Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...
2014 оны 10 сарын 3 [Уншсан тоо: 289478]
(харилцан  яриа)

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.



Д.Т: Аюур аа, хоёулаа бясалгалын тухай, шашны тухай жоохон хамт ярилцаж сууя гэж бодлоо?

Г.А: Хэтэрхий ерөнхий, том сэдэв биш үү хө?

Д.Т: Үгүй, уур амьсгал нь л тийм болохоос нарийсгаж ярина. Жишээ нь, намайг зохиолч гэх үү, сэтгүүлч гэх үү, кино найруулагч гэх үү? Бас сая анхны концепт цомгийн бүх шүлгийг нь бичиж,  продюсерлэж гаргалаа. Тэр нь үйлийн үрийн тухай рок дуурь маягтай ч юм шиг. Тэгээд цааш бас өөр хэлбэрээр хийгээд явах санаатай. Эхлээд зохиолч гэж яг хэнийг нэрлэх вэ гэдгээс ярья, бүр холоос. Зохиолч хүмүүс огт зохиодоггүй юм байна гэдгийг одоо л зохиол нэлээд бичээд ойлгож эхэлж байна.

Г.А: Зохиолч гэдэг монгол хэлэнд анхнаасаа жаахан буруу суучихсан үг гэмээр юм уу даа. Яагаад манай бичгийн их хүмүүс өөрсдийгөө “молхи бичээч”, “дорд бичээч”, “мөхөс бичээч” гээд байсан бэ гэвэл язгуураасаа бичих үйлтэй холбоотой нэршил нь хэлэнд маань байсан хэрэг шүү дээ. Яг л писатель, writer гэдэгтэй адилхан үгийг чинь гэнэтхэн л санаанаасаа баахан юм зохиодог нөхөр болгоод ийм нэг гоё ч юм шиг, инээдтэй ч юм шиг нэр томьёо хэвшүүлчихсэн нь монголчуудыг угаасаа бичгийн соёлоор тааруу, аман зохиолтой л ард түмэн гэсэн ойлголт давамгайлж байсан, соёлоо импортолж байж л соёл гэж нэрлэдэг явцуу үзэл сурталтай тэр цагийн л тусгал юм. За, юутай ч тогтоод хэвшчихсэн нэр томьёог чи бид хоёр одоо нөгөө өнгөрсөн борооны хойноос эсгий нөмөрч гардаг шиг өөлөөд яахав, монголоор энэ бол writer гэсэн үг ээ гэж ойлгоод маргаангүйгээр цаашаа явъя. Зохиох гэхээрээ бас бий болгох, бүтээх гэсэн утга бий л дээ. Тэр утгаараа бол зохиолч гэхэд болж байна. Ухаад байх юм бол яруу найрагч гэдэг бас л инээдтэй нэршил шүү дээ. Яахав, бүгд дасчихсан “яруугаар найрах” тухай огт боддоггүй учраас ингэж хэлүүлэхээсээ бид ичдэггүй. Тэгэхээр зүгээр л чиний асуусан гол зүйлийг ярилцъя. Зохиолч хүн зохиомол юм туудаг нөхөр үү? Зохиол гэдэг нь амьдралд байдаггүй гаж явдлын бичлэг үү?

Д.Т: За, яг наанаас чинь эхэлж ярилцъя.

Г.А: Зохиол жинхэнэ утгаараа бол зохиомол байх ёсгүй гээд ярихаар хүмүүс гайхаад байдаг юм. “Чи одоо юу гээд байгаа юм бэ? Зохиолч хүн зохиогоод л биччихдэг биз дээ?” гээд л унтууцна. Гэхдээ яг уран зохиолын гүнд орсон хүний хувьд бол зохиол өөрөө цаанаасаа төрдөг, гагцхүү тэр төрж буй үйл явцыг нь л зохиолч хүн аль болохуйц гажаачихалгүй, бичигдэх ёстой жамаар нь буулгах ёстой юм. Жамаараа буусан зохиол үнэмшилтэй, уншууртай байдаг. Бүр амьдралд огт баймгүй зүйлийн тухай зохиол ч гэсэн зохиомол хиймэл зүйлээсээ ангижирч байж л сая үнэ цэнэтэй болно.

Д.Т: Гэхдээ зохиох гэдэг нь, зохиолчийн зүгээс шийдвэр гаргах эрх нь үргэлж гол үүрэгтэй...

Г.А: Зохиомж гэдэг чинь бас л цаанаасаа өгөгдөлтэй эд шүү дээ. Би зохиол бичдэг, гэхдээ би бүгдийг шийддэггүй. Мэдээж, бодож олох, эргэцүүлж тунгаах юм бол байлгүй яахав. Гэхдээ л урлаг бүтээх гэж байгаа л бол цаад амин сүнсийг нь тэмтрэх хэрэгтэй. Бичих бол яахав дээ, бичих л ажил. Чи яагаад кино зохиол бичихгүй сууж чадахгүй, заавал нэг юм оролдоод явдаг юм бэ? Бүр цаана нь чамайг бичүүлэх өдөөгч л ажиллаад байгаа хэрэг биш үү?

Д.Т:
Тийм дээ.

Г.А: Одоо чи ярь аа. Кино, хөгжим, дууны шүлэг, бясалгал гээд чамд ярих зүйл зөндөө байсаар атал заавал надаас яриа авч байгаа дүртэй суугаад яах юм бэ?

Д.Т: Сэтгүүлчийн ажил уран бүтээлд хамгийн ойр ажил учраас, адилхан эрэгцүүлж бодсоноо нийтлэлээр бичдэг, нэвтрүүлгээр үзүүлдэг учраас би бүх зүйл рүү сэтгүүлзүйгээр дөрөөлж хөл тавьсан. Кино зохиол яагаад надад ойр вэ гэвэл их ойлгомжтой зүйл. Хорин долоон жил телевизийн нэвтрүүлгийн зохиол бичсэн хүнд мэдээж ойрхон. Ажил, хобби хоёр холилдоод ирэхээр хүн нэг их сайхан таашаал аваад эхэлдэг. Хөгжмийн хувьд бол бас л хобби шүү дээ. Хөгжимд дуртайгаасаа болоод дууны үг бичсэн. Эргээд харахад, нэлээд олон дууны шүлэгтэй болчихож.

Г.А: “Цонхон дээр суусан ялаа” гээд бүр 9 дуутай ...

Д.Т: Харин, тэрийг чинь л ярих гээд зэхээд байна. Энэ бүхний эцэст нэг томоохон юм хийх цаг нь болсон. Тэгээд Тэмүүлэнг сонгосон хэрэг. Сэдэвт цомог юм болохоороо сэдэв хэрэгтэй. Гэтэл нэг хүрээ дуунд “Цонхон дээр суусан ялааг цохиод чи алж чадна Цохлоод ирсэн үйлийн үрийг цохиод буцааж чадах уу чи?” гэж асуусныг хараад “Өө, сэдэв маань энэ байна шүү дээ” гээд барьж авсан. Бас ч гэж бясалгал хийгээд жаал юм ойлгосон. Ийм л юм.

Г.А: Хэтэрхий олон зүйл рүү үсчээд байгаа юм биш биз? За за, тоглож байгаа юм шүү.

Д.Т: Магадгүй гаднаас нь харахад маш их зөрчилтэй олон талтай ч юм шиг харагдавч зүгээр л ярих гэснээ л ярьж байгаа ухаантай хүн юм шүү дээ би. Миний хувьд бол, ингэсхийгээд хариулт өгдөг ажлаасаа асуулт тавьдаг ажил руугаа буцмаар байна. Бясалгал гэдэг үг бидний ярианд дурдагдсаных, энэ талаар заавал чамаас асуух ёстой?

Г.А: Ширэндэв багшийн удирддаг випашина бясалгалын төвд цөөн удаа сууж, даяан гэж яг чухамдаа юу болохыг мэдэрсэн минь миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай явдлуудын нэг байсан. Гэхдээ одоо хэр би өөрийгөө бясалгагч байж чадах эсэхдээ эргэлздэг. Хэтэрхий дээгүүр, бас Бурхан Будда өөрөө бясалгаж байсан тэр арга гээд бодохоор хэтэрхий сүрдэм, тийм бишрэмээр атлаа ер бусын энгийн, нэг л баримжаагүй санагддаг. Юутай ч, би урьд нь зэнгийн тухай бага сага уншиж, зэнд хорхойсч явсны үр ч юм уу, бясалгалаас их зүйл олж мэдсэн шүү. Буддист байх нь миний амьдралын гол чиг шугам юм байна гэж ойлгож авсан. Бас шүтэх бишрэх юмтай байна гэдэг мунхрал биш, харин бахархал юм байна гэдгийг ухаарсан. Гэхдээ л би бясалгалд балчирдсан хэвээрээ л явна. Харин миний анзаарснаар, бясалгалд жинхэнээсээ автаж, бүр тэс өөр ертөнц рүү яваад орчихсон хүмүүсийн нэг нь чи юм шиг надад санагддаг.

Д.Т: Бясалгалд ч орохын хувьд бол үнэхээр орсон шүү. Гэхдээ би их муу талтай юм. Эрхбиш наашилж байгаа байх...

Г.А: Гэтэл зарим хүн чамайг энүүнээсээ тэс өөр, нэлээд хүнд рок талдаа хүн гэдэг биз дээ? Галсансүх нэг удаа бүр мааш их гайхчихсан “Төрөө ах бясалгалд ороод бүр шал өөр болсон. Одоо архи ч уухгүй байгаа” гэж ярьж байсан юм даг. Урьдын Төрмөнхөөс нээрэн их өөрчлөгдсөн байх аа?

Д.Т: Бясалгал хийдэг хүн лам болчихож байгаа юм ерөөсөө байхгүй шүү дээ. Гадаадад ч тэр дотоодод ч тэр энийгээ хүмүүс нэг их яриад зарлаад байдаггүй юм. Уг нь бас тэгэх ч ёстой даруухан л байхыг сурч байгаа улс тэрийгээ гайхуулж байгаа юм шиг хашгираад байх угаасаа номонд хазгай. Гэтэл би гэгч хүн сэтгүүлч гээд л шилдэг нийтлэлч дотор өчнөөн уншигчтай мөртлөө, амиа бодоод л тийм сайхан юм хийж өөрийгөө л өөрчлөгдөөд, харин гадагшаа бол хариу үйлдэл хийгээд л байх хачин биз дээ? Эхнэр, охин, найз нар гээд бүгдийг л суулгах хүсэлтэй болсон. Бас цаг нь болохоор суудаг номтой учир зарим нь суугаад зарим нь суугаагүй л байгаа. Би яахав буян багатай хүн болоод олигтой өөрчлөгдөхгүй байгаач байж болно. Гэхдээ эргэн тойрон буянтай хүмүүс дүүрэн байгаа болохоор л хаяа ч гэсэн сануулж, сонирхуулж бичдэг гэх үү дээ .

Г.А: Ажаад байхад, бясалгал шашин гэх мэт оюун санааны уйгагүй эрэл, рок хөгжим хоёрт шүргэлцэх цэг их байна уу даа? Чи рок бөгөөд бясалгагч хүний хувьд... (инээв)

Д.Т: Тийм рок хөгжим гэхээр бас л нэг хулигаан хүний ч хөгжим шиг, савхи, хохимой, үхэл, араг яс, цус, нөж , галзуу шахуу хүний хөгжим  гэж хүлээж авах гээд л  байдгаас болоод зөрчилтэй харагдаад байж мэднэ. Шашинжсан рокууд бол бий. Гот рок гэх мэтээр бүүр шашны урсгал маягтай ч бий. Тэгээд л би саяхан Тэмүүлэн гэж гайхалтай авьяастай даруухан залуутай нийлж өнөөх өөр өөр харагдаад байдаг хоёр талаа нийлүүлж үзсэн ухаантай юм шүү дээ. Нарийн ярьвал нөгөөх хамтран гол юмыг хийсэн хүн маань загалмайтан тал руу элэгтэй, би буддист ийм хоёр нөхрийн зуурмаг шүү дээ тэр “Цонхон дээр суусан ялаа” чинь. Охин минь тусалж байж л нэг юм гарлаа. Өөрийнхөө дотоод руу шагайсан ажил. Ер нь хөгжмөөр, шүлгээр хүн худлаа хэлж чаддаггүй юм шиг.

Г.А: Залуучуудтай хөл нийлээд л мундаг байна шүү. Чи ерөөсөө хөгширдөггүй нөхөр юм аа. Нөгөө л Төрөө хэвээрээ л явах...

Д.Т: Нас бол тоо гэж их ярих болжээ. Үнэн ч байх бас худал ч байх. Энэ нөгөө л үзэгдэх хийгээд үл үзэгдэх зүйлсийн тухай яриа болж орхино. Гаднах өнгө гэж байлгүй яахав сэтгэлийн ч гэнэ үү сүнсний ч гэнэ үү тэр дотор харагдахгүй өнөөх юмны хувцас бол бие шүү дээ. Хуучирч л таараа материал юм чинь. Харин дотор бол бүр ухаажаад, алдаагаа ухаараад, туршлагаар ойлгоод улам залуу хирнээ хэрсүү залуу байж байдаг болтой юм.

Г.А: Нас бол ердөө л тоо гэхэд бас ч хаашаа юм бэ дээ. Зарим үед нас явсаны ачаар олж хардаг, нас жаахан тогтож байж л ухаарч таньдаг зүйл амьдралд их таарах юм аа. Адгийн наад захын жишээ гэхэд л, өвчин байна. Залуу насны эрч хүч нэг л өдөр алга болчихсон, хаа нэгтээ өвдчихсөн, нас өөрийгөө сануулаад байгаа нь мэдрэгдээд ирэхэд бас хайран өдрүүдийг дэмий үрснээ ойлгох юм. За, тэгээд явж явж хүн эрүүл саруул, ухаан сэргэг, ой санамж хурц дээрээ амжиж хэдэн ном л уншвал хүн болж төрсний хэрэг тэр юм байна шүү дээ. Ер нь сурвалжлагчийн зөн минь сэрсэн бололтой. Би чамайг бодвол энд тэнд яриа их өгдөг хүн. Үүнээ цэглэе ч гэж бодож байгаа. Хойшид би асууж, чи хариулна шүү. Яг одоо ямар ном уншиж байна хө?

Д.Т: Уг нь би чамаар л яриулмаар байдаг…Би үргэлж нэг юм хийж бичиж байдаг болохоор тэр юмтайгаа холбоотой юмс түүж уншдаг зуршилтай болоод их удаж. Сүүлд уншина гэж бодсоноо дор нь худалдаж аваад номын сандаа хийчихдэг юм. “Чөтгөрийн хотын тэмдэглэл” гээд Нью Иоркод амьдарч байсан үеэ бичсэн нэг тийм эссээ тууж ч гэмээр юм уу нэг ном гаргасан даа? Их олон хүнд таалагдсанаар барахгүй ийм нэг эсээ маягаар юм бичээд байх нь зүгээр юм шиг санагдаад түүн шигээ өөрийнхөө амьдралаас сэдэвлээд ч гэхүү дээ нэг том эссэ роман эхлээд их удаж байнаа.  Тэрэнтэй холбож Ф.Достоевскийн “Гэм зэм”ийг дахиж уншлаа. Их ядарч барлаа. Маш зузаан ном. Нэг цагаа ломбарданд тавихаар явж байгааг л гэхэд бараг 10 хуудас бичсэн байх юм. Харин уншиж бараад өө энэ хүн чинь зүгээр л өөрийнхөө амьдралыг өөрийхөө зовлонг насаараа ярьсан юм байна шүү дээ. Хэдэн хүний нэр бага сага үйл явдал л зохиож гэдгийг олж мэдлээ л дээ. Монгол ардын зүйр цэцэн үг Дармапад Ошогын хэд хэдэн ном үргэлж ширээн дээр байж байдаг .Уншаагүй ном бас олон байгаа.

Г.А: Түрүүний хэлсэн чинь санагдаад л байна. Нас гэдэг амины хувцас гэж?

Д.Т: Амины гэж чи оноод хэлчих шиг. Түүнээс гадна зохиож болох юм болохгүй юм гэж бас байнаа. Би одоо өөрийнхөө тухай ч юм шиг ном бичээд их хэцүү байдал үүсээд байгаа юм. Өөрийгөө өмөөрөөд бичээд л хариу үйлдэл хийгээд л өнөөх шүүх ажиллах гээд их хэцүү юм билээ. Цэвэр уран зохиол бол муу талаа нэг хүнд овоолоод бүр ч нэмж хачирлаад нэг сайхан эсрэг дүр хийчихээд л сууж байх байлаа. Энэ магадгүй хэзээ ч бүрэн засагдаж ном болж гарахгүй ч байж мэднэ. Гэхдээ л бичих ёстой л юм шиг дотроос хатгаад байгаа эд л дээ. Хүн өөрийгөө л бичдэг юм байна гэсэн өнцөгөөр харахаар С.Эрдэнийн өгүүллэгүүд энэ тэр их өөр харагдана. Амь хөгширдөггүй шиг. Гэхдээ нөмөрсөн дахаа даахаа байх цаг гэж бас бий л дээ.

Г.А: Ийм сэдвээр кино зохиол бичмээр юм яриад байл уу, үгүй бил үү?

Д.Т: Харин нэг кино биччихээд л байгаа юм. Мотоциклчид гэж нэртэй чоперчидтой ч саяын чи бид хоёрын ярьдаг амийг нөмөрсөн дээл хувцас буюу хоёр өөр насныханы тухай яриа л даа. Бас л өнөөх кино бол хамгийн азгүй урлаг, яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай гэдэг болчихоод л байна.

Г.А: Саяхны нэг ярилцлагадаа ч бил үү, чи дөрвөн тотгорын тухай онцолж дурдсан байсан. Би үргэлж чөтгөрт хөөгдөж байгаа юм шиг яаруу гүйлгэж уншдаг муу зуршилтай. Заримдаа толгойд тогтохгүй өнгөрчих юм. Яг юу гэлээ дээ?

Д.Т: Аан Бурханы л сургаал л даа. Гэгээрэлд хүрэхэд ч гэхүү хүн хүн хэвээрээ байхад дөрвөн саад байдаг гэж. Анх төрхөд хүүхэд байхад аль аль нь байхгүй байдаг ч хүн болох явцад бий болдог бас өмнөх наснаас ч ирсэн ийм л тотгорын тухай юм. Эхнийх нь мэдээж би гэх өвчин эго.Энийг нэг их тайлбарлах хэрэггүй биз.  Дараах нь хэвд баригдах, задгай сэтгэж чадахаа байх. Энэ манайд их түгээмэл шүү дээ. Олон жилийн социализм энэ тэр гэж маш их улс төрийн хэвд орчихоод өөрөөрөө байж чадахаа бүр байсан. Ганц нэг хүн өөрөөр яривал барьж иднэ. Уг нь хууль бол ёс суртахууны доод хэмжээ атал, тоолж барахгүй олон хуультай. Тэрийг өдөр бүр үйлдвэрлэж байдаг УИХ-тай шүү.

Г.А: Дараагийн хоёрын нэг нь лав түмэн бодол нисванис гэж байсан санагдана? Чи юмыг санаа амар, рок дууны үг шиг ярьдаг болохоор, залуучууд энэ ярианы тэмдэглэлээс тэр яриаг чинь сонсоосой гэж бодлоо л доо.

Д.Т: Тийм, жишээ нь хэн нэгэн сайхан хүүхэн нэг хүнтэй санаандгүй ч гэхүү тэр үедээ таалагдаад л унтчихаж гэж бодоё. Тэгээд өнгөрсөн ч сүүлд бодсон чинь нэг л сонин санагдаад дорд үзэгдчихсэн ч юм шиг цаашдаа холбоотой баймааргүй ч хүнтэй ойртсон шиг санагдаад өнөө хүүхэн би яагаад тэрэнтэй унтчихваа гэж уймраад бөөн бодол үүсээд тэрнээс болж шаналаад бараг өвчин тусах нь холгүй боллоо гэж бодвол энэ өнөөх түмэн бодол нисванис мөн байгаа биз. Нэгд болоод өнгөрчихсөн байдаг. Өнгөрсөн рүү энэ дэлхийн бүх алтыг ч өгөөд очиж чадахгүй хоосон зүйл шүү дээ. Зүгээр нэг бодол л үлдсэн. Гэтэл тэр бүхнийг бөөн юм болгож үржүүлээд бодоод байхыг нисванис гээд байгаа юм. Бодлоос л үүссэн зовлон шүү дээ. За тэгээд тэр нисванис их хурдан үржих дуртай. Өнөөх хүүхэн найз нартаа ярина, ах эгчдээ ярина, ээж аавдаа ч ярьж мэднэ. Ингээд нэг өчүүхэн тэр үедээ сайхан байгаад л (муухай ч байсан байж болно)   өнгөрсөн хэдэн минутад болж өнгөрсөн  зүйл бөөн асуудал дагуулан уул овоо шиг проблемүүдийг чирч эхлэнэ. Гай болоод өнөөх нэг хамт хэвтсэн хүн нь эхнэртэй байж таараад энэ тухай яриа гэрт  нь хүрээд эхнэр нь салах шалтаг хайж явсан бас нэг нисванистан байгаад дор нь үржүүлээд  ингээд юунд ч хүрч болохоор зовлон үүсээд явчихдаг биз дээ.

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй  
Гамшигт муу сэтгэл, үйлийн араас
Гай зовлон байнга дагаастай
Үхэрт хөллөсөн тэрэгний дугуй шиг
Үргэлж өнхрөн зовох тавилантай


Ийм мөрөөр Бурханы ном Дармапад эхэлдэг шүү дээ. Энийг зохиолоор ч хэлж үзүүлж болно киногоор ч үзүүлж болно. Бүх драм зөрчилөөс үүсэлтэй өнөөх зөрчил үүсгэгчийн нэг нь зүгээр л дэмий түмэн бодол нисванис байгаад байдаг.

Г.А: За, сайн байна. Зогсолтгүй л номлоод байгаарай хө. (инээв) Дараагийнх нь ялгаатай үзэл байх аа, сая саналаа?

Д.Т: Дараагийнх нь атхаг сэтгэл буюу ялгамжтай хандах үзэл. Баян, ядуу, дарга, цэрэг, хөгшин, залуу, ухаантай, тэнэг,эр ,эм гээд л үй түмэн зэрэгт ялгаад сурчихсан зан. Бид хүүхэд байхдаа хэзээ ч дарга хүн рүү бол инээнэ ядуу хүнийг бол муухай харна гэж байгаагүй биз дээ. Бүр сургуульд орж ирэхээс нь эхлээд л дүн тавиад ялгаад эхлэнэ. Онц муу гээд л шившиг болгоод зааж эхлэхээр хүн хүссэн ч эс хүссэн ч тийм муухай ялгамж бодолтой болдог ажээ. Би ч яахав алтан дунд гэсгийгээд л дээд доод хоёроо үзэн ядаад ч байгаа юм уу нэг л өөрөөр хараад эхлэнэ шүү дээ.Эндээс бас нэг зовлон үүсэж байгаа биз.

Г.А: Гэхдээ энэ бүгд, бараг л бүгдээрээ Эго буюу би гэх биеээ тоох үзлээс эхтэй бус уу?

Д.Т: Ер нь бол тийм. Гэхдээ мунхаг тал бас байгаад байгаа юм. Жишээ нь бясалгал хийдэг хүн гэсэн нэг хэв шинж шаблоноор намайг хархаар болохгүй байх жишээтэй. Энэ дөрвийг бодож явхад бас их тустай л даа. Мөнх бус гэдэг чинь энэ дотор оршсоор байх мунхаг харанхуйг бас хэлээд байгаа юм шүү дээ. Юм гэдэг минут секунд төдийд ч өөрчлөгдөөд байдагийг мөнх бус гээд байгаа юм. Гурван жилийн өмнөх би байтугай, та байтугай гурав хоногийн өмнөх би ч би биш, та ч та биш болоод байгааг л ойлгох ухаан юм шүү дээ ер нь бол .

Г.А: Би одоо маш гэнэн зүйл асууя. Чингис хааны үед манайхан ямархуу улс байсан гэж чи төсөөлдөг вэ?

Д.Т: Мэдээж дэлхийн дарга байсан нь бол тодорхой. Гэхдээ тэр дэлхийг засаглаж байсан монгол ухаан л гэж ярихаас яг юу вэ гээд оноод хэлсэнтэй нэг их таарахгүй юм, би олж үзээгүй ч байж мэднэ. Минийхээр бол хэрвээ Хар хоринд бүх шашны сүм хийд байсан нь үнэн л бол тэрийг нь шүтдэг хүмүүс байсан л байж таараа. Ван хаанаас эхлүүлээд бүр аймгаараа загалмайтан байсан гэдэг биз дээ? Тэхээр бүх шашны нөлөө орсон л байж таараа. Харин нүүдэлчин улсын нэг том шинж бол ажиглах чанар маш их хөгжсөн байдаг. Оюуны хөдөлмөр шүү дээ энэ чинь. Тэгээд ч хариу үйлдэл хийхээ урьтал болгодоггүй тэгш амгалан сэтгэлээр ажиглаж, долоо хэмжиж нэг огтолдог чанар бол монгол ухааны нэг хэсгийг бусад шашин тэр дундаа Бурханы шашин ихээхэн зайг эзэлсэн байсны жишээ бол  Монгол ардын зүйр цэцэн үгээр илэрдэг. Ухааныг үгнээс өөр юугаар илэрхийлэх билээ. Тэхээр би тэр үеийн монголчууд сэхээтэн тал нь давамгайлсан хүмүүс байсанд огтхон ч эргэлздэггүй. Тийм байж л дэлхийг захирна.

Г.А: Маш гоё хэллээ. Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан гэж! Яг 13-14-р зууны үеийн манай бичгийн дурсгалуудад тухайн цаг үедээ хэтийдчихсэн сэтгэлгээний эрх чөлөө гайхалтай тод харагддаг шүү. Харин дараа нь эзэнт гүрэн нурсан, бутарсан, шарын шашин орж ирсэн, манжийн вассал болсон. Чиний байнга яриад байгаа үйлийн үр, хоосон чанарын тухай ойлголт монгол хөрсөнд гүн суусан. Үр дагавар нь юу болов, чинийхээр бол?

Д.Т: Томчуулын бодлогоо хэрэгжүүлэх талбар нь Монгол болсон. Түвдийн буддизм их улстөржсөн шашин шүү дээ. Ердөө саяхан 17-р зууны үеэс л энэ хутагт хувилгаадыг тодруулдаг, тэд нар нь төр барьдаг улс төр бий болсон байдаг.

Г.А: Одоо хэр үргэлжилсээр байгаа, тэр л хутагт хувилгаад тодруулдаг процедурыг чи хэлж байна уу?

Д.Т: Тийм ээ, өнөөдөр бол Хятад Түвдийг өөртөө шууд авах бодлого барьж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бол цаагуураа Хятад Бурханы шашны эрх мэдлийг авах гэж байгаа тэмцэл. Гэтэл энэ шашин 3 том толгойлогчтой  Далай лам, Ванчин богд, Богд Жавзундамба гэдгийг бүгд мэднэ. 1959 онд Түвд Хятадад эзлэгдэхэд Далай лам хил гарч дүрвээд Энэтхэгт очсон ч Ванчин богд дүрвэж гарч чадалгүй Түвддээ  үлдээд 1989 онд таалал болсон байдаг. Шарын шашны гурван тэргүүний Богд Жавзундамба бас саяхан манайд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын зарлигаар Монголын иргэн болж байж байгаад эндээ нирваан дүрийг үзүүлсэн. Тэр гурван богдын аль нэг нь заавал залуу байхаар эртнээс тааруулсан байдаг бөгөөд нэг нь таалал болоход нөгөө хоёр нь нийлж байгаад дараагийн дүрийг тодруулдаг байж.  Гэтэл 1989 онд Ванчин богд Далай ламаас ангид байж байгаад таалал болсоны дараа Далай лам нэг Түвд хүүхдийг хойд дүрээр тодруулсан ч түүнийг нь Хятадууд шоронд хийчихсэн одоо амьд үгүйг хэн ч мэдэхгүй. Яг тэгтэл Түвдэд байгаа хутагт хувилгаад Хятадын шахалтаар өөр нэг Хятад хүүхдийг Ванчин богдоор бас тодруулчихсан бөгөөд тэр нь одоо 30 гарсан том лам энд тэнд Хятадын санхүүжилт дэмжлэгтэйгээр том том арга хэмжээ хийгээд яваад байгаа аж. Мэдээж багаас нь бэлтгэсэн болохоор маш их номтой тийм лам болсон байдаг. Түвдүүд ч Өвөрмонголчууд ч түүнийг Ванчин богд л гэж үзсээр байгаа. Гэтэл Далай лам нас дээр гарчихсан. Богд Жавзундамба жанч халчихсан болохоор хэрвээ Далай лам нирваан дүрийг үзүүлхэд ганц өнөөх Ванчин богд хойд дүрийг нь тодруулах дээр хүрэх тул  Хятад Далай лам бий болноо гэсэн үг. Тэхээр Түвдүүд хүссэн ч эс хүссэн ч Богдыг Монголоос тодруулахаас өөр гарцгүй болчихсон үе юм. Түвдүүд анхны богд Өндөр гэгээнээс хойш нэг ч Монгол богд тодруулаагүй шүү дээ. Энэ бас их том улс харгалзахгүй улс төр байсаар ч ирсэн байж ч байгаа шүү дээ.

Г.А: Одоо тэгвэл ёстой л үйлийн үрээр ч гэх үү, улс төрийн шалтгаанаар ч гэх үү Монголд Богдын 10-р дүрийг тодруулахаас өөр аргагүй болж байна аа даа?

Д.Т: Гэхдээ Монголд Богд “төрлөө” ч Түвдүүд авч яваад багаас нь ном заасаар Монгол цустай ч Түвд л хүн ирнэ гэдэг бол тов тодорхой зүйл. Өнөөх Түвдийг багалзуурдах бодлоготой Хятадын ганц дайсан нь Далай лам ч биш Монгол Богд болоод урд хөрштэй бас шашин ном, дотоод ертөнцөөрөө мөнхийн дайсан болох нигууртай ажээ. Шүгдэнг Далай лам хаасан ч мөн л Швэйцарь Хятад зэрэг орны шүгүүд харилцан эсэргүүцэл болоод л байдаг. Манайд шашин дэлгэрсэн цагаас түүх  ийм л болсон. Түвдүүдийн бодлогыг Богдууд хийгээд Монголыг дандаа Хятадын өмнөөс сөргүүлж тавьдаг байсан түүхтэй. Бүр саяхан 1959 онд Түвдийг эзлэхэд ч өвөр Монголчууд дийлэнх нь байсан байдаг.  Далай лам өнөөдөр Энэтхэгт байгаа ч зүгээр л ядарч ирсэн зочиндоо өөрсдөө ч хоолгүй хоноод идэх хоолоо гэртээ хоносон хүнд өгдөг зангаараа л хандаад гэртээ зочиноор байлгаад байгаа болохоос  Энэтхэгийн бодлого Далай ламд нөлөөлсөн юм байхгүй. Маш олон шашин зэрэгцэн оршдог ганц орон.

Г.А: Далай ламын цаана АНУ байх магадлал бас их байх шиг? Нобелийн шагналыг улс төрчийн хувиар л өгсөн болов уу. За, тэгээд сүүлийн үед Монголын шашныг түвдүүд эзэлчих байна гэх яриа дуулдах боллоо. Би бол зохиолоо бичээд л, гэрээсээ ч гардаггүй. Чи мэдээлэлд ойр хүн. Энэ тухай юу бодож явдаг юм бол?

Д.Т: Хятад гэх орон тун удахгүй АНУ-ыг гүйцэх гэж байна. Хятадын хийж чадахгүй юм ч гэж алга. Бараг бүх дэлхийг хувцаслаж байна гэхэд болно. Ийм хүчтэй болж байгаа өрсөлдөгчөө ганц буруутгах зүйл нь Түвдийн асуудал. Тэхээр АНУын бодлого хүссэн ч эс хүссэн ч орж ирнэ. Тэхээр Монгол шашнаар бас нэг нөлөө бүхий орон болох нь бас ч бодууштай асуудал байгаа биз. Харин Түвдүүд манай руу орж ирэх гээд байна энэ тэр гэх бас л туйлшрал. Манайд иргэн болоё гэсэн хүсэлт Богдоос өөр бараг байхгүй байсныг Гадаадын харьяатын газраас асуухад хэлээд өгнө. Тэд нар Швэйцарь АНУ гэх мэтийн орон руу л явах санаатай байдаг юм билээ. Богдын хүү Туксара ренбүүчийг би их сайн танина. Австралийн иргэн.

Г.А: Шашин жинхэнэ утгаараа сэргэж мандах нь сайн хэрэг л дээ. Хүнлэг энэрэнгүй байх талаас нь ч бодсон тэр. Харамсалтай нь, олонхи массд жинхэнэ утга нь огтоос хүртээлгүй л дээ. Буддын гүн ухааны нарийн нандиныг масс байтугай, барууны философийн доктор цолтой нөхөд ч ухаж ойлгож хүчрэхгүй байна шүү дээ, цаана чинь. Тиймээс шашныхан мөн чанарыг бус, мухар сүсгийг хүмүүст суулгах замаар л шашнаа мандуулах гээд байгаа нь илт ажиглагддаг. Яг л улстөрчид шиг.

Д.Т: Манайд өнөөх социализмын үед хүчээр дарсны хар гай л байх. 20-р зуунд бид Оросын нөлөөнд гэнэт орсноор хэрэг дээрээ загалмайтны тэр дундаа үнэн алдартны шашны эсрэг суртал нэвтрүүлгийг орчуулан хүргэсээр бид бүхлээрээ атаист буюу бурхангүй үзэлтэн болцгоосон ч их хачин атаист үеийн үр хүүхэд эсвэл өөрсдөө тийм бүтээгдэхүүнүүд болсон. Буруу номтонгууд болсон гэсэн үг. Ийм буруу номтон мухар сүсэгтэй байх нь гарцаагүй. 1990 оноос хойш Буддизм манайд эргэж дэлгэрсэн гэх ч маш их мухар сүсэгээр бизнэс хийх, тахин шүтүүлэх байдлаар эргэн дэлгэрч эхэлжээ. Хуучин цагт бол монгол үсэгээрээ айл бүр шахуу Субашид , Оюун түлхүүр, Гучин хоёр модон хүний үлгэр гэх мэтээр шууд Гаанжуур буюу түүний тайлбар Даанжуур хэмээн нэрлэгдсэн бясалгын дараа Бурхан багшын айлдсан номын айлдваруудыг бараг бүгд уншсан байсан бол шинэ орос үсэг буюу крилл үсэгтэй болсноор өнөөх үлдэж хоцорсон онолын мэдлэг ч тас цохигджээ. Тийм болохоор л ийм сонин байдал бий болсон байх гэж боддог. Гэхдээ одоо үед мухар байгаад байгаад яг 10 хоног суугаад л үр шим нь биед, өөрт мэдэгдээд цааш хийгээд байхаар өнөөх эго уур, уцаар бага багаар илт багасаад алга болоод бусдын төлөө юм хийх, мэддэгээ бусдад түгээх, хэн нэгэнд аз жаргал өгөх утга чанар амьдрах ухаан чинь болоод байхад хүн тийшээ татагдаж л таараа. Ямар ч рекламгүй амнаас ам дамжаад дөчөөдхөн жилд дэлхийд тарчихлаа шүү дээ. Тэгээд ч ингэж шинжлэх ухаан хөгжөөд дотоод учир шалтгааныг нийтээрээ хайгаад байгаа үед тийм ч амархан өнөөх л төр шашныг хамт барих шунал тийм ч хол явахгүй л байх гэж боддог юм. Олон хүн иймэрхүү болж байгаа байх. Бизнес хийж эхлээд улс төрд орсон Х.Баттулгаас эхлээд л Майдар хотхон байгуулна гээд л. Чингис хааны хөшөөг босгоод л байгааг харж л байгаа шүү дээ. Олзыг олуулаа л гэдэг чинь удахгүй бүх хүний зорилго болох биз. Шиндлерийн бүртгэлийг санаж байгаа биз дээ. Энэ бас л үйлийн үр юм уу даа.

Г.А: Хачин сайхан өөдрөг үзэл байх чинь.

Д.Т: Буянтай хүмүүс гарч ирсээр л байна шүү дээ. Дармападын дараагийн мөр нь:

Бодол сэтгэл түрүүлж залаастай
Бүх юм сэтгэлээс үүдэлтэй
Ариун  сэтгэлээр ярьж бас үйлдвээс
Алд биеээс сүүдэр салахгүй дагах адил
Амгалан жаргалан байнга дагаастай
гээд цааш явдаг шүү дээ.

Г.А: Ха ха, би ч бас сэтгүүлч байсан гэсэндээ чамаар сайн яриулж чадлаа. Ингэсгээд зогсох уу, хоёулаа.

Д.Т: Харин тэгье дээ. Богд Зонховын шарил яг энэ Итгэлт хамба шиг байсныг хятадууд шатаачихсан гэж чи нэг ярил уу?

Г.А: Би нэг Ажаа гэгээнтний номыг редакторлосон юм. Тэнд л байсан эд. Соёлын хувьсгалын үед Түвдэд яг л Итгэлт хамба шиг байсныг улаан Хятадууд олоод суврагтай нь шатаачихсан тухай бичсэн байна билээ. Том агуйд үс нь газар шүргэтлээ ургачихсан. Хумс нь биеэ ороочихсон байсныг 50 иад онд өнөөх улаан хамгаалагчид шатаасан юм гэсэн. Би бодохдоо гүн бясалгалд орчихсон яг л Итгэлт хамба шиг байсан юм болов уу гэж ойлгосон.

Д.Т: За одоо хоёулаа зогсъё. Учиргүй урт яриа болчих шиг. Далай лам бас би сүүлчийн далай лам байх болно, дахиж төрөхгүй гэж мэдэгдсэн байдаг. Алсдаа бясалгал л их дэлгэрэх байх аа даа.

Г.А: Тийм тал маш их бий. Чимээгүй их түгэж байгаа эрүүл бас их шинжлэх ухаанч зүйл шүү дээ гэснээр бид хоёрын харилцан яриа өндөрлөсөн билээ.




 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив