Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Хар” тамхи хэмээх хар айдас
2015 оны 5 сарын 18 [Уншсан тоо: 104496]
Энэ нийтлэлийг 2010 онд бичиж байжээ. Ноднин жилээс АНУ-ын 23 мужид чөлөөтэй зардаг болсон бөгөөд Мэдикэл марихуана буюу эрүүл мэндийн өвс хөтөлбөр хүчтэй хэрэгжиж хорт хавдар эмчилдэг нь тогтоогдож “Симпсоны тос” хэмээх бэлдмэл маш түгээмэл болсон… гэх мэт мэдээлэл 2010 онд гараагүй байж.
Одоо шинэ Эрүүгийн хууль хэлэлцэх гэж буй цаг тул засваргүй тэр үеийн эхийг дахин нийтэлж байна.


Энэ сэдэв хэдхэн жилийн л өмнө танд хамаагүй хаданд чимээгүй  юм байлаа. Гэтэл саяхнаас бид гайхах айх зэрэгцэн элдэв мэдээ сонсдог болов. Уг нь бид орой бүр шахуу хар тамхинаас үүдэлтэй гэмт хэргийн тухай Холливудын кино үздэг л дээ. Киногоор бол бараг л яаж хэрэглэхийг заах нь холгүй. Түүнийг зарах, наймаалцах гэж дэлхий даяар бөөн дайн болж байгаа нь бас л үзэл сурталгүй хөрөнгөтөн орны юм байлаа. Гэтэл сүүлийн хэдэн жил ийм хэрэгт холбогдсон, гадаадын хилээр оруулах гэж байгаад баригдаж насаараа хорих ял авсан Монголчуудын тухай мэдээллүүд цуврах болж жинхэнэ одууд л хэрэглэдэг гэж бодож явсан чинь манай “одууд” бас дутахгүй хэрэглээд түүнээсээ болж шоронд орж эхлэв. Уг нь ориг одууд хэтрүүлээд үхлээ л гэхээс шоронд орлоо гэж дуулдах нь ховор. Одоо ч гэсэн Баавар гэх реппер залуу мөн ийм хэрэгт шалгагдаад арван жил авахгүйн тулд өөрийгөө шатаалаа ч гэх шиг хэл ам ихтэй л байна.  Ингэж нийтийн дунд зүгээр л хар тамхи гэсэн нэг их хар айдас үүслээ. Нэг нөхөр кокайн хараад “Пөөх, хар гээд л байсан цав цагаан л юм байна шүү дээ” гэсэн яриа байдаг.

Дэлхий дахинд drug буюу эм тан гэсэн нэрээр ерөнхийд нь нэрлэдэг мансууруулах эм бэлдмэлийг бид хар тамхи л гэнэ. Хар гэдэг үг хашиш буюу канабис хэмээх өвснөөс гаргаж авсан тос маягтай юмнаас гарч ирсэн байж болох талтай.

Монголд битгий хэл дэлхий дахинд 1912 онд Анхны опиумын олон улсын конференц гэж хийгээд 7 жилийн дараа анхны хууль гарсан болохоор энэ хэрэглээ манайд их байсан байж таарна. Хүрээний хятадууд хар тамхи хэрэглэдэг байсан. Хар тамхинд шартахыг жин болох гэж ярьж байсан тухай бичигдэж үлдсэн байдаг. Мөн шидэт үрэл гэх мэтээр олон янзаар нэрлэж байжээ. Бидний уншиж хүмүүжсэн Монте Кристо гүн зэрэг номонд тийм нэг сонин зүйлийн тухай дурдсан байдаг. Өвөр Монгол хэлэнд “донхолзуулах үрэл” хэмээн нэрлэдэг байх юм.

Манай Эрүүгийн хуульд “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”  хэмээх 22-р бүлэгт 192 -196 дугаар зүйлд энэ тухай хуульчлахдаа “Борлуулах зорилгогүйгээр  мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл,бодисыг олж авсан хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, гурваас зургаан сар баривчлах эсхүл хоёр жил хүртэлхугацаагаар хорих ялаар шийтгэнэ”  гэж эхлээд элдэв хүндрүүлэх шалтгаантай бол арав, арван таван  жил хүртэл хорих ялтай хэмээн заажээ. Үнэхээр ч сүүлийн үед шийтгэгдсэн залуус дандаа л олон жил авсан байдаг. Тэгэхээр та ч хөдөө тэнэж яваад канабис хэмээх хогийн өвс олж түүгээд орхивол  хоёр жилийн хорих ял хүртэх нигууртай ажээ.

Бас нэг өөр хууль байдаг нь Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль юм. Дээрх хуулиудад “хууль бусаар олж авсан” гэсэн хачин хэллэг бий. Мэдээж дэлгүүр, аптект зарж болохгүй болохоор газраас олсон ч, хүнээс авсан ч хууль бусаар л авсан хэрэгт унана.

Ийм нэг айхтар мангаа газар ургаж байдаг аж. Самуун үгт гайхал би ч яахав саваагүй нялх хүүхэд тэр гайхлыг сонирхоод олчихвол бас саваагүйтээд хэрэглэчихвэл тэр хүүгийн амьдрал тэр чигээрээ эргэх аюултай ажээ. Бас нийтийн дунд түгсэн бодлоор бол тэр хар тамхи гэгчийг нэг л сороо бол өнгөрөө гэсэн ойлгоц түгээмэл байдаг. Нээрээ энэ ер нь юу гээч чөтгөр вэ гээд элдэв сайт орж үзэхэд насаараа уншиж барахааргүй их юм байх бөгөөд зах зухаас нь хараад бүр мэл гайхаж хоцров.

1961 онд батлагдсан “Норкотик бэлдмэлийн эсрэг конвенцид” бараг хоёр зуу гаруй бэлдмэлийн нэрс жагсаатай байх ажээ. Акотофин, акати- альфо- метифенталь гээд л А-гаас эхлээд Я хүртэл үй түмэн хэл хугалмаар нэрс  жирийж байх юм. Гэтэл бид хар өнгөтэй сигар шиг юм төсөөлөөд л сууж байдаг юм байна. Хориотой бараа болохоор гаж хэллэг элдэв нууц нэрсийг жагсаавал бараг л толь бичиг болмоор ажээ.

Бүр цааш нь лавшруулаад судалтал бүр ч болохоо болилоо. Марихуана хэмээх ургамлыг ерөнхийд нь канабис хэмээн нэрлэдэг боловч бас л дотроо олон янз гэнэ. Тэгсэн өнөөх өвс маш олон судалгаагаар бидний өдөр тутам хэрэглэдэг тамхинаас ч бага донтуулах чанартай болоод ирэв. Тэр ч бүү хэл марихуана татаад үхсэн, уушиг нь муудсан хүн бараг үгүй бөгөөд энгийн тамхи харин ч илүү хортой болоод явчихав. Явж явж зүгээр архи буюу алкохол, херойн гэгч опиумаас гаргадаг хорноос ч хортой донтуулах чанараар илүү гэж бичигдсэн байдаг аж. Зүгээр зах зухаас нь  шагайхад л ийм мэдээлэл гарч ирнэ. Бидний татдаг тамхи яг хоол шиг, ус шиг хүнд дадал болдог бол архи бас л маш хүчтэй донтуулдаг ажээ. Заавал ч үгүй тэр муу хар тамхины  мууг нь үзнээ гээд бөөн ажил өрнөлөө. Тэгэхээр эхлээд ерөнхий мэдэгдэхүүнтэй болох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв.

ХУУРАЙ ХУУЛЬ

Архины хуурай хуулийн талаар бараг бүх хүн сонссон биз. Одоо ч муслимын зарим оронд энэ хууль хүчин төгөлдөр ажээ. Орос хүртэл 1917 оноос хэсэг хугацаанд архины хуурай хуультай байсан байх юм.

АНУ-ын хуурай хууль 1920-1933 онд үйлчилсэн бөгөөд энэ үеийн тухай  өнөөх бидний үзэх дуртай гангстер кинонуудад өгүүлдэг. Маш товчоор жишээ авах юм бол Ал Капоне хэмээх мафийн толгойлогч тэдний бүлгүүд хуурай хуулийн үед нууцаар архи пиво борлуулдаг байсан бөгөөд долоо хоногт зөвхөн пивоноос л гэхэд 60 сая доллар олж байсан тоо байх юм. 1947 онд нас барсан тэр этгээд хуурай хуулийн бүтээгдэхүүн ажээ.

Хар тамхийг хориглосон хууль гарсан нь бас нэг хуурай хууль гэж үздэг хүмүүс маш олон байдаг бөгөөд либертари үзэлтнүүд хар тамхины наймаа гэгч зүйл бүх дэлхийг бүрхсэн мафийн сүлжээ цагдаа нарын авилгын уурхай гэж үздэг юм байна. Үнэндээ ч нэг грам хар тамхи арван доллараар л гардаг боловч зарагдахдаа зуугаас дөрвөн зуу болдог ажээ.

Яг өнөөдөр Мексикт ийм хар тамхины дайн болж байгаа. Дэлхийг бүрхсэн гэмт хэргийн бүлэглэл Мафи нар гол орлогоо үүнээс л олдог байна. Хууль цагдаагийнхан мөн л ийм хэргийг илрүүлээд тэднээс авилга авдаг бүхэл бүтэн сүлжээ үүсчээ. Энэ бодис, өвс шиг арав хорь бүр дөч дахин нугалардаг наймаа гэж хаана ч байхгүй юм.

Тэгэхээр бас нэг шинэ хуурай хууль гэж үздэг хүмүүс байгааг ойлгож болно. Хар тамхи хэрэглээд гэмт хэрэгт орохоосоо илүүтэйгээр тэр зүйлсийг зардаг сүлжээ хоорондын дайн тэмцэл гол гэмт хэргийн үүр бөгөөд ийм сүлжээнд улс төр, эдийн засгийн бүлэглэл гүн холбоотой ажээ.

ХАР ТАМХИ ЧӨЛӨӨТЭЙ ГАЗРУУД

Голланд улс ганцаархнаа шахуу зөөлөн хэлбэрийн хар тамхийг кофе шопод зардаг орон юм билээ. 1976 оноос хуульдаа өөрчлөлт оруулж 1980 оноос кофе шопод зөөлөн хэлбэрийн байгалийн гаралтай мансууруулах бодис зарахыг Пиэт Хайн Денэр гэх хууль зүйн сайд зөвшөөрсөн аж. Тэгээд Нидерланд улс хар тамхины жуулчлалын орон болсон ч сүүлийн үед хуульдаа дахин өөрчлөлт оруулж, хатуу төрлийн бодис худалдахгүй байх ,18 нас хүрээгүй хүнд үйлчлэхгүй байх, 500 грамаас ихийг үл худалдах зэрэг хориг оруулж байгаа бөгөөд нутгийнхан тэр дундаа парламентад суудал бүхий эмэгтэй гишүүд хар тамхи чөлөөтэй хэрэглэх хуулийг эсэргүүцэж эхэлжээ.

2008 онд Росендаль хэмээх хотод хориг тависан бөгөөд тэр үед Бельги, Францаас нэг долоо хоногт ирдэг байсан 25 мянган хар тамхины турист тасарсан гэсэн тоо байх юм. Мөн Амсдердам хот 2012 оны есдүгээр сараас 2015 оны есдүгээр сар хүртэл олон баар савыг хаасан байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь хатуу хор гэгчид архи багтдаг учир архины эсрэг тийш хандаад байна.

АНУ-д 18 штатад эмчийн зөвшөөрлөөр марихуана хэмээх өвсийг олгодог аж. Ийм төрлийн бодисыг өвчин намдаах тайвшруулах зорилгоор эмчилгээнд хэрэглэдэг ажээ. Зарим штатад тодорхой граммыг халааслаад явахад хуулийн хариуцлага хүлээдэггүй бөгөөд ер нь зөөлөн хэлбэрийн өвс, хашиш олон штатад зөвшөөрөх тал руугаа явж байгаа юм байна. Гэхдээ мэдээж цагдаагийн нүүр рүү утаагаа үлээгээд бай гэсэн үг биш.

ХАР ТАМХИ ГЭЖ ЗӨВХӨН ТАМХИ БИШ

Тамхи гэдэг ерөнхий нэрний цаана хамрын, амны гэх мэтээр олон төрөл байдаг шиг хар тамхи гэсэн нэрний цаана татдаг, тарьдаг, иддэг гэх мэт маш олон төрөл зүйл байдаг аж. АНУ-ын Нью Иорк таймс сонины 1994 -8-2 ны дугаарт гарсан доктор Жак И Хенэнфийлд гэх хүний судалгаагаар бидний өдөр тутам хэрэглэдэг жирийн тамхи бас л драг буюу хар тамхи ангилалд багтана  гэж үзээд бүх нийтэд тархсан хамгийн аюултай хор гэж тодорхойлжээ. Тэгээд ч жирийн тамхины эсрэг хуулиа чангатгаж эхэлсэн бололтой юм. Хүн амын 45 хувь тамхи, кофэйнд донтдог бөгөөд буцаж гарахад хамгийн хэцүү хор гэж тогтоосон байна.

2012 оны ЖАМА буюу Үндэсний Эрүүл Мэндийн Институтын 5115 хүнд хийсэн судалгаараар марихуана хэмээх өвс жирийн тамхи хоёр яг адилхан хор хөнөөлтэй бөгөөд уушиг гэмтээх талаараа жирийн тамхи илүү хортой гэж тогтоожээ.

Канабис хэмээн ерөнхий нэрлэдэг өвс хэрэглэгчдийн тоо 1977 онд сүүлийн сард хэрэглэсэн гэсэн судалгаагаар 38 хувьтай байсан бол 2011 оны дээрхийн адил судалгаагаар 23 хувь болж буурсан байна. НҮБ-ын судалгаагаар дэлхий нийтэд хамгийн их хэрэглэдэг хориотой зүйл бол марихуана гэж гарчээ.

Ер нь хар тамхи гэж бидний нийтлэг нэрлэдэг зүйл дотроо байгалийн гаралтай өвс буюу канабис, түүнээс гаргаж авсан тос буюу хашиш, херойн гэдэг нь опиум хэмээх цэцгээс гаргасан татдаг, тарьдаг, уудаг нэр төрөл байдгаас гадна маш аюултай төрөл нь  химийн аргаар гаргасан  бодисууд байдаг ажээ.

Энэ аюултай хортой хурдан донтуулдаг бодисын нэг нь мөс гэж нэрлэгддэг Метавитамин юм. Энэ бодис харахад мөс мэт байдаг бөгөөд түүнийг хайлуулж утааг нь сорох гэх мэт олон аргаар хэргэлдэг байна. Мет буюу Мөсийг япончууд анх нээж олсон гэх бөгөөд түүнийг хэрэглэхэд нойр хүрэхээ байж айдас түгшүүр арилж ямар ч юмыг маш сайн хийдэг болдог болохоор армид их хэргэлдэг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Герман цэргүүдэд маш ихээр өгдөг байсан бөгөөд “Нисэгчдийн шоколад”, “Нисэгчдийн давс” гэж нэрийддэг байжээ. АНУ-д ч энэ бэлдмэлийг цэргийн зорилгоор ашиглаж байсан төдийгүй японы камиказе нар их хэрэглэдэг байсан байх юм. Энэ бодис 1951 оноос нийтэд хэрэглэхийг хорьсон ч одоо дэлхий даяар тархсан бодис болжээ. Тайланд мэтийн улс оронд ажилчид их хэрэглэдэг бөгөөд түүнд донтох маш амархнаас гадна тогтмол хэрэглэдэг хүмүүс маш хурдан хөгширч, шүд нь унаж бас түүнгүйгээр байж чадахаа больдог нэг төрлийн допинг ажээ. Энэ бэлдмэлийг жирийн аптекаар зардаг эмнүүдийг нийлүүлж урвалд оруулах байдлаар бэлтгэж болдог тул энд тэнд нууцаар үйлдвэрлэх боломжтой маш хүчтэй хорт бодис юм. Ийм химийн аргаар боловсруулж гаргасан маш олон төрлийн бодис байдаг байна.

Моод Монголоор дуусдаг гэдэг шиг манайд энэ бүх төрлийн бодис орж ирсэн гэх мэдээллүүд байгаа тул нарийвчлан зааглаад 200 гаруй нэр  хуульдаа оруулахгүй гэхэд хатуу зөөлөн химийн байгалийн гэх мэтээр зааж өгөх шаардлага зайлшгүй бий болжээ.

Ингэж зааглахгүй бол залуучууд олноороо хэлмэгдэх магадлал маш өндөр ажээ. Хэн нэгний халаасанд ихээхэн хашиш хийчихээд гүтгэхэд тэр этгээд шоронд суух юм. Ер нь маш товчоор бол энэ бэлдмэлийг хэрэглэсэн хүн нь биш зарж борлуулдаг бэлдэж хийдэг хүмүүс л гэмт хэрэгтнүүд байдаг бөгөөд жирийн иргэдэд дамлан худалдаж л мөнгө олдог юм байна. Түүнээс тэрийг татаад агсам тавьж догшрох гэж бараг үгүй, харин түүнд донтсон хүн түүнийгээ олохын тулд яахаас ч буцахгүй болж хамаг юмаа зарах, мөнгө олохын тулд гэмт хэрэг хийх нь бий. Ялангуяа химийн гаралтай бэлдмэлийг судсаар тариад эхэлбэл тэр хүн шууд үхлийн виз авлаа гэсэн үг. Бас даунэр буюу унагаагч аппер буюу сэргээгч гэх мэт олон янзын бэлдмэл байдаг байна. Ялангуяа химийн бэлдмэлүүд дунд догшин ууртай болдог, маш хурдтай хөдлөөд эхэлдэг зэрэг хачин үйлчилгээтэй хорууд ч бас байдаг байна. Маш товчоор бол тамхи л гээд байгаа болохоос олон янзын бэлдмэл байдаг юм байна.

Гэтэл бүр маш анхаарал татах зүйл бол марихуана буюу канабис гэгч өвс 2500 жил эмэнд орж ирсэн эмийн ургамал  бөгөөд түүгээр хийсэн ханд тос зэрэг нь хорт хавдрыг эдгээдэг шидтэй тухай маш их зүйлс байхыг олж үзлээ.

ТӨГСГӨЛ БУЮУ БИД ЯАВАЛ ДЭЭР ВЭ?

Маш товч бичихэд иймэрхүү л юм байна. Мэргэн түмэн гүнзгийрүүлэн судална буй заа. Мунхаг миний хэмжээнд бол ийм л юм олж мэдлээ.Тэгээд ч би эм зүйч, ургамал судлаач биш болохоор хүчин мөхөстсөн байж мэднэ.

Харин сэтгүүлч хүний хувиар манай орон энэ аюулд бэлэн байна уу? Манай хууль ямар байна вэ гэдэг талаар эцэст нь бодлоо хэлье. Дэлхийн улс орнууд дундаас энэ тал дээр хамгийн харгис хуультай орноор манай өмнөд хөрш онцгойрдог байна. Угаасаа ч маш эртнээс ийм төрлийн бэлдмэл хэрэглэдэг заншилтай улс тул ингэж хатуу хориг тавьдаг уу эсвэл мөнөөх коммунист орны хууль уу гэсэн асуулт гарч ирнэ. Хятадууд Британи, Япон зэрэг маш олон улсын иргэдийг хилээр хар тамхи оруулж ирсэн, гаргасан гэх зүйл ангиар цаазлан хороожээ. Манайхаас ч одоогоор олон хүн цаазын ял сонссон, бас насаараа хоригдох ялтай сууж байгаа. Хятадын эрүүгийн хуульд мансууруулах бодисыг хилээр оруулах зарж дамлах маш хүнд ялтай бөгөөд цаазаар авах насаар нь хорих ялтай байна. Арга ч үгүй биз, тийм олон хүнтэй орон нэг тархвал хүч хүрэхгүй болно. Хэдэн хүн цаазлахад ямар хорогдох биш.

Монгол хэмээх улс ердөө хоёр сая гаруйхан хүнтэй улс хоёр тэрбум хүнтэй орон шиг хуультай байж болох уу? Нидерланд мэт шиг зөөлөн хуультай байх албагүй ч Хятад шиг хатуу хуультай байх нь дэндүү хачин санагдахгүй байна уу? Зүгээр залуучууд сонирхоод ганц нэг хэрэглэж үзсэний төлөө шахуу арван жилээр хориод манайд энэ асуудал шийдэгдэх үү? Үнэхээрийн зохион байгуулалттай зарж хил давуулж тарааж түгээж ашиг олж байгаа бүлгийг хатуу шийтгэх нь зөв атал саваагүйтээд олоод авсан залуусыг “хууль бусаар” олж авсан, хадгалсан гэж олон жилийн ял өгөөд байвал мөд манай улс шоронгоо залуусаар дүүргэх болно. АНУ зэрэг улсад хэзээ ч хэрэглэсэн хадгалсан хүн ял авдаггүй бөгөөд харин тэднийг албадан эмчилдэг ажээ. Ч.Галсан зохиолч нэг телевизийн ярилцлагадаа “Монгол хүний ухаан хөөж биш хүлээж гүйцдэг” гэж хэлж билээ. Ирж буй аюулын өөдөөс ухаалаг хууль гаргаад хүлээж гүйцэх учиртай.

Хууль гэгч гарсан хэргийн хойноос хөөцөлдөж гүйх биш харин ирж буй аюулыг угтаж тосч авдаг байх ёстой билээ. Монгол залуусын орон.

“Үндэстний Тойм” сэтгүүл
2010 он





 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив