Чимээ чимээгээ сонсдоггүй!
2014 оны 7 сарын 28 [Уншсан тоо: 97531]
Айлаас эрэхээр авдраа нээ
Аз жаргал сэтгэлд бий
Айлаас эрэхээр авдраа нээ
Атаа хорсол ч сэтгэлд бий

“Цонхон дээр суусан ялаа” цомгоос


Саяхан миний найз, Бельгийн вант улсын гэрэл зурагчин Яан Локус ирж зураг авч миний бие дагалдан явж тусаллаа. Тэрээр өмнө нь Монголд хэд хэд ирсэн бөгөөд манай орон ямар хурдтай өөрчлөгдсөнийг ихэд гайхна. Нэг орой тэрээр сэхээтэн голдуу, бас чинээлэг болж эхэлж байгаа айлын гэрт болсон цайллагад очиж ирээд надад ярихдаа;

-Сайхан л хүмүүс цуглаж, гэр орон нь их сайхан том өрөөнүүдтэй, шинээр “буржуй” болж байгаа хэсэг гэдэг нь ойлгомжтой ч бүхэл оройжин эдийн засгийн хямрал, энэ улсын байдал гэх мэтээр өөрсдийнхөө олж аваад байгаа сайхан амьдралаа алдчихна гэж айж байгаа хүмүүс шиг л тааруухан юм ярьсаар өнгөрөөлөө  гэж билээ.

Нээрээ л бидний орой бүр л зурагтаар хардаг мэдээ мэдээлэл, энэ  сэтгэлийн толь болсон нүүрний ном сэлтийг харж байхад “Айлаас эрэхээр авдаа ух” гэсэн хуучны үг санаанд их орж ирэх болж. Энэ авдарт маш их хог дүүрчээ. Бүр ясанд шахуу шингэсэн хуучин социализмын үзэл суртал, одоо энэ хөрөнгөт нийгмийн хүсэл шуналын хариу үйлдэл бүгд хог тартаг болон тогтсон болохоор тартагтаа тултал сэтгэлээ ухах цаг болжээ.

Үзэл суртал гэгч хэзээд ухаанаас үүдэлтэй байснаас бус сэтгэлийн үзэл суртал гэж нэгээхэн ч байгаагүй. Хайр энэрэлд ямар үзэл суртал багтах билээ. Буддагийн сургааль огт үзэл сурталгүй сэтгэлийн хайр энэрлийн сургааль байснаа сүүлдээ бас л шашин болж үзэл суртал орж ирээд, үхлээр айлгах зэвсэг, үл ойлгогдох  хэцүү зүйл болж хувирсан. Үхэл гэгч байдаггүй байсан бол шашин гэж ч байхгүй байж мэдэх юм. Исус Христ ч мөн ялгаагүй түмэн олонд үнэнийг хэлж сургасныхаа төлөө цовдлогдон үхсэн бөгөөд түүнийг үхсэний дараа тэр нь үзэл суртал болж дэлхий дахинд хүчтэй тархсан байдаг. Зарим эх сурвалжид Христ арай үхээгүй бөгөөд 6 цагийн дараа түүнийг цовдолсон загалмайгаас суллаж тавьж явуулсан гэх бөгөөд тэрээр Каршмир гэх газарт 112 нас хүртлээ амьдарсан  ч өөрийгөө ертөнцийн эзний хүү гэж ярихаа байж эгэл жирийн амьдарсаар нас барсан тухай тэмдэглэгдэн үлдсэн нь байдаг.
Бодидарма гэх гэгээнтэн хаан хүү байсан ч үнэний эрэлд гарахдаа хориод байсан хаан эцэгтээ; “Хэрвээ та үхлийг үгүй болгож чадна гэвэл би ордноо хаяж бадар барьсан лам болохоо больё…” гэж ам асуугаад гарч одсон түүхтэй байдаг.

Үзэл суртал гэгч бол ухаан бодлоос л үүсэлтэй төгс төгөлдөрт тэмүүлэх шуналын арга замууд бөгөөд бизнесмэн хүний л зорилго болсон эд. Тэгээд ч бүх шашнууд түүнийг үүсгэсэн хүнийг үхсэний дараа л түүнийг нь бизнес болгож, тэр нь цаашдаа дэлгэрсэн байдаг билээ.

Энэ тухай эс өгүүлэн өгүүлэхэд Playtime гэх хөгжмийн наадам дээр өнөөх зурагчин бид хоёр хамт очлоо. Хөгжмийг хүн сонсох гэж ирдэг бөгөөд  хөгжмийг  сонсоод эсэргүүцээд цэцэрхээд хэрэлдээд байх нь үгүй. Наадам дээр хотын дарга, хуучны пянзны найз Э.Бат-Үүл Битлсийн зурагтай футболк өмсөөд очсон байх нь сайхан харагдаж байлаа. Гэвч тэрээр үг хэлэхдээ мөнөөх л “өвгөн партизаны яриа ” мэт мөн л улиг болсон “…бид өргөн өмдөө, үсээ тайруулдаг байлаа…” гэх мэт үзэл суртлын өнгөтэй  урт яриагаа залхтал ярьж  байлаа. Харин хотын дарга ингээд залуустайгаа цуг хөгжмийн наадамд шөнө дөл болтол хамт сууж байгаа нь л үнэн энгийн харагдсан бөгөөд өнөөх “ажиглагч” Бельги зурагчин бас л гайхан бахдаж байлаа.

Амьдралыг ажиглах гэдэг яг л гэрэл зураг авахтай их төстэй ажээ. Бельги гэрэл зурагчны хувьд бол манай амьдралыг тэрээр ёстой ажиглаж л байгаа хэрэг болохоос бидний асар их хариу үйлдэл, муу зүйлийн тухай яриа  энэ тэр бол  бидний л хэрэг аж. Гэхдээ өөрөө хөдөлж гүйж явахдаа хөдөлгөөн дунд юмыг ажиглаж болдоггүйтэй адил хөдөлгөөн дунд  авсан зураг  өөдтэй юм гарахгүй шүү дээ. Тийм болохоор амьсгалаа түгжиж зогсож байгаад хөдөлгөөнгүйгээр зураг авдаг.

Тэгвэл манай өнөөгийн нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүсийн бичсэн комент, мэдээ, мэдээлэл маш их хөдөлгөөн дунд хийж буй хариу үйлдэл маягтай болоод өөдтэй “зураг” болохоо болиод их уджээ. Тэгш амгалан сэтгэлээр тогтож байж, үй олон бодол нисванисаа орхиж, тэмцэлт олон хариу үйлдлээсээ салж байж л “зураг авч” чадна. Би бас л авах гэдэг үгийг энд хэрэглэж байна. Авах гэдэг энэ үг өнөөдөр бидний амьдралын жанжин шугам болж дээ. Эхнэрээ хүртэл авна, газар авна, ном авна, мэдлэг боловсрол олж авна… зах зээлийн эдийн засгийн дүрмээр бол ашиг, эрх мэдэл, ер нь бүхнийг ОЛЖ АВАХ тухай л бодно. Хамгийн сайн авдаг нь бол авлага гэсэн үгнээс гаралтай авилга юм. Энэ авах гэсэн хүсэл тэмүүлэл шунал түүний төлөө хийх хариу үйлдэл одоо цагийн гол ҮЗЭЛ СУРТАЛ болсон ажээ.

Эргэн тойронд байгаа сайн муу бодит үнэнийг хүний ухамсрын түвшинд хүртэл бууруулах, тохируулах арга байхгүй бөгөөд харин хүн өөрөө ухамсраа дээшлүүлж байж хүрч болдог. Ийм зүйлийг бясалгал зэрэг зүрхэнд хаягласан аргаар л  дадуулж болохоос үзэл суртлаар хийж огтоосоо болдоггүй.

Тэгээд ч нийгмийг өөртөө тохируулах гэж зүдрэх биш харин өөрөө нийгэмд  тохирч, таарч амьдрахыг  нийгэм шаарддаг болоод үзэл суртал, хэв ёс, шашин гарч ирдэг. Ёс суртахууны хамгийн доод хэмжүүр бол хууль байдаг. Ёс суртахуунтай хүнд хууль огтоосоо хэрэг ч үгүй.

Одоо бид ийм нэг эгзэгтэй үед хүрч ирээд байх шиг. Эрх чөлөө гэдгийг бид 1990 онд анх амсаад цээж дүүрэн амьсгалж эхэлсэн ч  ангайсан үүдээр нь  үй олон хэрэгт хэрэггүй юм орж ирээд одоо авдраа ухаж хог новшоо цэгцлэхгүй бол хогийн сав дүүрчихээд  “хордлого” эхэлж  байгаа үе ажээ.

Өөрсдөө дотроосоо хордчихоод байгаагаа мэдэхгүй гадны л хөрөнгө оруулагчид бол эдийн засгийн алуурчид гэж бас л хариу үйлдэл хийсээр тэднийхээ ихэнхийг хөөж гаргачихаад одоо валютын нөөцөө барчихаад сууж байгаа улс. Зах зээлийн шуналт нийгэмд ямар гээч гадны бурхан биднийг хөгжүүлэх гээд орж ирэх билээ дээ. Арай хийж хэрүүлтэй уруултай гэрээ байгуулж олж авсан мөнгөө бүгдээрээ 21 мянгаар хувааж аваад “архидчихаад” өөрсдийгөө биш тэднийг хараагаад байхаар тэд гарч явахаас өөр яах ч билээ. Улстөрч гэж өөрсдийгөө нэрлэсэн энэ хүмүүс маш энгийн зүйлийг ч их будилаантай болгон тайлбарлах гэж үйлээ үздэгийн нэг тод жишээ нь хэдэн зуун мянган хувьсагчтай тоо гээд яриад зогсоо нэг эрхэм гишүүн, түүнийг нь сөрөөд босоо хочтой болсон өөр нэгэн эрхэм гишүүн хоёрын шууд нэвтрүүлэг тод харуулж билээ. Асуудлын голыг ярихын оронд хоорондоо тэмцээд байгааг л бид бөх үзэж байгаа мэт харж суух аж. Ийм л юмыг бид өнөөдөр хийж сууна. Тэгээд ч муу үгийн охь нь “улс төржих” гэсэн үг болсон юм шиг билээ.

Нийгэм ард олон гэгч хэзээ ч өөрөө өөртөө эзэн байж өөрийгөө авч явахаас төвөгшөөж хэн нэгийг сохор хүн шиг дагадаг болоод л ийм олон үзэл суртал, ийм олон шашин энэ хорвоод байсаар байгаа. Цаашдаа ч байх л болно. Бидний амьдарч эхэлж байгаа нийгмийг айлтай зүйрлэвэл амьсгал авч болохооргүй болтлоо, нүд эргэх зайгүй болтлоо элдэв хогшил тавилга чихсэн айл мэт болжээ. Тэгээд энэ их цуглуулсан юмандаа түүртэж сууна. Хэрэв энэ их хогшлоо гаргаад хаячихвал өрөө хамаагүй зайтай болох атал улам л юм нэмж авах гээд байгаатай адил юм. Улаанбаатар хотыг ч харсан бас нэг иймэрхүү зураг харагдана. Шинэ хуучин сайн муу бүгд эмх замбараагүй шавааралдаж хорт утаандаа бүтэж үхэх дөхсөн зураг л байгаа шүү дээ. Гаднаа ийм байгаад зогсохгүй дотоод сэтгэлдээ ч нийгмийн сэтгэл зүй бас л ийм л болсон шиг ажээ.
    
Социализмын үед бид хэдийгээр нийтээрээ “шоронд” байсан ч нэг их давуу тал байсан нь бидний бараг 90 хувь нь амьжиргааны төвшингөөрөө дундаж давхрага байлаа. Одоо бол 20 хувь нь хэт баян үлдсэн 80 хувийн гуравны нэг нь дундаж давхрага гэж хэлж болох ч доод давхрага руу гулсаж унах маш амархан масс болчихоод байгаа болохоор дээр эхэнд өгүүлсэн хэсэг сэхээтнүүд айж түгшиж байгаа нь зүй ёсны хэрэг байж мэднэ.

Өөрөө эргэлзэн тээнэгэлзэж байгаа хүн хэзээ ч жаргалтай байдаггүй. Үзэл суртал буюу төгөлдөр сайханд хүрэх арга, түүнийг мөрөөдөх мөрөөдлийн арга зам дандаа зөрчил, тэмцлийг өөртөө агуулж бүр сүүлдээ өөрийгөө үзэн ядах цөхрөлд хүргэдэг.
    
Бид энэ ардчилсан гэх нийгэмд үзэл суртлаас сална гээд киногоо, соёл урлагаа таг хаячихсан хойгуур энэ 25 жилд хог л бидний толгойд дүүрч хорлогод орчихоод байна. Айл шинэ тавилга авч гэрээ өөрчлөхдөө эхлээд гэрээ хоосолдог. Тэгээд угааж цэвэрлээд шинэ юмаа оруулдаг шиг бид ухаан бодлоо нэг цэгцлэх цаг ирээд л байх шиг. Цоо шинэ үзэл бодол, аврагч мэргэн удирдагч гэнэт гараад ирэхгүй болохоор атхаг сэтгэлээ цэвэрлээд өөрсдийгөө нэг харах болсон.
    
Гэхдээ зураг авч байгаа мэт тогтвортой хөдөлгөөнгүй зогсоод харах ёстой юм. Амьсгаадан гүйж яваа хүний дарсан зураг олигтой юм ер гарахгүй. Эхлээд амьсгаагаа дарах хэрэгтэй байх… Улс орныг зөв чигт нь хөтлөх  ажил ч амьсгаа задарсан хүний хийх ёстой ажил билээ л.
Амьжиргааныхаа төлөө гүйж яваа нэгэн амьсгаагаа жоол дараад авсан “зургаа” дэлгэхэд ийм буюу.
    
Эрх чөлөө гэгч угтаа бол хоосон орон зай сэтгэлийн амар амгалан болохоос асар их  хүсэл шунал, уур хилэнд баригдахыг хэлдэггүй байлтай.  
    
Чимээ чимээгээ сонсдоггүй. Бид өнөөдөр эрх чөлөө гэдгийг бүгд зэрэгцэн чадлаараа дур дураараа хашгирахыг гэж ойлгоод байх шиг. Хэн нь чанга хашгирна тэрийгээ бусад нь сонсоно гэж бодоод байх шиг. Хашгирч байгаа хүн хэзээ ч юм сонсохгүй. Эрх чөлөө гэгч нам гүмийн дунд байхаас хана хэрмийн дунд, хашгираан орилооны дунд байдаггүй болой.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив