Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Галуу дуурайсан хэрээний үлгэр
2015 оны 1 сарын 7 [Уншсан тоо: 76363]

Галуу дуугарвал зун ирдэг
Хэрээ дуугарвал чоно ирдэг

Ардын үг

Америк бол саяхан болтол бидний дуурайдаг үлгэр  орон байлаа. Байлаа ч гэж дээ байсаар л байгаа. Ялангуяа медиа зах зээлийн хамгийн том орчин. Телевизийн хувьд бол “Ларри Кинг”, “Опра”, “Летэрмэн”… гээд цуварч өгнө. Америк контент дэлхийн жишиг. Аль ч орны телевизээр тэдний контентийг зөвшөөрөлтэй ,зөвшөөрөлгүй, сайн, муу хуулж дуурайсан нэвтрүүлгүүдийг харж болно. Одоо бол тэндээс үүсээд  дэлхийг хэрсэн олон нийтийн сүлжээ тэр дундаа фэйсбүүк гэх шинэ медиа сүлжээ бас л тэргүүлж явна. Нүүрний ном хэрэглэгчдийн тоо Хятад, Энэтхэгийн дараа гуравт ордог “улс” болтлоо томорчээ. Гэтэл АНУ гурван зуун сая гаруй хүнтэй . Тэгвэл Хятад тэднээс хүний тоогоор нэг тэрбумаар илүү атал интернэт сайтын  70 орчим хувь нь АНУ-д байдаг ажээ. Өдөрт фэйсбүүк орчинд 55 тэрбум зураг ордог бөгөөд мөн өдөрт 4.5 тэрбум “лайк” дарагддаг гэсэн тоо саяхан гарсан харагдана.

АНУ-д очсон хамтлаг нэрд гардаг. Битлс анх тэнд очиж дэлхийн хамтлаг болсон гэх мэтээр маш их юм бичиж болно. Тэндхийн кино бас л үлгэр. Энэ тухай ярих бараг илүүц биз.

Одоо гол яриандаа оръё. Манайх гурван сая хүн амтай болох гэж байгаа гэдэг нь  АНУ-гаас зуу дахин бага хүн амтай  ч 60 орчим телевизтэй. Тэгвэл АНУ  голлох 50 телевизтэй, нийтдээ бол 200 орчим их бага арилжааны телевизтэй ажээ. Арван таван сая хүн амтай Москва хотод  ердөө 28 телевиз байх бөгөөд бид голлох бүх телевизийг хүлээн авч үздэг аж. Орос ганцхан олон нийтийн телевизтэй . ОРТ-гийн жилийн төсөв нь 1.8 тэрбум рубль буюу 53 тэрбум орчим төгрөг.

Манай олон нийтийн радио телевизийн төсөв 7.5 тэрбум байснаа саяхан талыг нь хасчихлаа.

Яг одоо  олон нийтийн радио телевизийн удирдлага тойрсон яриа ид хүчээ авч байна. Ер нь олон нийтийн радио телевиз гэж чухам юу байдаг юм бэ?

Их Британиас үүсэлтэй гэх public broadcast буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслийн  үндсэн зарчимд доорх зүйлс багтдаг ажээ.

1.Газар зүйн нөхцөл хамаарахгүй олон нийтэд хүрдэг байх
2.Олон нийтийг уриалан дагуулах, өмгөөлж хамгаалах
3.Цөөнхийн эрх ашгийг олонхиос дутуугүй хамгаалах
4.Үндэсний онцлогийг тусгах, олон нийтийн ухамсарт нөлөөлөх
5.Хувийн ашиг сонирхлоос ангид нийтийн сонирхлыг хамгаалах
6.Шууд санхүүжилт, олон нийтийн оролцоотой санхүүжилт бүхий холимог санхүүжилттэй  байх
7.Өрсөлдөөнд суурилсан программын бүтэцтэй байх
8.Хязгаарлах бус чөлөөтэй нэвтрүүлгийн бодлоготой байх үндсэн үүрэгтэй ажээ.

Тэгвэл манайд 2005 онд батлагдсан “Олон нийтийн радио телевизийн хуулийн”  4 дүгээр зүйл. Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зарчимд

4.1. Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална хэмээн заажээ.

Харамсалтай нь энэ бүх заалт бүрхэг бас ойлгомжгүй. Бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх гэсэн заалтыг юу гэж ойлгох вэ? Аль нэг иргэн бодит мэдээлэл олж авахыг яаж телевиз хүндэтгэх юм болж байна? Олон урьгальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх гэсэн заалт ч их л хуучинсаг бас ямар ч тодорхой зүйлгүй. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус үндэсний эрх ашгийг дээдлэх зарчим гэж бас юугаа хэлээд байгаад ч ухаан үл хүрнэ.

Хувь хүнээс энэ нийгэм бүрэлддэг баймаар.

Оросын телевизийн “Капитал шоу”-г дуурайж хүрд эргүүлдэг “Агшин” нэвтрүүлэг бол тэр чигээрээ аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны далд төлбөрт нэвтрүүлэг болоод их удсан.

Өнөөх хуулинд хувь хүн аж ахуйн нэгжийн эрх ашгийг дээдлэхгүй гэсэн атлаа доор нь 15.1. Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгад нөлөөлөхгүйгээр өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний талаар бусдад мэдээлэл хүргэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нэвтрүүлгийг ивээн тэтгэж болно гэж яг эсрэг заалт хийсэн нь бүр ч гайхмаар ажээ. Улаанбаатар хотын 375 жилийн ойд зориулан хийсэн баримтат киног цацуулахад бас л хоёр сая төгрөг авч цацаж байсан...

Анх төгөлдөр хуурч байгаад хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулж алдаад эцэстээ тэмцэгч болсон Х.Оюунцэцэг гэгч эмэгтэй  өөрийнхөө байдлын тухай нэвтрүүлэг хийлгэхээр одоо байгаа бүх телевиз дээр очоод хэн ч хүлээж аваагүй тул над дээр ирж байлаа. Би түүний хүсэлтийг хүлээж аваад 7 жил хийсэн тэмцлийнх нь тухай 20 минутын нэвтрүүлгийг өөрийх нь барьж ирсэн алимны хайрцаг дүүрэн материалыг үндэслэн хийж өгсөн ч өнөөх бүсгүй гаргах гэж бас бөөн зовлон болов. Очсон телевиз бүр нэг нэвтрүүлгийг цацахад нэг сая орчим төгрөг нэхжээ. УИХ-ын гишүүн нэгэн эрхэмтэй нэг ангид байсны хэрэг гарч тэрээр түүнээс хэдэн цаас гуйж аваад нэвтрүүлгээ хийлгэж, ганц нэг телевизээр цацсан болоод өнгөрсөн. Ийм жишээ хэдийг ч тоочиж болно. Арилжааны телевиз бол нэрнээсээ эхлээд ойлгомжтой. Өнөөх олон нийтийн гэх тодотголтой телевиз ийм зүйлийг бүр өөрсдөө эрж олоод хийж байх үүрэгтэй бус уу? Хувь хүний эрх ашгаас үндэсний эрх ашгийг дээдэлж байгаа хэрэг үү? гэх мэт асуулт өөрөө гарч ирнэ.

Асуудлын гол нь “Үзэл суртлын дайчин зэвсэг” байсан төв телевизийг олон нийтийн гэдэг статустай болгохдоо зүгээр л төвөөс зугтаах хүчээр хийчихсэн, мөн олон зуун сая хүнтэй улс орныг дуурайж реклам сурталчилгааг хоёрхон хувь байхаар хуульчилснаас болоод өнөөх том бүтэцтэй телевизийн дарга нартай хахууль тохироод нууж хийдэг байгууллага болгож орхисонд оршино. Ил мөнгө аваад хийх хориотой болохоор далд суртачилгаа далд спонсороор явсаар ирсэн болохоор дарга нар нь баяждаг (бараг бэлнээр авчихдаг болохоор шалгаад ч юм гарахгүй) байдал үүссэн. Саяхан энэ сайтад Ажиглагч гэж өөрийгөө нэрлэдэг нийтлэлч Цэрэнжавын бичсэнээр энэ телевиз үнэхээр ч “Төрийн төв телевиз” болсон. Хэн мөнгө өгч байгаа нь дуугаа захиалах нь энэ капиталист ертөнцийн хууль.

Ер нь гуравхан сая хүнтэй оронд медиагаар мөнгө олно гэдэг угаасаа бүтэшгүй зүйлийн хажуугаар реклам зар сурталчилгаа хийхгүй зөвхөн төсвөөс (төсөв бол олон нийтийн мөнгө) үзэгчдээс авсан хураамжаар хөгжиж дээшилнэ гэдэг бүр ч үлгэр юм. Тэгээд 60 гаруй тв бий болчихоод байхад бүтэшгүй эд. Одоо тэр газрыг удирдах болоод бас л хэл ам дагуулаад байгаа Ц.Оюундарь өмнө нь тэнд ямар ч мөнгөний эрх мэдэлгүй телевизийн дарга байхдаа бас л энд тэндээс мөнгө царайчилж байгаад олон ангит кино хэд хэдийг хийсэн нь түүний сэтгэл, зүтгэл бас нам дагасан хүний танилын цараа л байсан хэрэг.

Мөн авлигачин гэж хэлүүлсээр есөн жил болсон М.Наранбаатарын хувьд ч ялгаагүй яг л “хуурай” хуулийн үед л “мафи” төрдөг журам номоор л явсан хэрэг. Далд авсан юмнаасаа хэдийг нь бүр бүгдийг нь өөрөө авсан ч мэдэх хүн байхгүй шүү дээ.

Хүн бүхний мэдэх сэтгүүлч Ш.Гүрбазар тэнд насыг барж суугааг бүгд мэднэ. Цалин хэд билээ? гэж асуухад 250 мянга гэж хоёр жилийн өмнө хэлж байлаа. Одоо арай ч нэг юм 400 болсон биз дээ. Ийм байхад хэн тэнд очиж ажиллах билээ дээ. Одоо төсвийн байгууллагууд шилэн данстай болоод байгаа гэх үед өнөөх рекламын хэмжээг нэмэхгүй бол өөрчлөлт гарах нь юу л бол.

Уг нь яс ярьсаар байгаад ясаа бариулчихсан Соёлын яам байхад тэнд ажлын хэсэгт орж батлуулсан “Монгол контент” гэж нэг төсөл байгаа юм. Анх бид хийхдээ 10 тэрбум төгрөг тавьсан ч батлагдахдаа таван тэрбум болоод саяхан төсвийн тодотголоор гурван тэрбум болж турчихсан ч бас ч гэж хариуцах эзэнгүй болсон мөнгө байж л байгаа юм.  Энэ мэт бие даасан монгол контентийг төрөөс дэмжвэл авъяастай бүтээлчид хамрагдаж, өрсөлдөж уралдаад сайн нэвтрүүлэг, уран сайхны кино, баримтат кино гарах бүрэн магдлалтай билээ.

“Монгол тулгатны 100 эрхэм” хэмээх жинхэнэ Монгол контент хэнээс ч мөнгө гуйхгүй яваад байгааг жишээ болгож болно. Харамсалтай нь өнөөх Олон нийтийн телевиз тэр нэвтрүүлгийг гаргаж байсныг огт санахгүй юм даа…

Аливаа зүйлийг сайтар нятлан харахаар л өнөөх л галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөхийн үлгэрээр хууль гаргаад тэр нь бүр цаашдаа улам муу үр дагавар чирээд байдгийг ойлгох боллоо. УИХ-ын дарга дэмжээд “Үндэсний кино урлагийг дэмжих сан” байгуулах болж миний бие бүтэн жил элдвийг орчуулж хөөцөлдөж гүйсэн ч мөнөөх л төрийн яамны дэргэд “Соёл урлагийг дэмжих сан” гэж жилийн 6.5 тэрбумын төсөвтэй ч яг юу хийдэг нь үл мэдэгдэх сантай адил юм болчих гээд таг царцсан билээ. Төрийн байгууллага бизнес хийж болохгүй гэсэн утга учиргүй хуулиар бол мөнгө үрэхээс буцааж олдог байгууллага бий болох хууль зүйн үндэсгүй ажээ.

Бидэнд контент үзүүлэх 60 гаруй “лангуу” байгаа ч түүн дээр нь тавьж олны хүртээл болгох “бараа” ховор болсоор л. Олдвол өлдөнө гэдэг болчихоод байгаа ч киноны хувьд яг эсрэг ажээ.

Олон уран бүтээлчид яаж ийж мөнгө олоод олон кино хийсээр байгаа ч тэрийг нь гаргах дөрөвхөн театртай, тэд орлогын талыг нь авчихдаг ийм л нэг сонин парадокс дүр зураг бий болжээ.

Жижиг дунд үйлдвэрлэгч гэж бид маш олон жил ярьсан ч түүнийгээ эсгий таавчиг гэж ойлгосоор иржээ. Оюуны бүтээл үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг бид дэмжих цаг болсон.

Олон нийтийн радио телевиз ч Оросуудын адилаар “Какие нашы годы” гэх мэт том том төслүүдийг төртэйгээ нийлээд дэмжиж хийлгээд гаргах цаг хэдийнээ болжээ.
   


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив