Монгол киноны ирээдүйд нэмэр болох орц
2014 оны 6 сарын 16 [Уншсан тоо: 83139]
“Кино тэмүүлэл, уянгалаг мөрөөдлөөр
дүүрэн байдаг. Ямар ч урлаг кино
шиг хүмүүсийн далд ухамсар руу
өнгийж чадаагүй. Кино хүний сэтгэлийн
гүн дэх харанхуй өрөө рүү шууд гүйгээд
орчих чадалтай.”

Ингмар Бергман


Монголд кино урлаг бараг л дэлхийд кино үүссэн цагаас нэг их хоцролгүй дэлгэрч эхэлсэн байдаг. Гэхдээ манай кино урлаг эхнээсээ л социалист реализмын гол төлөөлөл байсаар иржээ. Уран зохиол, уран зураг хөгжсөн оронд кино урлаг хурдан хөгждөг гэдэг. Барууны оронд Сальвадор Дали, Энди Уорхол, Иоко Оно, Алехандро Жородровский  зэрэг олон арван зураачид кино заавал хийж үзсэн байдаг. Манай хуучны зураачдаас сюрреалист билэгдэл, ёгтлолын бүтээлүүд хийж байсан зураачид бас цөөнгүй бий ч кино урлагт төдийлөн нэвтэрч амжаагүй юм. Ардын зураач О.Цэвэгжав хүртэл “Эхийн сэтгэл” гэж символист бүтээл хийгээд буруутаж байсан жишээ бий. Уран зохиолын хувьд ч мөн л соц реалист бүтээлүүд зонхилж байсан бөгөөд социализмын хүний “хэв шинжит” дүр бүтээх гэж нэг хэвд оруулахыг хичээж байлаа. Гэтэл  манай эртний үлгэр домог, аман зохиолд бол сюрреалист, далд сэтгэхүйн, зөн ёрын, билэгдэл символизмын, зүүдний ертөнц буюу далд ухамсарт нөлөөлөхүйц үлгэр домог, ном судар арвин байдаг. Монгол зургийн аргад ч ялгаагүй дээрх далд ухамсрын элемент, бүр аймшгийн бүтээлүүд маш их таарах бөгөөд шашны гаралтай бүтээлүүдэд бол нагтан, гартан гэх мэтээр төрөлжсөн хэлбэр болтлоо хөгжсөн байдаг.

Адольф Гитлерийн үеийн Герман ч тэр Социализмын үеийн Орос Монгол ч тэр эксперменталь кино, уран зохиол, уран зураг төрж гарах нөхцөлгүй  зөвхөн үзэл суртлын зэвсэг мэтээр урлагийг ашигладаг байсан үе болохоор арга ч үгүй биз ээ.

1990 оноос хойш Монгол Улсад кино урлаг төрийн хяналтаас бүрэн гарснаас хойш ч гэсэн төдийлөн эртний Монгол ухаанаас улбаатай зөн ёрын, билэгдлийн, сюрреалист чиглэлийн өөдтэй кинонууд төрж хараахан амжаагүй л байна.

Харин ноднин жилээс “Алтан хальс” холбооноос Монголын андерграунд кино уралдаан зарлаж явуулсан бөгөөд энэ жил нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлж “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” болон зохиогдох гэж байна.


    КИНО УРЛАГ ХОЁРХОН Л ТӨРӨЛД ХУВААГДАНА


Кино урлаг хөгжлийнхөө явцад маш олон урсгал чиглэлтэй болжээ. Авангард, эксперменталь, футурист, сюрреалист, абстракт … гэх мэтээр бараг л уран зургаас дутахааргүй олон урсгалтай болжээ.

Гэхдээ ерөнхийдөө бол хоёрхон л чиглэлд хуваагдаж байгаа гэж хэлж болно. Эхлээд бидний амьдарч байгаа энэ эргэн тойрны амьдралыг янз бүрээр үзүүлдэг хэсэг буюу олонхи, дотоод сэтгэлийн яруу найраг шиг далд ухамсарт чиглэсэн киног хийдэг нь цөөнх юм. Эхний чиглэлийн киноны их мастерууд ихэнхдээ АНУ-ынх бөгөөд Холливүүдийн кино шиг гэж жишиж болох бөгөөд  хоёр дахь хэсгийг Европын орнууд голлон хийж байгаа билээ. Хоёр дахь хэсэгт Францын Луйс Бунуэль, Шведийн Ингмар Бергман, Оросоос Андрей Тарковский, Чилийн Алехандро Жодоровский, Японоос Акира Курасава, Хятадын Зиан Имоу, Солонгосын Ким Ки Дук… гэх мэтээр олон аварга найруулагчид төлөөлөл болж байдаг.

Ийм кинонууд төдийлөн масс буюу олон нийтэд зориулаагүй тул үзэгчид багатай тэр сэтгэлийн хүрээндээ л эргэлдэж байдаг болоод орлого муутай ч нэр хүнд, авсан кино наадмын шагналын тоогоор илүүрхэж байдаг байна. Харин ийм төрлийн кинонууд хүний далд ухамсарт нөлөөлдөг учраас үзчихээд шууд мартагдахгүй сэтгэлд үлдэх нь их байдаг.

Адал явдал хөөсөн, зугаацуулах, цэнгүүлэх үүрэгтэй ихэнх кино үзсэний дараа шууд мартагдаж, театр дотроо дараагийн хүнийг зугаацуулахаар үлддэг. Ийм л хоёр төрлийн кино байгаа ч бас хоорондоо нэлээд гүн холилдсон кино бас байдаг. Ийм хүний сэтгэлийг хөндсөн өгүүлэмжит уран зохиолд суурилсан кино хийхдээ Холливүүд ч гарамгай билээ.

Мөн түүнчлэн “Киног сайн кино, муу кино, Энэтхэг кино гэж гурав хуваана“ гэсэн хошин яриа ч бий. Улс орон болгоны кино гэж бас байх ажээ. Энтэхэг кино бол Британийн мюзикл маягийн киног шууд хуулаад өөрийнхөөрөө энэтхэгжүүлж гаргаж авсан эрлийз кино байдаг бол Хятад, Хонгконгийн нударган зодоонтой бүхэл бүтэн кино урсгал байдгийг хэн хүнгүй үзсэн. Британи улс нийгмийн чанартай асуудал хөндсөн киногоороо ялгардаг бол Франц кино хайр дурлал, инээд наргиа голлосон, Итали кино мафи, гангстер давамгайлсан, Америк кинон дундаа Вестерн гэж бие даасан төрөл байх бөгөөд түүнийг нэлээд хөөрхөн хуулбарласан Оросын “Цөлийн гэгээ” гэх мэт комисар хувцастай вестерн их амжилттай болсон гэх мэтээр янз янзын кино урсгал байх  ажээ. Орос кино хэдийгээр социалист реализм давамгайлж байсан ч гэлээ Оросын утга зохиолын нөлөөгөөр их гүн сэтгэлийн драмтай  байдаг. Орос орон бас театрын орон болохоор драм маш хүчтэй кинонд нь орж иржээ.

Тэгвэл Монгол кино гэж ямар киног хэлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ.


    МОНГОЛ КИНО ГЭЖ ЯМАР КИНОГ НЭРЛЭХ ВЭ?

Манай улсын маш арвин баялаг бол Монголын түүх билээ. Энэ түүхийг бид зөв киноны хэлээр сайн гаргаж чадвал Монгол кино гэсэн нэр түүхэн кино гэсэн хэв шинжтэй болж чадна. Гэвч сүүлчийн 25 жилийн байдлаар бол бид нэг ч олигтой түүхэн кино хийсэнгүй. Өмнөх соц реализмын үед бол түүх хориотой сэдэв байсан болохоор ардын хувьсгалын худал түүхэн киног л хийж байжээ. Одоо жинхэнээсээ хөгжих цаг болсон ч хөгжихгүй байх олон шалтгаан бий. Хамгийн нэгдүгээрт ядуугийн шалтгаан буюу төр нь ч, олон нийт нь ч, ер нь хэн ч ийм үнэтэй киноны мөнгө гаргаж байсангүй. Цаашид гаргах ч үгүй байх. Сайндаа ганц нэг киноны мөнгө гаргах ч уран бүтээлчид нь киноны зөв хэлээ ч олж амжихгүй ганц нэг кино хийлгээд ашиг орлого ч байхгүй алдар хүнд ч олж ирэхгүй болохоор тэгсгээд зогсох нигууртай. Л.Эрдэнэбулган гэдэг  найруулагч 3 анги Чингис хааны тухай кино хийх гэж зүтгээд эхний ангийг арай чүү хийгээд мухардалд орсон нь үүнийг гэрчилнэ.

Бүх урлагийн дотроос хамгийн хүчтэй нь кино ч гэсэн мөн хамгийн үнэтэй бүтдэг нь кино урлаг бөгөөд түүхэн кино бол дэлхийд хамгийн өндөр өртгөөр бүтдэг жанр юм. Ийм болохоор Монгол кино гэсэн нэр түүхэн гэдэг утгатай болтол асар удах учир энэ ойрын бараг 50 жилд яриад нэмэргүй сэдэв байж мэднэ. Харин томоохон улс орны хийж буй түүхэн кинонд оролцох тухайд бол боломжтой гарц байж болох талтай.

Тэгэхээр товчдоо бидэнд нэг дэх киноны зам буюу өндөр өртөгтэй бүтдэг ч асар их ашиг, алдар хүнд олж байдаг замаар яваад хэзээ ч Холливүүдийг дийлж гарахгүй учраас хоёр дахь зам нь хамаагүй дөт харагдаж байна. Ийм кинонууд өртөг ихэнхдээ багатай байдгаас гадна Монгол ухаан, ёс заншил өнөөх далд ухамсрын зүйлсээ ухвал Монгол киноны төрх гарч мэдэх юм л даа. Ер нь аль ч улсын нэрийг гаргах урлаг айлаас эрэхээр авдраа ухахад л гарч ирдэг.

Ийм болохоор андерграунд чиглэлийн киног туршиж үзэхдээ шинэ сонин гэдэгт нь бус өөрсдийнхөө хуучин зүйлээс энэ хэлбэрээр гаргах гэж оролдвол бас нэг шинэ орц нээгдэх юм гэж боддог юм. Элдвийн олон орцоор урлагийн төрөл зүйл оруулж ирж “монголчилж” чадвал буцаад гарахдаа жинхэнэ Монгол кино гарах болов уу гэж мунхаглана. Тэгээд ч их прагматик ухаанаар бодож үзвэл өнөөх хөгжих магадлалтай түүхэн кино үнэтэй, ашиггүй учраас продюсерлэх хүн хийгээд албан байгууллага олдохгүй тул хямд талаасаа ч андерграунд киног оролдож дэлгэрүүлж байхад буруу юм огт байхгүй. Энэ өнцгөөр харвал Алтан хальсын залуучуудын зохиогоод байгаа уралдаан илүү бодитой оролдлого гэж бодоод энэ наадмыг анхнаас нь дэмжсэн билээ.

Хөгжлийн гарц гэж ярих юм. Уг нь бол гаднаас орж ирэх орцыг нээгээд эндээ орж ирсэн юм нь нутагшиж чадвал буцаад гарахдаа дэлхийд юмаа үзүүлэх гарц бий болгож мэдэх юм. Иймдээ ч  Монгол киноны  ирээдүйд нэмэр болох орц гэж энэ уралдааныг би нэрлэсэн хэрэг.

Бурхны номонд хүн гэгээрэхэд дөрвөн зүйлийн саад байдаг тухай өгүүлсэн байдаг. Эхний тотгор бол элдэв түмэн бодлын хариу үйлдэл нисванис бөлгөө.

Таних, танихгүй хэнийг ч буруутгаж яллахад хүмүүс дуртай байдаг. Баталгаа нотолгоо тэдэнд сонин биш. Хэрвээ үнэхээр баталгаа эрдэг байсан бол энэ дэлхий юунд ийм их хов живэнд живэх билээ дээ? Гол нь өрөөлийг буруутгах далимд өөрийгөө чи илүү дээр гэж мэдэрч, эгогийн таашаал эдэлдэг юм. Тийм болохоор бусдын муу муухайд шууд л итгэдэг. Харин бусдыг гэгээрсэн юм уу, агуу бясалгагч болсон эсвэл агуу кино бүтээсэн талаар сонсох юм бол даруй эргэлзэж, үгүйсгэнэ. Сонсох мөртлөө сонсохыг хүсэхгүй. Өрөөлийг өөрөөсөө илүү гэж сонсох нь эгод ичгүүр гутамшиг болдог. Энэ бол удаах тотгор буюу Эго юм. Бас нэгэн  тотгор бол Атхаг сэтгэл буюу бусдад ялгамжтай хандах үзэл. Баян, хоосон , сайн муу, ухаантай тэнэг гэх мэтээр бусдад ялгавартай хандах үзэл. Сүүлчийн нэг том тотгор бол загварт хүлэгдэх юм. Задгай сэтгэх бусдаас өөрөөр орчлонг харах чадвараа бид нийгмийн шахалтаар гээсэн байдаг. Социализмын үеийн кино урлаг яг ийм нэг хэвд цутгасан байдаг байсан болохоор  ийм өөр өнцгийн кино манайд хэрэгтэй гэж үзээд байгаа билээ. Дээрх дөрвөн тотгор хүнд хамаатай боловч хүний бүтээсэн бүтээлд бүр ч их хамаатай билээ. Хүн өөрийнхөө сэтгэлийг л урлагаар гаргаж байдаг.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив