Пянзнаас гарах аялгуу арай л өөр …
2016 оны 8 сарын 24 [Уншсан тоо: 44177]
За да одоо ч пянз, пионер хоёрыг мэддэг хүн ховор доо…тиймээс сонин биш ч байж мэднэ.

Ер нь бол мянга есөн зуун наяад оноос тоон систем гарч ирж хөгжмийг сиди дээр бичээд лазераар тоглуулдаг болсоноор аналог дуу авианы эрин үеийг тоон систем хөгжмийн зах зээлтэй нь хамт бүрэн залгисан юм.

Дууг тоон системээр хэд ч хуулсан яг эхнийхээрээ байдаг болсноор си ди хүчээ авч анх Dire Straits хамтлагийн Brothers in Arms альбомын си ди гарсанаар 30 сая хувь борлогдож байжээ. Энэ үеэс пянз хог болж, аналог студиүд шинээр тоон системээр тоноглогдон овор томтой аналог техникүүд пянзтайгаа хамт гудманд хог дээр гарсан юм.

Мэдээж шинэ технологи дагаад си ди тоглуулагч, дивиди тоглуулагч гэж ар араасаа элдэв хэрэгсэл гарч ирж өнөөг хүртэл Америк, Герман, Япон, сүүлрүүгээ Солонгос орнууд өрсөлдөн тэмцэлдсээр л байх аж.

Гэтэл сүүлийн үед аналог дуугаралтыг эргэн сонирхох болж аналогоор тэр дундаа бүрэн шахуу орхигдсон лампны өсгөгчөөр цахилгаан хөгжмийг өсгөж бичсэн бичлэгүүд эргээд сэргэжээ. Саяхан хог мэт үзэгддэг байсан винил-пянз 2014 онд Америкийн хөгжмийн зах дээр өмнөх 2013 онтой харьцуулахад 51% -иар илүү борлогдожээ. Энэ нь нэг жилд 9.2 сая пянз зарагдсан гэсэн үг юм.

Нээрээ ч одоо эргээд санах наа “Родина” зэрэг Оросын лампын радио хүлээн авагч сонсоход нэвтрүүлэгчийн хоолой хүртэл цаанаа л нэг хүнгэнэсэн сүрдмээр өргөн цараатай дуулддаг асан санагдана.

Радио техник улам бүр жижгэрч хагас дамжуулагч транзистор, блок, микросхем гэх мэтээр жижигрэх хэрээр түүнээс гарах дуу авианы цар хүрээ ч жижгэрч гуншаа талруугаа явчихсан мэт санагдах нь ч бий.

Пянзнаас гарах аялгуу тоон системээр бичсэнтэй харьцуулахад илүү “дулаахан” илүү “өтгөн” “зөөлөн” дуугардаг гэж үзэх болов.

Австралийн “Rebeat” хэмээн компани шинээр HD Vinyl хэмээх пянз хийх эрхээ авсан бөгөөд тэр шинэ пянз нь одоогийнхоос 30 хувь илүү чанартай бичлэг байхаас гадна одооныхоос зуун хувь илүү чангалж болох гэнэ. Өөр бас нэг том ололт нь тэр пянзны багтаамж си ди шиг томрох ч үнэ одоогийн пянзнаас хямд гарах бөгөөд ойрын гурван жилд худалдаанд гарч эхлэхийг зарлажээ.

Мэдээж үүнийг дагаад тэр шинэ “аналог эйч ди пянз”-ыг тоглуулах тусгай тоглуулагч үйлдвэрлэж эхлэх гэнэ.

Гэлээ ч гэсэн дээрх 9.2 сая пянз гэдэг тоон системээр үнэтэй үнэгүй тарж буй стриймингүүд, борлогдож буй CD, Itunes, хэдэн зуун мянган фм радиогоор зогсолтгүй цацагдаж буй стриймэнгийн хажууд ёстой л далайн нэг дусал төдий юм.

Манайд ч нүүр номоор “Пянз Цуглуулагчдийн Клуб”-ыг пянз цуглуулагч, шог зураач С.Цогтбаяр ахлан олон ч хүн нэгдэж байх ажээ.
 
Пянзны товч түүх.

 
Дэлхийд анх 1860 онд Парис хотод Францын зохион бүтээгч Эдуард Леон Скотт франц ардын дууг нэгэн төхөөрөмжөөр анх бичлэг хийсэн гэж үздэг байна.Тэр төхөөрөмжөө фоно-автораф гэж нэрлэж байсан нь сүүлдээ “фонограф” болон өөрчлөгдөн үлджээ.

Мөн нэг их удалгүй 1877 онд, Америкийн залуу зохион бүтээгч Томас Эдисон цилиндр хэлбэртэй цагаан тугалган дээр эсвэл лаваар бүрсэн цаасан соронзон хальсан дээр дуу буулгаад эргүүлж мушгиа хэлбэрийн мембраны тусламжтай чанга яригчаар гаргах төхөөрөмж хийж пантентлуулж авчээ.

Арван жилийн дараа 1887 онд, еврей гаралтай Имиль Берлинер гэх АНУ-ын инженер, диск хэлбэрээр бичлэг хийх аргыг санал болгосон гэх мэтээр сайжирсаар 1930 онд Германд микроскопоор харан бичлэгийн замыг бөөрөнцөг хэлбэрт буулгаж дуу бичлэгийн анхны хувьсгалыг хийжээ.

Дараа нь 1948 онд АНУ-ын нь «Колумбиа» компани анх удаа Long Play (LP), (Удаан тоглогч) хэмээх минутад 33⅓ удаа эргэдэг пянзыг үйлдвэрлэн гаргажээ.

Энэ цагаас 1980 аад оны дунд хүртэл пянз дангаараа дуу бичлэгийн гол хэрэгцээ байсаар ирсэн юм.

Манай оронд Богд хаант засгийн үед хааны ордонд пянз тоглуулагч, пянз байсан бөгөөд 1952 оноос ЗХУ-ын LP 33 үйлдвэрлэж эхэлсэн цагаас манайд нэвтэрч 1970 аад онд саяхан сонгуулийн “цунамид” бөөнөөрөө арчуулагсдын нэг Э.Батүүл, мань мэт пянз цуглуулж барууны хөгжим сонсох гэж зүтгэдэг байлаа. Үүнийг тэрлэгч би бээр 1970 аад онд хөрөнгөтний үзэл сурталгүй пянзыг Югославын марк цуглуулагчтай маркаар сольж авдаг нь НАХЯ-нд мэдэгдэж асуугдаж байцааагдаж явсан гэхэд одоо үеийнхэн гайхах нь мэдээж юм.

Харин барууны рок хөгжим пянзаар дамжин дөнгөж орж ирэх үетэй давхцан ардчилсан хувьсгал гарахаас өмнөхөн пянз ч дэлхийн зах зээлээс арчигдсан ийм л товч түүхтэй аж.


45 хурдтай сингл болон 33 ын хурдтай пянзны 1973-2014 оны борлуулалтын хүснэгт (45 ын хурдтай сингл ямагт их зайд сайн бичигдсэн байдаг байна.)
 
Аналог бичлэг
 
Компакт-диск болон MP3 аас пянзны бичлэг аналогоор хийгдсэнээр л гол ялгаатай.

Өөрөөр хэлбэл анхны эхээс ирсэн сигнал буюу дууг бичихдээ механик, физик аргаар тасралтгүй ирэх анхны дуу авианы соронзон долгионыг пянзан дээр хоёр зам болгон чичрэлтээр сийлж үлдээж байгаа хэрэг бөгөөд эргээд пянз тоглуулагчийн зүү өнөөх хоёр замаар явахдаа баруун, зүүн гэсэн хоёр зүгт авиа салгаж гаргахаас гадна аргил дууг гүн гэх мэт өөр өөр гүнтэйгээр сийлдэг тул пянзаар дамжин гарч байгаа дуу авиа анхны эхээсээ илүү тослог, өтгөн дуугаралттай гарах нь элбэг гэнэ. Тэгээд ч далаад онд ихэнх студиүд ламптай өсгөгч пульт хэрэглэж байсан байдаг.

Пянзны эхийг хийхдээ сайтар өнгөлсөн дугуй хөнгөн цагаан дээр тусгай хар лаак асгах бөгөөд тэр нь хумсны лактай төстэй. Хоёр дахин асгаж бэхжүүлээд түүнийгээ цэвэр эсэхийг сайтар шалгасны дараа угаагаад бичлэгийн төхөөрөмжид суулгана. Жигдхэн эргэх өнөөх хавтан дээр тэр багаж зүүгээр ирэх чичиргээнийг сийлж эхний хувийг бэлтгэнэ. Тэр эхээ дахин угаагаад мөнгөний уусмалаар шүршээд дараа нь никел болгодог электролит шингэн уусмалд дүрж бэхжүүлээд мөнгөлөг никел эхний эх хувь гарч ирнэ.

Энэ эхээ хувилах төхөөрөмжинд суурилуулаад пянзны хар пластмасс хайлмагийг эх буюу матриц дээрээ шахаж хэвлэх маягаар олон тоогоор үйлдвэрлэдэг болохоор студийн нэгдүгээр эхээс ихээхэн механик аргаар буусан анхны бичлэгийн хувь ажээ.

Харин тоон систем буюу CD аналог дохиог тодорхой хормын хувилбарт тоогоор оруулдаг буюу секундэд 44.100 удаа таслан тоо болгон орчуулан хувиргаж нарийвчлан буулгадаг аж.Тэгэхээр си динээс гарч буй дуу хатуу огт хөдөлгөөнгүй хадмал дуу байх ажээ.

Тэгвэл өнөөх пянзны домогт "дулаан" “өтгөн” дуугаралт ямар учиртай, хаанаас бий болсон дуу байх билээ?

Энэ тал дээр маш их маргааш байдаг аж.

Зарим судлаачдын үзэж байгаагаар ерөнхийдөө тоон систем гарч ирснээр хөгжмийн зах зээл шууд үнэгүй болж эхэлсэн. Мп3 гарч ирснээр ямар ч хөгжмийг түүгээр шахаж чанар муутай бичлэг ихээр бичиж үнэгүй шахуу тарснаар хөгжмийн зах зээл бүхэлдээ сүйрэлд орсон учир пянзаа эргүүлээд сайн хэмээх яриа зориуд тарааж байна гэх.

Студи эхлээд тэр хамтлагийн тоглолт дуу авиаг соронзон хальсан дээр буулгана. Хир сайн студи юм, ямар микрофоноор бичсэн юм, ямар өсгөгчөөр цахилгаан хөгжим дуугарч, ямар пультээр дамжсан гэх мэт эхний хувийн тухай бөөн асуудал гарах болжээ.

Одоо хэрэг дээрээ дэлхийд ганцхан Японы Audio-technics SL-1200 л пянз тоглуулагч хуучны адил хийсээр байгаа ч үйлдвэрлэлээ зогсоох дээрээ тулсан үе тул дахин пянзыг үнэд оруулах гэж тусгайлсан ПИ-АР хүчтэй хийж байна хэмээн маргалдах ажээ.

Бас нэг анхаарал татаж буй зүйл бол анхнаасаа тоон системээр бүр жирийн леп топоор биччихсэн эх бичлэгээ пянзан дээр буулгаад өндөр үнээр зарах болсон тохиолдол их болж гэнэ.

Нэг жишээ нь гэхэд Gorillaz ын «The Fall» альбомыг 2011 онд аялан тоглолтоор явах үедээ зүгээр л автобус дотроо iPadаар хийж 2012 онд мп 3 аас ч чанар муутай дуугаралт бүхий гаргасан альбом атлаа түүнийгээ пянз болгоод 150 доллар аар зарж байх гэх мэт жишээ олон байх ажээ.


Хэдхэн жилийн өмнө Японд очиход хуучны пянз маш хямд зарсаар л байдаг байлаа. Зарим газар ердөө нэг доллар бол дээд тал нь л 10 доллар байдаг байсан пянз ингэж эргээд үнэд ороод иржээ.

Хөгжим бол хүн төрөлхтөнтэй хэзээд хамт байсаар ирсэн зүйл боловч пянзны эрин үед илүү амттай байсан нь олон талтай юм.

Нэгд тэр нь хэмжээгээр том,сайхан зурагтай болохоор нэг л үнэт зүйлийн шинжтэй. Пянзыг сонсох нь ном унших лугаа тогтож анхаардаг, зүүний хөдөлгөөн үл ялиг шаржигнаан, үнэр, эргэх хөдөлгөөн, гоё ганган том хавтас дугтуй гэх мэтээр олон матриаллаг шинжтэй. Түүнээс гадна пянз тоглуулагч өсгөгч чанга яригч гэх мэт бүр таваарлаг олон зүйлсээс бүрдэж байж дуугарна. Одоо тэгвэл хөгжим сонсох гэдэг өчүүхэн төхөөрөмжийн эсвэл компьютерийн хийдэг ажил болж.

Тэрийг ч бас хөгжмийн зах зээлийнхэн мэдээд эргээд аналог өсгөгч төдийгүй лампын өсгөгчүүд үйлдвэрлээд эхэлжээ. Одоо 50 жилийн ойгоо тэмдэглэж буй АНУын “McIntosh” компани лампын өсгөгчөө үйлдвэрлэсээр байгаа бөгөөд өнөөдөр худалдан авачигдийн тоо эрс өсжээ.

Яагаад гэвэл сүүлийн үед сиди, пянз гэхээсээ өсгөгч чанга яригчдын үйлдвэрлэл илт муудаж элдэв муу дуутай хямд төхөөрөмж үйлдвэрлэх нь ихэсжээ.

Тэгээд ч одоо бүх зүйлс хоосон чанар луугаа хэт хурдтай яваад байгаа болохоор пянзны эрин үе эргээд наашилж байгаа ч байж мэдэх юм.

Зарим хүний хувьд бол үнэгүй сонсох юмыг үнэтэй болгох гээд байх шиг л санагдах нь гарцаагүй.

Гэхдээ л пянз сонсоод гэртээ суух тэр мөч юу юунаас илүү дотно, дулаан… гэдэгтэй пянз, пионер хоёр мэддэг нэгэн бол маргахгүй төдийгүй олдох тусам өлдөж буй үнэт зүйлсээ эргээд олсон мэт болох нь дамжиггүй бизээ.

Сайхан бүхэн эргэж ирдэггүйдээ гунигтай ч, санаан зоргоор мартаж болдоггүйдээ жаргалтай билээ л…
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив