Авдраа нээ
2015 оны 8 сарын 12 [Уншсан тоо: 53487]

Би өөрөө бурхан
Би өөрөө чөтгөр
Үхлээс бусад нь надад бий
Би өөрөө харамч
Би өөрөө өглөгч
Хайр бол зөвхөн нэг урсгалтай зам

                    Айлаас эрэхээр авдраа нээ
                    Аз жаргал сэтгэлд бий
                    Айлаас эрэхээр авдраа нээ
                    Атаа хорсол ч сэтгэлд  бий

Чи өөрөө итгэл
Чи өөрөө сэтгэл
Чамд бүх юм бий чи өгч сур
Чи өөрөө хүсэл
Чи өөрөө хясал
Хүслээ дарж чадахгүй бол чи хүсэлдээ хэзээ ч хүрэхгүй

                    Айлаас эрэхээр авдраа нээ
                    Аз жаргал сэтгэлд  бий
                    Айлаас эрэхээр авдраа нээ
                    Атаа хорсол сэтгэлд байдаг

Ая Ц.Тэмүүлэн Үг Д.Төрмөнх
“Цонхон дээр суусан ялаа” цомгийн дуу




Манайхан хажуудаа байгаа хүнийг нэг нүдээрээ ч харахгүй хэрнээ хаа холын хүнийг хамаатнаасаа дутахааргүй мэддэг нь "Айлаас эрэхээр авдраа ух" гэсэн эртний үгээ ч ойлгохоо байсных.

Энэ үг өөрөө гаднаас аз жаргал битгий хай, өөр дотор чинь байгаа гэж хэлсэн үг. Хүмүүс гурил будаа л бодоод байх юм даа. Авдар гэж сэтгэлийг хэлсэн ажгуу. Авдар юм чинь мэдээж цоож байгаа. Тэр цоожны түлхүүр нь бас л өөрт чинь л байгаа. Хээрээс бол хэзээ ч тэр түлхүүрийг олохгүй...

Гэтэл бид бүхнийг гаднаас хайдаг болоод уджээ. Эд хөрөнгийг ч гаднаас л хайна, эрдэм боловсролыг ч гаднаас л хайна. Гадаадынхан алдарт гарч баяжсан хүмүүсээ стар буюу од хэмээнэ. Алс хол тасарч одсон болохоор л тэгж нэрлэдэг байх.Түүнээс одны гэрэл нарны хажууд юу билээ дээ? Гялтганах ч баригдахааргүй хол гялтганахыг хэлсэн болтой. Манайхан ч тасарчихсан амьдралтай, өө тэр бүр тасарчихсан, тасрах юмсан... гэж ярилцана.

Өөрөө муу яваагаа бусдаас л болсон гэж үргэлж бодно. Засаг төр муу байна гэх бол зүгээр л бэлэн үг. Өөрийнхөө бурууг хэзээ ч ойлгохгүй. Айлын сандал дээр хуга суучихаад “Өө энэ сандал чинь эвдэрчихлээ...” гэхээс бус би сандлыг чинь эвдчихлээ гэх хүн тун ховор.

Ардын үг гэх эзэн зохиогчгүй үгнүүдийг хэн нэгэн зохиосон л байж таарна. Гэхдээ он жилийн уртад ам дамжсаар хэн хэлсэн хэзээ хэлсэн нь бүр баларч орхидог. Тэгээд ч бас судар ном бүтээсэн мэргэд би гэх амиа бодох чанар буюу эгогоо аль эрт гээчихсэн байдаг болоод бичмэл номонд нэрээ ч тавьдаггүй байх.
Энэ мэтээр ардын үг бүгд шахуу тайлбар нэхэх хүртлээ гөлийчихөж дээ. Даан ч мань мэт нь тайлбар хийж дийлэхгүй байх. “Ардын зүйр цэцэн үгний тайлбар толь” гэж хийвэл машид тустай буянт үйлс болох нигууртай ажгуу. Непко мэт байгууллага олон хүний хүч хөдөлмөрөөр сайтар нягталж хийх ажил л даа.

"Уул морийг зовооно уур биеийг зовооно" гэдэг мэргэн үгийг хүн бүр мэднэ. Гэхдээ яагаад ч юм бэ чихний хажуугаар гаргана. Уурлана гэдэг хамгийн эхний хохирогч нь өөрөө шүү дээ! Дараа нь хажуу хавиргадаа тэр уураа халдаана. Эхлээд өөрөө л хохирно. "Нэр хугарахаар яс хугар" гэсэн үгийг бүгд сонссон. Энэ ямар учиртай үг вэ гэдгийг саяхан л бясалгалд сууж байхдаа мэдлээ. Бурхан багш буюу Сидхард Гоутам хэмээх Энэтхэг хүн ханхүү байснаа бясалгалд шамдаад гэрээ орхиод бадар аяга бариад гарсан. Тэгээд хатуу шийдвэрийн бясалгал 6 жил хийсэн гэдэг. Бясалгал хийхэд эхний өдрүүдэд яс хугарч байгаа мэт өвдөнө. Муу юм муухай л гарна шүү дээ. Хэрвээ өнөөх ханхүү няцаад гэр рүүгээ гүйвэл нэр хугарна. Тэндээс гарсан Ганжуурт байдаг үг юм байна билээ. Энэ мэт Бурхны ном манай аман яриа мэргэн үгээр бүр тарчихсан юм байна.



"Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" "Аль насандаа хийсэн үйлийн лай вэ?" “Сахил хүртээд шал дордов” “Үйлийн үрийг үрж барахаас үхэж барахгүй “...гэх мэт бясалгал, бурхны номтой холбоотой үгсийг тоолж барахгүй. Маш их мэргэн үгс Ганжуур хийгээд бусад судраас эхтэй эсвэл бурхны номд нэвтэрсэн мэргэдийн хэлсэн афоризм ажээ.

Бурхан багш дэлхийн хүмүүсийг дөрвөн янз байдаг гэжээ.

Харанхуйгаас харанхуй руу гүйгч хүмүүс
Гэрэл гэгээнээс харанхуй руу гүйгч хүмүүс
Харанхуйгаас гэрэ лрүү гүйгч хүмүүс
Гэрэл гэгээнээс гэрэл гэгээ рүү гүйгч хүмүүс хэмээн 4 ангилжээ.

1. Эхний хэсэгт багтах хүмүүс амьдрал нь уйтгар гуниг, зовлон шаналал дүүрэн бөгөөд харамсалтай нь үүнийгээ ойлгох билгүүнгүй мунхаг нэгэн ажээ. Эдгээр хүмүүс амьдралд нь зовлон шаналал тохиолдох бүрийд уур хилэн хүсэл шуналын хариу үйлдэл эхлээд үзүүлж үргэлж өөрөө зовж бусдыг муутгана. Хэн нэгнээс болж зовж байна гэж дандаа бодож нүгэл хураана. Түүний одоо цагт үүсгээд байгаа уур хилэн шаналал ирээдүйг нь улам бүр харанхуй болгоно. Өнөөдөр тарьсан нүгэлийн үрээ маргааш ургахаар нь түүх нь гарцаагүй.

2. Дараагийн хэсэг хүмүүст эд баялаг, нэр алдар бүгд байх ч бардам сэтгэлээр хөөрч, бусад тэнэг би ухаантай болохоор мөнгө олж байна хэмээн хувиа бодох биеэ тоох дээрэнгүй болох зэргээр мөн л билгүүнгүй мунхаг зангаар би гэх бодлоор өөрийгөө одоо цагтаа нүгэл хурааж ирээдүйгээ харанхуй болгодог. Бүх юм мөнх бус болохоор урд насны буян арвижуулахгүй бол дороо барагдана. Ингээд удахгүй харанхуй угтана.

3. Энэ хэсэгт багтах хүмүүс эхнийхтэй адил зовлон шаналал, өвчин зовлонтой ч бодит байдлыг ойлгох билгүүнтэй хүмүүс "Аль насны үйлийн үр юм бол доо" гэж ухааран бусдыг харааж нүгэл цулуулахгүй. Тэд бодит байдлыг тэгш амгалангаар хардаг, бусдаас болоод би муу байна гэхээсээ өөрөөсөө өө эрдэг болохоор сэтгэл цайж нэг их удалгүй амьдрал нь гэрэлтэй болдог. Ирээдүйдээ нүгэл хураахгүй бусдыг үзэн ядахгүй тул ирээдүй нь гэрэлтэй болдог

4. Ийм хүмүүс хоёр дахь хэсгийн хүмүүс шиг эд баялаг, нэр төр бүгд байх ч өмнөхөөс ялгаатай нь билгүүнтэй хүмүүс тул өөрийн олсон хөрөнгө мөнгө алив зүйлээрээ гэр бүлээ тэжээхээс гадна бусдад өглөг болгон өгч байхыг мэддэг хэсэг юм. Энэ сайн яваа нь урд насны буян биз тэгэхээр ийм үе дорхноо дуусах тул бусдад тус болсноор л буян арвижна хэмээн бодож аз жаргалаа бусадтай хуваалцдаг. (Сайн сайхныг хуваах тусам үрждэг. Д.Т) Ийм хүмүүсийн өнөөдөр ч гэрэлтэй маргааш ч гэрэлтэй байдаг.

Дээрх тайлбар бурхан багшийн өөрөө нээж хийсээр гэгээрэлд хүрсэн гэх виппасана буюу илтэд олж үзэхүй хэмээх бясалгалын их багш С.Н.Гоёнкагийн тайлбар бөгөөд бясалгалд суусан хэн ч орой бүр цаг гаруйн хугацаатай энэ мэт тайлбар ярихыг сонсоно.

Өчүүхэн молхи би бээр ардын үгэнд тайлбар хийхээр хэмжээнд огт хүрээгүй хүн тул хэн нэгэн ийм тайлбарыг бас сайн судалгаатай хийх болуужин гэж үүнийг тэрлэв. Бас далимд дурьдахад бүр Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн... гэх мэт тэр үеийн мэргэдийг шоронд хорьж байхдаа лам бурхны эсрэг, намын бодлогыг дэмжин  үзүүлсэн, лам номыг муулсан сэдэв өгч ардын мэт мэргэн үг зохиолгож тарааж байсан тухай мэдээлэл байх юм билээ. Зуд болоход чоно цадаж Зовлон болоход лам цадна, Нохойтой өстэй хүн хормойгүй Ноёнтой өстэй хүн толгойгүй ... гэх мэт машид коммунист үнэр нэвт ханхалсан “ардын” үг маш түгээмэл байдаг нь үүнтэй холбоотой байх магадлал өндөр.

Дөнгөж л саяхан Хүн бүр бага балчраасаа эхлэн арвич хямгач социалист өмчийн эд ширхэг бүрийг нандигнан хайрлагч байх ёстой... гэсэн лозунгаар дуу хүртэл хийж дуулж байсныг бид мэдэх хойно нэргүй усгүй ардын гэсэн тодотголтой ямар ч үг зохиолгож тарааж байсан байхыг үгүйсгэх, бас батлах арга байхгүй болохоор энэ хүн бүрийн шүүрч аваад хийгээд байх ажил биш болтой. Гэлээ ч гэсэн санаагаа олны хүртээл болгоё гэж үүнийг тэрлэв.

Мэргэн түмэн ажил хэрэг болгох буй заа.

2015-8-7



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив