Үзэл сурталгүй “үзэл суртал”
2014 оны 10 сарын 18 [Уншсан тоо: 95886]
                           
Ёс суртахуун бол хувь хүний
төрөлхийн зөн юм.

Ф.Ницше

Өчүүхэн мунхаг би бээр шилдэг нийтлэлчдийн клубээр “ижилсдэг” нийтлэлч Д.Батбаяр; “Ерөөс “үндэстний ижилсэл” гэж юу вэ? Хуучин хэллэгээр бол “үндэстний хэв шинж” гэгдэх энэ ойлголтыг “Медиа групп”-ийн Гүйцэтгэх захирал В.Ганзориг “Бусдаас ялгарах хүсэл. Үндэстний хувьд бусдаас ялгаран цухуйж шоволзох амбиц” гэв. Харин З.Батжаргал  "Үндэстэн соёлын өөрийншил (identity)". "Монголын жишээн дээр" докторын зэрэг горилсон бүтээлдээ “Хувь хүн өөрийгөө үндэстэнд хамрагдаж байгааг мэдрээд нийгэмд өөрийгөө ухаарах-“национальная идентичность”, “national identity”-г “үндэсний өөрийншил” хэмээн үзжээ. Жаал задлаад яривал үндэстний ижилсэл гэдэг нь бүх нийтийн сайн сайхны тусын тулд нийгмийг ухамсартайгаар нэгэн зорилго дор нэгтгэх; нийгмийг ирээдүйн тодорхой гэрэл гэгээ тийш хөтлөх; улмаар төр үндэстнийхээ хөгжлийн хэтийн зорилгыг биежүүлэхэд нь дэм өгөх үүднээс хууль ёсны дэмжлэг үзүүлэх тэрхүү шаардлага гэж ойлговол болох мэт. Энэ нь эцэстээ монголчуудын нийтлэг төсөөлөл, мөрөөдөл дээр тулгуурлан нийгмийг шинэ үзэл суртлаар хангах тухай л яриа юм. Энд үзэл суртал гэдгийг бидний мэдэх коммунизм гэдгээр ойлгох ёсгүй билээ.” хэмээн саяхны нэг нийтлэлдээ бичжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт 100 чухал сэдэв нэвтрүүлгээр “Ёс зүй, ёс суртахууны тухай” маш өргөн дэлгэр ярилаа. С.Молор-Эрдэнэ гэгч философич “Бид өнөөдөр хаана байгаагаа мэдэхгүй байна. Хаана байгаагаа мэдэхгүй төөрчихсөн хүн хаашаа явахаа яаж мэдэх юм бэ?... Хуульчид хууль гаргахаар шийтгэх хориглох хууль л гаргадаг. Тэр хуулийг философичид гаргах ёстой…” гэж ярив.

Миний бодлоор бол угаасаа “Хууль гэгч ёс суртахууны доод хязгаар” учраас хууль өөрөө хууль гэхээсээ дүрэм, хамтаар амьдрах дүрэм байх ёстой бөгөөд тэр дүрэм нь нийтэд хамаарсан хууль мэт үйлчилдэг, ардчиллын зарчмаар миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэсэн үндэстэй байх ёстой билээ. Ёс суртахуунтай хувь хүнд нийтийн дүрэм л хамаатай болохоос бусад хууль хамаагүй бүр ихэнх хүмүүст эрүүгийн болон тусгай бусад хууль ерөөсөө хэрэггүй насныг барах нь их. Хууль цөөнхөд хэрэгтэй ч түүнийг өдөр бүр 76 хүн үйлдвэрлэн гаргасаар л байгаа.

Мөн нэвтрүүлэгт Д.Бум-Очир хэмээх залуу доктор “Одоо бидний энэ үзэл суртал ёс зүй чинь баруунаас шууд орж ирсэн Эго центрэд буюу амиа бодсон, бие хүнд чиглэсэн онол болохоор бүгд амиа л бодох үзлээр бүрэн цэнэглэгдсэн… Тиймээс уучлалт гуйхаар ялагдчих гээд өнөөх “би” нь алга болчих гээд байдаг шиг…” гэж хэллээ.

Социализм таран унаснаар бид нэг маш том гагнаасаа алдсан нь өнөөх нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэх нийгмийг “ижилсүүлж” байсан тэр  эвийн гагнаас тас үсэрсэн билээ. Магадгүй хүчээр бий болгосон гагнаас  байсан байж болно, гэхдээ л усан онгоц нь живж бүгд усанд унасан гэсэн үг. Тэр үед ижилшил жинхэнэ утгаараа байсан. Ажилчин анги, сэхээтэн давхрага, малчин ард гэх мэтээр ижилсэж, соёлтой хүн гэх үлгэр жишээ хэв шинж дуурайх зүйл нь байсан. Ялангуяа дөнгөж хотжиж байгаа улсын хувьд энэ бол маш чухал дүрэм байсан. Энэ дүрмийг номлодог ч байсан, дурдагддаггүй боловч үргэлж хэрэгжиж байдаг тийм далд төрөлхийн зөн байсан билээ. Одоо эрх чөлөөтэй гээд  хотын 1 сая 300 мянган хүн гудманд хүндэрцгээхгүй байгаа нь бас өнөөх дүрэм далд ч гэсэн байсаар байгааг илтгэнэ.

Харин ч тэр үед төр шууд л “Амь амиа бодоорой” л гэж хэлээд бүгд ганзага үүрээд амь амиа бодож эхэлсэн ч гэсэн нэг дор амьдарч чадаад байгаа нь өнөөх ёс суртахууны далд дүрэм дотор байгааг илтгэнэ. Манайхан гадагшаа гарахаараа бүгд соёлтой болчихдог шүү дээ. Дээрхи нэвтрүүлгээр Их аварга Дагвадорж хүртэл; “Энд ирэхээр л бухимдаад эхлэх юм. Ямар учиртай юм бэ…” хэмээж байсныг бүгд харсан.

Одоо харин хаа сайгүй хүн бүр “Энэ нэг л бишээ…” гэж бодож янз бүрийн ижилсэл хайж эхэлсэн ч олсон юм алга. Үндэсний үзлийг дэвэргэж үзсэн ч өргөн бүс, дээл хувцаснаас цааш явсангүй, Үндэсний хэмээх тодотголтой нам гарч ирсэн ч тэгтлээ нийтийг хамарсангүй.  М.Энхсайханы амнаас үндэсний үзлийн хэлтэрхий ч унахгүй”, “үндэсний үзэл бол бүтэлгүйдсэн либералчуудын хоргодох сүүлчийн сүүдрэвч” гэсэн дүгнэлт хийж эсэргүүцэж байлаа. Гэхдээ бас тус болсоон. Үндэсний үзэл гэсэн нэр этгээд хачин сонсогдохоо ядаж больсон.
 
Даяаршил гэдгийн эсрэг дангааршил гэж “ижилсэх” гэсэн ч мөн л хэд алхаад сөхөрсөн. Даяаршил бол хүссэн ч эс хүссэн ч бидний амьдрах эдийн засгийн талдаа бол аль хэдийний бий болчихсон. Манай бололцоотой байтугай бололцоо дунд хэсэг ч Амазон гэх Америкийн дэлгүүрт мөнгөө тушаадаг болоод удсан. Тэнд энд байгаагаас хямд учир хэн ч тэгж л таараа. Интернэтэд тавигдсан энэ мэт нийтлэлийг гуугл транслэйтэд ороод юу ярьсныг нь ойлгочихож болно…гэх мэт. Баруунтай ижилсэх явц дуусаж байна.

90 оноос шашин сэргэлээ гэвч мөн л мухар сүсэг төдийгөөс цааш гарахгүй байгаагийн дээр  бас өөр өөр олон төрлийн шашин орж ирсэн ч бас л төрийн гэх зохицуулалт  огт байхгүй.  Мүүнийхэнтэй хүртэл төрийн тэргүүнүүд холбогдож байлаа. Шарын шашин ч дотроо Доржшүгдэн гэх мэтээр салж эхэлсэн. Гэртээ шүгдэн бүтээж тавьчихаад гарахаараа Далай ламыг яриад яваа хүн зөндөө.

Ургийн бичгээ хөтөлж эхлэх санаатай ч 76.4 хувь нь “Боржгин” болж орхисон гээд янз бүрээр  ижилсэх гэж ядацгааж байгааг тоочоод баршгүй.
 
Гэхдээ нэгдсэн дүрмээ одоо болтол олоогүй. Дүрэмгүй тоглож байгаа болохоор луйвар хийх эргэн тойрноосоо ашиг л харах, уучлалт нь ч хүртэл өөрт ашигтай байх хүртлээ ЭГО томорч, амь амиа бодох бие биенээсээ уралдаж төрд орж хэний ч биш нийтийн хөрөнгөөс идэхээс өөр зүйл байх ч үндэсгүй юм. Би гэдэг үзэл бид болж, бүр манай нам… манай, миний гэх мэтээр бүр л өөрийгөө төвд тавих хэлбэрээр өргөждөг хуультай.

Их товчхоноор ойлговол одооны энэ нам, нам дотрох фракц гэдэг нь жижиг ханлигуудын маягтай болж өнөөх бага хаадын тэмцлийн хэв маяг бүрэн хэлбэржиж байна. Аль нэг аймгийг өмчлөөд авчихсан улс төрчдийг тоолж барахгүй.  Ийм тэмцлийн эцэст улс гүрэн сөнөдөг нь бидний түүхэн сургамж билээ. Бага хаадын тэмцэл яв явсаар Манжид дагаар орж дууссан тэр үе одоо фракц энэ тэр гэсэн нэрээр давтагдаж байна.

Энэ бүгдийг хөндөхөөр систем буруу байна гэж бас л бусдаас өө хайж эхэлнэ. Хайх хайхдаа систем гэгч эзэн биегүй зүйлээс хайх хандлага давамгайлдаг.

Судлаач Д.Ганхуяг Зэрэгцээ төрийн технологи гэх нийтлэлдээ;
Уг нь манай Үндсэн Хуулинд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн УИХ-д байна гэж заасан байдаг. Ц.Элбэгдорж зэрэгцээ төр байгуулснаас хойш дараах “технологитой” болов. Ямар ч хууль байхгүй юм чинь “технологийг” нь Ц.Элбэгдорж тогтоодог юм байгаа биз дээ…

Ц.Элбэгдорж “зарлал” гаргана. Иргэний танхимаар асуудал хэлэлцүүлнэ гэж. Хэн хэн “хэлэлцэхийг” ганцхан Ц.Элбэгдорж мэднэ. Үүнийг Төрийн Ордонд орох зөвшөөрлийн үнэмлэхээр “зохицуулна”. Амархан ш дээ. Ингээд “сонгосон” улсууд Ц.Элбэгдоржийн “төслийг” хэлэлцэнэ. “Батална”. Үүнийгээ УИХ-д оруулна. Батлахгүй гэвэл “Иргэний Танхимаар” хэлэлцчихсэн байхад Та нар муусайнууд юу юм ?!” гэж хэлээд л болоо…гэх мэтээр бас бичжээ.

Үндсэн хуулиа эргэж харах тухай яриа их явж байна. Зөв ч байх. Ерөнхийлөгч гэгч үнэхээр л ерөнхий юм ярихаас өөр аргагүй системтэй учир дээр судлаачийн өгүүлсэн зэрэгцээ технологи гарч ирэхээс ч яахав.

Гэхдээ энэ бүгд нэг л тийм ханлигийн, жижиг хаадын тэмцлийн хэлбэрт ороод их удсан бөгөөд одоо бүр ч төрийн хүчээр эрх мэдлээ булаалдах янзтай болоод ирлээ.

Нийтийн төлөө гэсэн юм огтоосоо ч алга болжээ. Уншигч та бүхэн энэ улс төрчид намын бодлогоос Нордик маягийн социализмын тухай яриа сонссон уу? Үгүй шахуу. Яагаад гэвэл тэд чинь социализм гэж л хариулах байх. Тэрийг Монголчилъё гэсэн ухаан хэнээс нь ч гараагүй . Гарах ч үгүй биз. Хэн сайд болох вэ гэсэн яриа л бүх нийтийн гол сэдэв. Энэ нь яг л нэг ханлиг, ван их хуралдайгаар тодруулах  гэж байгаа тухай яриа болж….

Энэ бүх яриа явж явж нийтлэлийг гарчигласан үзэл сурталгүй үзэл суртлын тухай ярианд тулж ирнэ. Яаж хийх вэ? Ядаж л эхлээд нийгмийн чанартай ухуулга буюу социальный реклам төрөөс санхүүжүүлэн анхаарч хийлгэх хэрэгтэй. Үүнийг бичигч мунхаг би бээр 27 жил телевизийн салбарт ажилласан ч маш хүчтэй сайн социальный реклам гарч байсныг огт санадаггүй юм.

Оюу толгой нэг удаа нийгмийн чанартай рекламны уралдаан зарлаж миний бие шүүгчдийн дунд байсан ч харамсалтай нь хүмүүсийн ирүүлж байгаа рекламууд зам хөндлөн гарах, хотын хог сагханы тухай төдийхнөөр хязгаарлагдсан хариугүй юм болж билээ. Ер нь бүгдээрээ ямар юмыг ухуулахаа дээрээ тогтоогүй улс доороо яаж ч ойлгох билээ дээ.

Харин арилжааны реклам хөгжлийнхөө замд хэдийнээ гарчихсан.

Саяхан хотын дарга Э.Бат-Үүл “Ер нь би хүүхдүүддээ юу өвлүүлэх юм бэ гэвэл сайхан хот л өвлүүлэх юм байна. Сайхан хаус бишээ….Бас  хичнээн сайхан хот гудамж байгаад ч ууртай уцаартай баахан хүний бөөгнөрөл бол өнөөх Оксфорд төгсөөд ч яах юм бэ… Тэгэхээр давын түрүүн хүнээ л өөрчлөх учиртай юм байна. Жинхэнээсээ энэ хот халуун хүйтэн устай, боловсон жорлонтой жинхэнэ  хотын шинжтэй болсон цаг гэвэл чи бид хоёртой л нас чацуу юм билээ…” гэх мэтээр энэ чинь харин тийм юм хийчих хүн юм биш үү гэсэн бодол төрүүлсэн юм ярьж байлаа.

Эхлээд нийгмийн чанартай рекламыг санхүүжүүлж хийлгэх газар бол явж явж төр гэхээсээ хотын захиргаа байх нь зохистой байж мэднэ. Энэ хотод нэг сая 300 мянган хүн хамтдаа байгаа болохоор гудамжинд ч телевизороор ч цахим ертөнцөөр ч найрсаг байх тухай, хөршөө хүндлэх тухай ухуулж  “нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө” байх тухай өнөөх хуучны социалист аж төрөх ёсны тухай хүчтэй дуугарах цаг бүр аль эрт болсон билээ. Энэ бол эхлэл.

Гар утасны реклам шиг санхүүжүүлбэл түүнийг нь хийх жижиг дунд үйлдвэрлэгчид буюу студиуд дүүрэн байна. Арилжааны чанартай рекламуудаа ч зөв аж төрөх ёс хэм хэмжээний тухай, найрсаг байх тухай, хөршөө хүндлэх тухай нэгдсэн хамтаараа лаг байх тухай сэдвээр хийхийг уриалах санхүүгээр урмаар дэмжих гэх мэтээр явуулж харин бодлого хэлэх санааг нь төр эсвэл хот өөрөө гаргаад уралдаан зарлаж хийлгээд түүнийгээ бүх телевизээр үнэгүй цацуулахад бас нэг эхлэл гарч мэднэ. Гэхдээ хараалын хамгийн муу нь болсон “улс төржсөн” биш үзэл суртлыг тараахгүй бол дотуураа бид солонгосын савангийн дуурийн сэтгэлгээтэй болоод удаж байна. Э.Бат-Үүл бас;
“…Манайд ялангуяа энэ улс төрчид яг л маргааш нүүгээд явчих гэж байгаа улс шиг хоноцын сэтгэлээр хандаад байнаа. Түрүүчээсээ явж ч байна. Хотын дарга хийгээд нэг л юм ойлголоо. Сэтгэл байхгүй хоноцын сэтгэлгээгээ л орхихгүй бол бид хөгжихгүй ээ…” гэж билээ.

Одоо яриагаа өчүүхэн өөртэйгээ ижилсүүлээд байгаа Д.Батбаярын үгээр өндөрлөе.

Ийм сурталчилгааны бэлэн жишээ олон бий. “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг санааг харуулсан Энэтхэгийн Times Of India Ad-Every, гадаадын жуулчдад элгэмсэг сэтгэгдэл төрүүлэхийг уриалсан Сингапурын Send Somebody A Smile төслүүдийг энд нэрлэж болно. Гэхдээ бидэнд хамгийн ойр нь Оросын жишээ байх. 1995 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Оросын ОРТ сувгаар цацагдаж эхэлсэн “Русский проект” төслийг одоо зарим хүн санах биз. “Мөнгө цагаан нүд улаан” болсон Оросын нийгэмд “Бидэнд гэхдээ хүн чанар бий юм шүү” гэдэг санааг ухуулан сэтгэлийн утас хөндсөн төслийн продюссер Константин Эрнст Олон улсын телевизийн наадмаас “Алтан чидун” шагнал хүртсэн байдаг. Дээр жаал нуршаад өнгөрсөн үндэстний ижилслийг дэлхийн энгээр харвал В.Ганзоригийн хэлсэнчлэн бидний амбиц буюу “үндэстний ондоошил” юм. Иймд бид үндэстний ондоошил, бахархлаа дахин цоо шинээр бүрдүүлэх нэгэн төслийг эхлүүлэх цаг болжээ. Оршъё гэвэл ондоош гэдэгсэн.  


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив