Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын ужиг өвчин “ксенофобие” үгдэрчээ
2015 оны 1 сарын 27 [Уншсан тоо: 63420]

Муу нь муудаа жанжин
Муна гадсандаа жанжин
       
Ардын үг

    Аливаа нийгэм  өөрчлөлтийн үедээ “нялхсын өвчин” тусдаг ажээ.

    Манайд их дээр үеэс бараг цусанд байсан гэх ийм нэг нян бий бөгөөд   тэр ужгирсан өвчин нийгэмд халдварлаж бүүр үгдрээд бараг эмчлэх аргагүй болтлоо хүндэрчээ. Энэ өвчнийг  ксенофобие буюу бусдыг гадуурхах, үзэн ядах, айснаасаа болж муутгах, аль нэг үндэстнийг нүд үзүүрлэх өвчин гэдэг. Гэр бүлийн хүрээнд, хувь хүний хүрээнд ч энэ өвчний шинж тэмдгийг  ажиглаж болно. Айл бүрт шахуу нэг шоовдор хүүхэд байдаг төдийгүй эхнэр, нөхөр хоёрын хэн нэг нь жанжин маягтай нөгөөхөө гадуурхах, тушаах, ад үзэх, үгүй ядаж л доог тохуу хийх, янших, үглэх мэтээр дээрх өвчний шинж тэмдэг хаяагүй үзэгдэнэ. Тэгээд ч эртнээсээ “Муу эм эрээн айлгамтгай Муу нохой хаваан айлгамтгай”  гэх буюу “Муу эхнэр дарж болшгүй барлаг Сайн эхнэр барж идэшгүй баялаг”…гэх мэтээр ярьж иржээ.

    Нийгмийн хүрээнд буюу олны дунд авч үзвэл Хятадыг үзэн ядах ксенофобие өвчин маш түгээмэл. Үүнийг тэрлэгч би бээр ч ялгаагүй хятад үсэгтэй бүр хувцасны шошго байсан ч үзэж чадахгүй авч хаях  бөгөөд Хятад, Хятадын эрлийз гэж хэлүүлэхээс үхтэрээ айдаг сэтгэцийн өвчтэй олны л нэг. Энэ өвчний нян их дээр үеэс буюу бидний ярьдгаар  13-р зуунд нийгэмд суусан гэлцэнэ. Чингис хаан өглөө бүр урд газар байгааг санаж яв гэж хэлсэн гэлцэнэ.

    Нууц товчоог харвал тэр үгийг 1220-иод онд Чингис хаан Хорезмыг дайлаар мордохынхоо өмнөхөн Тангуд хэмээх улсыг эзэлсэн ч цаадуул нь тэмээ малаар тусалж дэмжинэ гэхээр өршөөн хэлтрүүлээд аян дайнаа үргэлжлүүлжээ. Дараа жил нь Хорезмыг байлдан дагуулж байхдаа Тангудуудаас өнөөх тусламжийг хүсэхэд Тангудууд “Дайтаж чадахгүй бол дайн хийж яахнав…” гэж ам асуусанаас үүдэж хэлсэн байх юм.

    Чингис хаан “За яахав тэр их үгтэй улсыг одоо ч очоод цохичихож болох ч энэ дайны дараа болъё. Харин та нар надад өглөө бүр “Тангуд улс мөхөөгүй  шүү…” хэмээн сануулж байгаарай би мартчихаж мэднэ  гэж нөхөддөө хэлсэн үг юм билээ. Том хаан болоод нэг муу жижиг улсыг мартчих вий гэсэндээ л сануулж бай гэж өрлөг жанжнууддаа хэлсэн хэрэг аж.

    Хаан гэдэг үгийг ухаан гэдэг үгнээс үүсээд у хэмээх эгшиг алга болж хаан гэх болсон гэж үздэг хүмүүс байх юм билээ. Ухаантан хэн нэгнийг онцлон үзээд,тэр дундаа шалихгүй жижиг улсыг нүд үзүүрлээд байх ёсгүйгээс гадна тэр нэг муу жижиг юмыг мартчих вий л гэж хэлсэн үг юм билээ шүү. Тэгээд ч Чингис хааны дэргэд эртнээсээ л өмнө зүгийн түшмэд зөвлөхүүд байсныг бүгд мэднэ.

    Энэ өвчин үгдрэх бас нэг том шалтгаан бол Социализмын үед Орос, Хятад хоёр хоорондоо муудах үед Оросын “хав” байсан болохоор маш хүчтэй нийгмийн сэтгэл зүйд суусан, эс бөгөөс оросууд суулгасан  байж мэднэ. Ю.Цэдэнбал дарга хамгийн сүүлд Дожоодоржид өгсөн ярилцлагадаа ч Хятадаас айх, үзэн ядах үг хэлсээр… тэр бодолтойгоо нүд аньсан байдаг. Бид ч багадаа Хятад нэг л өдөр дайрч орж ирнэ, Хятад хүний шаахайг нааш шидихэд бид  дарагдаж үхнэ… гэж бодсоор, айсаар хүн болж ухаан суужээ.

    Ксенофобие гэдэг өвчин айдсаас маш их хамааралтай байдаг аж. Яг одоо манайд Вьетнамыг үзэн ядах өвчин халдвартай тархаж байх юм. Өмнө нь ч бид тэднийг төлөг, хургаар нь дууддаг байсан суурь өвчинтэй. Нийгэм даяараа үзэн ядаж, хашгичиж байгаа ч өөрийнх нь машин сэвтвэл эргэлзэх юмгүй өнөөх вьетнам засварт  очно. Германд ч фашизм үүсэх тэр үе жүүдүүд хамаг ажлыг хамгийн сайн хийдэг байснаас өнөөх жүүдүүдийг үзэн ядах ксенофобие үүссэн байдаг. 1930-аад оны сүүлээр жүүдүүдийг үзэн ядах ийм өвчин Германд маш их газар авсан бөгөөд энэ хөрсөн дээр фашизм үүсч, Гитлер гарч ирснийг хэн хүнгүй мэднэ.

    Муу эхнэр дарж болшгүй барлаг гэж энэ дээ. Уг нь хөөрхий тэр вьетнамууд нь гайгүй сайн барлагууд юм шүү дээ. Барлаг болохоор л хүүхэнтэй хавьтаж болохгүй, нохойн махаа л шарж идээд сууж байх ёстой гэсэн өнөөх л ясны нэг муу муудаа дээрэлхүү зан ч юм шиг.

    Монгол “дарга” орон байх ёстой гэж дээр нэг улс төрч хэлж байсан юм. Үнэхээрийн бид дарга зантай… тэр бол яг үнэн. Гэхдээ дарга байна гэдэг ядарсанд дээрэлхэх, дарлах гэсэн утгатай болж, айлгаад эхлэхээр дарга биш дарангуйлагч болдог бол олны хүндэтгэлийг цуглуулж чадсан дарга хүчтэй бас хүндтэй болдог. Дарга гэдэг дар гэсэн үгнээс үүсэлтэй байх л даа. Даравч далдайдаг булавч бултайдаг зан бол бидэнд үнэхээр байдаг. Гэхдээ ямар ч утга учиргүй хий хоосон нийгмээрээ лүмпэн өвчнөөр өвчлөх гэдэг маш хачин үзэгдэл юм.

    Эхэндээ бид гадныхныг тэр дундаа АНУ-ыг шүтэн бишрэх, дуурайх, дурлах өвчтэй байсан ч сүүлийн жилүүдэд гадныханд яг өнөө дурлаж байсан энерциэрээ дургүй болж эхэлжээ. Энэ ксениофобийгоор өвчилсний тод илрэл нь дурлаж байхдаа урьж авч ирсэн гадны хөрөнгө оруулагчдаа дур гутаад ирэхээрээ, улс төрчдөөрөө толгойлуулж байгаад, нийгмээрээ хараасаар, гадуурхсаар  хөөж явуулчихаад одоо хямрал яриад, голоо цохиод үр хүүхдийнхээ сүүний мөнгийг булаах дээрээ тулчихаад  сууж байгаа билээ.

    Бүр харин  2017 оны 4 сард  дампуурах орон хэмээн Синхуа агентлагаар хэлүүлээд сууж байна. Синхуа гэж сонсонгуут л уур чинь дүрс хийж байгаа даа. Нийгмийн ийм өвчин дээр тоглож яр шархыг нь хөндөж нэрд гардаг улс нь улстөрчид юм байна. Үхэл байхгүй байсан бол шашин байхгүй байсан гэдэг шиг өвчин байхгүй бол улстөрчид төрдөггүй ажээ.

    Аль эмзэг газрыг нь олж хамаг яр шархан дээр нь давс үхэх ажил бол улс төрчдийн гол ажил ажгуу. Тэд эмч биш, тэд харин өвчинг сэдрээгчид,архагшуулагчид, үгдүүрэлчид. Зуд болоход чоно цадаж зовлон болоход лам цадав гэдгийн жинхэнэ үлгэр жишээ ажгуу.

    Олны танил болох хамгийн амар арга зүгээр л сөрөөд байх. Үг сүггүй улайран сөрөөд л байвал олноос онцгой харагдана. Гэхдээ бүүр ужиг хуучыг нь олоод хөндөөд байвал бүр ч дээш гарч орхино. Тэгээд ч түүхэнд дандаа л муу муухайг хийсэн, алсан, талсан улс тод үлддэг болохоос мөрөөрөө сайн сайхныг хийж явсан хүнийг бараг ямар ч түүх тэмдэглэн үлдээдэггүй юмсанжээ. Гэхдээ масс буюу нийгэм тэр аяараа тэнэг үү гэвэл огт тийм биш юм. Хэдийгээр олны жишгээр лүмпэн сэтгэлгээгээр, сохрын газар сохор доголонгийн газар доголон болж явах ч дотроо бол өөрийг бодно.

    Ялангуяа Монгол хүн бүр дотуур тамиртай. Нийтийн дунд хий хөөсрөх ч дотроо бол дооглож суух ч бас олны хөөсөнд хөөрөөд байх нь бий. Ийм хийрхэл хоосон хөөсийг үлээж хөөрөгдөөд Гитлер гарч ирсэн. Одоо ч тэр энэ олон өнгөт хувьсгалууд бас л нэг ийм хөөснөөс бий болсоор байгаа.

    Манайх шиг тэжээвэр явсан нийгэм бас л хэн нэгэн ирж тэжээнэ гэж бодоод бид нийгмийн гэнэн хөөсөргөн зангаар гадныхныг тэжээгч гэж хараад урьж залж байсан ч хаа холын нэг нөхөр манайхыг тэжээхгүйг мэдмэгцээ шууд хариу үйлдэл хийсээр ийм өвчнөө бүр үгдрүүлэв.

    Хүн гэгч үнэнд дургүй тул нийтээрээ нэг хоосон мөрөөдлийг бий болгоод тэрүүгээрээ сэтгэлээ цатгаж явдаг ажээ. Энэ хамгийн амархан арга. Маргааш гэдэг хоосон бодол сайхан ирээдүй хүн бүхний сэтгэлийн хоосон горьдлого, хөдөлгөх хүч, өөрийгөө хуурах шилдэг арга байдаг юм байна. Гэхдээ нэг нөхөр тэр буланд нэг хүн мөнгө тараагаад байна гэж цуу тараагаад бүх хүн хушуураад урт дараалал үүссэн хойно нээрээ ч тэнд хэн нэгэн мөнгө өгөөд байгаа юм бишүү гэж өөрөө итгэсэн гэдэг  онигоо байдаг.

    Аливаа хувьсгал лүмпэнгүүдэд суурилдаг. Лүмпэн гэдэг бүр пролетари ангиас ч  доор бүр юу ч хийдэггүй, гомдсон, багтарсан, хавчигдсан, шахагдсан, бүхнийг үзэн ядсан, алдах юмгүй ядуу нээрээ ч гинжнээсээ өөр алдах юмгүй хэсгийг хэлдэг. Эд нарын өвчнийг сэдрээж тодордог улсыг л улс төрчид гэж нэрлэсээр ирсэн бөгөөд тэд л олзыг хүртдэг. Ленин ийм л хүмүүс дээр түшиглэж хувьсгал хийсэн. Энэ лүмпэн хэсэгт бас эрлийз улс их хамрагддаг байна.

    Социализмийн үед хавчлагын туйлыг үзсэн улс бол мөнөөх л Хятадын эрлийзүүд байсан. Суугуул Хятад хүмүүст дээд боловсрол эзэмшүүлдэггүй байсныг зарим хүн  мэдэхгүй л байх аа даа. Тэд хичнээн ч ухаантай, авъяастай байсан ч гуталчин, шаварчин л болдог байсан үе саяхных.

    Одоо бид ийм нэг лүмпэн сэтгэлгээний гол өвчин болох бусдыг үзэн ядах гэхдээ бас болоогүй царай муутай, чадал муутайг нь гадуурхах  ксенофобие өвчинд нийгмээрээ нэрвэгджeээ.

    Монгол хүний үндэсний тэмдэг чанар буюу (national identity) бол хажуу айлаа хараан зүхдэгээрээ, барлаг боолоо боорлон барьдгаараа биш  өөрөө том байж, юм үзсэн хүн шиг, ухаантай, хүчирхэг, эв нэгдэлтэй өөрсдийнхөө дотор байх нэгнээ бахархан дуурайдаг тийм чанарыг үндэсний тэмдэгт чанар хэмээдэг бөлгөө.

    Үндэсний тэмдэг чанар гэдэг нь тухайн үндэстэн дотроо ижилсэж, бусдаас ялгарах хэл, соёл, зан заншил, араншлын төрхөөрөө (behavioral trait) ижилсэхийг хэлдэг бөлгөө.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив