийж орхиод түүнээс хойш хэн ч өөрчлөлт хийлгүй  өнөөг хүрсэн ажээ.

Зохицуулалт гэдэг бол уг нь паблик буюу нийтийн хэрэгцээг зохицуулах гол үүргийг хариуцдаг ёстой. Хувийн хэрэглээнээс гадна нийтийн тээвэр, харилцаа холбоо, гудамж зам, сургууль, эмнэлэг, тэр ч бүү хэл ресторан, нийтийн хоолны газрууд ч үүнд багтана.

Хуучин бол үүнийг яг төр өөрөө оролцоод, хянаад явдаг байж. Харин 1990 оноос нийтийн гэх юм болгон нуран унасан. Үүний дотор миний байнга ярьдаг кино урлаг ч орно. Кино урлаг бол нэг хүнд зориулагдаагүй, олон нийтэд зориулагдсан байдаг болохоор бас л төрийн зохицуулалттайгаар олон нийтийн байгууллага хийж гүйцэтгэх ёстой том салбар билээ.

Одоо бид төрийн зохицуулалттай зах зээлийн нийгэмд амьдарч байна гэх ч угтаа бол огт зохицуулалтгүй чөлөөт зах зээлийн нийгэм байснаа төрийн шууд оролцоотой нийгэм болох зам руугаа яваад байх шиг.

Харин бөө мөөгөөрөө дуудуулаад байгаа Фортуна гэгч “нэртэй” сайд хотын гудамжны уулзвар 33 ширхэг, Чингис бондын мөнгөөр 888 аж ахуйн нэгжийг дэмжинэ гээд элэг доог болоод байгаа ч нүдэн дээр өнөөх нийтийн гээд ад үзэгдсэн гудамж талбайг анхаарсан нь  яалт ч үгүй үнэн юм шүү дээ. Харин Эдийн засгийн хөгжлийн яам гэсэн нэрэнд өнөөх хийгээд байгаа юм нь огт зохихгүй, Нийслэлийн хийх ажлыг өмнүүр нь орж хийгээд байгаа мэт харагдаад байгаа нь бас л үнэн юм. Энийг уг нь бол бас л зохицуулж болмоор л санагдана.

Бидэнд маш ойроор нь харилцаа холбоог одоо жишээ авъя. Хуучин бол утсаар ярихын тулд яг цахилгаан шиг, ус шиг хэрэглэгчид утас татаж хүрдэг байсан “утас” өнөөдөр нэр нь ч утгагүй болтлоо техникийн дэвшил гарч өөрчлөгдөөд агаараар дамждаг болжээ. Энэ салбарт харин ч Ч.Сайханбилэгийн үеэс төр зохицуулахаас биш оролцохоо байсны үр дүнд ингэтлээ хөгжсөн байх юм. Интернэт энэ тэр гээд явж өгснийг нуршаад ч яахав. Төр энэ салбарт лиценз өгдөг ч 30 жилээр өгдөг аж. Энэ бол нэг хүний бараг насны хэмжээгээр өгч байгаатай ижил юм. Гучин настай хүн 30 жилийн эрхийг дахиад 30 жилээр сунгах эрхтэй авбал  насан туршдаа төрөөс дахиж юм гуйхаа болино гэсэн үг. Маш ойлгомжтой жишээ бол энэ юм. Үүнийг төрийн зохицуулалт гэнэ. Гэхдээ энэ зохицуулалт бас л өнөөдөр утгаа алдаад, төрийн нэг агентлаг орж ирээд хутгалдсанаас болж мөнөөх л мэргэжлийн хяналт шиг айлгадаг, торгодог, хаадаг, хавчдаг газар мэт харагдах болжээ. Уг нь бол тусдаа хоёр газар ч холилдож орхисон учраас тэр.

Тэр төрийн агентлаг хэвлэл мэдээллийн салбарт техникийн нөхцөлийг л лицензээр өгдөг ч түүгээрээ дамжин контентод халдаад байх болжээ. Та өнөөдөр телевизээрээ хуучны социалист киног л давуу их үзээд байгаа нь зохиогчийн эрх гэдгээр хаагаад байгаа болохоор тэр юм. Зохиогчийн эрх ярих нь зүйтэй ч бас зүгээр л хаана, торгоно гэж оролцоод эхэлсэн болохоор айгаад амаа үдүүлэх зам руу ороод байгаа ажээ.

Хаалтын гэрээ гэж бас нэг шинэ зүйл гарч ирснийг энд бас л дурдах хэрэгтэй. Сонин, телевиз, сайт төрөөс хараат биш атлаа санхүүгийн хувьд хэн нэгний рекламаар хооллодог болохоор хоол өгсөн хүнээ харааж болохгүй гэсэн энгийн зарчим үйлчлээд байх болжээ. О.Магнай төрийн ажил хийгээд тоо томшгүй дайсантай болж байгааг ч дурдаж болно.

Энэ мэт төр өөрөө оролцдог юмны нэг жишээ бол өнгөрсөн долоо хоногт гарсан арван саяын жаазны түүх билээ. Төрийн агентлагууд өөрсдөө өөрсдийгөө дөвийлгөх гэж ийм үнэтэй жааз худалдаж авсан нь бас нэг энгийн атлаа инээдтэй том жишээ болов.

Би яагаад энэ мэт жишээг дурдаад байна вэ гэвэл өнөөдөр бид чимээгүй хуучин нийгэм рүүгээ ороод байна аа л гэх гээд байгаа юм. Энэ бүхний гол үндэс нь төр зохицуулах биш, оролцоод, бүр шууд оролцоод байгаа учраас тэр.  

Ер нь төр нь биш ард түмэн буюу олон нийт “хоточ нохой”-н зарчимтай байх ёстой ажээ. Цагдаа, хуулийн байгууллага ч гэсэн төрийн хүчний байгууллага биш ард олон нийтэд үйлчлэх, тэдний амрыг сахиулах  “хоточ нохой” л байхаас бус төрийн даалгавраар очиж зуугаад, барьж хориод, чи нэг л сэжигтэй дээ… гээд хүний эрхэнд халдаад байх учиргүй ажээ.

Тэгээд ч “Хууль гэгч ёс суртахууны доод хязгаар мөн” гэсэн үг байдаг билээ. Олон нийт “Энэ ч арай хэтэрнэ ээ” гэсэн үед л өнөөх хоточ ноход ажиллаж эхлэх ёстой байдаг. Сэтгүүл зүй яагаад дөрөв дэх засаглал гэсэн сүртэй тодотголтой байдаг юм бэ гэвэл нийгмийн, олон нийтийн л “хоточ нохой” байж, ажиглагчийн байр суурьтай төрийн ч, олны ч асуудлыг ил  гаргаж ирдэг болоод тэр шүү дээ.

Ер нь хүн зүгээр л  байвал  төр ч зүгээр л байдаг бөгөөд хэнээс ч айхгүй ямар ч хууль мэдэхгүй яваад амьдраад байж болдог байх ёстой юм.

Уг нь бол Ерөнхийлөгчийн өргөн дэвшүүлээд байгаа ухаалаг төр гэгч ухагдахуун бол дан давхар дээл гэхээсээ илүүтэйгээр асуудлыг зохицуулдаг цомхон бүтцийн тухай яриа юм. Өнөөдөр та телевизороо  асаасан ч, сонин харсан ч төр засаг харж үзэхгүй байна төр… төр… л гэсэн яриаг маш их сонсож байгаа. Энэ нь цаад утгаараа бол хуучин социализмаа санагалзсан яриа бөгөөд бид өөрсдөө ч сайн мэдэхгүй бүхнийг төрөөс нэхэх өвчинд бүрэн нэрвэгджээ.

Зах зээлийн нийгэм гэж бидний нэрлэж заншсан энэ нийгэм бол үнэн хэрэг дээрээ маш харгис нийгэм бөгөөд ийм нийгэмд амьдрах чадвартай хүмүүс 20 орчим хувь л байдаг бөгөөд үлдсэн 80 хувийг яалт ч үгүй олон нийтийн төрийн бус байгууллагууд төртэйгээ хамтарч  зохицуулах, ядаж өлсгөж үхүүлэхгүй байх үүрэгтэй юм л даа. Тэгээд татвар гэж байдаг, тэр татварыг төр нь авч төвлөрүүлээд хэрэгтэй газарт нь тарааж зохицуулахыг л хийдэг  билээ.

Бидэнд эртнээс хойш дадсан зан бол “бэлэнчлэх сэтгэлгээ” гэдэг нуруугүй болсон үгнээс гадна бусдад буруугаа чихэх төр хэмээх юу нь ч мэдэгдэхгүй “дээд тэнгэр”-ээс нэхэх, эсвэл өөрсдөөсөө ер өө хайхгүй хүнийг л буруутгах ийм өвчин тахал шиг таржээ.

Гадны хөрөнгө оруулагч нарыг хараасаар байгаад нөгөөдүүл нь ганц нэгээрээ гарч яваад өмнө нь орж ирдэг байсан валют илт багасаж доллар ингэтлээ өсчихлөө. Орж ирэхгүй байгаа валютыг одоо яахав хэвлэлтэй биш. Оюутолгойг хараахаасаа өмнө ийм гэрээ хийсэн өөрсдийгөө хараах ёстой бус уу? Хэрвээ та өөрөө ямар нэг оронд хамаг мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр хийвэл ашгаа л эхлээд харна биз дээ? Ээ гэгээн минь, Лаос орныг хөгжүүлье гээд хэдэн цаасаа бариад та гүйх үү? С.Баяр анхлан хөдөлгөж  С.Баярцогт Д.Зоригт тэргүүтнүүдийн хийсэн гэрээ биз дээ? Энэ чинь! Эднийгээ хараах ёстой болохоос мөнгөө оруулаад ирсэн “Рио Тинто” ч байна уу, хэн ч байна уу буруугүй л байлтай. Ийм гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр зүв зүгээр л явж байгаа биз дээ?

Өнөөдрийн байдлыг харgхад манай орон бараг л 80 хувь нь төрийн шууд оролцоотой аж ахуйн нэгжүүдээс бүрдээд эхэлж байна. Оюутолгойд ч гэсэн хэл амтай хөрөнгө оруусан болж тэрнийхээ хувийг их бага гэж суухаар зүгээр л татвараа аваад сууж байсан бол хамаагүй дээр санагдах. Төрийн гэсэн тодотголтой бүх газар 4 хуудас бичиг баримт боловсруулах гэж 40 хонодог хүнд сурталтай тэгээд тэр гаргасан баримт бичиг гэрээ хэлцэл нь тэр үеийн даргад л наалдацтай юм хийдэг нь зүгээр л энгийн үнэн шүү дээ.

Тэгээд ч том төрөөс ухаалаг төр рүү гэсэн уриаг Ерөнхийлөгч гаргаж тавьсан билээ. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийн яриаг сонсож байхад хуушуур хийгээд зарахад ч төр оролцоод айлгаад байгаа болохоор яс амраа бодоод ямар нэг төрийн албанд орчихоод л цалин аваад явах минь гэсэн яриа маш түгээмэл болжээ. Бизнес хийдэг нэг нь энэ төрөөс айж явснаас Буянтын гуанз бараадъя гэх болов. Улаан мөнгөн ус зараад гэнэт баяжна гээд гүйж явсан нэгэн уулын мухрын лиценз зараад баяжих тухай л бодох болсон. Тэгээд ч өнөөдөр энэ эх орон хүний газар болоод уджээ.

Татвар бага бид либерал зах зээлийг хөгжүүлж байна гэж ярих ч нэмүү өртгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл энэ тэр гэсэн элдэв сонин нэртэй бага сага юм шиг давхар давхар татваруудыг нэмбэл бараг л 60 хувийн татвартай орон болчихож. 68 хувийн татвар гэж дөнгөж саяхан байгаа биз дээ. Ийм өндөр татвартай улс оронг социалист орон гэдэг бөлгөө. Норвеги мэтийн соц орнууд 80 хувийн татвартай байдаг биз дээ?

Бизнес хийх гэсэн хүн өндөр хүүгээр мөнгө хүүлдэг банкнаас зээл аваад өрөнд орж өтөнд идүүлэх магдлалтай болохоор хэний ч биш улсын юмнаас цуслаад ихэс дээдэс нь  их хурлын гишүүн болж, газраа зараад эсвэл бас л хэний ч биш улсын юм юм цусалж суух арга энэ орныг бүрхээд авчихлаа л гэж бодогдоод байгаа болохоор төрийн оролцоо хийгээд зохицуулалтын тухай ийм зүйлсийг муугүй мэдэх хүмүүстэй  цай уух зуураа ярьж сууснаа сийрүүлэн бичихэд ийм буюу.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив