Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“BROOM” Street
2015 оны 8 сарын 7 [Уншсан тоо: 40642]

-өгүүллэг-

Нью Йорк хотын Манхаттан дахь нэгэн хуучны дүүрэг. Хар голдуу хүмүүс холхисон тэр дүүрэгт “ Life” гэсэн сэтгүүлийн нэрээр нэрлэсэн нэг хуучны кафе байна. Тэр кафе дотроо мөн л мөнөөх сэтгүүлийн хавтас шилэн доогуур хийж зассан ширээтэй ажээ. Арав хүрэхгүй хүн тэнд суугаад цай, кофе ууцгааж байх аж.

Жон тэнд кофе уугаад хавчуургатай талх идэн сууж байлаа. Тэр кафенаас кофены болон бас нэг сонин хуучирсан исгэлэн үнэр ханхлах бөгөөд ширээ болгон дээр өдрийн шинэ сонин тавиастай байх ажээ.  Жон  өглөө эрт босдог зуршилтай бөгөөд энэ өглөө бас л эрт сэрж зохиолоо жоохон явуулаад эхнэрийгээ ажилдаа явсаны дараа хамгийн ойр байдаг энэ  кафенд сууж өглөөнийхөө цайг уудаг зуршилтай ажээ. Тэрээр эргэн тойрондоо цай уух хүмүүсийг  харж хуурамчаар инээмсэглэж суулаа.

Энэ оронд “Хувь хүний эрх чөлөөг дээдэлнэ” гэдэг яг хэрэг дээрээ ганцаараа байхыг хэлнэ. Жоны эхнэр ажилдаа яваад өгсөн. Тэрээр зохиол энэ тэр бичдэг болохоор гэртээ үлдэх бөгөөд ном шагайж юм бодсоор ганцаар өдрийг барна. Эхнэр нь орой тийшээ гэртээ ирэх боловч тэр гэр  нэг л тийм албан байгууллага шиг харьцаатай. Honey гэх мэтээр хажуугаас нь харахад их дотно мэт харилцана. Халбага аваад өгсөн ч баярлалаа гэж ёс шиг хэлнэ. How are you doing? гэж бие биенээсээ асуухад хариуд нь  GOOD гэсэн товчхон хариулт л хэлнэ.

Жон зохиолынхоо тухай бичсэн зүйлсээ эхэндээ эхнэртээ амтархан уншиж өгөхөд өнөөх нь Well done, honey …гэж инээмсэглэн хэлээд сонсдог байсан ч сүүлрүүгээ би ядарч байна энэ бичээд байгаа зүйл чиний бизнес олон сонсохоор ядраад байна гэх болжээ.

Тэгээд тэрээр юу хийж байгаагаа ямар бодолтой байгаагаа хэнтэй уулзаж яасан ийснээ ярихаа больж эхлэв. Мэдээж эхэндээ амьсгаагаа түгжчихсэн мэт хэцүү байсан ч сүүлдээ сурав. Тэднийх нэг хүүтэй. Өнөөх нь гэртээ байхаасаа байхгүй нь их. Ер тэр гэртээ байгаа байхгүйг хэн ч үл мэднэ. Шөнө дунд хаяа ирж унтсан байх ч бас л тэр хүний эрх болохоор тэгсгээд мартацгаасан. Vogue зэрэг сэтгүүл дээр хаяа гарсан харагдана. Тэрээр загвар өмсөгч бөгөөд ихэнхдээ шөнөөр ажиллана. Үүрээр гэртээ ирээд өрөөндөө орж таг алга болно. Хэзээ ирсэн хэзээ ирэх ч хэнд ч пад байхгүй. Оройн хоолон дээрээ хамт сууж хооллодог байснаа сүүлдээ эхнэр нь турж байгаа гэх тул оройн хоол идэхээ больжээ.

Хүү ихэнхдээ гэртээ хоол идэхгүй. Тэд тус тусдаа данстай хэд орж хэд гарах нь бас л хүний эрхээр зохицуулагдана. Анхандаа Жон эхнэртээ бүх мөнгөө өгч эхнэр нь гэрийн төсвийг барьдаг байлаа. Гэвч эхнэр ажилдаа явсан хойгуур өнөөх ажилгүй зохиолч юм идэх энэ тэр гээд мөнгө хэрэгтэй болдог тул тэр бүрийд эхнэр лүүгээ утас цохиод байх эвгүй тул эхэндээ бага сага мөнгө өөртөө авч үлддэг байснаа сүүлдээ данс тусгаарлажээ.

Хэдэн жилийн өмнө  Жоны эхнэрийн төрсөн өдөр болжээ. Ажлынхантайгаа тэрээр нэг тансаг ресторанд сууж Жон өөртөө байсан мөнгөөр жижигхэн мөнгөн халбага авч бэлэглэсэн нь олны өмнө нүүр хийх газаргүй болгосон гэдэг. Тэр үед гэрийн төсөвийг эхнэр баридаг байсан болохоор  тэрээр хаанаас мөнгө олох вэ гэж бодож бодож ямар чамд бэлэг авах гэсийм гээд өөрөөс нь мөнгө асуулттай биш гээд тийм нэг халбага өөртөө байсан цөөхөн доллараар авч өгсөн нь буруутжээ.

Энэ цагаас эхлэн Жон өөрөө олсон мөнгөө өөртөө дансалдаг болов. Нэг хэвийн өдөр хоног  нөгөө л  албан байдлаар өнгөрсөөр л… Тэрээр эхнэртээ зохиолын санаа энэ тэрээ ярихаа болиод удаж байгаа болохоор эхнэр нь гэрийн үйлчлэгч юм шиг болоод уджээ. Тэр гурав нэг гэрт амьдарч байгаа гэх нэртэй боловч тус тусдаа гарсан 3 эрх чөлөөт “хүний эрхт “гэр бүл болжээ.

Тэрээр  кофе балгаж зүсэм талх идэнгээ бусдыг харж суулаа. Кафэд тийм ч олон хүн байсангүй. Нэг эрхэм сонин уншин  хажууд нь сууж байлаа.

Тэрээр инээмсэглэн:
-Ха ха нэг зохиолчоос та юуны тухай бичдэг вэ гэж асуусан
- Би уншигчдын л тухай бичдэг гэж хариулжээ… гэж хэнд ч юм хандан хэллээ.

Жон бодов. Нээрээ би юун тухай бичдэг юм бэ? Би өөрийнхөө тухай л бичдэг юм байна. Яагаад ингэдэг юм бол? Өөрийгөө хүнд мэдүүлэх гээд байгаа юм уу? Эго юу ? …гэж хэсэг бодоод эцэст нь ганцаардлаа тайлах гэж бичээд байгаа юм байна гэж ойлгов. Зохиолч бүр л өөрийнхөө тухай бичдэг .  Нэр яахав зүгээр л шошго шүү дээ. Намайг Жон эхнэрийг Перияа гэдэг. Хэрэв бид хоёрын нэрийг сольчход энэ сууж байгаа хүмүүст ямар хамаа байнаа. Тэгвэл би гэж яг хэн бэ? Яг утгаа бол би гэгч байхгүй шүү дээ. Бид л өөрсдөө би би гээд байгаа болохоос энэ олон хүн бүгд л би гэж бодох ч надад бол ямар хамаа байнаа? Би энэ хажууд сууж байгаа хүнд ямар хамаа байна. Бодол дотор нь орж чадах биш…Би үхэхэд энэ дэлхийд дээр байгаа 6 тэрбум хүн хамт үхчихнэ л гэсэн үг. Бүгд би гэж нэрлэсэн ч гав ганцаараа л шүү дээ гэж тэр бодож байлаа. Тэрээр андуураад старбакс кофе захиалахдаа хатуу харыг захичихжээ. За яахав ганц аяга кофе хатуу бол хатуу л биз гэж бодоод тамхи асаах гэснээ нээрээ энд чинь бас тамхи татуулдаггүй шүү дээ гэж бодоод харамсав.

Бас л “хүний эрх “нөгөө хүн татдаггүй болохоор би татаж болохгүй. Тэрээр эхнэрээсээ данс тусгаар болоод нэг юм ойлгож авчээ. Тэр одоо олсон мөнгөө өөрөө зарцуулна. Яг юунд зарцуулах нь түүний дур. Гэхдээ тэрээр юунд зарцуулж байгаа билээ гэж бодов. Хуучин салсан эхнэрийнхээ хүүхдэд сургалтын төлбөр өгсөн… ганц нэг хүнд мөнгө өгсөн… эхнэртээ дараа жил нь их том бэлэг авч өгсөн гэх мэтээр өнөөх мөнгө өөрт нь наалдсан ч юм алга. Харин нэг таатай зүйл гэвэл хэн ч хянахгүй юм даа. Иллинойс байгаа ээждээ мөнгө явуулсан…байз байз би ер нь хүнд л тараагаад байгаа юм байна шүү дээ гэж харамсах тооны бодлоо. Тэгээд тэрээр эхнэртэйгээ анх ханилж ,америкчуудын нэгэн адилаар түрээсийн байранд сууж тарчиг амьдарч байсан үеэ бодоход асар их жаргалтай байснаа ухаарав. Тэр үед тэр хоёр хэцүү амьдарч байсан ч их жаргалтай халуун дулаан байжээ.

Амьдрал нь жигдрээд ирсэн тэд тус тусдаа болж эхэлсэн байх юм. Нэг том зорилгод хүрнэ гээд зүтгэж явсан зам мөр нь л амьдрал байжээ. Одоо өнөөх өндөрлөгтөө хүрсэн , харин бүх юм ард үлдсэнтэй адил аз жаргал ч ард үлдэж хоцорчээ.

Одоо би энэ бичиж байгаа номоо хэвлүүлээд маш их мөнгө авна түүгээрээ юу хийхэв гэсэн бодол төрлөө. Эхнэрийнхээ дансанд гуравны нэгийг нь хийнэ тэгээд үлдсэнийг нь яах хэрэг вэ? Эхнэр ч бас өөрөө ажил хийдэг болохоор мөнгө олно. ..гэж бодож байснаа саяхан зурагтаар үзсэн “Шиндлерийн бүртгэл” киног санав. Оскар Шиндлер баахан мөнгө цуглуулсан ч сүүлдээ хүний амь аврахад өнөөх мөнгөө гөвж дууссан. Яг үнэн түүхээрээ тэр хүн түүнээс хойш олигтой мөнгө ч олоогүй бизнес нь бүтэлгүйтсээр нас барсан гэж сонссон. Энэ бас л ганцаардал байсан юм биш биз дээ. Би одоо нас ахиж байна надад мөнгө юунд тус болох билээ. Өвдвөл эмчлүүлнэ. Би одоо залуу хүүхэнтэй унтах гэж мөнгө үрэх ямар ч утгагүй болсон. Тэгээд энэ олох мөнгөө бас л хэн нэгэнд тараасаар байх уу? Би угаасаа л эхээс ганцаараа төрсөн одоо хэдэн жилийн дараа бас л ганцаараа үхнэ. Би үхэхдээ энэ хорвоогийн 6 тэрбум хүнийг цуг аваад явна шүү дээ. Хэдийгээр өнөөх олон тэр бум хүн үлдэх ч ямар ч хамаа байхгүй. Намайг амьдарч байсныг хэдэн ном минь л гэрчилнэ. Гэхдээ хэнд гэрчлэх юм бэ? Гэрчлээд ч яах юм бэ? Би гэгч талаар дүүрэн ургасан өвсний нэг нь шүү дээ. Хэнээс ч ялгаа байхгүй… хэмээн бодож суутал утас нь дуугарав.

-Жон сонсож байна?
-Рейтинг энд паблик хэвлэлийн газраас ярьж байнаа .Би Нэлсон байна танд баяр хүргэе…таны ном бүр 400 000 хувь хэвлэгдэхээр боллоо. Өчигдөр манай борд хуралдаад таны номыг ийм тоогоор хэвлэх тухай тохиролцлоо. Бусад оронд ч орчуулагдана…Та өнөөдөр ирж гэрээгээ хийгээд урьдчилгаа нэг сая доллар авч болно. Танд баяр хүргэе гэв.

Жон санаа алдаад түрүүний бодлоо үргэлжлүүлэх гэсэн ч нэг л болж өгсөнгүй. Дөрвөн зуун мянган ширхэг нэгийг нь 12 доллар гээд хорин хувиа хасахаар ….

-Үйлчлэгчээ тооны машинаа түр өгөөч гэхэд ногоон хормогч зүүсэн залуу инээмсэглэн тооны машин авч ирж өмнө нь тавилаа.

За байз 400 мянга үржих нь 12 доллар 4 сая найман зуу хасах нь хорин хувь 9.6… өнөөдөр нэг саяыг авна гэхээр…бас татварт арван хувь гэж тооны машин цохиж байснаа санаа алдаад …Энэ бүх мөнгийг эргүүлж өгөөд буцаад ядуу ч гэсэн сайхан байсан үерүүгээ даанч очиж болохгүй юм даа гээд тамхи гаргаж асаалаа.

Төдөлгүй зөөгч ирж
-Та тамхиа гадаа гараад татнуу гэлээ. Жон ширээн дээрээ 12 доллар тавьчихаад кафэнаас гарч ирэв.

Нью Йорк хот бахь байдгаараа л бужигнаж байлаа. Тэнгэр бүрхэг бүх хүмүүс нэг л яаруу холхилдоно.

Би нэг номоороо өглөөний цай уудаг байх нь. Тэхээр энэ мөнгөөр ядаж л 300 мянган хоног цай ууж болох нь. Гэтэл би одоо тавин тавтай. За яахав далан тавтай үхнэ гэхэд хэд хоног үлдэж байна…гээд хэсэг тамхиа сорон зогсов.

Хорин жил амьд явнаа гэхэд долоон мянга хоёр зуун хоног л юм байна шүү дээ юун гурван зуун мянган хоног хэмээн инээмсэглэн бодож гудмаар явж байлаа. Жон нэг л хачин баяргүй байлаа.

Тэр хавь хуучнаараа л байгаад байгаа хэсэг билээ. Энэ хавиар тэнүүлчид ядуус их явдаг хэвээрээ. Тэрээр юм бодож алхаж яваад peep street буюу  янханы газрууд, секс шоп байдаг гудманд ороод иржээ.

Нэг муу хувцастай хар залуу цонхны дэргэд дуран шиг юмаар харж дотор нь байгаа нүцгэн хүүхнийг нэг нүхээр хоёр гараа оруулан илж таалж байтал мөнгө нь дуусч өнөөх хардаг дуран шиг нүх хаагдсанд газар нулиман харамсаж байхтай таарлаа.

Тэгээд тэрээр түүнийг харж зогссоноо “Хэй залуу энийг ав дотогшоо ор …” гээд 100 доллар өгвөл өнөөх нь гайхсан янзтай цоо ширтэж байснаа мэхийгээд долларыг гайхан авснаа   ичсэн үү яасан цааш яваад өглөө.

Жон гэнэт энд нээрээ ороё арван ном шүү дээ гэж бодоод янхны газрын хаалгыг татаж дотогш орлоо.

Хорин минутын дараа тэрээр бүр ч гутарсан байдалтай гарч ирээд гэртээ харьж костюмаа өмсөөд хэвлэлийн газраас нэг сая доллараа авахаар явж оджээ. Тэгэхдээ тэр таксийгаар ч явсангүй зүгээр л метрогоор олны дунд шахцалдан явж байлаа. Эргэн тойрон бас л түүнтэй ижил амьдралтай хүмүүс дор бүрнээ ай пад ,гар утас ширтэн юм уншиж бичиж яваа үзэгдэнэ. Энэ хүмүүс бүгдээрээ ганцаардлын зовлонг амсаж байгаа даа …гэж тэр бодож зогстол.

West Broadway Lafayette street  next stop Broom street… гэж метроны яригчаар гуншин зарлаж байлаа. Жон “шүүр” хэмээх нэртэй тэр  гудманд буугаад  жинхэнээсээ  саятан болох гэж байлаа…

 2013 оны 8 сарын 8




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив