Солиотой хотын солиотой хүн
2015 оны 3 сарын 25 [Уншсан тоо: 52269]



Т.Энхболд нь хомоол, үнс, таар, төмрийн зэв, малын арьс, мод зэрэг уламжлалт бус материалуудыг ашиглан минимал абстракт бүтээлүүдээ туурвих ба түүний бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн уламжлалт сэтгэлгээ, философи гүн тусгалаа олсон байдаг. 2009 оноос перформанс арт буюу үйл хөдлөлийн урлагийн бүтээлээ туурвиж эхэлсэн. Энхболд нь 2012 онд болсон Шанхайн Олон Улсын Биенналь, 2011 онд болсон Манчестерийн Азийн Триенальд уригдан оролцож байв.

Анх удаагаа тэрээр Венецийн Биеннальд улсаа төлөөлөн оролцох гэж байна…


Өнөөдөр манайд перфоманс арт гэгч төрөл зүйл хаяа харагдах боллоо.

Энэ таван сард болох  Венецийн Бенальд анх удаагаа орж буй Монгол зураач Т.Энхболд бас ийм үзүүлэх арт чиглэлээр оролцох гэж байгаа нь бас сонин. Энэ тухай МҮОНТелевиз намайг явуулж нэвтрүүлэг бэлтгэж ирэх ажлыг хийлгэх гэж байна. Хотын дарга Э.Батүүл энэ ажлыг Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд дэмжиж байгаа төдийгүй Иоко Оно ч скайпаар шууд ярилцаж баяр хүргэжээ.

Тогмидшийрэвийн Энхболд өөрийн бүтээсэн бяцхан монгол гэрээ үүрэн Финланд, Голланд, Англи орнуудаар аялан их хөлийн хот, далайн эрэг, хурдны зам зэрэг янз бүрийн газар гэрээ барьж өөрийн сонсох, үнэрлэх, харах сэрэхүйгээ өдөөх замаар гэр доторхи орон зайг мэдрэх, гадна орчин болон хүмүүстэй холбогдох, харилцаа үүсгэж, эрч хүчийг солилцох туршилтуудыг хийж өөрийн дотоод сэдээлтээ даган үйл хөдлөлийн урлагаа дэлхийд үзүүлэх юм.

Ийм үзүүлэх урлагийн талаар манайхан маруухан ойлголттой байх нь бий. Миний бие Нью Иорк хотод нэгэн алдартай арт үзүүлбэр хийдэг нөхрийн байранд нэг жил амьдарсан билээ.

Энэ тухайгаа “Чөтгөрийн хотын тэмдэглэл” номонд өгүүлсэн бөгөөд доор  хэсэгчлэн орууллаа.


Хоёрдугаар бүлгээс

 
Өглөө нэг хачин бөглүү дуутай утас тачигнах чимээнээр  сэрэв. Нүдээ нээн харвал цонхны тавиур дээр нэгэн хуучны цайвар шаргал өнгөтэй харилцах утас бөглүү нэг хэмээр дуугарч байлаа.

Кенди хэмээн нэрээ солихоор шийдсэн Төрөө нойрмоглон босож харилцуурыг автал :

- Та сайн явж ирсэн үү ? Би таны онгоц яг хэдэд буухыг мэдэхгүй байсан болохоор тосож чадсангүй. Өдөр би тань дээр хоёр цагийн үед очиж авъя тэгээд Манхетэн орж хоол хамтдаа идье гэж их л хазгай муруй англи хэлээр ярих сонстлоо.  
Кенди энэ хүнтэй 2000 онд  нэгэн үзэсгэлэнгийн нээлтэн дээр танилцсан юм. Үг дуу цөөтэй аймшигтай хятад акценттэй англи хэлээр ярьдаг энэ намхан хүнд түүний хийсэн кино ихэд таалагдсан учир  ивээн тэтгэж нэг жил өөрийнхөө ‘Earth’ нэртэй сангийн тэтгэлгээр энэ байранд үнэгүй суулгах санал тавьсан ажээ. Ингээд тэрээр Нью-Йоркийн Уилиамсбург дүүрэгт орших  энэ байрандаа нэг жил үнэ төлбөргүй суухаар ирчихээд байгаа нь энэ юм. Хожим мэдэхнээ тэр “Газар” нэртэй сан гээд байгаа зүйл нь ердөө л энэ байр бөгөөд ямар ч сан хүүрэг байхгүй  нэг жилийн проект нэрийнхээ далбаан дор энэ байрандаа л хүн суулгадаг нэгэн юмсанж.

Тэчинг Ши хэмээх энэ хятад  анх 1978 онд Нью Йоркод Тайваниас  ирж хараар амьдарч байжээ. Тэрээр өөрөөрөө урлаг үзүүлэх үзүүлбэр санаачилж тэр үзүүлбэрээ  “performance art” буюу биеээр үзүүлэх урлаг хэмээжээ.

Иймэрхүү элий балай юмс энэ хотод их элбэг байдаг бөгөөд харин түүний хийсэн үзүүлбэр нь тэр үедээ гайхал төрүүлсэн зүйл байлаа. Далаад оны сүүлч гэдэг рок хөгжим хөгжлийнхөө дээд цэгт хүрээд доош гулсаж эхэлж байсан үе. Жон Леннон мэтийн хүмүүс вьетнамын дайныг эсэргүүцэж орондоо Онотойгоо цуг хэвтэж эсэргүүцэл үзүүлсэн зэрэг явдлууд мартагдах шатандаа орж Энди Уархолл энэ хотод хэдийнээ алдрын оройд хүрч баяжаад бүх юм нэг л сонин биш болж байсан цаг.

Тэрээр эхний жил дотогшоо орохгүй гэсэн андгай тавиад үсээ хоригдол шиг хусуулж аваад нэг зураглаач хөлсөлж хаалгаа түгжээд гадагш гарчээ. Тэгээд нэг жилийн турш байшин саванд орохгүй автобус унаа тэргээр ч явахгүй дэлгүүр хоршоо ер нь л дотогшоо орохгүй тэнүүлчин гэр оронгүй хүний адилаар гадаа байна гэж шийджээ. Өөрийнхөө хөлсөлж авсан зураглаачаараа өөрийгөө дотогш орооогүйг баталгаажуулан зураг авхуулсаар  яг нэг жил гадаа хэрмэл      боонж шиг амьдарчээ.

Өөрийнхөө яг юу хийж яаж тэнүүлчин шиг гадаа унтаж гадаа гол дээр усанд орж хэрхэн цонхоор л хоол авч идэж хэрхэн гадаа ил биеэ засаж амьдарсан тухайгаа богино хэмжээний кино хийлгэж зураг даруулж өөрийнхөө хэсэн тэнүүчилж өнгөрүүлсэн амьдралынхаа тэмдэглэлийг хөтлөн нэг жил болжээ.

Нэг удаа тэрээр цагдаад баригдаж цагдаагийн хэлтэст чирэгдэж орсныг эс тооцвол  үнэхээр энэ солиотой хотод солиотны байдлаар нэг жил гадаа гандаж хөдөө хөрч өнгөрүүлсэн юм.

Тэгээд энэ хачин үйлдлээрээ нэрд гарсан тэрээр дараа жил нь  бас нэг хачин үзүүлбэрээ эхэлжээ. Энэ нь  “Аниргүй дундах амьдрал“ нэртэй нэг жилийн үзүүлбэр байлаа. Тэчинг жилийн турш хэнтэй ч ярихгүй, ямар ч хөгжим радио сонсохгүй зурагт, кино юу ч үзэхгүй ямар ч ном хэвлэл уншихгүй нэг үгээр хэлвэл өөрөө өөрийгөө гянданд хорих мэтээр нэг жилийг нам гүмийн дунд өнгөрөөхөөр шийджээ.

Тэгээд өнөөх солиот өөрөө өөртөө яг гяндан шиг төмөр тор бэлдээд түүн дотроо ганцхан матрас газар тавиад шээсний хувин хажуудаа байрлуулж аваад үсээ мөн л хоригдол шиг хусуулж  нэг жил өөрөө өөрийгөө гяндалсан юм.

Өдөр бүр тэрээр ханан дээр хоригдол адил зураас зуран өдрийг өнгөрөөх бөгөөд түүнд өдөрт 3 удаа хоол авчирч үйлчилдэг туслахтайгаа ч нэг ч үг солилгүй жил болжээ. Хананд байрлуулсан гэрэл зургийн аппаратандаа өдөр бүр зургаа даруулдаг байсан бөгөөд нэг жилийн дараа үс гэзэг нь ургаж гурван зуун жаран таван зурагтай тэр гяндангаасаа гарсан юм.

Энэ үзүүлбэр бол тэр чигээрээ ганцаардал цөхрөлийн тухай байлаа.

Тэр өөрийгөө хоол унд материаллаг ертөнцийн тав тух, зугаа цэнгэл, нийгмийн харилцаа бүх зүйлээс салгаж хүний амь зуулгын доод хэмжээнээс доош оруулан байж бид амьдрахдаа бусдын дэмжлэг хийгээд дарамт, нийгмийн харилцаа зэрэг олон гадаад хүчин зүйлийн дэмжлэг дарамтгүйгээр зөвхөн өөрийнхөө дотоод хүчин зүйлээр амьдрах гэгч юу болохыг биднээс чимээгүй асуужээ. Энэ бол нэг ёсны бясалгал даян хийхтэй ижил байсан юм.

Бусадтай харилцах  боломжгүй, өөрийнхөө бодол сэтгэлийг хуваалцах бичиж тэмдэглэх боломжгүй гадаад ертөнцийн талаар ямар ч мэдээлэлгүй өөрөөр хэлвэл ямарч чиг баримжаагүй зөвхөн өөрийнхөө дотоод төсөөлөлөөр луужин хийж  амьдрах гэгч юу вэ?

Тэр үед Тэчинг Нью-Йорк хотод зөвшөөрөлгүй буюу хараар амьдарч байсан юм… “ Магадгүй түүний энэ үзүүлбэр нь  Америкт тэр дундаа Нью-Йорк хотод их итгэл  өвөрлөн ирсэн цагаачдын бүр цаашилбал ертөнцөөс өөрийнхөө үзэл бодлоос болж тусгаарлагдсан улс төрийн хоригдлуудын зовлонт байдлын цуурай хашгирааныг чимээгүй үзүүлсэн  ч байж болох билээ…”  гэж нэрт шүүмжлэгч зохиолч Стивэн Шавиро бичсэн байдаг юм билээ.

Урлаг үзүүлдэг шинжлэх ухаан нотолдог гэдэг. Хэн дуртай нэгэн түүнийг ирж үзэх боломжтой байлаа. Тэрээр таг дуугүй өөрийнхөө байгуулсан шоронд дув дуугүй хэвтэж байхыг үзэгчид үздэг байсан тул тэр энэ үзүүлбэрээ урлаг хэмээн нэрийдэж түүнийг нь гайхан алмайрсан олон ирж үзсээр нэг жилийг ганцаараа өнгөрөөж чадсан юм.

Энэ үйлдэлдээ урамшсан тэрээр амьдрал урлаг хоёр цуг байж болдог зүйл гэж итгүүлэхийн тулд амьдралаа урлаг болгохоор шийдэж өөрөөр хэлвэл урлагаар амьдарч үзүүлэхээр болж дараа жил нь бүр ч галзуурмаар нэг үзүүлбэр хийж эхэлжээ.


 
Тэр нь юу байсан бэ гэвэл Линда Монтана гэх итали гаралтай америк бүсгүйтэй бие биенээ хоёр метр олсоор бүсэлхийгээрээ холбоод нэг жил хамт амьдрах болжээ. Гэхдээ тэр хоёр бие биедээ ч хүрч болохгүй бөгөөд яг нэг ижил зүйлийг жилийн турш хамт хийх болсон хэрэг.

Яг энэ өөрийгөө ертөнцийн чөлөөт иргэн гэж бодоод  уйтгарлан сууж байгаа Кендигийн өрөөнд хоёр ор зэрэгцүүлэн тавиад хоёр метрын зайтай хамт унтаж  энэ өөдөөс харж байгаа жорлонд нэг нэгээрээ орж усанд ороод хамтдаа зэрэгцэн энэ саарал будагтай төмөр хаалгаар хамт гарч дэлгүүр  ороод талх тариа авч ирээд энэ гал тогоонд хамт хоол хийж идээд энэ телевизорыг хамтдаа үзээд нэг жил амьдарсан юм.

Мөн л  асар их шуугиан тарьсан нь мэдээж. Жилийн өмнө эхлэхдээ хоорондоо олсоор холбоотой зургаа энэ хананы өмнө зогсож авхуулаад жилийн дараа олсоо тайлсан байдалтай мөн л энэ хананы өмнө зураг авхуулж дууссан тэр хоёрын жилийн амьдрал эхэндээ сонирхолтой байсан ч сүүлдээ жинхэнэ там болон хувирсан гэдэг.

Үүний дараа жил хүнтэй нийлж үзүүлбэр хийх нь буруу гэдгийг ухаарсан Тэчинг энэ өрөөнийхөө хананд цаг бүртгэх машин авч ирж зоожээ. Капиталист оронд албан газруудын хананд байдаг цаг бүртгэх машин. Тэр төхөөрөмжийн дээд нүхээр нэг бяцхан цаас  хийхэд дээр нь хэдэн цаг болж байгааг хэвлээд өнөөх цаас нь доод нүхээрээ гарч ирнэ. Тэрээр ийм цаг бүртгэх машин ханандаа суулгаад өдөр бүр цаг бүрт өөрийнхөө цагийг бүртгэж нэг жил болно хэмээн зарлажээ. Тэчинг бүтэн жилийн турш нэг цагийн л завтай байх нэгэн болж хувирав.

 Хамгийн аймшигтай нь тэрээр унтахдаа ч нэг цаг л унтах хэрэгтэй гэсэн үг. Гэрээсээ нэг цагийн л зайтай гарч болно гэсэн үг. Яг ийм байдалтай тэр хүн энэ нүхэн өрөөндөө нэг жил амьдарч чадсан юм. Ийм хачин солиотой хүнд Төрөө буюу одоо Жорж Кенди болон хувирсан нөхрийн хийсэн “Нохой орон“ кино таалагдаж тэр нөхөр бас л түүнийг өөртөйгээ ижил нэг жилээр ивээн тэтгэх болоод  тэр нөхрийн гэрт буюу хуучин тэр хачин үзүүлбэрүүдээ үзүүлдэг байсан гэрт нь одоо хоёр цагаас ирэхийг нь хүлээгээд “Тамхи зүрхэний шигдээс үүсгэнэ” гэсэн монгол бичигтэй марлборо лайт татаад сууж байгаа нь энэ билээ.


Тэрээр энэ хачин үзүүлбэрүүдээрээ энэ хачин хотод их алдар цууд хүрсэн бөгөөд одоо өөр газар том хаусд амьдардаг болсон гэх бөгөөд харин зүүн европ хуучин социалист орны уран бүтээлчдээс сонгож нэг жилийн хугацаатай энэ байрандаа үнэгүй суулгадаг болоод уджээ…

Номонд олон зүйлсийн тухай өгүүлдэг. Харин энэ хүний тухай бүр тодорхой мэдье гэвэл www.tehchinghsieh.com ороод үзэж болно.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив