“Хуульгүй” хууль сахиулагчдын тогтолцоог өөрчлөх нь”
2015 оны 5 сарын 1 [Уншсан тоо: 50442]
 
1.Эрүүгийн ял, шийтгэлийн бодлого
 
Одоогийн манайд мөрдөж байгаа төрийн эрүүгийн ял шийтгэлийн бодлого нь тухайн нийгмийн харилцааг зохицуулж, социалист төр, нийтийн өмч, хамтын аж төрөх ёс хэмээх тухайн үеийн үнэт зүйлсийг хамгаалж түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн байдаг.

1924, 1940, 1960, 1986 онд мөн л тухайн цагийн ЗСБНХУ-ын эрүүгийн ял шийтгэлийн бодлогыг тусгаж байв. Тэр үед орос орон БАМ, Сибирийг өөрчлөх бүтээн байгуулалт ид өрнөж усан цахилгаан станцууд бариулахад ажиллах хүчин олоход тэдний эрүүгийн бодлого далдуур чиглэгдэж байжээ. Оросууд энэ үед залуучуудын дунд гардаг гэмт хэргийг ерөнхийд нь хулиганство буюу танхайрах гэж нэрлээд  ялын бодлогыг  чангатгасан байдаг. 1940 өөд оны дайны жилүүдэд ч Белемор канал гэх цагаан далайн сувгийг  Сталин дан ганц хоригдлын хүчээр, хүй нэгдлийн аргаар хоригдол  боолын хүчээр  хийж гүйцэтгэсэн түүхтэй, ийм далд эрүүгийн бодлоготой орон байжээ.

1924 онд анх боловсруулсан Шүүх цаазын бичгийг тэр үеийн орос сургагч Элбэгдорж Ренчиновын санаачилгаар эхлээд Оросын Үндсэн хуулийг орчуулж хэрэглэхийг шаардаж  түүнийхээ дагуу эрүүгийн хууль гаргуулж  советикус маягийн эрүүгийн бодлогоор анхны эрүүгийн хуулиа хийж бага зэрэг өөрчилсөөр өнөөг хүрсэн гэж хэлж болно.

Хомо сапенсийн үе гэж мэдэх ч яг үүн шиг хомо советузусын эрүүгийн хуулиар бид өнөөг хүрчээ.

Тухайлбал, одоо бид дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд “танхайрах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хэргийн байдлаас мөн дахин давтан үйлдсэн зэргээс шалтгаалж 3 жилээс 7 жил хүртэл хорих ял шийтгэж биечлэн эдлүүлдэг. Энэ зүйлээр манай улсад  нэг жилд бага гэхэд 100 орчим залуучуудыг хорих ялаар шийтгэдэг бөгөөд  давтан үйлдсэн, урьд ял шийтгэгдсэн гэмт хэрэгтэн гэх мэтээр хүндрүүлэн авч үздэг ажээ. Архи уугаад агсам тавихдаа гартаа пивоны аяга зэвсгийн чанартай барьсан байхад 7 жил хүртэлх хугацаагаар бүр чанга дэглэмтэй хоригдож, гэмт хэргийн мэдлэгээ дээшлүүлэх сургалтад яваад магадгүй насаараа тэр ертөнцийн хүн болох хувь тавилан тэр залууд оногддог ажээ.

Мөн Ц.Нямдоржын гэх болсон  2002 онд хийсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлт бол бүр ч хатуу болгосон буюу тэнсэн харгалзах, хуульд зааснаас хөнгөн ял оноох  зэрэг олон хөнгөлөх шалтгааныг үгүй болгож өнөөх ялын гэм бурууд тохирох боломжийг хязгаарласан хууль гарчээ. Энэ нь хорих ял биечлэн эдлэх явдлыг өсгөж, жилдээ дунджаар 8000 хоригдолтой болсон нь дэлхийн хэмжээнд 100.000 хүнд оногдох хоригдлын тоогоор эхний 40-д Ази тивдээ хойд Солонгосын дараа буюу хоёрт орж байна.

Тэхээр манай одоо үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь яллагдагч хэргээ хүлээсэн мэдүүлэг нь хамгийн гол нотлох баримт гэж үзэж иржээ.

Гэхдээ дээрх 2002 оны хуулийн өөрчлөлт гарах үед манай шүүх мөрдөн байцаагчдын хахууль хирээс хэтэрсэн байсан. Бүр мөрдөн байцаагч өөрөө хэргийг хаах эрхтэй байсан, шүүх авилга өгсөн хүнд л өнөөх хөнгөлөлтийг хэрэглэдэг байсан зэрэгтэй дээрх өөрчлөлт хамаатай буюу цаг үедээ бол таарч байжээ.

Өнөөгийн хууль зүйн сайд Д.Дорлигжав өгүүлэхдээ” Эрүүгийн хууль гэдэг хэн нэгний нэр зүүдэг ч юм биш. Тухайн үеийн хуулийн бодлого гэж байдаг, одоогийн шинээр өөрчилж байгаа эрүүгийн хууль түүнийг дагалдсан арав орчим хууль ч хэн нэгний нэр төрийн асуудал биш бүгдийн санал зөвөлгөөг багтааж үндсэн өөрчлөлт хийж байгаа хууль, эрүүгийн байцаан шийтгэх гэх нэртэй хуультай байлаа бид. Энэ төслөөр бид олон зүйлийг үндсэн хуулиндаа уялдуулж бүр бүтэцийн маягтай үндсэн өөрчлөлт хийж байна. 1992 оноос хойш шат шатандаа өөрчлөөд явсан...” хэмээн ярьж байна.
 
2. Орчин цагийн эрүүгийн ял шийтгэлийн бодлогыг  өөрчлөх нь
 
Ардчилсан хувьсгал ялж, шинэ Үндсэн хуулийг баталсантай зэрэгцэн Эрүүгийн хуулийг шинэчилсэн хэдий ч бүрэн бодлогын өөрчлөлт хийгдээгүй билээ. Монгол орон 1992 -1998 оны хооронд гэмт хэргийн орон болсон. Энэ үед гэмт хэрэг 1991 оныхоос 9 дахин өссөн бөгөөд нэг жилд дунджаар 25 мянган хүн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд хэрэгт холбогдсон хүний тоо багадаа  гэхэд л 50 мянгаас давж байв. Дараа нь 2002 оноос дахин эрүүгийн хууль өөрчлөлт оруулсан ч  2010-2012 оны хооронд хууль бусаар эрүүдэн шүүсэн хэргээр нөхөн төлбөрт 32 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хууль бусаар мөрдөгдсөн, цагдан хоригдсон, цагаатгагдсан хүмүүст олгосон ажээ.

Яагаад орчин цагт дурын хүнийг хууль бусаар хэрэгт холбогдуулан шалгах орон зай байгаа вэ гэвэл одоогийн хэрэглэж байгаа эрүүгийн хууль бол хавтаст хэрэг гэгч зөвхөн мөрдөн байцаагчийн бичсэн “зохиолоор” цагдан хорьж, хэргээ хүлээлгэх замаар прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх өнөөх “зохиолыг” уншиж танилцаад ял өгөхийг урьдчилж шийдээд дараа нь шүүх хурал хийж ял өгдөг практик амь бөхтэй тогтсоныг бид мэднэ.
 
2000 оны эхэн үеэр эрүү шүүлтийн нөхцөл байдал хирээс хэтэрсэн, хүний халдашгүй эрхийн зөрчил бодитой байгаа талаар ХЭҮК-оос илтгэл гарсан бөгөөд хуулийн байгууллагуудын хэмжээнд онцгой яригдаж, олны анхаарал татаж байв. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа өөрөөр хэргийг нотлуулах замаар мөрдөн шалгах замаар хэрэг шийдэж ирсэн нь ийм түүхэн уламжлалтай аж. Үүнээс үзвэл эрүүгийн гэх энэхүү хэллэг хуулийн салбарт 70 орчим жилийн өмнө л орж ирсэн Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж боловсруулах ажил дуусч, энэ УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр зэхэж байна.
          
Шоронжуулах эрүүгийн бодлоготой орны хуульд нэг анхаарал татсан зүйл байдаг нь дахин давтан үйлдсэн, рецетив гэмт хэрэгтэн гэсэн ойлголтын  ялын бодлогод суулгадаг байсан тухай Хууль зүйн яамны мэргэжилтэн Г. Оюунболд өгүүлэхдээ “ Манай улсад ял өөрөө гэмт хэргийн шалтгаан болдогтоо учир нь байгаа юм. Тухайлахад, ял эдэлсэн нийт хоригдлуудын 70 хувь нь хорих газраар байнга дамждаг, тэндхийн данстай хүмүүс буюу анги давхрага бий болжээ. Ерөөсөө бид эрүүгийн ял, шийтгэлийн бодлогоороо өөрсдөө мэргэшсэн гэмт хэрэгтний  давхаргыг  бий болгож, гурван жилд тутам Өршөөл үзүүлэх хууль гаргаж шоронгийн дүүргэлтийг багасгах хүртлээ асуудлыг хүндрүүлжээ. Гэтэл өнөөх өршөөлөөр гарч ирсэн 5 мянга орчим хүний 40 хувь нь эргээд тэр жилдээ бүр гэмт хэргийн карьераа өсгөж, шорондоо буцаж орцгоодог байна.
 
Нэг жишээ хэлэхэд Махан толгой хочит Тулга гэгч эхлээд насанд хүрээгүй байхдаа хулгайн хэргээр шоронд орж мэргэжлээ дээшлүүлээд гарч ирээд бүлэглэн дээрэмдсэн хэргээр хоёр дахиа яллагджээ. Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсаныхаа дараа тэрбээр Хөвсгөл аймагт бага насны охиныг хөнжилд нь боож нуурын эрэгт аваачиж хүчиндээд алсан жишээнээс харж болно. Хэрвээ түүнийг хүүхэд байхдаа анх хулгай хийхэд нь хорих ял шийтгээгүй бол ингэтлээ гэмт хэргийг карьер нь өсөхгүй байх үндэстэй юм.
 
Өөр нэг жишээ хэлэхэд  хэдэн жилийн өмнө Ариунжаргал гэгч бүсгүй арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авч байсныг санаж байгаа байх. Гэтэл Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр Казинод тоглож орхисон Ц.Чимэдцэрэн гэх хүн мөн адил 10 жилийн ял авч долоон жил хиртэй суугаад суллагдсан бөгөөд Зүүн хараагийн хорих ангид хоригдож байхдаа тэрбум төгрөгийг хандивлаж байсан тухай ч ярьдаг. Гэтэл тэрээр өөрийн биеээр барагдуулсан хохирол нь 50 мянган төгрөг шүүхэд төлсөн байдаг. Гэтэл дээрх 10 мянган төгрөг хулгайлаад 10 жил яагаад авсан бэ гэвэл   өмнө нь булаалтын хэрэгт ял шийтгүүлсний дараа дахин давтан ижил төстэй гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр хэргийг чангаруулж арван жилийн ял оногдуулсан байх жишээтэй. Эндээс л харахад манай улсын шүүх болон эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод шударга ёс үйлчилж байна уу үгүй юу гэсэн асуултын хариу гарна” хэмээн өгүүллээ.

Мөн хууль зүйн доктор Б.Батзориг “Хэчнээн сайн эрүүгийн хууль гараад ч процессын хууль буюу гүйцэтгэх арга барилыг сайн өөрчлөхгүй бол ямар ч хууль хэрэгжих нь бараг бүтэшгүй гэж яриагаа эхлээд “ Гүйцэтгэх ажлын шугам гэдэг нь эрүүгийн байцаан шийтгэх хуулинд прокурорын зөвшөөрөлтэй хийсэн гүйцэтгэх ажлыг нотлох баримтын хэмжээнд үнэлж болно гэсэн заалт өнөөдөр ч хэрэгжиж  байна. Энэ ажлыг эрүүгийн төлөөлөгч хэмээх хүн нууцаар мөрддөг бөгөөд уг нь энийг мөрдөн байцагч ил болоод далд байдлаар мөрдөх ёстой байтал тийм хуульгүй хууль сахиулагчид өнөөг хүртэл амь бөхтэй байсаар байгаа...” хэмээн ярьж байлаа.
 
Ер нь манай улсын эрүүгийн нөхцөл байдлыг дүгнэн үзвэл гарын арван хуруунд багтахтай үгүйтэй /хулгайлах, дээрэмдэх, булаах, дээрэмдэх, танхайрах, хүчиндэх, хүний биед гэмтэл учруулах, хүнийг алах, ашиглан шамшигдуулах, завших үрэгдүүлэх гэх мэт/ төрөл нь гэмт хэргийн дийлэнх хэсгийг эзэлдэг бөгөөд үүний үнэмлэхүй масс нь Улаанбаатар хотод гардаг  ажээ.
Ц.Элбэгдорж ерөнхийлөгч анхлан санаачилж хууль зүйн салбарын хүмүүс санал бодлоо оруулж Х.Тэмүүжин сайдын үед эхлүүлсэн ч Д.Дорлигжав сайдын үед дахин найруулаад эсэргүүцэж бичиж байсан хуульч С.Нарангэрэл тэргүүтний саналыг бүрэн тусгасан эрүүгийн хууль шинээр гарах гэж байна.
 
3.Төгсгөл хэмээх эхлэл
 
Эрүүгийн шинээр өргөн барьсан хуулийн тухай жишээ авахад эцэс төгсгөлгүй урт яриа болох билээ. Одоо энэ удаагийн яриаг нийтэд хамаатай хоёр  жишээгээр өндөрлөё.
 
Жишээ нэг. Хэн нэгэн залуу архи ууж согтуураад ресторан баар олон нийтийн газарт хэн нэгнийг архины шилээр цохисон гэж бодъё. Дээрх хэрэгт одоогийн мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар бол  энэ залуу олон нийтийн газарт танхайрсан гэх Эрүүгиййн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэсэн зүйл ангиар 5-аас дээш жилийн ял төлөвлөж шүүгээд хорих ялыг биечлэн эдлүүлнэ.

Харин одоогийн өргөн бариад буй эрүүгийн шинэ хуулиар бол бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан зүйл ангиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд заавал хорих ял оногдуулахгүйгээр электрон гав хэрэглэж гэрийн хорионд байлгах эсвэл тэнсэн харгалзах, тусгай сургалтад өгөх гэх мэт хувь хүний байдалд тохирсон ял өгөхийг урьтал болгоно.

Одоогийн хэрэгжиж байгаа эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол оролцогчдыг байцаах нүүрэлдүүлэх мэдүүлгийн зөрүү арилгах, шинжээч томилох, хэргийн газрын үзлэг хийх, прокурор хяналт тавих, шүүх хэрэгтэй танилцах, шүүх хуралдааны тов зарлах  гэх мэтээр хамгийн багадаа хоёр сар гаруй түүнээс ч урт хугацааны процесс дамжиж байж хэргийг шийднэ.

Тэгвэл одоогийн УИХ-д өргөн бариад байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулийн төслөөр бол хэрэг нь ил тод, олны өмнө үйлдэгдсэн баримттай, яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчийн хохирол гэм хорыг нөхөн төлсөн бол нэгээс гурав хоногийн дотор хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэнэ.
                                  
Жишээ хоёр Нэгэн эрхэм хилээр ачаагаа гаргуулах гэх авч гаалиар нэвтрүүлэхээр мэдүүлсэн барааны зөвшөөрөгдсөн хэмжээ хэтэрсэн тул нэмэлт төлбөр хийхийг гаалийн байцаагч шаарджээ. Өнөөх эр өчүүхэн жингийн өөрчлөлт байна шүү дээ гаргачих хэмээн учирлан гуйсан ч байцаагч хясжээ. Өнөөх эр аргаа бараад 2 сая төгрөг түүнд өгөөд бага зэрэг кг хэтэрсэн бараагаа оруулж ирсэн ч хожим гэртээ хэвтэж байтал авилгыг мэдээлэх утас зурагтаар нь гарч байхаар мэдээлэл өгч орхижээ. Гэтэл тэрээр өөрөө хахууль өгөхийг санаачилж өгсөн хэргээр өнөөх гаалийн улсын байцаагчийн хамт 3 жилийн ял авсан байх юм. Энэ бол бодитой болсон үйл явдал бөгөөд ийм хуультай байхад яаж авилга илрэх билээ дээ.
 
Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд “Хээл хахууль өгөх” гэмт хэрэг гэж бий.

Тус зүйлийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг. Тэгвэл УИХ д Хууль зүйн яамнаас өргөн бариад байгаа шинээр Эрүүгийн хуулийн төслийн 22.5 дугаар зүйлд “Хахууль өгөх” гэсэн хэсгийг үзвэл:

Тус зүйлийн 1-т “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр үүрэг хүлээсэн хүн, эсхүл нийтийн албан тушаалтанд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эдийн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хязгаарлаж, дөрвөн зуун тооцооны нэгжээс арван дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар гэрийн хорионд байлгах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заагаад тайлбартаа:

“Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, төрийн албан хаагчийн хууль ёсны дагуу албан үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.” хэмээн тодотгожээ. Энэ мэтээр  төрийн эрүүгийн ял шийтгэлийн бодлого өөрчлөгджээ. Авилгатай тэмцэх арга барилыг эрүүгийн ял шийтгэлийн бодлогын хувьд өөрчилж байна гэсэн үг.

"Хууль бол ёс суртахууны доод хязгаар мөн“ гэсэн дорнын үг байдаг.

Шинэ Эрүүгийн хуулиар анх удаа, ёс суртахууны хэм хэмжээнээс доош орж  гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд заавал хорих ял оногдуулахгүйгээр цахим гав хэрэглэж гэрийн хорионд байлгах эсвэл тэнэсэн харгалзах, тусгай сургалтад өгөх гэх мэт хувь хүний байдалд тохирсон ял өгөхийг урьтал болгоно гэх мэт асар олон дэвшилттэй Эрүүгийн хууль өргөн баригдсан байгааг цухас дурдаад ер нь л өмнөх шиг хуульгүй хууль тогтоогчдын зохиолоор хүний амьдрал шийддэг байсан хуучин тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж байгаа тухай бусад сэтгүүлч нөхдөдөө энэ сэдвээр цааш үргэлжлүүлэн бичихийг уриалаад төгсгөл хэмээх эхлэлээ өндөрлөе.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив