Бясалгалын тухай цухас хийгээд Ошо Масоны тухай …
2016 оны 1 сарын 5 [Уншсан тоо: 109725]
 
Будда бидэнд аливаа шахалт дарамтгүй,
үзэл суртлаас ангид аврагдах арга замыг зааж өгсөн…

Ошо

 
 
Бясалгалын их багш С.Н. Гоенка тэнгэр болоод хэдэн жил болж байна. Харин дөнгөж сая түүний хань Матажи араас нь оджээ. Энэтхэгт Ганжуурын орчуулга дээр сууж буй Д.Ширэндэв багш маань дөнгөж сая зурвас бичжээ. Бясалгалыг нэг ёог шиг дасгал гэж бодох хүн цөөнгүй. Би ч бясалгалд суухаасаа өмнө тэгж л боддог байсан. Харин 2500 жилийн тэртээ Сидхард Гоутам буюу бурхан багш энэ бясалгалыг нээж олоод хэрэгжүүлснийг тэр болгон  хүн мэддэггүй.

Бурхан багш “Ариун номыг биеэр үзэж шинжээд дагах эсэхээ өөрөө мэд…” гэдэг бясалгалыг хэлсэн гэдгийг ч зарим лам нар ч мэдэхгүй. Яагаад гэвэл энэ бясалгал 500 жил оршин тогтноод алга болж шашин, мухар сүсэг болж эхэлсэн.

Мухар сүсгийг би буруушаахаасаа илүүтэйгээр байх л юм гэж боддог. Ядаж нүглээс айгаад номтой байж болно.Ном гэдэг үг ч өөрөө дэвтэрлэсэн бичиг биш бясалгалын буюу байгалийн мөн чанарыг хэлсэн байдаг. Тэгэх номтой юмаа, номонд хазгай, номоороо л боллоо… гэх мэтээр ярьдаг. Хүн төрөлхтний бараг 80 хувь нь энэ бясалгалыг мэдэхгүй практик дээр хийхээр хэрхэн өөрчлөгддөгийг ухах билгүүнгүй болохоор л шашин болсон байх гэж боддог. Тэгээд ч зохион байгуулалтай болсон шашин мухар сүсгийн байгууллага болж хувирдаг талаар Ошо ярьсан нь байдаг. Тэрээр  өгүүлэхдээ “ Будда бидэнд шинээр барих, зуурах тулгуур өгөлгүйгээр өмнөх суурь ойлголтыг чинь няцааж үгүй хийгээд хамгийн сүүлд таны хамгийн хайртай “Би” хэмээх аминч үзлийг чинь ч устгана” хэмээн хэлжээ.

Та өнөөдрийг хүртэл өөртөө дараа болох хог новшийг л сэтгэл ухаандаа цуглуулсан байх бөгөөд энэ бүгдээ хаяад сэтгэлээ тэнгэр мэт цэлмэг болгоод, би гэх бүх бодол хязгааргүй хүсэл тачаалыг үүсгэж байгааг мэдээд, хоосон агаар шиг тунгалаг бол гэж сургадаг. Тэгвэл та аз жаргалтай болж болно хэмээн айлддаг. Тэгвэл бид өнөөдөр авах гэсэн ганцхан хүслийн боол болон амьдарч байна.

Эхнэрээ хүртэл “авдаг” болтлоо би гэх үзэл томорсон болохоор аз жаргалгүй амьдарч байгаа ажээ. Хажуу айлын хөрш чинь гурван давхар байшин бариад дотор нь амьсгаа авч чадахааргүй, нүд эргэхээргүй  болтлоо хогшил чихсэнийг  хараад унтаж чадахгүй болтлоо та атаархана. Тийм их хогшилтой болохыг тэчъяадан хүснэ. Хогшил гэдэг үг угаасаа л хог гэсэн үгийн язгууртай. Сэтгэлд хог дүүрээд ирэхээр хогшлоос өөр юу ч бодохоо болино. Бид өнөөдөр ийм би төвтэй капиталист нийгэмрүү өөрийн мэдэлгүй гулсан орсон билээ.

Дээр миний үгийг нь ишилсэн Ошо буюу Чандра Мохан Жайн 1931 оны арван хоёрдугаар сарын 11нд Энэтхэгт төрөөд - 1990 оны нэгдүгээр сарын 19 нд нас эцэслэсэн гүн ухаантан, бясалгалын багш бөгөөд түүний амьд байхдаа хэлсэн үг ярьсан яриа одоо хэдэн мянган боть ном болон дэлхийд тарсан. Тэрээр 1960-аад оноос Ачияра Ражниш гэж нэрлэдэгдсээр, 1970, 1980-аад оны үеэс түүнийг Ошо хэмээн нэрлэх болсон.



Тэрээр улс төрчдийг  ил шулуун шүүмжилдэг нэгэн байлаа.

Ошо 1981 онд АНУ руу нүүж Даллас, Орегон мужийн ойролцоо бясалгалын коммун байгуулсан бөгөөд түүний дагалдагчид маш хурдтай олширсоор байгаа нь АНУын загалмайн шашинтнуудын болон төр засгийн дургүйцлийг төрүүлж эхэлжээ.

1985 онд түүний Ореган дахь коммунд халдварт өвчин гарсан бас бус гэмт хэрэг тэнд үйлдэгдсэн зэргээс тэр бясалгалын төвийг хааж Ошог удалгүй баривчилж, цагаачлалын хуулийг зөрчсөн хэргээр буруутган хорих үедээ түүнд удаан үйлчилдэг хор хоолонд нь хийж өгсөн гэх яриа байдаг. Үнэхээр ч тэрээр таван жилийн дараа 1990 онд Пунад эргэж ирээд нас барсан билээ.

Өнөөдөр түүний яриаг ном болгосон нь маш ихээр борлогдож байна. Түүний ярианд хэрхэн Загалмайн шашныг үгүйсгэдэг байсны дээр дэлхийн шинэ дэглэм Масоны тухай ч ярьсан байх ажээ. Тэхээр энэ бясалгалын багш хүн дэлхийн шинэ дэглэмийн тухай юу гэж ярьсныг хамт харцгаая.
 
-Ошо, Та Папыг маш их эсэргүүцдэг. Шалтгаан нь Ромын Католик шашин хамгийн зохион байгуулалттай шашин учраас ингэдэг үү?
 
-Би хэн нэгний эсрэг байгаа юм биш, харин үнэний төлөө байгаа юм. Би үнэний эсрэг зогсох юуг ч шүүмжлэхээр шулуудсан, энэ нь миний хувьд ариун үүрэг юм. Ромын Католик шашныг хамгийн зохион байгуулалттай шашин гэдэг нь миний Пап-ыг шүүмжилж буй олон шалтгааны ердөө нэг хэсэг нь. Өөр олон зүйлс бий. Би танд өөрийн шүүмжийнхээ бүхий л утга учрыг тайлбарлаж өгмөөр байна.

Юун түрүүнд, тодорхойлбол Католик сүм, ерөнхийдөө бол Христос нь шашин огтхон ч биш юм. Үүнийг зохион байгуулалттай шашин гэж нэрлэх нь буруу юм. Энэ бол зохион байгуулалттай мухар сүсгийг дэвэргэх түүнийгээ хамгаалах байгууллага төдий юм. Есүсээс хойш хорин нэгэн зууны дараа Христос бүхий л төрлийн мухар сүсгийг хамгаалж, шинжлэх ухааны эсрэг, үнэний аливаа нээлтийн эсрэг тэмцсээр ирсэн. Одоо ч тэмцсээр л байгаа. Ийм дайныг удирдагч толгойлогчид нь Папууд юм. Гэхдээ тэд өөрсдийгөө Есүс Христыг төлөөлдөг гэж боддог, харин Есүс Христ бол Бурхны цор ганц хүү гэдэг. Шууд бус утгаар нь хэлбэл тэд бол Бурхны хөсөг дамжуулагч хэмээх логикоор харагдаж ирсэн.
 
-Харин амьдрал гэдэг логик биш. Таны Бурхан өөрөө зохиомол, Есүс Христ Бурхны цор ганц хүү гэдэг нь бас л өөр нэг зохиол уу?
 
-Тийм. Жишээ нь Галилео далан тав юмуу наян настай, бараг л үхэхээ хүлээж хэвтэж байхдаа анх удаа нар дэлхийг тойрдоггүй, харин дэлхий нарыг тойрон эргэдэг гэдгийг нээгээд, Папын шүүхэд чирэгдэн очсон. Тэгээд Пап “Библийн эсрэг байгаа учир үхэхээсээ өмнө мэдэгдлээ өөрчил. Библийн эсрэг юу ч байсан автоматаар няцаагдана. Яагаад гэвэл Библи бол Бурхны үг.” гэж хэлжээ. Галилео гайхалтай эрдэмтэн байсан бөгөөд наян насандаа ч, үхэх гэж байхдаа хүртэл тийм сайхан хошин мэдрэмжтэй байсан нь гайхмаар бас бахархмаар. Тэрээр “Тэгж болноо, би өөрчилж орхиё. Би номондоо Бурханы Библид бичсэнийг, нар дэлхийг тойрон эргэдэг гэж яг байгаагаар нь бичье. Гэхдээ надад танд тодорхой болгох нэг зүйл байгаа нь нар ч, дэлхий ч аль аль нь миний номыг уншихгүй. Жинхэнэ үнэнийг чухалчилж байгаа үед дэлхий нарыг тойрон эргэсээр л байх болно. Яагаад та татгалзах ёстой гэж? Яагаад гэвэл надад тодорхой нотолгоо бий учраас, би бүхий л амьдралаа судалгаанд зориулж, бүхий л шинжлэх ухаанч сэтгэлгээтэй хүмүүс надтай туйлын санал нэг байгаа учраас юм шүү дээ. Хэн ч үнэний эсрэг удаан зогсож чаддаггүй учир эрт орой хэзээ болов ч та санал нэгдэх л болно.” гэжээ. Харин Пап хариуд нь “Нэг мэдэгдэл худлаа болоход Бурхны гуйвшгүй байдал арилна гэсэн энгийн шалтгаанаар Библийн эсрэг агуулгатай нэг ч мэдэгдлийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрэв Бурхан өөрөө найдваргүй юм бол Есүс Христ яах болж байна? Пап ямар болж таарах вэ? Хэрэв Бурхан нэг зүйлийг буруу бичиж болсон юм чинь тэр олон зүйлийг буруу бичсэн байж болно шүү дээ. Бид ийм эрсдэл хүлээж чадахгүй.” гэсэн байна. Түүнийг шоронд хийсэн бөгөөд жилийн дараа тэрээр гэрийн хорионд нас баржээ.
            
Гурван зууны турш, Папууд үнэний шинжлэх ухаанч нээлт бүрийн эсрэг ширүүн тулаан хийсээр ирсэн. Хэн ч үнэний эсрэг баатарлаг байж чадахгүй, харин папууд байдгаараа хичээсээр ирсэн. Энэ бол ердөө л шинжлэх ухааны эсрэг тэмцдэг байгууллага бөгөөд энэ нь миний Папыг эсэргүүцдэг үндсэн шалтгаануудын нэг юм.
           
Өнөөдөр ч тэд ялагдал хүлээхээ, хожигдлын тулаанд орж буйгаа маш сайн мэддэг ч гэсэн шинжлэх ухааны эсрэг тэмцсээр л байна. Тэгээд бас өөрсдийгөө алдаа мадаггүй үнэн хэмээн тунхагласаар л байна.
 
-Хүмүүс ийм ичгүүргүй байж чадна гэдэг гайхалтай зүйл шүү. Тэд үүнийг ойлгох цаг нь ирсэн баймаар.
 
-Жон Аркийг Пап шулам гэж зарласан учир түүний тушаалаар тэр эмэгтэйг шатааж алсан. Папын үг бол хууль, папын үг бол үнэн. Тэд  улс орныхоо эрх чөлөөний төлөө тэмцэж, эрх чөлөөг улс орондоо авчирсан залуухан, сайхан, зориг зүрхтэй, ухаалаг эмэгтэйг шатаасан. Европ тэр аяараа цочирдож, аажим, аажмаар хүмүүс түүний амийг хөнөөсний эсрэг дуу хоолойгоо өргөх болсон ч хүмүүс өөр Папаар Жон Аркыг гэгээнтэн байсан гэж зарлуулах хүртэл өнөөх явдал нэг их хүч оролгүй  гурван зуун жилийг өнгөрөөжээ. Гурван зуун жил шүү дээ!

Нэг Пап түүнийг чөтгөртэй нөхөцсөн шулам байсан гээд  амьдаар нь шатааж, гурван зуун жилийн дараа түүний  залгамжлагч, бас нэгэн пап Жон Аркыг  гэгээнтэн байсан гэж зарласан түүхтэй. Түүний ясыг булшнаас авч, тахин,  түүний дурсгалд сайхан сүм барьж сүндэрлүүлжээ. Одоо хэн ч түүний нэрийг зүгээр Жон Арк гэж дууддаггүй, Гэгээнтэн Жон Арк хэмээх болжээ. Ватикан сая сая доллар олдог ашигтай бизнес учраас төрөлтийг хязгаарлах эм бүтээдэг нууц үйлдвэр ажиллуулдаг гэдгийг мэдэх нь танд цочир санагдаж болох юм. Гэвч энэ бас л үнэн. Ийм хүмүүсийг шашинлаг гэж нэрлэх үү?  Тэд улс төрчдийг өөрсдөөс нь дэмжлэг хүсээсэй гэсэндээ дэлхийн дахинаар Христосын номлогчид болон ширээт лам, кардиналуудыг улс төртэй хутгалдаж болохгүй тухай ярьж явдаг хирнээ ингэж ярьж явдаг нэг хүн Польшруу, улс төрийн намруу, коммунистуудтай тэмцэхийн тулд зуун сая доллар илгээсэн нь мэдэгдсэн.

Үүнийг улс төр гэхгүй  юу гэхэв?

Хэрэв хүмүүс ядуу, өлөн зэлмүүн бол амархан авралт бурханд хандаж, тэр дундаа Католик сүмрүү хүмүүс мөнгөтэйгээ  урсах болно. Тэдний дэлхий даяар байгуулж байдаг сургууль, эмнэлэг, асрамжийн газрууд хүмүүсийг Католикууд болгон хувиргагч үйлдвэрүүдээс өөр юу ч биш юм шүү дээ. Шашиндаа яаж илүү, бүр илүү олон хүн оруулж, эрх мэдлээ бататгах вэ гэдэг л тэдний үндсэн сонирхол байгаа юм. Энэ бол цэвэр улс төр. Христосын шашин угаасаа маш абсурд буюу утгагүй үлгэрийн шинжтэй юм. Есүс онгон эхээс төрсөн гэж Библид баталдаг. Анагаах ухааны шинжлэх ухаан тэр чигтээ үүний эсрэг байдаг байсаар ч ирсэн , ийм зүйл боломжгүй. Харин энэ нь тэдний сууриудын нэг шүү дээ. Хэрэв үүнийг нь аваад хаявал Христосын байгууламж тэр чигтээ нуран унана.

Тэд сэрсэн, гэгээрсэн хүмүүсийг бүтээгээгүй, харин долоон зуун сая хүнийг ганц Католик бүлэглэлдээ элсүүлж чадсан бөгөөд тэднээсээ яг л улс төрийн нам шиг татварыг бүх олсон орлого бүрийнхээ  арван хувийг хандив хэлбэрээр  авдаг. Тэдгээр хүмүүс нь нүдтэй ч хардаггүй, чихтэй ч сонсдоггүй, тэр чигтээ абсурд итгэл үнэмшилтэй. Хэрэв та ямар нэг зүйл хэлбэл тэд таныг даруйхан цовдлоход ч, тамлахад ч бэлэн үй түмэн мухар сүсэгтнүүдтэй. Тэд Есүсийг цовдолж алсны  эсрэг байдаг ч таныг зүгээр л үнэнийг хэлсний чинь төлөө цовдлоход хэзээд бэлэн байж байдаг.

Би нэг яриандаа Ариун Библи цэвэр порнографийг дүрсэлсэн таван зуун дараалсан хэсэгтэй учир хамгийн ариун бус ном гэж хэлсэн юм. Америкт байдаг найзуудын маань нэг нь үүнийг сонсоод тэр бүх таван зуун хэсгийг цуглуулж “X-rated HolyBible” буюу “Ариун Библийг нэвт харахад”  гэж нэртэй ном болгон хэвлүүлсэн. Тэгээд одоо би Канпураас зарлан дуудах хуудас хүлээж аваад сууж байна.

Христосын арван нийгэмлэг намайг шашны үнэлэмжийг гутаасан гэсэн шалтгаанаар миний эсрэг хэрэг үүсгэсэн гэнэ. Би тэдгээр хүмүүсийг ийм харалган байгаад итгэж чадахгүй л байна. Хэрэв ямар нэг зүйл шашны үнэлэмжийг тань гутаагаад байгаа бол тэр чинь Библи өөрөө юм шүү дээ! Надтай ямар ч хамаагүй. Та Библийг хориглох хэрэгтэй эсвэл порнографик уран зохиолын жагсаалтад оруулж шошголох ёстой гэж засгийн газарт хэлэх хэрэгтэй. Би юуг ч зохиож яриагүй. Тэр таван зуун хэсэг Библи дотор байгаа шүү дээ. Тэдгээр арван нийгэмлэг миний юун тухай яриад буйг ойлгохын тулд ядаж өөрсдийн Библээ харчхаж болно шүү дээ. Үгүй бол тэд шүүх дээр маш тэнэг харагдах болно.
 
-Одоо тэд бүх улсад ижил хүйсийн харилцааг хүнд гэмт хэрэг болгохоор суртал ухуулга хийж тэмцэл үүсгэцгээж байна?
 
 -Гэтэл энэ дэлхий дээрх хүн бүхэн 6-р Пап Паулыг ижил хүйстэн байсан гэдгийг мэднэ. Тэр пап болохынхоо өмнө Миланд кардинал байсан ба түүнийг ижил хүйстэн гэдэг яриа бүх хотын амны зугаа байсан. Бүх Милан түүнийг залуухан, сайхан найз залуутайгаа үргэлж хамт харагддаг байсныг гайхдаг байсан. Үүнийг хүн бүр сайн мэдэж байсан ч ...тэр пап болсон. Пап болсон даруйд нь түүний найз залуу Ватиканд дуудагдаж, нарийн бичиг болсон. Энгийн үед бол нарийн бичиг найз бүсгүй болдог бол энд бага зэрэг ялгаатай, гэхдээ л ижил түүх. Энэ явдлыг хэзээ ч Ватиканы зүгээс үгүйсгэгдээгүй, тэд үгүйсгэж чадахааргүй баримттай байсан. Гэхдээ хэрэв та үүнийг хэлэх юм бол папын эсрэг байна гэсэн үг. Би папын эсрэг байгаа юм биш.
Би ердөө л үнэний талд байгаа юм.
 
Ижил хүйстэн байсан 6-р Пап Паулын орыг 1-р Пап Жон Паул  залгасан юм. Тэр Католик сүмээс хуулиар хориглосон Масоны Үүр/Байранд харьяалагддаг кардиналууд болон ширээт лам нарыг шалгах тушаал гаргасан ухаалаг, либерал хүн байсан.

Тэдгээр Масоны Үүрүүд дэлхийн зөвхөн хамгийн хөрөнгө чинээтэй хүмүүсийг гишүүдээрээ авдаг газар. Тэд нууц зан үйл хийдэг нууц нийгэмлэг. Тэдний нууц зан үйл бэлгийн садар зугаа цэнгэл болон бусад бүх төрлийн балиар зүйлсийг агуулдаг учир ямар ч Христосын номлогч, ширээт лам юм уу кардинал, эсвэл аливаа албан тушаалыг хашиж буй хэн ч ямар нэг Масоны Үүрийн гишүүн байх ёсгүй гэж Христосоос хориглосон.

 1-р Жон Паул тэдгээр Масоны Үүрүүдэд харьяалагддаг кардиналууд, ширээт ламуудыг шалгах үүрэг өгсөн.
 Тэр маш олон Ватиканы албан тушаалтнууд Масончууд байсныг илрүүлж бүгдийг нь албанаас буулгах тушаал гаргасан.
Хоёр нүүртэй бүр хуурамч байгаа биз? Тэд өөрсдөө ямар ч Христосын номлогч Масоны Үүрийн гишүүн болж болохгүй гэж хуульчилсан хүмүүс шүү дээ.
 Гэтэл Ватиканд өөрт нь кардиналууд, ширээт ламтангууд, аркбишопууд Масоны Үүрийн гишүүд байсан нь олдсон.
 Тэгээд Жон Паул 1 тэднийг албанаас нь буулгахыг тушааж, бүх л Католик шатлан захирах ёс, хүнд суртал тэрхүү ухаант эрийн эсрэг боссон. Бүх Христосын түүхэнд тэр л ганц ухаантай, хүмүүнлэг, аливааг ойлгодог пап байсан байх.

Тэр үед, Жон Паул Ватиканы банканд Мафийн хар тамхины мөнгө болох зуу зуун сая долларыг жил бүр хэрхэн угааж байсныг илрүүлэх шалгалтыг мөн оруулахаар тушаагаад байсан.
 
Таны шашны байгууллага ийм л газар юм шүү дээ.
 
Папын дор байдаг Ватиканы банк өөрөө Мафийн байгууллагаас өөр юу ч биш. Геройны хэдэн зуун сая доллар... Тэд мансууруулах бодисын эсрэг сургаал айлддаг ч хөшигний цаана өөрснөө мансууруулах бодис наймаалцдаг.

Тэр бас сүм өөрсдөө төрөлтийн хязгаарлалтыг дэмждэг, жирэмсний эсрэг эм хийдэг үйлдвэртэй гэдгийг зарлахаар хурал төлөвлөөд байсан.
Тэр эмийг “Католик үрэл” гэж нэрлэхийг хүсэж байсан үнэхээр аливааг ойлгодог хүн байсан. Гэхдээ эдгээр тушаалуудыг биелүүлэхээс өмнө сэжигтэй нөхцөлд нас барсан байдалтай олдсон.
 
Түүнийг алсан байсан. Энэ санамсаргүй үхэл байгаагүй.
 
Түүний орыг Пап Жон Паул 2-р залгаж, Полак Ватикан нь үнэндээ төрөлтийн хяналтын эм хийдэг компани эзэмшдэг хэдий ч - хэмнэл аргаас бусад бүх төрөлтийн хяналтын аргыг хориглосон.
 

 
 
Тэр мөн Freemasons-дахь гишүүнчлэлийг хориглосон сүмийн хууль гаргасан хүн байлаа. Тэгээд Ватикан банкны удирдлага Маркинкус  (Marcinkus-ийг archbishop)  хамба болгон тушаал дэвшүүлж, өөрийн хувийн бүлэгтээ авсан байдаг.  Маркинкус бол банкаар дамжуулан мафийн хар тамхины мөнгийг угааж байсан тэр хүн шүү дээ. Ямар ч зүйл зохион байгуулалтад орсон мөчөөс өөрийн хамгаалагдсан ашиг сонирхол гэгчтэй болдог учир би зохион байгуулалттай шашны эсрэг байдаг юм. Тэгээд шашин мартагдаж, бусад зүйлс илүү чухал болдог. Үнэн, түүний төлөөх эрэл таны бүх оролцоог шаарддаг, өөр юу ч үүний дагуу байх ёсгүй.

Зохион байгуулалттай шашин шорон болсон гэсэн үг.
 
Тэд танд бэлэн номлол өгдөг ба таны хийх цорын ганц үйл ажиллагаа бол учир шалтгаан байна уу, логиктой байна уу үгүй юу гэдэг хамаагүй, зүгээр л тэдгээрт итгэж үнэмших явдал. Та өөрөө судалж турших учиргүй. Яагаад гэвэл та албан ёсны номлолоос гажууд зүйл олчих ч юм бил үү хэн мэдлээ. Гэхдээ албан ёсны номлол таны гэгээрэл болж чадахгүй. Албан ёсны номлол таныг сургаж чадах ч мэргэн болгож чадахгүй. Таныг зөн билэгтэй болгож чадахгүй, таныг Бурхныг мэддэг болгож чадахгүй.

 Би папыг зөвхөн зохион байгуулалттай шашны удирдлага болохоор нь биш харин бас засгийн газрын удирдлага ч мөн учраас шүүмжилж байгаа юм. Нэг их засгийн газар биш, наймхан миль квадрат газар ч гэлээ тэр улсын удирдагч гэж хүлээн зөвшөөрөгдсөөр байна шүү дээ. Тэр НҮБ-д төлөөлөгчидтэй, гадаад орнуудад элчин сайдуудтай.

Шашин бол маш дээгүүр зүйл, улс төр бол маш доогуур зүйл. Доогуур зүйлийг дээгүүр зүйлтэй хольсон цагт хэзээд доогуур нь биш харин дээгүүр зүйл нь бохирддог гэдгийг санах ёстой. Дээгүүр чанараа алддаг зүйл нь ямагт дээгүүр зүйл байдаг учраас тэр. Доогуур зүйлд алдах юм үгүй, улам доошоо унаад л байж чадна, угаас аль хэзээ үнэмлэхүй доош уначихсан учир.

Шашин болон улс төр салангид байх ёстой юм.  Шашин зохион байгуулалтад оров уу гүй юу улс төр болж хувирдаг. Тэгэхээр шашин огтоос зохион байгуулалттай байх ёсгүй, энэ хүн бүрийн хувийн, дотно эрэл байх ёстой...гэх мэтээр маш их зүйлс ярьсан байдаг.
 
Энэ бүх яриа яагаад чухал вэ?
 
гэвэл Монголчууд бид ийм тогтолцоотой “ардчилсан нийгэмд” одоо амьдарч байна.

ЗХУ гэж асар том эзэнт гүрэн задран унаж бид өөрийн мэдэлгүй ардчилал зах зээл гэх замд гарч ирсэн. Гэхдээ энэ задралыг тэд нар буюу Дэлхийн засгийн газар хийсэн. Тэд социализмыг задалсан. Өөрийнхөө нэрээр эд хогшлоо хүртэл нэрлэж эгогоо цатгах Форд, Рокфеллер, Ротшилд, Жи Пи Морганы бүтээсэн эзэнт гүрний нийгмийн роботууд болцгоосон шүү дээ бид өнөөдөр. Тэд эхлээд кока колаг, дараа нь мтв хөгжмийн сувгийг тэгээд араас нь миссионер буюу загалмайтны номлогч нараа тэгээд хамгийн сүүлд танкаа оруулж ирдэг аргатай. Тэд юу ч хийдэггүй бид л ажиллаж байдаг. Дэлхий даяараа ажиллаж байхад тэр хэдэд мөнгө тоолохоос өөр ажил байхгүй гэсэн үг.

Бид өмнө нь нэг өвлийн гутал, нэг зуны гуталтай болоод байдаг байсан бол одоо өч төчнөөн гуталтай болсон. Өч төчнөөн хэрэглээтэй болсон. Өч төчнөөн хогшилтой болсон. Хөдөө бол нэг гэртээ, хотод бол  ганц хоёр өрөөндөө, сэтгэл хангалуун эв найртай амьдарч байснаа бусдыг дуурайж, атаархаж төөрмөөр олон өрөөтэй тэр бүгдээрээ хогшил чихэхийг хүсэх болсон.

Бүх юмыг олон болгох гагц хүсэлтэй. Олон байртай, олон хувцастай, олон найзтай, олон эхнэр, хүүхэнтэй, олон сайхан хурдан машинуудтай , олон хурдан морьдтой, алдар  хүндтэй олон олон одон медальтай… гэх мэтээр бүх юмаа олон болгох гэж ганц олдох хэмжээтэй насаараа зовох замд эргэлт буцалтгүй орсон. Олдох тусам сэтгэл бүр өлдөнө. Ингээд тэрээр хогшил цуглуулах донтой болоод нэг ч өдрийг аз жаргалтай өнгөрөөхгүй тэмцэж, цухалдаж явсаар өтөл настайгаа золгодог. Бид зочид буудалд буусан хүмүүс шиг унтаад босоход өртэй болж түүнийгээ төлөх гэж гүйдгээ төөрөг заяа хэмээн нэрлэсээр өнөөх олон хогшлоо цуглуулах гэж шаналсаар үхэлтэй нүүр тулдаг болж. Нэг л мэдэхэд зочид буудлаас гарах болсон байх бөгөөд амь насаа эргүүлж өгөөд данс цайрдаг. Бид ийм л нийгэмд өдөр бүр зовж яваа улс билээ.

Тиймээс бид Буддагийн номыг түүний гэгээрэлд хүрсэн бясалгалыг сурч байж эхэнд өгүүлсэн аливаа шахалт дарамтгүй, үзэл суртлаас ангид аврагдах аргыг эзэмшиж болно.

Энэ бол сэтгэлийн тэгш амгаланг хөгжүүлээд аливааг сэтгэлийн тэнцвэрээ алдахгүй ажиглаж сурах тухайд билээ. Монгол ухаан гэж үүнийг л нэрлэдэг. Монгол ухаан бол аливааг тэгш амгалан сэтгэлээр ажиглаж байгаад хөдлөх хашир ухаан. Долоо хэмжиж нэг огтлох хэрсүү ухаан. Ажиглалт хийх нь толь шиг тунгалаг болох тухай яриа юм.

Та элдэв ертөнцийн явдалд залагдаж сэтгэлээ алдаж, тайван байдлаа алдаж хүсэл шунал, атаа хорслын  боол болдог байснаа өөрчилж харин ч номхон хүлцэнгүй байдлаа  жинхэнэ эрх чөлөөгөөр солих цагт  аз жаргал таныг үүл мэт өлгийдөх болно.

Үүнийг л уг нь Бурхны ариун ном, бясалгал гээд байгаа хэрэг.
Хэрэв та ийм төвшинд хүрсэн бол хүлээхээс өөр юм үлдээгүй гэсэн үг.
       
Аливааг ойлгохын тулд эхлээд эргэн тойрноо энэ дэлхийг ажиглах ёстой.
Ажиглагч ямагт дундыг баримтлагч байдаг. Хүн хариу үйлдэл хийгээд асуудалд оролцоод, эсэргүүцээд эсвэл дэмжээд ирэхээрээ  ажиглагч байхаа больдог. Ийм хөдөлгөөнтэй үед аз жаргал ч байхгүй болдог. Хөдөлгөөнгүй байж л ажиглаж чадна. Та яарч гүйж байхдаа олигтой зураг дарж чадахгүйтэй яг адил.  Эхлээд дотроо хөдөлгөөнгүй болж, амьсгаагаа дарж байж гаднах үйл явдлыг зөв, тод харна. Энэ тухайд ярих үед сэтгэл нь хогшлоор дүүрсэн хүн энэ бас л шарын шашныг дэлгэрүүлж номой даруу улсыг бэлтгэх гэж байна хэмээн хардах сэтгэл төрж өөрөө ч сайн ойлгоогүй хирнээ бөөгийн ёс, эрч хүч гэх мэт юмс ярих нь элбэг таардаг. Их энгийнээр үлгэрлэхэд хэрвээ та битүү эд хогшил чихсэн өрөөгөө суллаад эхэлбэл тэр өрөө том болох бөгөөд тэр хоосон орон зайг ямар нэг юм дүүргэхийг та мэдэрнэ. Энэ мэдрээд байгаа зүйл бол орон зай, хоосон чанар, сэтгэлийн тайвшралт бөлгөө. Бясалгал бол сэтгэлээр дүүрэн хогшлыг суллах явц юм. Хоосрох тусам эрх чөлөө жинхэнээсээ мэдрэгдэж эхэлнэ. Бурхны ном бясалгал гэгч сэтгэлийн хогийг хоосолж тэнгэр мэт тэнэгэр болгохын л тухайд юм.
 
Харин сүүлийн үед энерги гэж их ярих боллоо.
Анх багшийнд манай хэдэн хүн очиход энергийн орчинг анх  мэдэрч билээ. Аавындаа ээжийндээ ирэхээр хүн налайгаад л нэг л тайван амгалан болдог шиг багшийн гэр бүүр сайхан тухтай суугаад л баймаар байж билээ. Үүнийг бясалгалын орчин гэнэ. Зарим айлд орохоор нэг л тогтож өгөхгүй гарч гүймээр болоод байдаг, зарим хүн ч ялгаагүй хажууд нь байхаар нэг л биш болоод байдаг.
Гэвч үүнийг нотлох хэцүү. Яагаад гэвэл дотоод ухамсар буюу далд ухамсар англиар бол unconsious mind буюу “уг” үүнийг мэдэрдэг. Ил ухамсар бол яагаад энэ хүн эсвэл энэ айл муу байдаг юм зүв зүгээр л хүн шүү дээ гэж логик боддог болоод тэр.

Зөнгөөрөө мэднэ гэдэг энэ. Харин бясалгал ийм чанарыг хөгжүүлдэг.
Монгол хэлэнд уг гэж үүнийг нэрлэдэг шиг байгаан. Угаасаа л өөдгүй, угийн тийм зантай , угийн авьяастай гэх мэтээр ярьдаг шүү дээ. Тэр үл харагдах угийг гагцхүү бясалгалаар л засна. Ямар ч ном уншаад тангад шүлэг цээжлээд засардаг эд биш юм даа. Ил ухамсарт олон дахин хийсэн зүйл дадал болохоороо л далд ухамсарт шилжинэ.

Уг нь зөв болохоор угаасаа жаргал ирнэ. Тэр нь сэтгэлийн тэгш амгалан бөлгөө. Сэтгэлийн уг тайван аваас дэргэд дэлхийн гуравдугаар дайн болж байсан ч сэтгэл цалгихгүй…

Энэ сэдвээр ярих бичих их ярвигтай болохоор хаяа л иймэрхүү юм бичих юм даа. Бясалгалд суусан хүмүүс л үүнийг ойлгоно. Бясалгалын орой бүр цаг гаруйн Гоенка багшийн айлдвар түүний хоолойгоор явдаг. Өдөржин бясалгал хийсэн хүнд тэр яриа маш сайн ойлгогдоно. Тэнд Буддизмын хамаг гол юм бүгд орсон байдаг. За энэ урт яриагаа багшийн нэг айлдвараар өндөрлөе. Гоенка багш айлдахдаа

Бурхан багш дэлхийн хүмүүсийг дөрвөн янз байдаг гэжээ.
 
                         Харанхуйгаас харанхуйруу гүйгч хүмүүс
                         Гэрэл гэгээнээс харанхуйруу гүйгч хүмүүс
                         Харанхуйгаас гэрэлрүү гүйгч хүмүүс
                         Гэрэл гэгээнээс гэрэл гэгээрүү гүйгч хүмүүс хэмээн 4 ангилжээ.
 
1. Эхний хэсэгт багтах хүмүүс амьдрал нь уйтгар гуниг, зовлон шаналал дүүрэн бөгөөд харамсалтай нь үүнийгээ ойлгох билгүүнгүй мунхаг нэгэн ажээ. Эдгээр хүмүүс амьдралд нь зовлон шаналал тохиолдох бүрийд уур хилэн хүсэл шуналын хариу үйлдэл эхлээд үзүүлж үргэлж өөрөө зовж бусдыг муутгана. Хэн нэгнээс болж зовж байна гэж дандаа бодож нүгэл хураана. Түүний одоо цагт үүсгээд байгаа уур хилэн шаналал ирээдүйг нь улам бүр харанхуй болгоно.
Өнөөдөр тарьсан нүглийн үрээ маргааш ургахаар нь түүх нь гарцаагүй.
 
2.  Дараагийн хэсэг хүмүүст эд баялаг, нэр алдар бүгд байх ч     бардам сэтгэлээр хөөрч, бусад тэнэг би ухаантай болохоор мөнгө олж байна хэмээн хувиа бодох биеэ тоох дээрэнгүй болох зэргээр мөн л билгүүнгүй мунхаг зангаар би гэх бодлоор өөрийгөө одоо цагтаа нүгэл хурааж ирээдүйгээ харанхуй болгодог. Бүх юм мөнх бус болохоор урд насны буян арвижуулахгүй бол дороо барагдана. Ингээд удахгүй харанхуй угтана.
 
3. Энэ хэсэгт багтах хүмүүс эхнийхтэй адил зовлон шаналал,  өвчин зовлонтой ч бодит байдлыг ойлгох билгүүнтэй хүмүүс " Аль насны үйлийн үр юм болдоо" гэж ухааран бусдыг харааж нүгэл цуглуулахгүй.Тэд бодит байдлыг тэгш амгалангаар хардаг, бусдаас болоод би муу байна гэхээсээ өөрөөсөө өө эрдэг болохоор сэтгэл цайж нэг их удалгүй амьдрал нь гэрэлтэй болдог. Ирээдүйдээ нүгэл хураахгүй бусдыг үзэн ядахгүй тул ирээдүй нь гэрэлтэй болдог
 
4. Ийм хүмүүс хоёр дахь хэсгийн хүмүүс шиг эд баялаг, нэр төр бүгд байх ч өмнөхөөс ялгаатай нь билгүүнтэй хүмүүс тул өөрийн олсон хөрөнгө мөнгө алив зүйлээрээ гэр бүлээ тэжээхээс гадна бусдад өглөг болгон өгч байхыг мэддэг хэсэг юм. Энэ сайн яваа нь урд насны буян биз тэхээр ийм үе дорхноо дуусах тул бусдад тус болсноор л буян арвижна хэмээн бодож аз жаргалаа бусадтай хуваалцдаг.
 
Энэ мэт айлдварыг өдөр бүр цаг гаруй айлддаг бөлгөө!



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив