“Миний мэдэхгүй З.Энхболд” номын Наймдугаар бүлэг “ХЯТАДЫН НЭХЭЛ”
2016 оны 9 сарын 5 [Уншсан тоо: 136416]
Түмний нэг хөрөг цуврал


 


Ю.М.Галенович “ХЯТАДЫН НЭХЭЛ” (“ПРЕТЕНЗИИ КИТАЯ”), (Москва, “Русская панорама” хэвлэлийн газар, 2015 он) номыг анх З.Энхболдоос аваад өөрөө уншаад дараа нь анд найз Д.Өлзийбаатарт өгсөн билээ.


Тэрээр анх номыг авахдаа:
     -Энэ сүүлийн үед тоосго шиг зузаан номнууд бичээд байгаа Орос, Хятад судлалаар бол том нөхөр шүү дээ...би харж л суудаг юм харин энийг олж хараагүй шинэ ном байна... гээд олзуурхан авсан билээ.

Түүхийн номыг бараг л алгасахгүй харж байдаг тэрээр уншиж бараа биз гэж бодоод тэр номын тухай бас түүний “Монголчууд” цахим ном хэрхэн бүтсэн бас одоо дараагийн цуврал гарсан зэргээс улбаалан яриа үүсгэхээр найзыгаа гэртээ урилаа.

Д.Т: -Чи анх яаж яваад сонсдог цахим түүх хийх болчихсон юм бэ? УИХ-ын дарга тусалсан гэсэн байхаа?

Д.Ө. -Би 2013 оны намар 28 цагт багтаасан “Монголчууд” нэртэй сонсдог номоо хийсэн юм. Архивын даргын ажлаа өгчихсөн яахав завтай амьтан түүхээ судлах ажилдаа ороод Лхүмбийн хэргийн тухай дэлгэрүүлж бичих санаатай архив ухаж суутал манай эхнэр надад сонсдог ном хийх санал тавьсан юм.

Яагаад ингэсэн гэхээр зун нь бид гэр бүлээрээ их олуулаа Ховд аймаг явахгүй юу. Тэгээд би тэр холын замд дүү нарт түүх ярьж явсан юм. Тэдэнд жаахан системтэй ойлголт өгчих санаатай монголын түүхийн бүр эрт үеэс эхлэсэн. Гэтэл дүү нар маш их анхааралтай сонсож байнаа. Тэгэхэд эхнэр надад, чи наад яриагаа бичлэг болгоод наадуулдаа тараагаад өгчихөөч гээд л өнгөрсөн юм.

Тэгээд намар орой бүр 10 сар хавьцаа тэр мэргэн дүү нартаа гэж эхэлдэг сонсдог номоо хийж эхэлсэн юм. Манай Бүүвэйбаатар гэдэг нэг дүү студи болон хэвлүүлэх зардлыг нь олоод хэвлүүлсэн. Жаахан чанар муу болсон, мөнгөндөө л баригдсан байх л даа. Их зардалтай шүү дээ, чи мэднэ. Тэр “Монголчууд” гэдэг миний анхны гаргасан сонсдог номыг З.Энхболд дарга хөдөө явж байхдаа сонссон юм билээ.

Д.Т. -Аан би бодохдоо анх чиний гаргасан сонсдог номыг л санхүүжилтийг нь шийдэхэд тусласан гэж бодоод явдаг юм?

Д.Ө. -Миний тэр эхний сонсдог ном залууст их хүрсэн юм байна лээ. Нэг ФМ ээр өглөө оройгүй нэр хаяггүй баахан туусан, тэр ч бас нөлөөлсөн биз. Их олон санал ирээд чанарыг нь сайжруулаач, түүхт хүмүүсийн намтрыг ярьж өгөөч, маш их сонирхолтой байна, бүр дэлгэрүүлээч гээд л. Тэгээд л нэмэлт хийгээд нийт 40 цагийн буюу дээд сургуулийн нэг курс лекцийн хэмжээнд болгоод хэвлүүлэх ая хайж явтал З.Энхболд дарга уулзъя гэж дуудсан юм. Тэгээд надад хэвлүүлэхэд тус болох нэгэн залууг олж өгсөн.



Тэр залуу нь Өвөрхангайн Уянгын Мягмардорж гэдэг залуу. Их олон талын мэдлэгтэй, олсон мөнгөө бусдын тусын тулд зарцуулдаг, сумандаа их хөрөнгө оруулалт хийсэн залуу байж таарсан. Бид хоёр сайхан танилцаж зун нь би Уянгад очиж дүүгийндээ амрангаа Мягмардоржтой Найман нуурын хөвөөнд хэд хонож гарах номоо санхүүжүүлэхээр болцгоосон доо. Тэгсэн би нэгэнт хийж байгаа юм чинь, дээр нь Монгол улсын Их хурлын дарга оролцож байгаа юм чинь чанартайхан юм хийе гээд өмнөд Солонгост сайн хийдэг газар байдаг гэж дуулаад тэнд хэвлүүлэхээр болов оо. Тэгсэн нөгөө мөнгө нь хүрэхээ байгаад. Мягмардорж бас хэдэн найзаасаа мөнгө төгрөг нэмээд над бас Ховдын Дарвийн Баатар гэдэг бизнесмэн залуу үлдсэн зардлыг бүхлээр нь даая гээд. Юнителийн дизайнер Идэш гэдэг залуу бүх дизайныг нь шинэчлэн гаргаад шинэ 40 цагийн сонсдог ном гарсан даа. Их олон хүний сэтгэл зүтгэл орсон шүү. Чанартай сайхан ч болсон. Гэм нь өртөг өндөр л болсон.

Д.Т. -Сайн юм гарсан байхад санаа зовоод юу хийхэв дээ хө. З.Энхболд дарга тэгээд мялаалга үг бичсэн байх нь, өөрөө ер нь хир их түүх сонирхдог хүн байна?

Д.Ө. -Ер нь түүхээ сонирхож мэдэхийг хүсдэггүй монгол хүн бараг байхгүй биз. Энхболд даргын өрөөнд би ажил тарсан үед нь орж бид хоёр жаал ярьж суусан юм. Тэгэхэд надад бүх өрөөгөө танилцуулсан. Гадны төлөөлөгчидтэй уулзалт яриа хийдэг ширээнийхээ ард зүүсэн асар том дэлгэмэл зургийн аргаар монголын амьдралыг харуулсан хатгамал бүтээлийг өөрөө хийлгэсэн тухай яриад, гадныханд тэнд буй түүхэн үйл явдлыг тайлбарлан хэлдэг тухайгаа хэлж байсан юм.

Д.Т.-Би бас саяхан Хойд Солонгос явсан гэж тэр өрөөнд ярихад энэ хананд байгааг Хойд Солонгосуудаар хийлгэсэн гэж ярьж байсан.

Д.Ө.- Гадныхныг яг тэр бүтээлийг харж байхаар суулгадаг юм билээ. Энд бас нэг бодлого явж байнаа даа. З.Энхболд дарга түүхээ сонирхохоос гадна сайн мэддэг юм билээ. Ямар мэдэж сонирхохгүйдээ л миний сонсдог номыг байнга сонсож , санхүү хөрөнгийн асуудлыг шийдэхэд туслаж дэмжээд явж байхав. Бид хоёр тэгэхэд нэлээн удаан ярьж суусан юм. Түүх л ярьсан. Инженерхүн,тэгээд гадаадад сургууль төгссөн хүн гэхэд түүхийн их өргөн мэдлэгтэй санагдсан шүү. Түүний бие хамгаалагч нар, туслахууд нь машиндаа сонсдог ном сонссоор байгаад бас их түүх сонирхдог болчихсон байсан. Тэд бие биенээ мэргэн дүү тэг ингэ гэж бид ярьдаг болсон шүү дээ гээд дараа нь над хэлж бөөн инээдэм болж байхав. Бүр 1996 онд Бадамсамбуу бид хоёр “Шинэ цагийн товчоон” гэдэг ХХ зууны түүх өгүүлсэн цуврал баримтат киноны төсөл бичиж мөнгө хөөцөлдөж яваад бас З.Энхболд даргаас дэмжлэг авч байсан түүх байдаг юм.

Д.Т. -Өө тийм үү ямар сонин юм. Чамайг түүх бичих болохоор л өмнө чинь гараад ирдэг?

Д.Ө. -Харин тийн. Тэгэхэд төрийн өмчийн хороон дарга болоод удаагүй байсан байх. Бид хоёрт төрийн өмчит компаниуддаа дэмжлэг үзүүлэхийг хүссэн тоот бичиж өгч тусалсан юм. Гайгүй кино хийсэн шүү. Найруулагчаар Соёлт гуай, зураглаачаар Донров гуай, дууны инженерээр Оюунчимэг, зохион байгуулагчаар Энхсайхан гээд нэлээд олон хүнтэй том баг бүрдүүлж ажилласан юм. Харамсалтай нь одоо ер гарахгүй юм. Киноны нэг сул тал нь энэ. Гарах үедээ гараад л өнгөрдөг. Дараа нь яахав түүхэн дүрс л үлдэх юм даа. Тэгж би Энхболд даргыг анх мэддэг болсон юм. Түүнээс хойш огт харьцаагүй явж байгаад сонсдог ном хийх үед чиний хэлдгээр өмнө минь гарч ирээд над тусласан хэрэг. Над туслая гэж бодохоосоо өмнө Монголынхоо түүхийг сонирхож байгаа хэлбэрээр нь хүмүүст хүргэхэд л дэмжлэг үзүүлье гэж бодсон байх. Төр зангидаж байгаа хүний хувьд нь аваад үзвэл түүхээ судлах нь монгол хүн бүрийн үүрэг гэдгийг олон түмэнд мэдрүүлж байгаа хэрэг болов уу л гэж би боддог юм. Мялаалга үгэнд нь ч энэсанаагаахэлсэнбайгаа.Нийтөргөн олонтүмний эх түүхийн боловсролыг дээшлүүлэх явдал нэн чухал гэж би үздэг юм гэж тэр хэлсэн байгаа.

Д.Т.-Нээрээ их сайхан үг бичсэн байдгийг санаж байна. Чиний бүтээлийг улс орны язгуур эрх ашигт нийцсэн бүтээл болсон гэж үнэлсэн байсан.

Д.Ө. -Тэгсээн. Монгол хүний хувьд түүх нь их чухал юм шүү дээ. Монголчууд түүхээ тулж өндийж босдог ард түмэн. Түүхээсээ сургамж авч сэрж байдаг ард түмэн. Ийм ард түмэн энэ замбуутивд цөөн байх шүү.

Д.Т.-Түүх гэснээс Энхболдын надад явуулсан тэр номыг чи уншив уу?

Д.Ө. -Уншсан.

Д.Т. -Тэр ном монголын асуудлыг их хөндөж бичсэн байна лээ, чамд хэр голчтой санагдав ?

Д.Ө.-Галенович бол хятадаар мэргэжсэн том шинжээч, эдүгээ 80 нэлээн гарсан сайхан өвгөн бүтээлээ хийгээд л сууж байдаг шиг билээ. Зөвлөлт, хятадын харилцаа болон хятадын төрийн зүтгэлтнүүдийн улс төрийн намтар гээд маш олон ном бичсэн. Бараг Путин хүртэл зөвлөгөө авч саналыг нь сонсдог юм биш үү. Би түүний бичсэн “Сталин ба Мао” гэдэг номыг нь уншиж байсан. Сонсдог номдоо ч их ашигласан даа. Харин чиний над өгсөн ном бол их сонин ном байна лээ. Монгол ,манжуур, шинжаан, солонгос гэх мэт орос, хятадын харилцаан дунд үүсдэг зугаан том асуудлын учир шалтгааны тухай бичсэн ном байна лээ. 2015 онд гарсан ном болохоор миний уншсан орос хятадын талаархи хамгийн сүүлийн шинэ соргог ном болсон доо. Энхболд дарга энэ номыг уншчихаад л чамд өгсөн байж таарна. Манай асуудлыг бүр 1911 оны тусгаар тогтнолын төлөө тэмцлээс эхэлж бичсэн байна лээ. Их голчтой, сонин сонин санаа дэвшүүлсэн. Үнэн сонирхолтой ном байна.

Д.Т.- Тийм байна лээ, би Баттулгын ном дээр суугаад зав бага байсан болохоор гүйлгээд л өнгөрсөн. Хоёулаа жаахан дэлгэрүүлж ярьвал яасан юм бэ. Чамд юу нь их шинэ сэргэг санагдав ?

Д.Ө. -Хамгийн гол нь өмнөд хөршийн төрийн бодлогын дотор таван угсаа нэгдмэл гэдэг уламжлалт их гүрний үзэл нь өнөө хэр залгамжлагдан яваад байгаа тухай хэлсэн байгаа юм. Хятадын нэхэл нь тэр. Одоо хэр нь Монгол улс хятадаас тусгаар оршиж байгаа явдалд Орос л буруутай. Монголын асуудалд Орос оролцоогүй бол Монгол хятадын харьяанд хэвээр байх байсан юм гэдэг хятадын үзлийг эрс няцаасан байна лээ. Тэр номын 2-р бүлгийг “Монгол” гэж нэрлээд дэлгэрэнгүй бичсэн. Энийг тойрч хэдэн зүйл ярих уу, би манжуур, солонгос гээд бусдыг нь уншиж амжаагүй, ер нь уншмаар юм билээ.

Д.Т. -За тэгье. Миний санахад Монгол бол Орос, Хятадын хоорондын тоглоом биш гэж байсан санагдаж байна. Энэ нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн л дөө.

Д.Ө. -Яг тэгж бичээд түүнийгээ баримтаар нотолсон байна лээ. Бараг 2 дахь Гумилев ч гэмээр юм уу даа. Монголын талд бат зогсож Монгол бол хэтээсээ Оросоос ч, Хятадаас ч хамааралгүй бие даан оршиж төр улсаа байгуулж байсан, тусгаар орших бүрэн эрхтэй том ард түмэн гэсэн санааг тууштай гаргасан. Монголчуудын хамгийн эрхэм нандин зүйл нь эрх чөлөө, тусгаар тогтнол. Тэд түүнийгээ хайрлаж хамгаалж чаддагаа ч харуулж чадсан гэж бичсэн нь миний ч сэтгэлийг хөдөлгөсөн. Монголыг хятадын нэг хэсэг гэж үздэг нөхдийг Галенович “Мао Зедуны залгамжлагч” гэж нэрлээд Хятад Оросын харилцааны дотор Монгол өөрөө асуудлаа ярих эрхгүй, тэдний үзэл бодол хоёрдугаарт тавигдана, харин Монголын асуудлыг Орос, Хятад хоёр л ярина гэсэн тэдний үзэл санаархлыг бут ниргэсэн байна лээ.

Тэр Хятадын хэрэг Хятадын л хэрэг, Монголын хэрэг Монголынх л байсан тэд Синьхайн хувьсгалын нөлөөгөөр ч биш өөрсдөө тусгаар тогтнолоо олж авсан юм гэж шууд хэлсэн байна лээ. Энэ бол их шинэ санаа юм л даа. Бидний түүхчдийн дунд ч Манж чин улсын дотор Синьхайн хувьсгал гараад, тэрний нөлөө нөөлгөөр манайд бас хувьсгал гарсан гэж үзэх ч явдал байдаг юм. Энэ бол буруу ойлголт, үүнийг Галенович сайхан хэлсэн байна лээ.

Д.Т. -Хятадын хэдэн судлаачдын нийтлэлд хариу өгсөн маягаар бичсэн байсан байхаа ?

Д.Ө. -Тийм. Хятадын нийгмийн ШУА-ийн Хятадын хил орчмын бүс нутгийн газар зүй, түүхийн судалгааны төвийн судлаач Би Аонань, Алтан-Очир, мөн Хятадын нийгмийн ШУА-ийн угсаатан зүй, хүн судлалын хүрээлэнгийн судлаач Улаан нар “Хятад Оросын харилцаа болон Монголын асуудал. /1911-1924/” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн юм билээ. Түүнд хариу болгох маягаар бичсэн байна лээ.

Д.Т. -Наадуул чинь дандаа өвөр Монголчууд байна шүү дээ ?

Д.Ө. -Харин тиймээ. Хэнийг нохойд барьдаг мод болгохоо мэднэ л дээ. Тэднийг Галенович “Мао Зэдуны “үзэл санаа” амьдрах чадвартай, өөрөөр хэлбэл эцэстээ заавал хэрэгжих тавилантай гэх санааг уншигчдад итгүүлэн үнэмшүүлэхийг зорьсон хүмүүс” гэж дүгнэсэн байна билээ. Энэ Маогийн “үзэл санаа” гэдэг нь хэзээ нэгэн цагт Монгол “сайн дураараа” Хятадын бүрэлдэхүүнд орох болно гэсэн л санаа шүү дээ. Тэгээд Галенович ингэж хэлсэн байгаа юм. Би чамд тэмдэглэснээсээ уншиж өгье. “Мао Зэдун, түүний үзэл санааны залгамжлагчид үнэхээр л Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүнд “сайн дураараа” эргэн орохыг хүсэн хүлээдэг төдийгүй тэдний үзэж буйгаар Хятадаас “салган авсан” гэх бүх л газар орныг мөн ийнхүү “буцаан авах” эрмэлзлэлтэй гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэсэн дээ.

Аймшигтай байгаа биз? Тэгээд хамгийн гол нь тэдгээр хүмүүсийн бичсэн номыг ХКН-ын ТХ-ны хэвлэлийн газраас эрхлэн гаргасан нь “Монголын асуудал” гэгчээр одоогийн ХКН-ын удирдлага Мао Зэдуны үзэл санааг бүрэн дүүрэн дэмжиж байгааг харуулж байна гэж дүгнэсэн байгаа юм даа. Энэ хүн чинь 1952 онд сургууль төгсөөд л хятад судлалаар мэргэшин ажилласан хүн шүү дээ. Хятадын төрийн бодлого, хэтийн болон ойрын төлөвлөгөө, арга тактикийг нь нэвтэрхий мэдэхээс гадна тэдний хэл соёлын онцлогийг маш сайн судлаж цол зэргээ хамгаалсан хүн. Энэ хүн ийм том асуудлаар сонины сурвалжлагчийн хэмжээнд сэтгэл хөөрлөөр, сургаар юм бичихгүй нь тодорхой шүү дээ.

Д.Т.- Чиний бодлоор яг одоо энэ шинэ үеийн удирдагч Ши Зинпин хэн бэ?, Мао Зэдуний үзлийг дэмжигч гэж үзэж болох уу ?

Д.Ө.- БНХАУ-ын тав дахь үеийн удирдагчаар тодорсон энэ хүний үйлдлийг харахад гадаад бодлогоосоо илүү дотоод асуудлаа цэгцлэхэд их анхаарч байх шиг. Ядуурал, авлига, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт дээр нь Түвд, Тайвань, Шинжаан. Бүх бодлого дээрээ хатуу чанга байгаа нь харагдаж байгаа биз дээ. Зөвхөн авлигын хэргээр гэхэд л яаж байна. Хятадууд байтугай өмнөөс нь дэлхий нийтээрээ айхаар чанга базаж байна шүү дээ, авлигачдаа. Гэхдээ Ши Зинпинийг улаан хувьсгалч, Маог тууштай залгамжлагч гэж үзэж болохгүй байх. Түүнийг бодит байдлыг сайн мэдэрч дүгнэлт хийх чадвартай, прагматик талдаа хүн гэж судлаач нар дүгнэдэг юм байна лээ. Ер нь 1970-аад оноос хойш өмнөд хөршийн удирдлагад ихэвчлэн прагматикууд л зонхилж байгаа биз дээ. Гэхдээ Ши Зинпиний эцэг нь Мао Зэдуны чухал хүний нэг байсан. Эцэг нь хүүдээ юу захисныг бид яаж мэдэхэв дээ. Монголд ирэхдээ -Хэнтий, Хангай, Саяаны өндөр сайхан уулнууд... энэ бол миний төрсөн нутгаа гээд л парламентын индрээс уншчихсан хүн шүү дээ. Өөр шүлэг уншиж болох л байсан. Юу гэсэн мессеж юм бол доо.

Д.Т. -Монгол бол Хятадын салшгүй нэг хэсэг юм гэсэн үзэл нь бат нут байдаг юм шиг л санагддаг юм надад. Монголчууд хятадад ч дургүй ч улам бүр тэднээс хараат болсоор байна шүү дээ. Түүхий эдээ тэдэнд хямд зарж гэдэс цатгалан мэт амьдарч байна шүү дээ бид.

Д.Ө. -Харин тиймээ хө. Хятадад эвээр засаглах гэдэг нэг айхтар бодлого бий. Маш эртнээс улбаатай. Бид тэрэнд нь мөн ч их орооцолдож төөрч будилж, унаж боссон түүхтэй дээ. Өнөөгийн хятадуудад Монголыг хүчээр биш гэхэд эвээр засаглаж өөртөө нэгтгэчих аюул бийг бид алхам дутамдаа бодож сэргийлж байх ёстой юм уг нь. Ухаанаа уралдуулна л гэсэн үг. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг чинь урд зүгээс улбаатай зүйрлэл байх шүү. Ши Зипиний засаглах ирэх жилүүд Хятад улс эдийн засгаараа дэлхийд ноёлж, цэргийн зэвсэг техникийн хувьд зарим талаараа Америкийг давж, сансар огторгуйд эзэмшлээ тогтоосон ялалт амжилтын жилүүд, “хятад мөрөөдөл” биелсэн он жилүүд болно гэж бичээд байна. Үүнийг нь дэлхий нийтээрээ зөвшөөрөөд ч байх шиг.

Д.Т. -Хятад ойрын ирээдүйд 16 бүгд найрамдах улс болж задарна гэж бичээд байх юм.

Д.Ө. -За даа Ши Зипиний засаглах арван жилд л лав үгүй биз. Гэхдээ би ямар улс төр судлаач биш, сайн мэдэхгүй байна. Юу боловч хятадын нэгдлийг хангаж байх нь тэдний үндсэн бодлого учраас ийм илэрлүүд гаргуулахгүй байхыг л бүх хүчээрээ оролдох биз. Авторитар дэглэмтэй улсад бол сахилгажуулах бол амархан шүү дээ, чи өөрөө мэдэж байгаа.

Д.Т. -За тийм дээ. Бас нэг Хятадын өнөөгийн бодлогын талаар бичээд байгаа юм нь тэднийг зэвсэглэлээр хөөцөлдөж, дайнд бэлтгэж байгаа тухай байх юм. Хятад 2000 оноос жил бүр 20 хот нийт 400 шинэ хот барих зорилт тавьсан, ихэнхийг нь барьчихсан гэхдээ тэр нь нэг ч хүнгүй. Үүнийг ирээдүйн дайнд бэлтгэсэн ажиллагаа гэж Оросын хэвлэлүүд бичих боллоо.

Д.Ө. -Харин тийм зүйл Оросын сайтуудаар их гарч байна лээ. Тэр хотууд нь ихэвчлэн хойд зүгт байгаа гэж байгаа биз. Хотоос гадна хүнд даацын бетон гүүр, авто зам тавьж байгаа гээд л тоо баримттай зураг хөрөгтэй яваад л байна лээ.Энэ хоёрын харилцаа муудахаар манай стратегийн ач холбогдол өсдөг. Харин одоохондоо тэд сайн харилцаатай байгаа. Монголыг нөлөөнөөсөө алдах нь Урал хүртэлх орон зайгаа алдана гэж Оросын стратегичид бүр эрт үеэс л үзэж байсан.



Түүх харвал Орос Хятад хоёрын харилцаа ХVI зууны үед Оросууд сибирь рүү орж ирэх үеэс эхтэй. Сибирь болон Азид нэвтрэх гол зангилаа нь Монгол. Тэр үед Оросууд Монголыг өөртөө нэгтгээд Манж нартай шууд харьцах сонирхолтой байлаа. Манж нар эрс эсэргүүцсэн. Орос Манжийн болон хятадын харилцааны гол асуудал нь энэ үеэс Монгол түүний газар нутаг болж хувирсан. Хойдын Амарсанааг Орост зугтаж очоод нас барахад түүний шарилыг Манж нар нэхэхэд Оросууд өгөөгүй. Монголын бослогыг далдуур дэмжиж байсан. Манж нарыг Монголтой зууралдаж байх хооронд Орос аль хэдийн Сибирийг эзлээд түүгээрээ дамжин Номхон далайд гарцтай болж авсан. Энэ бол ирээдүйн Орос орныг хүчирхэгжин мандахад туйлын чухал зүйл болж өгсөн дөө. Одоо бол Номхон далайд хэн ноёрхож байна, тэр улс давуу болж байна шүү дээ. Далайд хэний эрх ашиг илүүтэй байна тэр хүчтэй байна. Тэр үед Монголчууд Манжтай нийлээд Оросыг Уралаас нааш алхуулах боломжгүй болгочихсон бол өнөөгийн Орос орон гэдэг Польшоос ч жижиг улс байсан байж магадгүй. Монголчуудын Оросын өмнө байгуулсан бас нэг гавьяа нь энэ юм. Манж нар асар хүчирхэг байсан шүү дээ. Хятадыг нэг л жилийн дотор эзлээд төрийг нь унагаасан, харин монголтой 120 гаруй жил дайтаж хамаг чадлаа барсан.

Д.Т. - Хожим ХХ зууны дундуур яг энэ байдал давтагдаваа даа. ЗХУ, Япон хоёр бас л энэ эрх ашиг дээр мөргөлдсөн.

Д.Ө. -Япон 1930-аад оны эхээр ЗХУ-тай шууд хил залгаад улмаар Сибирь рүү харж эхэлсэн. Энэ байдал Монголын ач холбогдлыг дэлхийн тавцанд гаргаж ирсэн нь үнэн. Манай цэргийн жижигхэн хүчнийг орчин үеийн зэвсэгт хүчин болгож өгсөн шүү дээ, зөвлөлтийнхөн. Халх голд Япончууд эх газарт цэргийн том хүчний дайн хийж болох ч үгүйгээ, чадах ч үгүйгээ мэдээд Номхон далайд бэхжих тэнд хүрээгээ тэлэх л бодлого барьж эхэлсэн. Халх голын байлдаан бол маш том ач холбогдолтой цэргийн үйл ажиллагаа юм. Жижиг хилийн мөргөлдөөн огт биш. Германуудыг Москваг дурандаж байхад ч Япончууд ЗХУ руу довтлоогүй.
 
Д.Т. -Тийм шүү. Тэгэхээр 2 хөрш манай улсыг харах өнцөг нь их өөр өөр нь харагдаад байдаг. Өөрсдийнхөө л нөлөөнд байлгах нь тэдний гол эрх ашиг. Бид хаагуур нь зүтгэвэл зохилтой ч юм билээ дээ. Өмнөд хөрш тусгаар тогтнол ярьдаг. Хойд хөрш бодлогоо шууд тулгадаг...

Д.Ө. -Харин энэ асуудал л манай улс төрчид, төрийн бодлоготнуудын ухааны царааг шалгах шалгуур юм даа. Мунхаг бодлого баривал муугаа үзэх нь тодорхой байгаа биз дээ. Хэн нэгнийх нь хөнжилд шургах зам л үлдэнэ. 1950-1970-аад оны үе Хятад, Зөвлөлт хоёрын Монголыг нөлөөндөө оруулах гэсэн стратегийн шинжтэй өрсөлдөөний оргил үе нь байлаа. Зөвлөлтийн нөмөр нөөлөгт орсон. Энэ өрсөлдөөн дунд харин бид их хожил хожсон. Улс орон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болон хувирч зэвсэгт хүчин бэхжиж, гадаад харилцаагаа өргөжүүлэн НҮБ-д элссэн. Тусгаар тогтнол бүрэн баталгаажсан. Хэрэг дээрээ бид энэ үеийн инерцээрээ л өнөө хүртэл явж байгаа юм шүү дээ.Чи зөвхэллээ.Оросууд бодлогоо тулгадаг ч тусгаар тогтнолд заналхийлдэггүй байсан.

Д.Т. -Гэтэл одоо урд хөршийн нөлөө ихэслээ дээ...


Д.Ө. -Тэгсээн. 1992 онд Зөвлөлтийн цэрэг гарах үеэс Монголд өмнөд хөршийн байр суурь бэхжиж эхэлсэн. Дээд түвшнээс эхлээд доод түвшинд хүртэл тэд нөлөөгөө тогтоосон байдалтай байна, одоогоор. Харин энэ нөлөөг мэдэрсэн өнөөгийн ОХУ Монгол дахь өөрийн байр суурийг сэргээх хэрэгтэйг ойлгосон шиг байна. Гэхдээ нөгөө хуучин БНМАУ-тай харьцаж байсан шигээ харьцах гээд алдаад байх шиг байна. Бид чинь шал өөр болчихсон шүү дээ. Хэрэв Монгол Хятадынх болчихвол Сибирь болон Алс дорнодоо Оросуудын хувьд алдана гэдэг стратегийн хэтийн төлөв нь хэвээрээ шүү дээ. Мэдээж тэд үүнийгээ мэдэж байгаа л даа. Гэхдээ Монголчуудыг хуучин шигээ дарамталж байгаад нөлөөндөө байлгана гэдэг бол Оросуудын хувьд бүтэхгүй болчихоод байна.

Д.Т. -Тэд яаж хандвал биднийг буцаана гэж?

Д.Ө. -Буцаах ч юу байхав. Монголд л өөрийн тодорхой хэмжээний нөлөөгөө хадгалж, Хятадыг орж ирэхээс л сэргийлсэн бодлого л явуулах хэрэгтэй байх даа. Галенович иймэрхүү зүйл л хэлсэн байна лээ. Монголын асуудалыг хэлэлцэх явдал гарвал Орос өөрийнхөөрөө, хятад өөрийнхөөрөө, Монгол өөрийнхөөрөө хандахыг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл Монголоос далдуур Орос Хятад хоёр Монголын асуудалд оролцож огт болохгүй гэсэн санаа хэлсэн байна лээ. Энэ л зөв. Нөгөө талаар Монголын 3 дахь хөршийн бодлогыг Орос хүлээн зөвшөөрч дэмжих хэрэгтэй. Тэгж байж Монголыг Хятадын хэт их нөлөөнөөс ангид байлгаж чадах байх. Монголын асуудал бол Оросын хувьд зөвхөн Монголын асуудал биш,Урал Сибирь,Алс дорнодын асуудал болох нь түүхээр бүрэн нотлогдсон зүйл.

Д.Т. -Тэгэхээр Оростой аятай байх нь бас манай эрх ашиг мөн үү ?

Д.Ө. -Хэн хэнтэй нь л аятай байх нь манай эрх ашиг. Яагаад гэвэл энэ хоёр хоёулаа л манайд нөлөөгөө тогтоохыг оролдож буй улс, дээр нь салшгүй хөрш, дэндүү хүчирхэг орнууд. Одоо ер нь хөгжлийн хүчний харьцаа Ази руу шилжчихээд байна. Тэр дундаа зүүн хойд Ази.,ОХУ, БНХАУ, Япон гэсэн дэлхийн их гүрнүүдийн 3 нь, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүний хоёр нь, дэлхийн хамгийн том эдийн засгийн 3 нь энэ бүсэд байна. Дээр нь Өмнөд Солонгос гэдэг бас том эдийн засаг энэ бүсэд орно. АНУ ч гэсэн ОХУ-ын хувьд дорнодын бүс нутагт нь хамаарна. Энэ том хүчнүүдийн эрх ашгийг зөв тэнцвэржүүлэх боломж Монголд байгаа гэж би боддог.

Д.Т.- Өмнөд хөрш хүч хэрэглэх боломжийг чи юу гэж боддог вэ, юмыг яаж мэдэхэв? Манайхан танк орж иртлээ хаа юм бэ л гэх юм...

Д.Ө. -Үгүсгэхгүй. Монгол бол Хятадын нэг хэсэг гээд л байнга бичээд байдаг шүү дээ. Галеновичийн шүүмжилж бичсэн тэр хэдэн нөхдүүд ч гэсэн цаад санаа нь тийм л юм бичсэн. Тэрийг яагаад нам, засаг нь тас хориод зогсоохгүй өөгшүүлээд байгаа юм шиг бичүүлээд л байгаа юм. Тэр ч байтугай Монголчууд ядуу юм чинь хүн болгонд нь 20 000 доллар өгөхөд бараг бүгдээрээ хятад руу ороод ирнэ. Тэгээд газар нутаг нь хоосрохоор очоод эзлээд авчъя... гэж хятадын олон нийтийн сайтад бичсэнийг маш олон хятадууд дэмжиж байсан тухай бичсэн байсныг уншсан. Энэ үзэл санааг хятадуудын толгойноос ердөө авч хаяхгүй байгаа нь дээрх эмзэглэлийг төрүүлээд байгаа юм. Тэртээ үед манайд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хүч Хятадын ардын чөлөөлөх армийн довтолгоог 24-72 цаг л тогтоон барих зорилготой байсан гэж ярьдаг байсан. Тэр зөвлөлтийн 39-р арми 270 000 цэрэгтэй байсан гэдэг. Хэрэв дайтах дээрээ тулбал ноцтой байдал үүсэх нь мэдээж. Одоо тэр сайн дурын бичээч нар гээд байдаг хүмүүсийнх нь бичсэнээс үзвэл ХАЧА манай руу 3 замаар довтлох юм гэнэ лээ. 1-нь Ховд, Говь-Алтайн чиглэлээр шөнийн цагаар агаарын хүчээр довтолно, 2-р чиглэл нь Монголын төв хэсэгт агаарын тусгай хүч буулгаж Даланзадгад, Арвайхээр, Зүүнбаянд цохилт өгнө, 3-р чиглэл нь Дорно зүгийн 3 аймаг дээр цохилт өгч үүний дүнд Улаанбаатар бүслэгдэнэ. Төр засгийн удирдлага нь ОХУ- руу зугтах бөгөөд засгийн эрхийг хятадад талтай эсвэл хятад гаралтай хүмүүсийн гарт өгнө. Олон улс зөвхөн харамсал илэрхийлээд өнгөрөхөөс өөр тусыг үзүүлж эс чадна гэсэн байгаа юм даа. Яагаад ийм зүйл Хятадын сошиал ертөнцөөр чөлөөтэй яваад байна. Энэ юу хэлж байна гээд л ургуулж бодоод байвал их сонин доо.

Д.Т. -Зүгээр байж байхад дайраад ороод ирэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрх ашгаа хамгаална гэх мэт нэг шалтаг хэрэгтэй байж таарнаа даа. Бутан руу цэрэг оруулчихсан шиг. Манай уурхайнуудад ноёлох гээд л үзээд байгаа биз дээ, урд хөрш. Таван толгойг Шинхуад манай хэдэн нөхөд бараг бэлэглэж байсныг Зи даргын оролцоотой зогсоолоо. Юу болоод байгааг ард түмэн ер нь мэдэж байгаа болов уу?

Д.Ө. -Жирийн иргэн ардын хувьд болоод байгаа асуудлаар над ёстой мэдэх юм алга. Харин судлаачийн хувьд харж явдаг, уншиж суудаг, санаа зовдог юм бол байнаа. Чиний дээр хэлдэг Бутан шиг болчихгүй юмсан, Киргиз шиг хүнд байдалд орчихгүй юмсан гэж боддог. Тэднийг хэн өмгөөлж хамгаалав. Өнөө ардчилал бол амьдрал чинь гээд байсан улсууд тэр хүнд үед нь яагаад туслаагүй юм. НҮБ хаа байна. Өө хөөрхий маш харамсалтай байна гээд л өнгөрч байгаа байхгүй юу. Манайд тийм байдал үүсвэл бас л тэгнэ. За Монголчуудад дэндүү их хайртай орон гарч ирээд тусаллаа гэхэд Москва, Бээжин дээгүүр яаж нисэж орж ирэх юм. Манай улс хүссэн ч эс хүссэн ч том гүрнүүдийн түүхий эдийн хэрэгцээг хангагчийн үүрэг хүлээх болоод байгаа. Орос ч мөн адил. Хятад, Япон, Өмнөд Солонгос гээд манай харьяалагддаг бүсийн аж үйлдвэржсэн аварга мангасууд юуг ч яаж ч залгихаас буцахгүй. Болж өгвөл улстай нь залгихыг бодож л байгаа. Байгалийн баялаг нь аль ч орны хувьд стратегийн ач холбогдолтой учраас аюулгүй байдалтай нь шууд холбогддог. Байгалийн баялаг ба эрчим хүчний аюулгүй байдал гэдэг олон улсын харилцааны шинэ термин гарч ирж байнаа. Дэлхийн дайнууд дандаа л баялаг булаалдсанаас үүдэлтэй. Өөр ямар ч шалтгаан байхгүй. Байгалийн баялаг, стратегийн ач холбогдолтой эрдсийг хэрэглэх хяналтандаа байлгах зорилгоос үүдэлтэй зөрчил сүүлийн хоёрхон жилд тоймоо алдлаа. Сири, Ливаныг хар. Одоо зөрчил тэмцлийн шуурганд Европ өртөж эхэллээ. Аль нэг орны эдийн засаг нэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдаг бол тухайн улсад зөрчил, мөргөлдөөний аюул, хямрал,тогтворгүй байдал үүсдгийг дээрх орнууд харуулж байна. Зөрчлийн үндэс нь баялгийн шударга бус хуваарилалт бий болсон, аль нэгнийх нь эрх ашиг хөндөгдсөн үед тэр баялгийг өмчлөх, захиран зарцуулах, хяналтандаа байлгах эрхийн төлөөх санаа сэдэл болж байдаг байна л даа. Энэ байдал бий болох үр хөврөл л манайд явагдаад эхэлж байна уу. Хэрэв тийм бол аюул нүүрлэнэ. Баяжих дон туссан этгээдүүд бол юуг ч хийнэ. Тэдэнд мөнгөөс өөр эрх ашиг байдаггүй. Манай нэг нөхөр хэлж байсан шүү, хамааралгүй ядуу байснаас хамааралтай баян байсан нь дээр гэж. Ийм бодол, үйлдэлтэй хүмүүс мэдээж байгаа. Хүний шуналд хязгаар байдаггүй. Тийм учраас гол асуудлыг төр өөрийн мэдэлдээ байлгаж ухаалгаар удирдан зохицуулж байх шаардлага үүсдэг байх. Монгол шиг жижиг улсад төр нь хүчирхэг байх ёстой гэж би боддог. Түшмэд нь ухаалаг байх ёстой гэж боддог.

Д.Т. -Байгалийн баялгийн нөөц ихтэй манай улс бүс нутгийнхаа геостратегийн ашиг сонирхлын солбицол болж түүхий эдийн хавсарга гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болох эрсдэл их өндөр болж байгаа дүр зураг харагдаад байна л даа. Нээрээ л НҮБ яахав дээ. Өмнө нь Югослав балрахад хий харамсаад л өнгөрсөн. Одоо Украйн байна бас л тэгсгээд өнгөрч байна... Чиний хэлээд байгаатай би бүрэн санал нийлж байна. Баялгийн хараал гэж ярих болж. Баялгаа жинхэнэ баялаг болгочихсон, ард нийтээрээ баян чинээлэг болчихсон улс орнууд ч бас байна л даа. Норвеги гэх мэт.

Д.Ө. -Харин тиймээ. Төрийн удирдагчдын ухаан, тухайн ард түмний эв нэгдэл за эв нэгдэл ч юу байхав дээ сахилга батаас шалтгаална гэж би боддог юм.

Д.Т. -Сахилга бат гэж юуг хэлж байна ?

Д.Ө. -Нэг зүгт чиглэсэн тодорхой зорилго дор нэгдсэн зохион байгуулалтыг хэлж байгаа ухаантай. Манайд бол намуудын ялах гэсэн амбиц дээр үндэслэсэн амлалтуудаас их муу үүдлүүд урган гарч байна. Дээр нь хэдхэн тооны баяжсан эрхмүүдийн шуналын дон, ард олноо үл бодсон сэтгэхүй бидний явах замыг чөдөрлөөд байна. Энэ нь гадныханд л ашигтай. Тэд шатрын хөлөгний ард суугаа юм шиг л биднийг харж суугаа. Хэнийг хааш нь түлхэж хаана аваачиж бодын хөлөнд тавих вэ, хэнээр бэрс гаргах вэ гэдгийг бидний хэрүүл толхилцоон дундаас хараад л хүссэнээрээ хийх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр дотроо сахилга баттай, эв эетэй байх л хэрэгтэй болов уу. Олгой хагаравч тогоон дотроо, гар хугаравч ханцуй дотроо гэдэг монгол зүйр үг бий дээ.

Миний мэдэхгүй З.ЭНХБОЛД ном 143-р тал



 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив