Урлагийн хот Венецийн тэмдэглэл
2015 оны 7 сарын 2 [Уншсан тоо: 68397]

Саяхан болж өнгөрсөн Венецийн биеннальд манайхаас анх удаа хоёр зураач оролцов. Энэ тухай би замын тэмдэглэл хийж МҮОНТВ-ээр гаргасан. Олон хүн манай дүрслэх урлаг дэлхийн хаанаа явна? гэж их асуух юм.

Харж л байя! Энэ үг их гүн, тайван тулахтай үг санагддаг.

Нэгэн эр, эр хүн болж эсгий сунаад эхнэр болох хүнээ дагуулан аав дээрээ очжээ. Тэгээд учир байдлаа хэлэхэд аав нь ганцхан үгээр хариу хэлсэн гэдэг.

-Харж л байя !

Тэхээр эхлээд бид 11 сар хүртэл, ер нь бол энд тэнд үзүүлээд харж л байх хэрэгтэй юм.

Урлаг угаасаа спорт биш болохоор яг хэдэн кг өргөчхөв? Хэдэн метрт хир хурдан гүйчихэв гэдгээр байр эзлүүлж болдоггүй. Энэ удаад Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо санаачлан зохион байгуулж, ерөнхий дэмжигчээр НЗДТГ-ын дарга Э.Бат-Үүл, ерөнхий ивээн тэтгэгчээр Мон Уран болон Алтай Констракшн, Эко Констракшн, Онч Деллойт Аудит, Туушин, Макс групп, Turkish Airlines, Петровис, Хас Банк, Steppe Link, Мөнхийн үсэг, Terrazzа Lounge, Отгон Холдинг, Төгөлдөр сан гэх мэт олон байгууллага хувь хүний хандиваар Монголын уран бүтээлчид анх удаагаа Венецийн уран зургийн биеннальд оролцсон билээ.

Энэ хот Венецийн багт наадам, Венецийн кино наадмаараа дэлхийд алдартай бөгөөд бидний анх удаа оролцож байгаа Венецийн биенналь 100 гаруй жилийн түүхтэй.

Хоёр жилд нэг удаа болдог. Энэ жил 56 дахь нь гээд бодохоор хэдэн жилийн өмнө анхны наадам болсон нь тодорхой. Энэ наадмаас бидний сайн мэдэх Густав Климт, Салвадор Дали, Жорж Брак, Антонио Тапиез, Пикассо, Йоко Оно, Ай Вей Вей зэрэг зураачид анх дэлхийд танигдах гараагаа эхэлж байжээ. Энэхүү наадамд манайхаас Тогмидшийрэвийн Энхболд, Х.Үнэн-Энх нар оролцсон билээ. Гэхдээ энэ наадам нэг арга хэмжээ болоод өнгөрдөггүй 11-р сарын 22-ныг хүртэл манай үзэсгэлэн дэлгээтэй байх болохоор бүтээлчид нь Венецээс буцсан ч энд үлдэж байгаа уран бүтээлийн хувьд бол үгүй юм. Мөн Монголын албан ёсны павильоноос гадна биенналийн дагалдах арга хэмжээний хүрээнд Монгол уран бүтээлч Ж.Мөнхцэцэг “Personal Structures” олон улсын үзэсгэлэнд өөрийн бие даасан үзэсгэлэнгээр оролцсон байв.

Манай эрэгтэй зураачид бид хэд хамтдаа хэд хоног хамт амьдарч байсан маш хуучны бүр арван зургадугаар зууны хуучин тавилга, жараад оны улаан хүрэн ширэн буйдан, тэгснээ дэргэд нь дөчөөд онд Мусолины хэлэх үгийг сонсож байсан тэр үеийн тухай кинон дээрээс олонтоо харсан бор мебель радио гэх мэт элдэв он цагийн тавилгатай яг л “театрын тайз” шиг өрөөнөөсөө гарч Паола Росса хэмээх куратор итали залуутай бас өөр хэдэн зураачидтай хамт түүний завинд суун хөдөллөө.

Паола Росса Жардини хэмээх гол төвд байрлах павильoнд ажилдаг бөгөөд түүний үзүүлсэн бүтээлүүд их анхаарал татаж байсан юм. Чулуунд тусгай мэдрэгч байрлуулаад түүндээ чанга яригч залгасан нь хөдлөж байх бөгөөд мөн хөрөөдөж зүссэн чулууг яг пянз тоглуулагч мэт мэдрэгчээр уншуулаад юу дуугарч байгааг үзүүлсэн, мөн түүнчлэн энэ олон фэйсбүүк, форум цуглаан гэх мэт зүйлс хүмүүс хоорондын амьд харьцааг устаад дууслаа гэсэн утга санаа бүхий олон үзмэртэй залуу билээ.

Завь хөдлөөд манай байрлаж буй газраас нэлээд явахад маш харанхуй яг л бүр мянган жилийн өмнө байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр ажээ.

Шөнө болохоор хотын төв хэсэг буюу Сан Маркогийн талбай, Гранд каналын эрэг хавийн газрууд гэрэлтэй ч бусад газар тэр дундаа нарийн усан гудамжнууд бараг тас харанхуй ажээ. Хаашаа л харнав ус, нарийн гудамж шиг хонгил тэр аяараа ус, түүн дундаас сүүмийх хуучин бүр өгөрч муудсан барилгууд ихэнх нь гэрэлгүй байх нь огт хүн амьдардаггүй мэт нүдэнд баяргүй тусах ажээ.

Гэтэл хожим мэдэхнээ айл бүр цонхоо банзан хаалтаар хааж унтдагтай холбоотой аж. Энэ хот анх байгуулагдахдаа л манай өвөг дээдэс Атилла хаан европыг эзэлж эхлэх үед энэ намагт газарт нуугдаж ирсэн хүмүүс ийм хот барьсан юмсанж. Мөн энэ хот Чингис хааны байгуулсан торгоны замын нөгөө үзүүр билээ. Энэ хотоос Марко Поло гарч Монголд 16 жил их хааны хажууд суусан. Энэ мэтээр энэ хот Монголтой түүхэн нягт холбоотой нь сонин.

Гэхдээ энэ нууцлаг хот 13-р зуунаас 17-р зуун хүртэл дэлхийн хамгийн баян чинээлэг хот байсан ажээ.

Бидний завь нарийвтар гудмаар явж байснаа нэг их цэлийсэн усан дунд орж ирэхэд

-Ха ха Сүхбаатарын талбай нь гэж зураач Ганзүг хашхираад инээж байлаа.

Тэр их талбай дүүрсэн усан дундуур гарч ирэхэд хойд талд Ариун Маркийн талбай гэрэл чийдэн дунд харагдаж байлаа. Энэ талбай 56 метр өргөн 175 метр урттай, талбайн голд 882 онд баригдсан Ариун Маркийн Базилик сүм сүндэрлэнэ. Хотыг ивээлдээ авч байсан евангилист лам Маркийн дурсгалыг хүндэтгэж нэрлэсэн, голд нь байгаа өндөр баганын дээр байгаа далавчтай арслангаар билэгдэж хийсэн гэдэг, ер нь ийм арслантай багана хот дотор олон тааралдах бөгөөд Венецийн биенналийн дээд шагнал арслангийн дүрстэй байдгийг та нар андахгүй.

Бид эрэгт бууж Ариун Марко-гийн талбайг зүглэн алхацгаалаа. Энэ хотод машин байхгүй, мотоцикль, унадаг дугуй алийг ч зөвшөөрдөггүй бөгөөд явган хотоор гүүр дамжин алхах эсвэл завиар явах ийм л хоёр сонголттой газар. Тэр ч бүү хэл бидний оролцож байгаа наадмын танилцуулга сурталчилгаа хогийн саван дээр байрлажээ. Энэ хотод хананд нь хадаас хатгах ч хуультай бөгөөд дэлхийн хаа сайгүй байдаг том том билборд хэмээх зарлалын самбарыг эндээс харахгүй. Гагцхүү хогийн саван дээр ийм реклам хаддаг ажээ. Харин Азербайжан улс бүр бүхэл бүтэн байшингийн ханыг даавуугаар бүрсэн сурталчилгаа хадсан харагдлаа. Мэдээж асар их өндөр өртгөөр байрлуулсан нь маргаангүй юм.

Бид нэлээд дээш алхаж явтал бидний хажууд сүмийн үүдэнд зассан чулуун талбайд гэрлийн дор хоёр настайвтар хос инээлдэн баян хуур хөгжмийн эгшигт бүжиглэж байх нь нэг л хачин үлгэрийн орон мэт харагдаж байлаа. Шөнө дунд аль хэдийнээ өнгөрсөн байхад энэ хоёр хөгшин хоорондоо бүжиглэж байх ажээ.

Тэр хоёр хөгшний хажуугаар гарахдаа сайтар ажвал үнэхээр л баяр цэнгэлд умбан бүжиж байх нь нэг л ер бус санагдаж билээ. Бид бүгд багадаа харж өссөн эмээгийнхээ гэрт хананд өлгөсөн байдаг хивсэн дээр бүхий бүжигчид самбареро малгайтай испаничууд байсан нь зэрвэс санаанд бууж, гайхан харсаар өнгөрөхөд өнөөх хоёр хөгшин инээмсэглэн настай эмгэн бүжиглэх зуураа нэг гараараа даллаж хоцорлоо.

Венец гэдэг нэр МЭӨ 10-р зуунаас тэр намгархаг арлын дунд оршин суусан эртний Veneti хэмээх ард түмнээс үүсэлтэй юм байна. Усны хот, бага хот, хөвөгч хот, гүүрэн хот гэх мэтээр янз бүрээр нэрлэж байсан энэ хотыг Нью-Йорк Таймс 2003 онд Европын хамгийн романтик хотуудын нэг хэмээн зарлажээ.

Энэ хот өөрөө удирдах ёс бүхий зургаан хэсэг районтой, хүн ам 264, 534 гэсэн тоо байх ч бараг оршин суугчгүй хот болоод уджээ. Хотынхон байраа буудал маягаар түрээслээд өөрсдөө Лидо гэх усан завиар 20 минут яваад хүрэх эх газарт буюу бүр өөр газарт ч амьдардаг юм байна. Өөрөөр хэлвэл хот тэр чигээрэй далайн эргийн амралтын газар, олон улсын аялал жуулчлалын төв, олон улсын кино наадам, урлаг, архитектурын үзэсгэлэн нэг дор цугларсан үзвэрийн газар бөгөөд иргэдийн ихэнх нь байраа түрээслээд өөр газарт нүүцгээсэн оршин суугчгүй зөвхөн жуулчдад үйлчлэх газруудтай урлагийн музей хот ажээ.

Харамсалтай нь мянга орчим жилийн урт түүхтэй энэ музей хот маш хурдтай доош суусаар байгаа бөгөөд 2008 оны үерээр хот бараг л усанд автсан, ийм байдлаараа бол 2028 онд бүрэн усанд автаж 2100 онд бүрэн живж алга болно гэж үзэж байгаа юм байна.

Гэхдээ мэдээж энэ талаар маш олон удаагийн олон улсын зөвлөгөөн болж арга хэмжээ хайж байгаа. Энэ хотын хамгийн нам цэг бол Гэгээн Маркогийн талбай билээ. 2008 оны үерээр энэ талбай усаар дүүрч байсан юм.

Бид алхсаар 1987 онд ЮНЕСКО-д бусад өвийн хамт бүртгэгдсэн Сан Маркогийн талбайд ирж, гадна сууж тухалсан юм. Тэр талбайд нэгэн зоогийн газар байх бөгөөд тэнд өдөр бүр гадаа сонгодог хөгжим тоглож байдаг ажээ.

Сан Маркогийн талбай

Венец 13-р зуунаас 17-р зууны эцэс хүртэлх түүхэн дэх дэлхийн хамгийн чинээлэг хот байжээ. Венец нь симфони болон дуурийн урлагийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн газар бөгөөд Антонио Вивалди энд төржээ.

Канал Гранде гол сувгийн хоёр эргээр хамгийн гоёмсог орд харшууд сүндэрлэж байдгаас хамгийн нэртэйд орох 15-р зууны үеийн нүүрэн талдаа модон сийлбэр чимэглэлтэй К Д Ото зүй ёсоор орно. Одоо тэнд дүрслэх урлагийн музей байгаа ба мөн сэргэн мандалтын үеийн Вендролын ордонд одоо казино ажиллаж байгаа, Готик стилийн Плаза Дарио зэрэг байдаг. Хамгийн нэр хүндтэй музейн тоонд Галерей Академика орно. Энд Венецийн зураачдын гайхамшигт бүтээлүүд, түүхийн нэрт хүмүүсийн хөргүүд, хотыг харуулсан зургуудыг тавьсан байдаг.

Венец хотыг ер нь дэлхийн урлагийн төв гэдэг бөгөөд олон улсын соёлын арга хэмжээнүүд байнга явагдаж байдаг. Энэ бүх арга хэмжээнүүд 5 сараас эхлээд 8 сард өндөрлөдөг бөгөөд өвлийн цагт энд ирвэл буудал түрээсийн байр маш хямд болдог гэж ярилцана. Энэ хотод хамгийн үнэтэй юм мэдээж байр.

Энэ түрээсийн хотын далд эздийн тоо хятадуудаар хүчтэй түрж байгаа тухай ч яриа байгаа юм билээ. Харин өвлийн улиралд бүр хоногийн 20 еврогийн байр олдох бөгөөд уртхан хугацаатай бол бүр ч хямдардаг байна. Мэдээж энэ хотод ирсэн хүн Гугенхаймын музейг үзэх хэрэгтэй.

Венецийн 56 дахь биенналиас миний хувьд анхаарал татсан бүтээлүүд гэвэл японы Шихору Шиоёотагын “Гар дахь түлхүүр” нэрийн дор гаргасан улаан өнгөтэй завь түүнийг бүтээж буй 35 мянган түлхүүрээр хийсэн бүтээл байлаа.

Японы павильон,  Шихору Шиоёотагын “Гар дахь түлхүүр”

Энэ бүтээлийн тухай японы куратор Хироши Накано тайлбарлахдаа: "Бидний өдөр тутмын амьдрал түлхүүртэй холбоотой байдаг , бидний байшин, эд хөрөнгө, хувь хүний ​​аюулгүй байдал гэх мэт үнэт зүйлийг хамгаалдаг түлхүүр бидний гараас гарт дулаан дамжуулж итгэл дунд явж байдаг. Өдөр тутам хүмүүс бидний харьцаа түлхүүртэй холбоотой тоо томшгүй олон дурсамж агуулж байдаг. Шитао бидний үнэнч сэтгэлийн холбоо халуун дулаан итгэлийн далайгаар л энэ хоёр завь урагшаа явах юм...” гэв.

Мөн эмэгтэй уран бүтээлчийг анх удаа сонгосон Оросын павильон их анхаарал татаж байлаа. Зураач Ирина Наховагийн “Ногоон павильон” хэмээх энэ бүтээлээрээ өнгөрсөн ба үүрд мөнхийг, амьдрал болон үхлийн тухай орон зай, архитектурын гайхалтай шийдлээр илэрхийлсэн байсан. Зааны хошууг санагдуулам хорт утааны баг өмссөн сансрын нисгэгчийн хаая хаая хөдлөх нүдний харц онцгой содон, мэдрэмж өгч байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ирина Наховагийн “Ногоон павильон”

Мөнгөн арслан шагнал авсан Солонгосын павильон техник технологийн давуу талыг илт харуулсан медиа, видео бүтээлээр дамжуулан хүн төрөлөхтөний ирээдүйн тухай өгүүлж байв. Ер нь дэлхийн орчин үеийн урлаг видео, фото, дуу авиа, компьтер график зэрэг нийлмэл илэрхийллийн хэл рүү явж байгаа нь энэ биеннальд харагдаж байв.

Харин нэг их хүмүүс анзаараагүй ч манай үзэсгэлэнгээ дэлгэсэн Европын соёлын төвийн хашаанд байсан хоёр барималыг хийсэн АНУ-ын барималч Кэрол Феэрман хэмээх бүсгүйн ажлууд содон байлаа. Нью-Йоркт амьдрах тэр эмэгтэй яагаад ч юм бэ Энди Вархолыг надаа санагдуулж байлаа. Түүний ажлууд өмнө нь Бээжин биеннальд 1-р байр, Австрийн биеннальд 1-р байр, Пийбоди нэрэмжит шагналын 1-р байр хүртсэн бөгөөд түүний гипер бодит барималын бүтээлүүдийг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Хенри Киссинжер, Японы эзэн хаан, Оросын Михаил Горбачёв... зэрэг хүмүүс ивээн тэтгэж дэмждэг ажээ.

АНУ-ын барималч Кэрол Феэрманы бүтээл

Монголын дүрслэх урлаг хаана явааг энэ наадам тодорхойлно гэсэн ойлголттой хүмүүс олон байх юм.

Үүнд хариулах маш хэцүү. Хэцүү нь юундаа байна вэ гэвэл урлаг өөрөө уралдаант спорт биш болохоор дугаарлан байр эзлүүлэх арга байхгүй. Харин эхлээд олны хүртээл болгохоос л бүх зүйл эхэлнэ. Мэдээж энэ наадам байр эзлүүлдэг бөгөөд АНУ эхний байрыг Өмнөд Солонгос удаах байрыг эзэлсэн. Тэр бүтээлчдийн хувьд бол дэлхий өмнө нь нээлттэй боллоо. Гэвч манайх тэргүүтэй жар орчим орны 100 орчим бүтээл 11-р сар хүртэл тэнд дэлгээтэй байх болно.

Манайх дүрслэх урлагийн арвин уламжлалтай бөгөөд одоо ч гэлээ төрийн соёрхолт С.Саранцацралт Их Британийн хатан хаанаас 21-р зууны 500 шилдэг бүтээлч гэсэн хэргэм цом авсан байдаг.

Дахин давтан хэлчхэд урлаг бол үзүүлдэг, шинжлэх ухаан нотолдог гэдэг.

Эхлээд хийснээ дэлхийд үзүүлэх хэрэгтэй. Ийм ажлыг дэмжээд үзүүлж байгаа дээр нэр дурдсан ивээн тэтгэгчидэд баярлалаа.

Харж л байя!

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив