Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гэр бүл хэмээх “албан байгууллагын” дүрэм
2015 оны 4 сарын 15 [Уншсан тоо: 56854]

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн    болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулиас
                        

Манай улсын гэр бүлийн тухай хууль дээрх үндсэн зорилттой аж. Үнэн хэрэгтээ дээрх хуулийг салах сарних үед л хүмүүс санадаг. Дээрх хууль бүүр социализмын үеийн л хуулийн нэг их өөрчлөгдөөгүй хэлбэр. Тэр цагт гэр бүлийн талаар тогтвор сууршилтай байхыг нийгэм даяараа номлож, ёс суртахууныг эрхэмлэдэг байсан цагийн хуулиас улбаатай.

Мартагдах шахсан ёс суртахуун гэж чухам юу юм бэ?

    
ЗОВЛОНГ ХУВААЛЦАХ АРГА БАРАГ БАЙХГҮЙ

Ёс суртахуун ярихын өмнө  ерөнхий зүйлээс эхлэе. Чиний бие өвдөхөд би өвчнөөс чинь хуваалцая гэж хичээгээд ч чиний өвдөлтөөс чимхийн төдийг ч би өөртөө авч чадахгүй. Ямар ч мөнгө төгрөг, ид шидээр хумсын төдий өвчин өрөөл бусдад наалдахгүй. Энэ утгаараа хүн гэгч угаасаа ганцаараа амьтан ажээ. Ганцаар ирээд ганцаараа л буцдаг. Гэхдээ хүн хэзээ ч ганцаараа байж чаддаггүй. Эхнэр нөхөр болж гэр бүл болон хамт амьдарна. Нийгэмд ажил төрөл хийх байдлаар бусадтайгаа харьцаанд орно. Хамгийн ойр байдаг нь эхнэр нөхөр хоёр бөгөөд тэд эхэндээ бие биегүйгээрээ байж чадахгүй мэт байснаа нэг гэрт ороод нэг их удалгүй  бие биедээ тээртэй болоод эхлэнэ. Хайр дурлал гэгч угтаа бол өөрийхөө өрөөснийг олчихлоо гэж бодоод дурладаг нь дийлэнх нь байдаг болоод тэр. Тэгвэл тэр дурлал гэгч эгодоо буюу өөртөө дурлачихсан болж таарна. Мэдээж эсрэг хүйс учраас бие биедээ татагдах түмэн шалтгаан байгаа, өөртөө яагаад ч бий болгож болохгүй талууд эсрэг хүйстэнд олон болохоор гэр бүл гэх нэрээр эгогоо улам том болгож байх маш өндөр магдалтай ажээ.

“Би” гэсэн аминч үзэл “бид” болж томроно гэсэн үг. Миний эхнэр, миний нөхөр, миний гэр бүл гэх мэтээр миний гэсэн бодол улам бүр томрох нэг шалтгаан. Эхнэр авна гэж ярьж хэвшсэнээс үүнийг харж болно. Гэвч эсрэг хүйстэнд өөрт чинь байхгүй олон тал байгаагийн  адилаар өөртэй чинь огт таарахгүй  бүр ч олон талтай юм байна гэдгийг алсдаа мэднэ. Хамт амьдраад эхлэхээр өнөөх хоёр нэг нэгнээ  өөртэйгээ ижил сэтгэж ижил хүсэж, нэг хүн шиг байсангүй гэж бие биедээ гомдоллоод эхлэнэ.     Ингээд эхний зөрчил эхлэнэ. Залуус энэ үед голдуу салцгаадаг. Ийм асуудал байсан ч ухаанаар зохицуулаад цааш явдаг нь ихэнх нь л дээ. Өнөөх сэтгэл хөрөх, сэтгэлгүй болох гээд байгаа нь ухаан сэтгэлийн орон зайг эзэлсэн гэсэнтэй агаар нэг. Дан ганц өөрийгөө хайрлаад байгаадаа ч биш хайр гэгч салхи мэт чимээгүй ирсэн шигээ чимээгүй алга болдог, ер нь л таашгүй хоосон чанартай зүйл ажээ. Тэгж байтал хүүхэдтэй болж бүр хүссэн ч эс хүссэн ч хамт байхаас өөр аргагүй үүрэгтэй  болоод ирнэ. Ингээд гэр бүл гэгч “албан байгууллага” болж эхэлдэг.

Америк мэтийн улс оронд гэр бүл бүр гэрээгээр үүрэг хүлээсэн яг л албан байгууллага байдаг. Тэд гэрлэхдээ л үүнийг зохицуулсан гэрээ эхнээсээ хийж гэр бүл болдог бөгөөд түүнтэй нь уялдсан гэр бүлийн хуультай.  Албан ёсны гэрээгээр харилцан хүлээсэн үүрэг эрх бүхий ерөөсөө л “албан байгууллага” юм.  Айлын эр хүн ганц өөрийгөө бус гэр бүлээ тэжээх үүрэг хариуцлага хүлээнэ. Эхнэр хүүхдээ асрах, гэр орноо авч явах үүрэг хүлээнэ. Гэрээгээр гэрлэсэн гэр бүл бүр дансаа тусдаа байлгах эсэх гэх мэт маш нарийн зүйлсийн зохицуулалтыг гэрээндээ тусгадаг.

Харин манайд бол ямарч гэрээ хэлцэлгүй хайр дурлалаар амьдарч эхлэнэ. Хэзээнээсээ эхнэр дандаа эдийн засгийг баридаг уламжлалтай тул эр нөхөр бараг л чиний төрсөн өдөрт бэлэг авах гэсэн юм төсөв баталж өгөөч гэх нь холгүй. “Ерөнхий сайд” эхнэр өгөх үгүйг мэднэ. Гэлээ ч хэрүүл тасрахгүй. Хэрүүлийн гол нь “ Би ч харин эх хүнийхээ үүргийг хэнээс ч дутуугүй гүйцэтгэж байна…гадагшаа ч гарч чадахаа байсан…найз нөхдөөсөө холдсон… чи харин мөнгө төгрөг олж ирж байна уу? Хаяа ч гэсэн эцэг хүн шиг байгаач …архи гудраад л…” гэх буюу  эр нь “Би та хэдийг  тэжээх гэж зовж байна. Харин чи яг л гэрийн үйлчлэгч шиг болчихлоо. Яриа хөөрөө ч нийлэхээ байлаа. Олж ирсэн мөнгийг хамаа намаагүй зарж байна…”гэх мэт “би” гээр эхэлсэн  хэрүүл тасрахгүй. Миний чиний гээд байгаа хоёр үг нэг л үсэгний зөрөөтэй адилхан шахуу үг шүү дээ. Зүгээр л үг. Ингээд эхэлсэн сэтгэлийн зовлонг хуваалцах арга бараг байхгүй. “Зовлонгийн хүнд нь миний зовлон бусдынхаас хүнд гэдэгт л оршино” гэсэн зохиолч Д.Батбаярын үг өнөөх л би гэсэн төвт эгоны тухайд үг юм.

Гэхдээ удаан хамт амьдараад ирэхээр тэр хоёр нэг бол маш ойртон ижилсэж нэг хүн мэт болох буюу би гэх  эгогоо хаяаад уусан дасч сэтгэлээрээ нэгдэх, эсвэл хэн нэг нь би гээ гээх нэг зам бий.

Эсвэл өөр өөрсдийн эгод халдахгүй гэсэн гэрээний дагуу “манай гэр бүл” гэсэн бүүр ч том эготой болоод “албан байгууллагынхаа” нууцыг хадгалж, олны өмнө гэр бүлийнхээ нэр төрийг өндөрт өргөж явах  ийм хоёр замын нэгээр цааш явна. Одоо бидний замнаад байгаа барууны нийгэм бол угаасаа би гэх эгод суурилсан нийгэм.

“Би” гэдэг үгийг хэрэглэхгүй бол яаж энэ хорвоод амьдрах вэ? Гэхдээ энэ бол үг төдийхөн гэдгийг санаж яв. Хорвоод ирсэн хойноо хүн нэр зүүдэг. Энэ дэлхийд ганцаараа байсан бол нэрээр ч яах билээ. “Би” байхын тулд “чи” байх хэрэгтэй. Бусадтай харьцаж байж л “би” утгатай болдог…гэх мэтээр Эгоны тухай хамгийн их ярьдаг Ошо хэлжээ. Түүний хувьд бол гэр бүлээс ангид ганцаар байхыг л сургадаг бөгөөд өөрөө ч насаараа ганцаар явж өнгөрсөн ч үй түмэн шавь нараар хүрээлүүлж түүний ярианууд тоолж барашгүй олон ном болж, мөн тоолж барашгүй олон хувиар зарагджээ.


БИ ТӨВТ БАРУУНЫ ХУУЛИЙН ХУУЛБАР

Саяхнаас С.Нарангэрэл хуульч өөрийхөө  шавь Х.Тэмүүжингийн санаачлаад УИХ-д хэлэлцүүлэх гэж байгаа шинэ эрүүгийн хуульд хэрэв гэр бүлийнхэн үр хүүхдээ шийтгэсэн бол хуулийн зүйл ангитай болж байгаа тухай ярих боллоо. Хүүхдээ алгадаад орхивол хүүхэд нь, эсвэл нөгөөх нь матаад шоронд суулгаж болно гэсэн үг. Эх хүн гэр бүлийн хүчирхийлэл дор өөрөө бол амьдраад байдаг ч хүүхэддээ гар хүрэхийг тэвчиж чаддаггүй болохоор өнөөх албан байгууллага бас нэг хэлбэрээр маш хэврэг болно гэсэн үг. Ийм хууль гарвал эрчүүд шоронгоор дүүрнэ.

“Монгол Улсын Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүүхдэд наймхан хэрэгт ял оногдуулдаг. Энэ хуулинд нийт 300 гаруй гэмт хэрэг байдаг. Харин Х.Тэмүүжингийн төслөөр бол 14 насанд хүрсэн л бол бүх 300 гаруй хэргүүдэд бүгдэд нь хүүхдүүд шийтгэгдэнэ. Өөрөөр хэлбэл 14-16 насанд хүрсэн хүүхдүүд бүх хэрэгт шийтгэгдэнэ. Адгийн наад зах нь хүн доромжллох, гүтгэх, хүний юм зөвшөөрөлгүй авах, нэг нэгэндээ санамсаргүйгээр хөнгөн гэмтэл учруулах зэрэг бүх зүйлд л 14 настай хүүхдүүд гэмт хэрэгт унах нь.

Тэгэхээр энэ чинь хүссэн хүсээгүй Монголын гэмт хэрэгтнүүдийн тоог хуулиар нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг юм. Мөн энэ хуулинд “насанд хүрээгүй хүүхдийг аливаа хэлбэрээр шийтгэвэл хорино, баривчилна” гээд гэмт хэрэг болгочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл эцэг нь гар хүрвэл барууны орнууд шиг хүүхэд нь цагдаа руу яриад л ээж, аавыгаа баривчлуулна гэсэн үг. Энэ нь монголчуудаас холдоод явчихна биз дээ. Ер нь дээр үеийн монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хаяа нэг гар хүрчихдэг л байсан шүү дээ…”  хэмээн тэрээр ярьжээ.  

Энэ бол дээр цухас өгүүлсэн АНУ ын хуулийн хуулбар гэдэг нь ойлгомжтой юм. Ёс суртахуун байхгүй болсоны  дээрээс нь ийм хуультай болж орхивол угаасаа хэврэг байгаа гэр бүлийн асуудал бүүр ч хэврэг болох бөгөөд өрх толгойлсон хүүхнүүдийн арми бүр ч өснө гэсэн үг ажээ.


АЗ ЖАРГАЛЫГ ХУВААЖ БОЛДОГ

Аливаа гэр бүл аз жаргалаа л хуваалцахын тулд гэр бүл болдог. Тэр дундаа хүүхэд гэр бүлд зөвхөн аз жаргалыг л цацрааж байдаг. Уйлах, унжих, өвдөх зэрэг зовлон байдаг ч ихэнхдээ тэд хайр энэрэл баяр баяслыг л эргэн тойрондоо халдааж байдаг. Элдэв зовлонг хамт туулж байж аз жаргал амттай болдог.

Чи баярласан сэтгэлээ үнэнээсээ гаргахад л хажуудах хүндээ шууд эерэг энерги дамжуулж байдаг. Хүүхдэд хуваалцах юм аз жаргал л байдаг. Тэгээд ч Хүүхдийг аз жаргал нэгтгэж байдаг бол, томчуудыг зовлон л нэгтгэдэг гэсэн эртний үгтэй.

Чи олсон мөнгөнөөсөө хэн нэгэнтэй хуваалцахад л өнөөх хүн аз жаргалтай болж эхлэнэ. Ер нь сайн сайхныг хуваах тусам, тараах тусам үржиж байдаг жамтай.

Эр хүн эхнэр хүүхдээ мөнгөөр дутаахгүй гэсэн ганц үндсэн үүрэгтэйн дээр аз жаргалаа л хуваалцах гэж хамт амьдардаг.  

Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч болдоггүй гэдэг үгэнд би л лав их эргэлздэг. Мөнгө өөрөө  аз жаргал биш ч мөнгөгүйгээр аз жаргалд хүрэх нь бараг л үгүй юм. Гэгээрэлд хүрчихсэн эсвэл бясалгалын их дээд шатанд хүрсэн хүнд бол мөнгө юу ч биш л дээ. Гэхдээ тийм хэмжээнд хүрээгүй  нүгэлтэй ч, буянтай ч мань мэтэд  бол дээрх үг  хий хоосон яриа юм. Мэдээж ганцхан мөнгөөр аз жаргалыг барих, босгох арга бас байхгүй л дээ.

Мөнгөний хойноос хөөцөлдөөд бизнес хийгээд овоо гайгүй амжилтанд хүрч баяжихаараа өнөөх эр эм хоёр бараг л заавал салдаг. (Өөрийнхөө мэдэх баячуудыг анхаарч хараарай ихэнх нь салчихсан, эсвэл аль дээр  гэр бүл нь зөвхөн хүүхдээрээ барьцаалагдсан “албан байгууллага” болчихсон байгааг.)

Энэ утгаар нь авч үзвэл мөнгө гэгч бас л эгог цатгах маш хүчтэй хэрэглэгдэхүүн бөгөөд нэг гэр бүлд хоёр мөнгө олдог хүн байхаар ийм байдал улам даамжирч эцэстээ хоёр тийшээ болцгоодог.

Хууль бол ёс суртахууны доод хязгаар гэсэн үг дорно дахинд байдаг. Тийм ч болоод ёс суртахуунгүй нийгэмд ийм олон хууль гардаг байх.

Бидэнд өнөөдөр 700 орчим хууль байдаг ажээ. Ёс суртахуунийг бүх шашин номлодог. Хуулинд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг бол ёс суртахууны алдаа гаргасан хүнд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаггүй.

Гэтэл өнөөгийнх шиг харгис ардчилсан зэрлэг нийгэмд “Баяжихын тулд эхлээд ёс суртахуунаа орхи ” гэсэн дүрэм үйлчилж байна.

Тэгээд өнөөдөр манайд хамгийн их байх өрх толгойлсон эмэгтэй гэх анги улам бүр хүрээгээ тэлсээр...

Эцэст нь энэ нийтлэлээр юу хэлэх гэсэн юм бэ гэвэл “Нэгнийхээ дутагдалыг уучлах нь диваажинд хүрэх зам юм.” хэмээх үгийг хэлсэн Английн  яруу найрагч, уран зураач “ Чөлөөт хайр ” хөдөлгөөнийг үндэслэгч  Уильм Блэйкийн  үгийг задлах гэж ийм олон үг нуршлаа.

Ёс суртахуун хэмээх бараг мартагдах шахсан ойлголтын эхний код нь “би” биш “та” гэх анхаарал, хүндлэл, хайр ажээ. Тэгээд ч эртнээсээ Монголчууд эр нөхрөө та хэмээн таалсаар ирсэн.

Үг гэдэг амнаас нэг л гарсан бол нисээд буцааж авч болдоггүйтэй ижил Хайр ч гэсэн бусдын төлөө гэсэн ганцхан урсгалт зам ажээ.

Өгөх гэдгийг огт мартаж, авах гэсэн ганцхан дүрэмтэй өнөөгийн нийгэмд ёс суртахууныг эргүүлж авч ирэхийн тулд өгөх сэтгэл, хайр энэрэлийг л түгээж олсон “олзоо” бусадтай хуваалцахаас эхлэх ёстой санагддаг.

Сайн сайхныг хуваах тусам үрждэг жамтай билээ л…


                        

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив