Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүн бүр “БҮТЭЭЛЧ”
2015 оны 5 сарын 25 [Уншсан тоо: 63525]

Янз бүрийн ааш гаргаж байгаа хүүхдээ битгий шоол
тэр янз бүрийн юм туршиж байгаа нь тэр.

Логан Персал Смит
 
 
Авраам Линкольн гуталчны хүү байсан ч АНУ-ын ерөнхийлөгч болж чадсан нэгэн. Язгууртнууд энэ бол доромжлол гэж үзсэн. Сүүлд нь түүнийг алсан ч үүнтэй холбоотой. Гуталчин хүн ерөнхийлөгч болсныг тэвчиж чадаагүй. Түүнийг тангараг өргөх гэж байхад нэг язгууртан сенатч босч ирээд:

-Ноён Линкольн хэдийгээр та азаар, санамсаргүй ерөнхийлөгч болсон ч гуталчны хүү гэдэг гарвалаа бүү мартаарай . Хэзээ нэгэн цагт та манайд аавтайгаа ирээд гутал хийж өгч байсан хүн шүү дээ одоо ч энд тэр гуталтайгаа сууж буй хүмүүс байгаа л байх гэжээ.

Тэр сенатч түүнийг гутаан доромжилж байна гэж бодсон. Гэтэл тэрээр:

-Намайг тангараг өргөх гэж байхад эцгийг минь сануулсанд гялайлаа. Миний эцэг агуу хүн байсан юм. Тэр маш том бүтээлч байсан. Түүний хийсэн гутал төгс урлаг болдог байлаа. Би ямар ч мундаг ерөнхийлөгч боллоо ч гэсэн аавынхаа хаана нь ч хүрэхгүй хүн. Энд байгаа сенатч дотор аавын хийж өгсөн гутал хөлийг чинь барьж байгаа бол шууд надад хэлээрэй. Би аав шигээ сайн гуталчин биш ч гэлээ өөрөө гэрт чинь очоод засаад өгч дөнгөнө гэж хариулжээ. Энэ үгнээс хойш түүнийг ийм амархан ялчихаж чадна гэдэг бодол алга болсон гэдэг. Гэхдээ тэрээр алуулсан л даа.

Энэ жишээгээр би яагаад энэ нийтлэлийг эхлэв гэхээр хүн бүр бүтээлч байдаг юм гэх гэсийм.

Уран бүтээлч гэдэг энэ уран нэр хэзээ бий болзсоныг би мэдэхгүй. Миний эцэг насаараа урчуудын эвлэлийн хотын салбарыг даргалж байсан зураач хүн. Тэнд би бага насаа өнгөрөөсөн. Яг одоо Соёлын төв өргөө байрлаж байгаа буурин дээр хотын салбар байлаа. Уриа лоозунг , өнөөх олон улс төрийн товчооныхны хөрөг энэ тэр бүгд тэнд хийгддэг байсан юм. Аав маань “Бүтээлчид" гэж ярьдаг байлаа. Тэхэд бүх зураачид бие биенээ бүтээлчид гэж нэрлэнэ. Бүтээлчдээ өнөөдөр миний ярих зүйл бол .. гэж аав минь яриагаа эхэлдэг байлаа. Тэр үед хийсэн ажлыг нь “уран бүтээл” гэдэг байснаас өөрийг нь зүгээр л бүтээлч ,бүтээлчид гэдэг байсныг би маш тод санадаг юм.

Одоо ч би өөрийгөө уран бүтээлч гэж хэлүүлэхээс эмээдэг нэгэн.

Одоо бодоход хүмүүс бүгд эхлээд “ бүтээлч” төрдөг ч аажимдаа тэр бүтээлч чанар устаж үгүй болдог шиг. Хүүхдүүд бүгдээрээ л бүтээлчид байдаг . Тэд эрх чөлөөтэй юу хүссэнээ хийж байдаг. Зураг зурдаггүй хүүхэд та үзсэн үү?  Бид буюу томчууд л түүнийг эвдэж бүтээлч биш үйлдвэрлэгч, техник ажилтан болгож хүмүүжүүлдэг.

Хүний баруун тархи мэдрэмжийг зүүн тархи логик тоо голдуу боддог гэдгийн хэн хүнгүй мэднэ. Хүүхэд хүүхэд байхдаа гагц баруун тархи нь ажилдаг зүүн тархи хоосон байдаг юм байна. Үндсэндээ боловсрол олгох систем бол зүүн тархинд хог чихэж баруун тархийг сул дорой  болгоход л чиглэгддэг ажээ. Бид сургуульд шалгалт өгдөг шүү дээ. Тэр шалгалт гэгч бол зүүн тархинд чихсэн хогийг хэн сайн цээжилсэн бэ гэсэн л туршилт. Өөрөөр хэлвэл нэг хүний ярисаныг яг таг цээжлээд буцааж бөөлжихыг хэлнэ. Хэн алдаагүй тэр бүх мэдээлэлийг сайн бөөлжиж гаргасан нь онц дүн авна. Та нар нэг бодоод үзээрэй ангидаа алтан медальтай сурч байсан сурагч одоо хаана байгаа бол гээд бодход бүгд алга болсон байх бий. Яагаад гэвэл тэр аль дээр үед бүтээлч чанараа гээж зүгээр л робот, мөнгө олох машин болсон болоод тэр. Зүүн тархи хогоор дүүрч баруун тархи унтсан гэсэн үг. Тэр одон медаль гэгч түүнийг хүн биш зүгээр л үйлдвэрлэгч гүйцэтгэгч болсныг нотолсон ломбо байжээ. Гуталчин байтугай шал угааж байгаа цэвэрлэгч ч гэсэн сэтгэлээ баясаж цэвэрлэж байвал тэр хүнд бүтээлч зан чанар байнаа л гэсэн үг. Хоол хийхэд ч хог шүүрдэхэд ч баяр төрж байгаа бол тэрээр бүтээлч хэвээрээ байна гэсэн үг ажээ.

Саяхан нэг алдартай хошин шогын жүжигчин тв гээр “ Хүн инээлгэх амар ажил биш. Бид нар их зовдог гэж машид ялархан ярьж байлаа. Хэрвээ тэр бүтээл хийхдээ тэгж их зовж байгаа бол тэр огтоосоо бүтээлч биш ажээ. Зүгээр л мөнгө олох гэж зовж яваа нэгэн аж. Жинхэнэ, жинхэнэ биш бүтээлчидийг мэдэх маш амархан. Ялархаад байгаа бол тэр хүн өөр юм хийсэн нь хамаагүй дээр. Жинхэнэ бүтээлч хүн хийж байгаа юмандаа баясдаг түүгээрээ жаргадаг хүмүүс байдаг.

Нобелийн хошой шагналтан яагаад гардаггүй вэ гэхээр тэр нэр алдар мөнгө хоёрын “шоронд” орчихдог болоод тэр. Бүтээлч хүн эрх чөлөөтэй зоригтой , өөрийгөө тэнэг гэж хэлүүлэхээс айдаггүй шинэчлэгч байдаг бол тийм алдар нэр авахаар Эго буюу би гэх сэтгэл цаддаг ,эсвэл бий ийм алдартай хүн болчхоод муу юм хийж болохгүй гэдэг айдас бий болж бүтээлч чанар нь дороо үхдэгтэй холбоотой. Ганцхан Жон Поль Сартр Нобелийн шагналаас  татгалзсан хүн.

Яагаад гэсэн асуултад тэрээр : Би айж байна. Би бичихээрээ хэмжээгүй жаргалд умбадаг. Энэ шагналыг авчихвал тэр жаргал зогсчих юм шиг санагдаад … гэж хариулсан байдаг.

Агуу хүмүүс дандаа л хүүхэд шиг байдгийн гол нууц энэ ч байж мэднэ. Тэд хүүхэд байсаар хөгширдөг. Тэд яг л хүүхэд шиг эрх дураараа гэнэн цайлган сэтгэлтэй байж хийж байгаа бүхнээрээ жаргадаг.

Энэ их мэдээлэл хүнийг аажуухан чимээгүй хатуу логиктой, хүйтэн, тоо бодож суудаг нэгэн болгож хувиргадаг. Бүр ухаад бодвол энэ дэлхийд байгаа боловсролын систем буруу бүгдийг зүүн тархинд чихдэг болоод хүмүүс ийм их стресстэй болж байгаа юм.Тэгээд “том” хүн болж намба суугаад зүгээр л үзэгч болон хувирдаг. Бүтээлч чанараа алдсан хүн зүгээр л юмыг копидох олноор үйлдвэрлэх ухаантай болж бусдын бүтээлийг үзэгч болж хөшдөг ажээ.

Хүн компьютер хоёрын ялгаа энэ. Компьютерт үй олон мэдээлэл байдаг ч тэр хэзээ ч уурлаж энэ тэр болохгүй. Гэтэл хүмүүн бид жоохон ч гэсэн мэдээллийг эмзэгээр хүлээж авч хариу үйлдэл хийдэг. Зүгээр хадгалахгүй сайн эсвэл муу гэсэн дүгнэлттэйгээр хадгална. Тэр нь дандаа зовлон чирч байх юм.

Нэг хүн эрт дээр цагт Буддагийн нүүр рүү нулмижээ. Будда бас хүний дургүй хүрмээр юм их ярьдаг байж. Гэтэл Будда нүүрэндээ байх шүлсийг арчаад:

-Өөр асуух зүйл байна уу гэжээ.
Энэ үед түүний шавь Ананд уурлаж :
-Энэ арай ч хэтэрнэ энэ хүнийг би залхаая гэжээ.

Будда:

-Яах гэсэн юм бэ? Нэгд энэ хүн миний нүүр рүү нулмисан чинийх рүү биш. Тэгээд ч энэ хүн муу үгээ олохгүй болоод ийм үйлдэл хийлээ. Ийм үе байдаг юм. Надад ч гэсэн үгээр хэлж болохгүй тийм үе үргэлж гардаг. Миний амьдрал тэр чигээрээ проблем шүү дээ гэжээ.

Өнөөх хүн мэл гайхаад гэртээ хариад боджээ. Унтаж ч чадсангүй шаналсаар маргааш өглөө нь ирж Буддагийн хөлийг үнсээд :

- Өчүүхэн тэнэг намайг өршөө гэжээ.

Гэтэл Будда : - За Ананд чи хар бас дахиад нэг өөр проблем эхэллээ. Одоо энэ хүн хайраа яаж хэлэхээ мэдэхгүй балраад хөл үнсэж байна. Би таныг өршөөж яах юм бэ? Тэр Будда чинь би биш 24 цагийн хооронд чи ч би ч өөрчлөгдөж. Чи над руу нулмиагүй болохоор одоо өршөөл эрээд яах юм. Тэр өөр хүн өөр хүн рүү л нулмиа биз. Чи бид хоёр хоёулаа өөр хүн болчихсон шүү дээ гэсэн гэдэг.

Бүх юм үүсэн устаж байдаг. Бид ч гэсэн. Гэтэл тэр дүгнэлттэй хадгалсан ухаан чинь л хэвээрээ байна гэсэн үг. Ухаан гэдэг их хуучинсаг эд. Энэ бол зүгээр л эрт дээр хүлээж авсан дүгнэлт. Боловсрол ч бас нэг тийм хуучин догма шүү дээ. Тэр нэг хүнийг муу гээд л севэлсэн бол хэдэн жилийн дараа ч тэр ухаан түүнийг хараад муу л гэнэ.Энэ бүгд зовлонгын эхлэл үр болдог.

Тэгвэл жинхэнэ бүтээлчид аливаа мэдээллийг зүгээр л байгаа чигээр нь компьютер шиг хадгалдаг болохоор сэтгэлд хоосон тайван байдаг байна. Харин тэрээр ямар нэг юм бүтээх үедээ бүр ч хоосон амгалан болж өнөөх хуурай мэдээлэлээ хэлхэж шинэ, амь сүнстэй гол нь шинэ зүйлийг хийдэг аж. Хүн бүрт ийм бүтээлч чанар уг нь байгаа. Харин тэр нь яг юу бүтээж гарч ирэх вэ гэдэг бүгд өөр. Зарим нь дуулж бүжиглэж , бичиж туурвидаг бол зарим нь зүгээр л шал уггасан ч сэтгэлээрээ жаргаж угаадаг байх юм.

Байшин барих нүх ухах ямар ч ялгаа байхгүй бүгд л урлаг юм. Хятад хүн байшин барьж байхдаа бүжиг хийж байгаа мэт жаргалтай байхын би харж байлаа. Гэтэл монгол барилгачин яг л ялт хөдөлмөр хийж байгаа юм шиг зовдог. Аргагүй шүү дээ. Хээр мал хариулаад дуу дуулаад л жаргаж явсан хүнд шавар зуурах юу нь сайхан байх билээ.

“Үнэн урлаггүй нөхөр шүү…” гэж хэлэхийг та зөндөө сонсоо биз. Уг нь бүх юм урлаг юм шүү дээ. Урлагтай хийвэл ямар ч ажил урлагтай л болно.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд бүтээлч байх гэдэг “айлаас эрэхээр авдраа ух” гэсэн үг. Хүн хэзээ ч ийм чанараа бүрэн устаж чадахгүй. Хүүхэд шиг чөлөөтэй бол. Яг л хүүхэд шиг тоглож амьдар. Ажил чинь тоглоом шиг сайхан таашаал өгч байгаа бол та бүтээлч хэвээрээ байгаа нь энэ.

Өглөө болгон шинэ байдаг. Тэгээд ч Монгол хэлэн “Өглөө” гэдэг биз. Шинэ өдрийг чамд өглөө чи энэ өдөр их юм бүтээгээрэй түүгээрээ жаргаарай…гэж тэнгэр хэлж байна. Хүн бүр бүтээлч билээ.

2012 оны 9 сарын 2



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив