Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бясалгал гэж юу юм бэ?
2014 оны 9 сарын 6 [Уншсан тоо: 244552]
Муу юм битгий бодож бай тэр чинь
түүнийгээ захиалж байгаа хэрэг...

Эмээгийн ярианаас
    
    Анх бясалгалд сууж мэдрэхээс өмнө би бясалгалыг авгайчууд л суугаад байдаг иогорхуу дасгал юм гэж бодож явжээ. Харин энэ випасяна бясалгатай тохиолдлоор  юм шиг  ч хирнээ урдын буянаар учраад  их өөрчлөгдсөн болохоор энэ талаараа бага сага юм энд тэнд дуугарч л явдаг ч нэг их гүнзгий сайтар ухаж бичсэн зүйл бараг байхгүй. Дөнгөж гадарлаж эхэлж байж цэцэрхсэн болно гэж эмээж явлаа.
   
    Бясалгал гэж яг юу юм бэ? гэж их олон хүн надааас асуудаг. Бурхан багшаас нэгэн бээр; Та бясалгал өдөр бүр, цаг үргэлж л хийх юм. Та үүгээрээ юу олж авдаг вэ ? гэж асуужээ. Бурхан багш буюу Сидхард Гоутам хэмээгч Энэтхэг хүн бээр; Би юу ч олж авдаггүй харин олон төрөлдөө олсон зүйлээ алддаг хэмээн хариулжээ. Өнөөх эр ихэд гайхаж; Та юугаа алддаг билээ энэ чинь? Тэгээд өдөр бүр цаг бүр алдаад л байх хэрэг үү? хэмээн асуужээ.

    Бурхан багш; Их юмаа алдсан. Уур хилэнгээ, атхаг сэтгэлээ, шуналаа, өөрийгөө бусдаас илүү гэх бодлоо, үхлээс айх айдсаа алдсаар л байгаа гэж хариулсан гэдэг.

    Өнөө цагт бясалгал шарын шашин хоёрыг нэг л сайн ялгаж ойлгохгүй хүмүүс байна. Маш товчоор хэлбэл манай энэ лам нар тэр ном буюу Даммагийн онол талыг цээжлэн номыг дагагч нар бөгөөд бясалгал гэдэг нь практик тал буюу мэдрэмжээ ажиглан хариу үйлдлээс салж тэгш амгаланг хөгжүүлж өөрийн биеэр мэдэж, тулж ажиллахыг хэлж байгаа хэрэг бөлгөө. Лам нар; Бид их хөлгөнийхөн бясалгал бол бага хөлгөний юм гэх мэтээр ярих нь их дуулддаг. Өөрийгөө өөгүй гэж боддог хүн бол бясалгалд суух хэрэггүй байж ч мэднэ.  Гэхдээ хүн гэгч олон төрөлдөө хураасан хариу үйлдлийн санкара буюу үйлийн үрийг үүсгэгч дадалтай байдаг болохоор ямар ч хүн, тэр байтугай Бурхан багш ч ийм хариу үйлдлээ зогсоож, өмнөх тоолшгүй олон төрөлдөө хураасан муу бүхнээ эхлээд устгаж тартагтаа тулаад түүнээс цааш сэтгэлийн гүнд лаг шавар мэт оршин байх санкараг устгаж байж гэгээрэлд хүрснийг бодоход  хэн хүнгүй бясалгал гэгчийг нэг үзээд ч болсон  алдах хэрэгтэй л юм.

    Үүнээс өөрөөр өөрийгөө дотроос нь өөрчлөх арга техник энэ хорвоод одоогоор байхгүй юм.    

    Нэлээд дээхнэ энэ сайтад Доржсүрэнгийн Болдбаатар найзтайгаа нэг ярилцлага хийхэд тэрээр “Очир огтлогч” буюу Түвдээр “Доржзодов” хэмээн нэрлэдэг судраас доорхи зүйлсийг иш болгож байсан бөгөөд тэнд гэгээрэлд хүрэх дөрвөн шат болох  урсгалд орогч-широтапан, жич ирэгч-сагдагами, харин үл ирэгч-анагами, Архад-гэгээрсэн хүн гэсэн дөрвөн үр лүгээ учирдаг тухай ярилцаж байсан билээ.

    Бид хоёрын ярианд “Зуун муу хүнийг хооллосноос нэг сайн хүнийг хоолло. Мянган сайн хүнийг хооллосноос нэг таван сахилтанг хооллосон нь дээр. Түмэн таван сахилтанг хооллосноос нэгэн урсгалд орогчийг хооллосон нь дээр. Нэг сая урсгалд орогчийг хооллосны буян нэг жич ирэгчийг хооллосны буянг гүйцэхгүй. Арван сая жич ирэгчийг хооллосноос нэг харин үл ирэгчийг хооллогтун. Зуун сая харин үл ирэгчийг хооллосноос нэг архадыг хооллосон нь дээр. Тэрбум архадыг хооллосны буян ганц Брадигабудыг хооллосны буянд хүрэхгүй. Арван тэрбум Брадигабудыг хооллосны буян гурван цагийн хамаг Бурхадын нэгийг хооллосны буянд хүрэхгүй. Зуун тэрбум гурван цагийн хамаг Бурхадыг хооллосны буян элдэв долоон бодолгүй, оршилгүй, суралцдаггүй, үр дүнг батладаггүй нэгнийг хооллосны буянд хүрэхгүй” гэх эш авсан байгаа.

    Номд шамдах, бясалгал үйлдэх зэргээр ийм 4 шатыг давж нирваанд хүрдэг тухай энэ мэтээр маш олон сударт өгүүлсэн байдаг бөгөөд яг ийм зүйлийг мэдэрч эхлэх зам буюу 10 хоногийн випасяна бясалгал манайд заагдаад удаж байна.

    Бясалгал орой бүр номын айлдвартай байдаг бөгөөд бурхан багшийн бясалгалын дараа айлдсан номын айлдваруудыг эмхтгээд хойч үед илгээсэн ном  бол Гаанжуур билээ. Харин Бурхан багшаас хойш 500 жил энэ бясалгал оршиж байгаад  устаж үгүй болжээ. Тэр үед 49 хоног сууж бясалгадаг байсан гэх бөгөөд мөн борооны улирлаар гурван сар сууж бясалгах нь их түгээмэл байсан ч Бурхан багшийг нирваан дүр үзүүлснээс хойш 500 жил цэврээрээ  машид их дэлгэрч, шашин шинжтэй болж эхлэх үед Хинду сүсэгтэнгүүд шар орхимж нөмрөн орж ирээд дотроос нь өөрчлөн  бүр сүүлдээ тийм олон хоногоор нямба хийж бясалгах арга суларсаар, алсдаа алга болж зөвхөн онол талыг бариад л сахил сахиж байвал барав гэх байдалтай болж ирж шашин болж эхэлжээ.

    Үүнээс хойш долоон зуун жил өнгөрсний дараа Түвдэд Бурханы ном дэлгэрсэн цагаас бүр ч олон урсгал хэсэг болж хаант засагтай байсан Түвдэд лам, хутагт, хувилгаад хоорондоо тэмцэлдэж дөрвөн шарын урсгал, гурван улааны урсгал болж салаад хоорондоо үзэж ялсан тал нь төр барьдаг болж төр, шашныг хослон баригч хэмээх алдар гарч ирж бүр ч улс төржсөн ажээ.

    Ийм үед Богд Зонхов зэрэг олон  мэргэд “Бодь мөрийн зэрэг” гэх мэт судар гаргаж хуучин жинхэнэ ёсонд нь оруулах гэж хичээсэн ч  бясалгал буюу биеэр мэдрэх практик тал үгүй болсон болохоор тусыг тийм ч сайн ололгүй өнөөдрийг хүрчээ.

    Харин Бурхан багшийн олж нээж өөрөө гэгээрсэн випасяна  бясалгал Бирм гэх улсад маш бага хүрээнд лам хуврага нараар дамжин ирсээр 1920 оод оны үед  Лэди Саядов хэмээх бясалгалын багш анх удаа  энэ бясалгалыг  хар хүн зааж хэвшүүлбэл  нийтэд түгэн дэлгэрэх юм гэж үзээд дараагийн багшаа хар хүн буюу Саяатэтжи гэх тариачин гаралтай хүнд багшийн эрдэмийг өвлүүлснээр хар хүмүүс суух болж түүний дараа Бирмийн сангийн сайд  хийж байсан Сажи У Бакин багш өвлөж аваад Энэтхэг гаралтай ч Бирмд амьдарч байсан Гоёнка багшид өвлүүлсэнээр өнөөдөр бүх дэлхийд дахин түгэн дэлгэрээд байгаа билээ.

    Гаанжуур сударт ч; “ Миний энэ ном түгэн дэлгэрээд 2500 жил өнгөрсний дараа Сатя хэмээгч нэгэн дахин хуучин номоор нь дэлгэрүүлэх болно…”  гэсэн лүндэн байдаг ажээ. С.Н.Гоенка багшийн бүтэн нэр Сатянара Гоенка билээ.

    Ийм бясалгал үнэгүй бөгөөд ариун номыг үнэлэх аргагүй тул үнэгүй зааж харин бясалгалд сууж тусыг  хүртсэнээрээ бясалгалын дараа өөрийн хэмжээнд өглөг өгдөг бөгөөд тэр өглөгөөр дараагийн бясалгал явагдаж түүний өглөг парами буюу ариун чанар цааш үрждэг номтой ажээ.

    Манайд дэлхий сөнөнө гэж шуугиж байсан тэр 2012 оны  12 сарын 21 нд бидний хэсэг нөхөд  Бирм явж Гоенка багштай хамгийн сүүлчийн удаа уулзсан билээ. Энэ үеийн зураг одоо гарчихаад байгаа “Цонхон дээр суусан” ялаа цомогийн хавтасд орсон байгаа. Тэр үед бид  дээр эхлэхдээ иш татсан сударт байгаа тийм дээд түвшинд хүрсэн 1000 гэлэнг хооллож буяны дээдийг үйлдсэн билээ. Дээр дурдсан 4 шатанд баргийн буян багатай  хүн хүрч очихгүй бөгөөд гэлэн хүн адаглаад 200 гаад  сахил сахидаг ажээ.

    Гэтэл бид бясалгал үйлдэх 10 хоногтоо ердөө л 5 сахилыг сахидаг. Бясалгал хийснээр 10 парами буюу нандин чанар хөгждөг. Энэ арван чанарыг шарын шашинд арван цагаан номын замаар орлоо гэж хэлж байхыг түмэнтээ сонсоо биз. Энэ 10 чанарт;1.Даана -Өглөг 2.Шила-Ариун явдал 3.Нэгхама-Огоот гарахуй  4.Паня-Билгүүн 5.Вирия-Хичээл зүтгэл 6.Сакка –Үнэнтэй тулахуй  7.Ханти –Тэвчил хүлцэл 8.Адитана- Хатуу шидвэр 9.Метта-Нинж сэтгэл 10. Упекха – Тэгш амгалан  энэ 10 чанарыг  хөгжүүлэхийн тулд бясалгадаг юм. Эхлээд гэрээсээ явж диан бясалгал хийдэг нь огоот гарахуйн парамиг хөгжүүлж эхлэх бөгөөд очоод 5 сахил авахаар ариун явдлаа батжуулж, дадаад ирэхээрээ хөдлөхгүй сууна гэх мэтээр хатуу шийдвэр дагах, бясалгалын сүүлчийн өдөр цуглуулсан буян, нинж сэтгэлээ бусдад өргөх гэх мэтээр дээрхи 10 чанарыг хөгжүүлэхэд суралцаад тэгш амгалан сэтгэлтэй  гарч ирдэг бөлгөө.

    Ийм бясалгалаар биеэ мэдэрсэн хүнд өнөөх ойлгохын аргагүй мэт санагдаж байсан онолын тал ихэд ойлгомжтой болоод ирдэг ажээ. Тэр тайвшрал төвлөрөл одоо цагт л байдаг. Өнгөрсөн хийгээд ирээдүй бол бодол сэтгэл үймрүүлэх  шуурга юм. Нэг нь болоогүй нөгөө нь өнгөрсөн болохоор. Харамсалтай нь бид өнөөдрөө өнгөрсөн хийгээд ирээдүйн тухай бодол хүсэл шунал, эс бөгөөс уур хилэн, дургүйцэл, айдсын шуургаар үймүүлж байдаг дадалтай байдаг ажээ. Энэ цагтаа төвлөрч сурсан хүн  тэгш амгалан сэтгэлтэй болж ирдэг.

    Жирийн амьдралд ч бясалгал байсаар л байдаг. Зураач хүн зурж байхдаа яг одоо цагт байдаг. Бүтээлчид ер нь яг одоо цагтаа л бүтээлээ хийдэг болохоос ирээдүйд зориулаад хийгээд байх нь ховор. Мөнгө олно гэж бодож юм хийж эхэлбэл шууд бясалгал биш болж орхих буюу ирээдүйд оршиж байгаа хэрэг болохоор  одоо цагтаа байхгүй байна гэсэн үг. Өнөөх мөнгө нь олдохгүй бол бас л зовлонгийн үр суулгаж байгаа хэрэг болж орхино.

    Сэтгэл гэгч үргэлжид цагийн дүүжин шиг сайн муу хоёрлуу савлаж байдаг. Тэр тогтворгүй сэтгэлийг тогтоож бариад, яг одоо цагтаа төвлөрч, өөрийгөө өөр хүн шигээр  ажиглах хичээлийг бясалгал гэж ойлгож болно.

    Анхны хайртайгаа учраад хүмүүс түүнгүй  бол үхнэ гэж боддог ч хожим бодход үхээгүйгээр барахгүй  харин бараг мартсан байх нь олонтоо. Тэгэхээр энэ ертөнцийн явдал яг л кино шиг зүйл ажээ. Үзэж байхад уйлаад л инээгээд, уурлаад, харамсаад байх ч  хожим бодход энэ бүхэн инээдтэй санагдах нь бий. 

    Бясалгал хийгээд эхэндээ олон хариу үйлдлийн шуургатай тулж гүн рүүгээ ороод ирэхээр сэтгэлийн гүнд байх тэгш амгаланг мэдэрч эхэлдэг. Дотоод гүндээ байх тэгш амгаланд хүрч үзсэн хүн түүнийг мартанаа гэж байхгүй. Далайн шуурга өнгөн дээр л болдгоос сэтгэлийг гүнд бол нам гүм байж л байдаг. Үүнийг Монголчууд “Айлаас эрэхээр авдраа ух” гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ их амар ажил биш тэгээд ч амьсгалаа ажиглах дээр эхэлж анхаарлаа төвлөрүүлж бясалгал эхэлдэг. Жирийн үед бид амьсгалаа ажиглаж байлуу? Хааяа амьсгалаад хааяа болино гэж байхгүй шүү дээ. Энэ мэтээр төвлөрч эхлэхийг самадид орох гэж нэрлэнэ.

    Шекспир “Энэ амьдрал бол театр” гэж хэлсэн нь жүжиг бичдэг болоод тэгсэн хэрэг биш угаасаа л жүжиг юм чинь дотор нь орсон үедээ жүжигт тоглож байгаа мэт  бай тэр бол та өөрөө биш тэр бол дүр юм  гэж ойлговол бас л бясалгалтай дөхөх юм. Гэтэл бид эргэн тойронд болж байгаа зүйлд хутгалдан ороод өөрт тохиолдож байгаа мэтээр хариу үйлдэл үзүүлж биеэ зовоож сэтгэлээ шуурганд автуулж амьдардаг ажээ. Огт телевизор үздэггүй, сонин хэвлэл уншдаггүй хүмүүс их амар амгалан амьдарч байдаг. Салхи шуурга болохгүй амар шүү дээ. Г.Аюурзана нэг удаа “Зурагт харахгүй л бол нэг юмнаас хоцорчих гээд байна гэдэг бодол их тэнэг юм билээ. Нэг долоо хоног үзэхгүй байхад л дасчихдаг юм. Сар үзэхгүй байсан ч юунаас ч хоцрохгүй….” гэж хэлж байсан санагдаж байна. Бас нэг нийтлэлч эрхэм өөрийнхөө эсрэг нэргүй коммент туж бичдэг нэг нөхрийн бичсэнийг уншиж сууснаа "Хэдэн жилийн өмнө овоо гайгүй юм бичдэг байсан одоо бүр галзуурчихаж. Яанаа энэ хүнийг өрөвдөөд уншдаг олондоо юм бичихээ байлтай  биш дээ…” гэж халаглаж байж билээ.

    Жирийн л амьдрал хамгийн сайхан шүү дээ. Зүгээр өөрийнхөө дотоод амгалангаа хадгалаад жирийн л байхыг бясалгал гээд байгаа юм шүү дээ. Эргэн тойрон жигтэй болгох юм дүүрэн болохоор жигтэй болж байж л анхаарал татна гэсэн хачин эготой бодлоос үүдэлтэй  салхи шуурганд өртөж зовсоор яваа ажээ бид. Одоо дээр өгүүлсэн гэгээрэлд хүрхэд туулж өнгөрүүлдэг дөрвөн шатны тухай цөөн тайлбар хийе.

    Үйлийн үр гэдгийг Монгол хүн бүр сонссон ч төдийлөн ойлгох нь ховор. Үйлийн үр гэдэг нь хариу үйлдэл буюу аливаад шунах, эс бөгөөс уурлах, айх, эсэргүүцэх зэрэг санкара буюу хариу үйлдлийн үр дүнд үүссэн дадал билээ.

    Японд компьютерийн чиглэлээр төгссөн нэг залуу бясалгалд суугаад 10 хоносны дараа чи юу ойлгож авав гэж асуухад тэрээр; Энэ чинь кибер ертөнцтэй их төстэй юм байна. Бид тэнгэрүүдтэй буюу нүдэнд үл үзэгдэгчтэй эхлээд холбогдоод, тэдэнтэй мессэжээр харилцдаг болоод, алсдаа гүнзгийрэхээрээ бүр ярьдаг болоод, эцэстээ тэр газарт очиж уулздаг, асуудаг болоод бүр сүүлдээ тэнд очоод төрчихдөг юм биш үү? гэж билээ. Энэ залуугийн ойлголт их зөв бөгөөд бидний өвөг дээдэс, эцэг эх тэнгэр болж төрсөн бол үргэлж бидэнд туслах гэж хичээж байдаг ч тэнгэрүүд өөр долгионтой бид бас өөр долгионтой байдаг болохоор бие биетэйгээ холбоогүй байдаг ажээ. Бясалгалд шамдсанаар тэдэнтэй нэг долгионд орно гэж  ойлгож болно. Үүнийг гагц биеэр мэдэрч байж л ойлгоно.

    Эм ууж өвчин эдгэдэг байтал эмийн жорыг нь цээжлээд уншаад байвал хэрхэн эдгэх билээ. Анальгин уувал толгой өвдөхөө байхаас биш анальгин гээд мянга хэлээд ч эдгэхгүйтэй л адил юм. Цангасан хүн усны бүтцийн талаар хичнээн удаа уншаад ч цангаа тайлагдахгүй.

    Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэж бид маш олонтоо сонссон. Энэ нь тамын амьтад, бирдийн амьтад, адгуусан амьтад, хүн, асур, тэнгэр гэсэн зургаан төрөл бөгөөд үүнийг үүсгэгч үйлийн үр хүн бүхний сэтгэлд байдаг бөгөөд урд насны болоод, энэ насны үйлдлээр цуглуулсан санкаргын шинжээр дараа төрлөө олж байдаг байна. Хүн амьсгал хураах тэр агшинд хамгийн их цугласан үйлийн үр гэрч ирдэг ажээ. Адил цэнэг таталцдаг байгалийн хуулиар өөрт байгаа ижил цэнэгтэй  орчин руугаа явна гэсэн үг. Төрөл авна гэгч бие үгүй болж үхэхэд гагц сэтгэл буюу хураасан мэдээлэл  дараагийн адил орчин руу шилжих явц юм ...

    Гэхдээ энэ олон төрөлд хүрдэг дээш доош шилжин өөрчлөгдөж болдог  амьтан нь хүн ажээ. Хүнээр дамжиж л энэ төрлүүдийг авч болно. Тэгээд ч хүн болж төрөх зүүний үзүүрт буудай тогтох мэт гэж онцолдог нь үүнтэй холбоотой. Гэгээрэлд хүрэх дөрвөн шатны эхний шатыг Ширатапана гэдэг. Энэ нь урсгалд орогч гэсэн үг. Энэ нь шинээр үйлийн үр үүсэхээ зогсоочихсон үе боловч хуучин үйлийн үрүүд гарч эхэлдэг. Гэхдээ дандаа хэцүү буюу өнөөх доод дөрвөн амьтад там, бирд, адгуус, асур  гэх доод төрөлд хүрэх үйлийн үрүүд гарч устаж эхэлдэг ажээ. Бясалгалд сууж байхад их өвдөх байдлаар гарч эхэлдэг бөгөөд муу юм муухай л гарч байгаа нь тэр ажээ. Зарим хүн Асур гэдгийг мэдэхгүй байж болно. Асур гэдэг нь  тэнгэр биш гэсэн пали үг. Тэнгэрүүд шиг чадалтай ч дандаа муу юм хийх хүчтэй тэнгэрийн доор байдаг орон  гэсэн үг. Энэ мэт муу заяаг үүсгэгч гарч ирсээр дуусна. Яагаад гэвэл шинээр үйлийн үр үүсгэхээ байсан болохоор. Үүний дараа Нирвааны амгаланг анх амсаж эхэлдэг ажээ. Ваан гэдэг хүсэл, шунал, уур хилэн, мунхаг,тачаал гэх таван хор бөгөөд (догшин сахиусуудын тэргүүнд байх таван хохимой үүнийг төлөөлдөг) нир гэдэг байхгүй гэсэн үг юм билээ. Энэ их нүгэлт үйлийн үрийг усгаж барах гэдэг амар ажил биш болохоор байгаль өөрөө урамшуулж анх удаа өнөөх нирвааны тэгш амгаланг тийм шатанд хүрсэн хүнд үзүүлдэг ажээ. Тийм сайхан зүйрлэшгүй тэгш амгалан бий болж эхэлдэг ажээ.

    Гэхдээ өөр бусад төрөлд очих үйлийн үр байгаа ч широтапан буюу урсгалд орогч болсон хүн чөлөөт урсгалыг цаг тухайд мэдрэгч болон хувирна. Тийм шатанд хүрсэн хүний бясалгал автоматаар явж бусад үйлийн лайгаа шөнө ч өдөр ч устгасаар байдаг дадалтай болдог ажээ. Ийм шатанд хүрсэн хүн хүнээс доош төрөлд дахиж төрөхгүй бөгөөд хүн болсон ч ухаалаг, баян цатгалан хүн болж төрөөд цаашдаа дээд тал нь  7 төрөл авна гэхдээ мэдээж хүнээс дээш төрлүүд аваад гэгээрэх нь тодорхой болно гэсэн үг юм.(Бясалгалд сууж үзсэн хүн чөлөөт урсгалыг мэдэрдэг)

    Дараачийн шат нь Сагдагами болох буюу  жич ирэгч гэсэн пали үг ажээ. Бидний амьдарч байгаа ертөнц 33 давхрагатай байдаг гэх бөгөөд хүслийн ертөнц маш том дотороо там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэр зургаан зүйл хамаг амьтныг агуулдаг ажээ. Түүнээс дээш  дүрстэй тэнгэрийн орон, дүрсгүй тэнгэрийн орон гэх мэтээр оршино. Широтапан болчихсон хүн доод төрөлд төрөх үйлийн үрээ устагчихаар алсдаа муу үйлийн үрийг устгах амархан болдог  ч сайханд шунах хүслийг устгах хамгийн хэцүү болж эхэлдэг ажээ.

    Гандан гээд л нэг сайхан тэнгэрийн орон байдаг тэнд одоо Майдар бурхан сууж байгаа шүү дээ тэрийг л үзэх юмсан гэсэн хүслээ устгаж  мөнхийн амгаланд орох гэдэг их хэцүү шат байх нь гарцаагүй. Тэгэхээр жич ирэгч буюу сагдагами гэдэг нь хүслийн ертөнцөд нэг эргэж ирэх магадлалтай ч тэнгэрийн оронд төрөөд тэндээсээ дээшлээд гэгээрэх ийм шат ажээ.

    Үүний дараагийн шат нь Амангами гэх шат бөгөөд үл ирэгч гэсэн үг ажээ. Хүслийн ертөнцөд эргэж ирэхгүй  өнөөх шуналаасаа салсан шат бөгөөд самадид орж эхлэх үе, энэ нь Брахма тэнгэрийн орны дандаа хутагтуудын төрдөг оронд төрөөд тэндээ гэгээрэх ийм шатыг дамжаад Архад болж гэгээрэлд хүрдэг ажээ.

    Энэ бүхнийг сонссон хүнд  яасан хэцүү эд вэ ингэх ямар хэрэг байнаа гэсэн бодол  мэдээж төрж байгаа. Тэгээд ч бясалгалд арав хоног суугаагүй хүнд үүнийг ойлгуулж ярих маш хэцүү. Амталж биеэр мэдээгүй зүйлийг ярих их үнэмшилгүй сонсогдоно. Тэхээр л бясалгал массад хүрдэггүй маш цөөн хүрээнд болоод байдгаас гадна энэ бүхнийг амталж мэдэрсэн хүн л ярихаас өөр хүнд бол үлгэр сонсогдоод эхлэх тул ингэсгээд зогсъё. Хэрвээ сэтгэлийн гүнд суугаад үзье гэсэн бодол ургасан бол www.byasalgal.mn  сайтаас лавлаж уншаарай.

    Эцэст хэлэхэд, ер нь дэлхий дахин хоосон онол, хий мухар сүсгээс ангижирч эхэлж байх шиг. Тиймээс алсдаа шашинжсан үзэл, ялангуяа төр шашинг хослон барих тухай ойлголт алга болох тал руугаа явж байгаа гэж бодохын зэрэгцээ шинжлэх ухаан хөгжиж компьютер гэх мэтээр улам л хоосон чанартай болж эхэлж байгаа өнөө үед юутай ч гэсэн эхлээд үнэ төлбөргүй бясалгалд нэг суугаад үзэхэд буруудахгүй болов уу гэж юм боддог хүмүүст зориулж үүнийг бичлээ.

    Хэрхэх нь мэдээж таны мэргэн сонголт буй за.

    Бурхан багш өөрөө; Эхлээд та биеэр туршиж үзээд тал талаас нь шинжилж үзээд дагах эсэхээ өөрөө шийд гэсэн нь энэхүү бясалгалыг хэлсэн билээ. Өчүүхэн төдий ойлгосноо сийрүүлэхдээ өнөөгийн лам хуврага нарыг ч өөнтөглөе гэж огт бодсонгүй. Гол төөрөгдөл онол практик хоёр салж одсонд байгаа бөгөөд бие биенээ муулах гэдэг баруун гар зүүн гартайгаа зодолдохын үлгэр болох буй за.

    Эхлэхдээ зуун тэнэгийг хооллосноос  нэг ухаантныг хооллох нь буян болно гээд цааш явсаар эцэстээ … Зуун тэрбум гурван цагийн хамаг Бурхадыг хооллосны буян элдэв долоон бодолгүй, оршилгүй, суралцдаггүй, үр дүнг баталдаггүй нэгнийг хооллосны буянд хүрэхгүй гэж сударт өгүүлэх буяны тухай ойлголт  төгссөнийг санаж буян бодож ийнхүү сайтар доторлоогүй зүйлсээ нэг ч гэсэн ухаантанд хүрээсэй хэмээн сийрүүллээ.

    Таалал орших болтугай.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив