Ядаж байхад ирэх жил “Болор цом ” болох гээд байдаг…
2015 оны 2 сарын 2 [Уншсан тоо: 60032]

Тугал унаад хол явдаггүй
Тууль уншаад номтой болдоггүй

Ардын үг

Ардчилалд шилжээд ч гэхүү, тусгаар тогтнолоо өөрсдөө мэддэг болоод ч гэхүү өнгөрүүлсэн  25 жилийг хархад зарим юмс огт танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. “Түц”ээр эхлээд тохиролцооны мухлаг болоод, одоо хэдийнээ сүпер маркет болсон хамгийн ойрхон  дэлгүүрээр жишээ авахад л ойлгомжтой... Үзсэн харсан, хэссэн тэнэсэн, өмссөн зүүсэн, баяжсан, хөлжсөн гээд тоочвол эцэсгүй яриа болно.

…Гэхдээ нэг зүйл огт өөрчлөгдөх биш зүсээ хувиргаад байгаа нь бидны араншин буюу нийгмийн амьдралд их тодоор харагдаж тасарч гарах бусдаас илүү болох гэсэн  эгоны уралдаан юм. Ялан дийлсэнээ  бид “тасархай амьдрах “ нийгмээс, ард олноос, бусдаас “тасрах” гэж ярьцгаадаг. Одоо бол популизм гэж нэрлээд бүгд ярьж байгаа л даа.

Бидэнд нэг соёл байлаа. Энэ бол “Болор цом” хэмээх яруу найргийн уралдаан юм. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан 1983 онд “Болор цом” наадмыг санаачлан зохион байгуулсанаас хойш 32 дахь удаагаа зохиогдох гэж байна.

Энэ 32 жилийн түүхийг жил жилд уншигдаж байсан, түрүүлж байсан шүлгүүдийг эргэж харвал их олон юм, тэр дундаа нийгмийн сэтгэл зүйг харж болно.

Анхлан зохиогдох тэр үе бол манайд өөрчлөн байгуулалт гэж дуулдаж байсан ч хуучин социалист маягаараа байсан үе болохоор анхны Болор цомыг мэдээж тэр үеийн үзэл суртлын аястай “Хүн төрлөхтөнд хүргэх шүлэг”ээрээ Д.Пүрэвдорж авч байжээ.

Тэр үед бүх юм уралдаан байсан. Социалист хөдөлмөрийн уралдаангүй юм гэж нэг ч байгаагүй.

Монгол угаасаа ардын аман зохиол, яруу найргийн эртний  соёлтой орон төдийгүй мөхөж байсан “социалист ухуулгын индэр” болгохоор ч санаачилсан байж мэдэх уг наадам маш хурдан, маш хүчтэй дэлгэрч байлаа.

Үүнийг тэрлэгч би ч тэр, өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч тэр “Найргийн даага” хэмээх дүү наадамд оролцож явлаа.

Энэ цагт үгээ шүлгэнд боож тэр индрээс олонд хүргэх гэсэн санаатай яруу найрагчид түрж эхэлсэн юмсанжээ.

1988 онд  Ц.Чимэддоржын “Сэлбэ “ шүлэг бол ногоон намын хуралын илтгэл аятай шүлэг маш хүчтэй үзэгчдэд хүрлээ. Түүний араас  О.Дашбалбар зэрэг яруу найрагчид ийм том нийгмийн  индрийг эзэгнэж эхлэв.

Ардчилсан хувьсгал ч “Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн” өөс үүссэн нь зүй ёсны хэрэг байлаа. Аль ч газар эхлээд уран бүтээлчид эхлүүлээд дараа нь бизнесийнхэн орж ирдэг жамтай хойно.

Тэр үеийн Болор цомын эзэн, үгүй дээ л айргийн тавд орсон найрагч жилдээ эго цатгалан, ихэмсэг дээгүүр харж  явах болжээ…

…Сүүлийн үед Болор цом нэг л явцгүй болоод ирсэн нь өнөөх мандах орон зайг хэдийнээ улс төрчид эзэлж орхисонд оршино.

Яг л болор цомд түрүүлэх гэж байгаа маягтай тэд улс төрийн “Болор цомд” орох бөгөөд манлайд орсон 76 “яруу найрагч” сонгуульд ялна. Дөрвөн жилд нэг удаа өнөөх тэмцээн болох ч бие халаалттай бэлтгэл сайтай дөрвөн жил сойсны хариуг үзэгчидээсээ авдаг болоод уджээ.

Яруугаар найрч чадвал ялдаг бол бараг хууль юм даа. Ялсныхаа дараа ч ялгарахын тулд янз бүрээр үзнэ. Жишээ нь босоо хочтой болсон С.Ганбаатар гэх “улс төрч” босоогоороо “шүлгээ” хэлдэг бол С.Баярцогт 10000 хувьсагчтай “шүлэг” хэлж, Ц.Нямдорж гишүүн О.Дашбалбарын орон зайд шүлгээ хэлж байна.  Бүүр дээр МАХН олуулаа байхдаа шүлэг ч хэлүүлэхгүй болохоор Л.Гүндалай бичгээр шүлгээ үзүүлж хүртэл байлаа. Үүнийг шоу гэнэ үзүүлэх гэсэн үг шүү дээ. О.Магнай В.Маяковкийн барилтай, Батзандан нь Гайтав маягтай  байхад, бүсгүй “яруу найрагч” монос өргөмжлөлт Л.Эрдэнэчимэг архи тамхины эсрэг шүлэг хэлхэж суух жишээтэй.

Үзэгчдээ татах гэж уралдаан бүр өрсөлдөөнтэй болж хүчирхэгжээд саадгүй “Болор цомоо” явуулаад түрүүлсэн улс төрчид нь үзэгч болгондоо спонсорын шагнал гээд 21 мянгаар шагнаад түүндээ хөөрөөд, залгамж халаа яруу найрагч оюутнууддаа сар бүр онгодын 70 мянга өгөөд  хамаагүй алга ташилт хүссээр, бас балгаж согтож байхдаа өнөөх  спонсоруудаа хүртэл муулаад шүлэглэсэнээс болж өнөө хэд нь буруу харчихаад ”Болор цом”  дашин шог болох янзтай боллоо. 

Одоо ерөнхий сайд нь “Өөх өгсөн биш өөд уруугүй загнаад…”  гээд туниад явчихсан спонсорууддаа “Нээх сүртэйшдээ, энд үзэгчидыг л алга ташуулах гэсэн болохоос та наргүй яаж тэмцээн хийх юм бэ , мөнгөө бариад буцаад ир л дээ ” гэж хэлэх үү? Эсвэл цөмөөрөө нэг мөсөн хөөж явуулчихсан юм чинь нэр хичээгээд бүсээ чангахан бүслээд хуучин муу улаан буландаа  “Болор цомоо” чадан ядан хийгээд явах уу?” Гэсэн асуултаа тоонд боогоод бүх үзэгчидээсээ  асууж сууна.

Энэ асуултыг ойлгохгүй ядаж суутал манай клубын Артанян бас гайхсанаа ийн бичжээ.

“Засгийн үхээнц байдлын оргил нь (оргил нь байгаасай) санал асуулга болов. Ажилтандаа, “зуун айлаас тоосго аваад ирнэ үү” гэсэн үүрэг өгтөл нөгөөх нь “намайг зуун айл руу явуулмаар байгаа бол 1-ийг, тэндээс буцааж ирүүлмээр байгаа бол 2-ыг сонгоно уу” гэсэн мсж ирүүлэхтэй адил, утга учиргүй, хөгийн юм боллоо (Энэ мсжийг Румынууд явуулсан байгаасай гэж яасан их хүсэв ).

 Саналаа асуулгаж буй иргэдийн олонхи 1-ийг сонгох юм бол Засаг зардлаа хэмнэхээ болих юм байна. Харин олонхи 2-ыг сонгочих юм бол Засаг уул уурхайгаа явуулахаа байх юм байх. Гэхдээ энэ чухал биш, угаас энэ мсж явуулсан нь өөрөө инээдтэй болохоос биш агуулга ч гэж байхгүй хөгийн эд шүү дээ. Одоо тэгээд битгий л “иргэдийн санал тэнцсэн тул уул уурхайгаа ч явуулж, зардлаа ч хэмнэхээр шийдлээ” гэж нүд рүүгээ гараа хийгээсэй билээ. Үнэхээр аргаа барж, мухардаж байгаа ч гэсэн тэгж харагдахгүй байх юм сан. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглал хүсэгчид гэх мэт засгийг чадамжгүй харагдуулах хүсэлтэй бүлэг улсуудын аманд орчихож байгаан болуу...”

Ядаж байхад ирэх жил “Болор цом” болох гээд байдаг?

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив