Давхар иргэншил хийгээд полигамийн тухай
2015 оны 1 сарын 18 [Уншсан тоо: 97482]

Хүн нэмбэл хүнс нэмнэ.

Ардын яриа


Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь хүн амынхаа тоог өсгөх явдал билээ.Одоо л бид 3 сая дахь иргэнээ хүлээж байгаа ч хойд хөрш 146 саяулаа, өмнөх хөрш бүр тэрбум 300 саяулаа өнөр өтгөн айлуудын дунд хэдүүлхнээ байж “хэрүүлтэй” байдаг цөөхүүлээ айл шүү дээ бид.

Яаж олуулаа болохыг, хэрхэн зохицуулахыг огт мэддэггүй.

Үр хөндөлтийг хориглох зэрэг шууд захиргааны аргаар хийж нэг болох ч маш олон сөрөг үр дагавартай. “Эцэггүй” гэх бутач хүүхдүүдээр дүүрвэл бас гамшиг болно. Олон хүүхэдтэй эхчүүдийг ёс төдий одон өгөх, өчүүхэн мөнгө үнэртүүлэх  зэргээр дэмждэг ч энэ бол эх хүний хөдөлмөрийг л үнэлж байгаа хэрэг болохоос хурдтай үржихэд тус болохгүй.

Манайд шинэ Үндсэн хууль хэлэлцэж байхад МАХН-аас сонгогдсон Ардын их хурлын депутат М.Гантөмөр гэгч нөхөр “Монгол эрчүүд хоёр эхнэртэй байх хууль” санаачилж байжээ. Хэдийгээр энэ хууль батлагдах түвшинд дэмжигдээгүй ч нийт 420 депутатын 144 нь энэ саналыг дэмжсэн байдаг аж. Үүнээс харахад Монголын гурван эр тутмын нэг нь хоёр эхнэртэй байх хүсэлтэй байдаг нь харагдаж байгаа юм.

Бас нэг анхаарах зүйл бол давхар иргэншилийн асуудал юм. Ийм давхар иргэншилтэй 30 гаруй орон байх бөгөөд давхар иргэншил зөвшөөрдөггүй орнуудад манай улс багтана. Зөвшөөрдөггүйгээс болж жил ирэх тусам иргэдээ өөр улсын иргэн болгож алдсаар л  байгаа билээ.


ПОЛИГАМИ БУЮУ ОЛОН ЭХНЭРТЭЙ БАЙХ ТУХАЙД

Полигами гэдэгт гурван ухагдахуун байдаг. Эхнийх нь полигиния  буюу нэг эр олон эхнэртэй байх. Дараагийнх нь полиэндри буюу нэг эм  олон нөхөртэй байх, эцэст нь хэн хэн нь олон эхнэр, нөхөртэй байх гэж хуваадаг ажээ.

Исламын орнуудад 1932 оны хуулиар 4 хүртлэх эхнэр авч болно гэхдээ инжтэй байхаас гадна, эхний эхнэрийн буюу “их хатны” зөвшөөрөл бичгээр хийгдсэн нөхцөлд зөвшөөрнө гэж заажээ. Олон нөхөртэй байх ёсон Түвдэд их түгээмэл бөгөөд ах дүү хоёр нэг эхнэртэй байх нь түгээмэл аж.

Хятад, Энэтхэг болон Баруун Африкын зарим орнууд Муслим шашинтай орнууд, Полонез зэрэг оронд  хуулиар зөвшөөрөгдөөгүй энэ явдалыг ч хууль зөрчсөн үйлдэл биш хэмээн үздэг  ажээ. Түүх сөхвөл Эртний Грекэд полигами ёсон түгээмэл байсан байна. Библийн сударт эр хүн нэгээс дээш эхнэртэй байж болно гэсэн заалт  байдаг төдийгүй  Мормонизмийг үндэслэн байгуулагч нь 40 эхнэртэй байсан ба тэдний нэг нь ердөө 14 настай байсан тухай Америкийн сүм нь өөрсдөө саяхан хүлээн зөвшөөрөв.

Жозеф Смит (1805-1844), Мормонизмийн албан ёсны нэртэй “Хожмын өдрийн Гэгээнтэн” хэмээх сүмийг үндэслэн байгуулсан ба дагалдагчиддаа номлогч хэмээн хүндлэгддэг байна. Смит 30-40 эхнэртэй байсан, тавь гаруй хүүхдийн эцэг гэх талаар Мормон сүмийнхэн өнгөрсөн сарынхаа интернетийн хуудаснаа дурджээ.

Ромын эзэнт гүрний үед Католик шашин ганц эхнэртэй байх моногами ёс суртахуун номлож, олон эхнэр  хориглож эхлэх хүртэл  дэлхий даяар жирийн үзэгдэл байсан байх юм.

Монгол бол бүр эртний полигами уламжлалтай орон бөгөөд эзэн Чингис хаанаасаа авахуулаад олон эхнэртэй, бас үй олон татвар эмстэй байсан бөгөөд зарим сударт Хубилай хааны их хатан бага хатдыг нөхөртөө олж өгөхөд туслаж,  тэдэнтэйгээ эгч дүүсийн ёсоор ханддаг байсан тухай өгүүлсэн жишээнүүдийг олоход их хялбар.

Ердөө наян жилийн өмнө ч их, бага хатан гэдэг жирийн л явдал байлаа.

Дээр өгүүлсэн М.Гантөмөрийн хуулийн талаар бас нэг сайтад ийм мэдээлэл байх ажээ. ...Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж манай сумаас /Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойрог/ сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ.Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе…Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун феодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байгаа  хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж бүгд дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд  хурал таслаагүйсан  бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг  заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа….хэмээн бичсэн байх аж.

Ардчилсан үндсэн хууль санаачилж байхад юун феодалын хууль гэж эсэргүүцсэн нь гэснийг харахад тэр үед бид өөрийгөө олохоо байтлаа төөрөх замруу орж байсан нь харагдана. Төвөөс зугтааж л байвал, хуучнаасаа өөр л болж  байвал “Ардчилсан үндсэн хууль”-тай болно гэж бодож байжээ. Феодалын үе гээд байгаа нь ердөө л Оросын хараанд орохоос өмнөх үе шүү дээ…

Хэрвээ олон эхнэртэй байхыг хуульчилсан бол одоо манай хүн амын тоо хамаагүй их байх магадлал бий.

Ерөөсөө “өрх толгойлсон эхчүүдийн орон” ч болохгүй байсан байж мэдэх юм. Хамгийн гол нь хүүхдүүд өнчрөхгүйгээс гадна, эр хүний ч үнэлэмж, үнэт зүйл нэмэгдэхийн хажуугаар тийм нэр хүндтэй, эрүүл саруул,олон хүн аваад явж чадах баян эрхэмийн эхнэр болох гэсэн хүүхнүүдийн ч үнэлэмж, үнэт зүйл сайжрах магадал маш өндөр болсон байж болохоос гадна “нууц амраг” гэх жирийн үзэгдэл ч бага байж мэднэ.

"Big Love."хэмээх АНУ ын HBO хийж, Эмми болон Голден глобын шагнал авсан   олон ангит кинонд 12 эхнэртэй Мадгаскарт байдаг нэг эрийн  амьдралыг харуулдаг. Түүний  олон эхнэрүүд  нутгийн өнцөг булан бүрт байдаг болохоор гол дүрийн эрүүл чийрэг, их хайрын эзэн эр, бүхэл улсаа тойрч тэжээх нь холгүй болдог тухай тэр кинонд үзүүлсэн байдаг.

Олон эхнэр авах хүсэлтэй, боломжтой, чалх, чадал сайтай эрчүүд эхнэр болох хүнээ сайн эмэгтэйгээр сонгох нь мэдээж бөгөөд царайлаг ч ухаангүй миссүүдээр хүрээлүүлэхийг хүсэхгүй нь лавтай. Эд баялаг, өмч хөрөнгийн үе залгамжлагч үр хүүхдийнх нь эх болох учраас тэр. Олон эхнэртэй хүн олон хүүхэдтэй болох нь дамжиггүй. Гэхдээ бүр зарим нэг нь Орос, Франц...гэх мэт өөр улсын хүүхэнтэй ч гэрлэх магадлал маш өндөр.Тэхээр өнөөх давхар иргэншлийн хууль өөрөө утга учиртай болоод эхлэнэ. Одоо бол ямар ч сайхан ухаалаг эмэгтэй гадны хүнтэй ханилбал тэр улсын л “өмч” болохоос өөр арга байхгүй.

Сайхан хүүхэн элбэгтэй Монгол улс ийм давхар иргэншилтэй болж орхивол бас гадны сайн эрчүүдийг нутагтаа уячих боломж нээгдэнэ.
Сумогийн бөхчүүдээс эхлээд энэ асуудал бүр тулгамдачихаад байгааг бид харж л сууна.

Монголын нууц товчоонд дурдсан баримтаас үзэхэд  …Увас мэргэдийн толгойлогч Дайр-Үсүн өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр хүргэж ирэхэд хаан үзээд ихэд таалж соёрхсон тухай өгүүлсэн байна. Тэгээд ч Хулан их хааны хайртай хатны нэгэн болж Чингис хааны амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсэн. Нэгэн эр хүн олон эхнэртэй байхыг хуулиар ч, зан заншлаар ч зөвшөөрөн хүлээж үүнтэй холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээ үйлчилж байжээ.  Тэмүүжиний эцэг Есүхэй баатар хоёр эхнэртэй, Чингис хаан Бөртэ, Хулан, Есүхэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байсан ажгуу./ Монголын нууц товчооны 241-р зүйл/ Хорчи ноён Чингис хааны зарлиг буулгасны дагуу хорь түмдээс гоо сайхан хүүхэн гучийг шилж өөртөө авахаар очоод баригдсан тухай, хорь түмдийг эзэлж авсны дараа "Хорчид гучин охиныг өгсөн" тухай өгүүлсэн байна. Олон эхнэрийн дотроос анхны эхнэр нь ахлах ёсон эдэлнэ. Эхнэр бүр өргөө гэр, мал хөрөнгө, хамгаалагч, үйлчлэгч нартай байсан бөлгөө…хэмээн өгүүлсэн байх ажээ.

Хүн шиг зүйрлэшгүй баялаг гэж ялангуяа манайх шиг хүн цөөтэй улсад өөр байхгүй шүү дээ.


ДАВХАР ИРГЭНШЛИЙН ТУХАЙД

Бид дөнгөн данган гурван сая хүрэх гэж байгаа ч маш их хүн ам нь гадаадад амьдарч байна.Тэдний үр хүүхэд тэр орны сургуульд ороход л асуудал үүсч эхэлдэг. Буцаад ирэхээр хүүхэд нь шал өөр хүмүүс болсон болохоор хэцүүгээс гадна  нэг гараад явчихвал виз олдохгүй тул тэндээ “харлана”. Хараар байгаа айлд хар ажил л олдоно.

Гадаадын иргэнтэй гэрлэсэн эмэгтэй голдуу хүмүүсийн хувьд энэ бас нэг том асуудал. Хэдийгээр өнөөдөртөө манайхан гадны хүнийг сонгоод гадны  орны иргэн болж байгаа ч нутагтаа ясаа тавих тухай бодол, наашаа зүтгэх хүсэл үхэн үхтлээ дуусахгүй, үр хүүхэд нь ч мөн адил.

Гэвч манайх дан иргэншилтэй улс болохоор нөгөө улсын л иргэн болж хоцрохоос өөр сонголт байхгүй. Виз аваад ирээд байж болно л доо гэхдээ тэр улсад татвараа төлж тэр улсад хүчээ өгнө гэсэн үг.

Дэлхий дахинд доорхи орнууд давхар иргэншлийг зөвшөөрдөг ч зарим нь тухайлан улс орны нэр заадаг байна.

Ийм улсад Австрали, Барбадос, Бельги, Бангладеш, Канад, Кипр, АНУ, Их Британи, Швейцарь, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Египед, Ирак, Итали, Израйль, Ирланд, Унгар, Швед, Словен, Сири, Серби, Армен, Ливан, Мальт, Испани ,Тонга, Филипини, Румын, Сьерра Леон, Шри Ланк, Пакистан,(16 улсаас бусад орныг) Португал, Турк  орнууд харилцан адилгүй заалттайгаар давхар иргэншил олгодог ажээ.

Дээр дурдсан хоёр сэдэв хоорондоо уялдаатай бөгөөд хүнээ хэрхэн олон болгох вэ? Яаж гадны сайн боловсон хүчин энэ тэрийг  нутагтаа татах вэ гэсэн асуултын бас боломжийн нэг өнцөг бөгөөд  Монголын давхар иргэншил авах гадны хүмүүс ч бас олон бийг бодолцох ёстой.

Харамсалтай нь бид дандаа юмыг дутуу хийдэг зангаараа давхар иргэншлийг бол зөвшөөрөөд полигами гэх яриаг жоохон шуугиж, өнөөх бас яриад байсан “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар шиг онигоо болгоод орхих нигууртай ч дотроо дэмжих хүн байх биз ээ.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ уг нь.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив