Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Миний мэдэх “Женко” Баттулга
2016 оны 9 сарын 12 [Уншсан тоо: 46515]

НАЙМДУГААР ХЭСЭГ


Намар нэлээд орой Байгаль нуурын эрэгт тас харанхуй шөнөөр хүмүүс хашхиралдан инээлдэж, ус руу цүл палхийн орцгоох чимээ гарна.

Сарны туяа нуурын усанд тусаж, нүцгэн согтуу оросууд бөөнөөрөө гүйлдэн зайрмагтах нь холгүй болсон цэл хүйтэн ус руу хөөрөн үсэрч орж байгааг харж зогссон Баттулга хар “драпан” пальтоныхоо захыг босгож жихүүцэж байгаагаа үзүүлэн хажуудаа зогсоод мөн л тэднийг гахайн харж зогсоо Ча.Энхбаяр өөд:
-    Гитлер нээрээ тэнэг хүн юмаа гэлээ.
Энхбаяр гайхсан харцаар өөдөөс нь хараад,
-     Юун Гитлер болоод явчихав?
-    Яахав дээ, ийм хүмүүстэй дайн зарлаж байдаг. Тэр Европоо эзлээд тэднээ айлгаад л байж байхгүй... гэлээ.

Тэр хоёр Оросод хонжворт сугалаа гаргах тухай ярихаар ирсэн ч, энэ хамтарч байгаа нөхөд нь нэг иймэрхүү улс тул бүтсэнгүй.

“Нутаг буцах уу эсвэл...” хэмээн бодож зогсоо нь энэ. Баттулга дандаа л ийм эрсдэлтэй алхам хийсээр одоогийнхоо өндөрлөгт хүрчээ.

Олсон бэлэн мөнгөө тэд такси, худалдаа үйлчилгээнд оруулаад байлаа. Тэр цагт манайд үйлчилгээ гэх зүйл бүр байхгүй болчихсон байсан тул, Сингапурт харсан үйлчилгээний салбарынхаа монгол хувилбарыг хийж эхэлжээ.


МУ-ын чөлөөт бөхийн Гавъяат тамирчин Б.Болд, “МОТОМ “ бригадын нэг гишүүн Баяр Тушмиловын хамт.


Таксины үйлчилгээ анх эхлэхийн тулд Оросоос шинэ “Лада” оруулж ирэхээр болжээ. Борис Березовский “Авто Ваз” буюу Волгын авто машины үйлдвэрийг хувьчилж авчихаад, Сибирь зүгт зарах эрхийг нь Х.Баттулгын танил орос, буриад бөхчүүд эзэмшиж байх үе таарч.

Тэд өөрсдийнхөө нэрийн үсгээр “МОТОМ” хэмээж, “кооператив” байгуулаад “АвтоВаз”-аас авсан машинуудаа үнэ нэмэн зардаг бөгөөд өдөрт л зуун машин зарж нэг машинаас 1000 ам.доллар олдог болчихоод байжээ. Өдрийн 100 мянган ам.доллараас буудаггүй наймаа хийдэг байсан гэсэн үг. Тэдний машин зарж буй оффисыг хүртэл  хэдэн давхар буутай хүмүүсээр хамгаалуулсаныг нь харвал сүрдмээр.

Арга ч үгүй биз тэд өдөртөө доод тал нь 100 мянган ам.долларын ашиг олдог байсан болохоор тэднийг муугаар ярихад алах, дээрэмдэх бүлгүүд тэр цагт оросоор нэг байсан билээ.

Тэд танилын ёсоор чөлөөт бөхийн гавъяат тамирчин Б.Болд, Баттулга нарт “очер” дугааргүйгээр, хорин “Лада” зарсан тул анхны хувийн таксигаа өргөжүүлж чаджээ.

Энэ мэт эрсдэлтэй алхмуудыг зоригтой хийж байсан нь Орос дахь танил бөхчүүддээ л найдсаных билээ.

Оросод тэр үед жинхэнэ алаан болж байсан цаг.

“Өмч хувьчлагдаж дууссан цагт л энэ дайн дуусна“ гэж оросууд ярьдаг байжээ. Тэр үед мөнгөтэй хүн байгаагүй учир өмч хувьчлалыг гаднынханд алдчихгүйн тулд Оросын төр шоронгийн гэмт хэрэгтнүүдийг өршөөлөөр суллаж, КГБ-ын ажилгүй болчихсон олон хүнийг цалинжуулж дунд нь тавиад, бригадууд үүсгэн шууд хүчээр, бодлогоор хувьчлалыг хийж эхэлсэн байдаг.

Зөвхөн 1994 онд, Москвад л гэхэд 500 захиалгат аллага үйлдэгдсэн байдаг. 1995 он бол Оросын түүхэнд 90 оноос хойш хамгийн их гэмт хэрэг гарснаараа цуутай жил. Чечений дайн эхэлж, гэмт хэргийн ертөнцөд Ореховын бүлэглэл тодорч, Сильвестрийн бүлэг дарагдаж, далд бизнесийн хамгийн өргөн сүлжээ нээгдээд байсан цаг. Архины зах зээл бүлэглэлүүдийн бүрэн хяналтад орж, газрын тос, арилжааны банкууд, шоу бизнес, спорт, урлагийн хүрээллийг Отари эзэмшиж, эрүүгийн дээд удирдлагад хамгийн халтай нөхөр Мансур хэмээгчийн бүлэглэл захиалгат аллага үйлдэж байлаа.

Ерээд оноос бүрэн ажилгүй болсон бөхчүүд тэр аяараа аль нэгэн гэмт хэргийн бригадад бие хамгаалагч болж, эсвэл өөрсдөө бригад байгуулж байсан юм.1995 оноос “Москва” телевиз өдөр бүр хоёр удаа “Чрезвычайные происшествия” нэвтрүүлэг гаргах болсон бөгөөд өдөрт хэдэн арван хүн алуулсан тухай мэдээ цуварч байлаа. Өдөрт зуун мянган ам.доллар олдог өнөөх бөхчүүд шиг бригадууд Орос оронд маш олон байсан болохоор дорхиноо томорч, дараа нь хоорондоо алалцаад эхэлсэн юм. Зөвлөлтийн үеийн КГБ-ын хуучин барилаар эхлээд тонуулчид дээрэмчдээр гар хөл хийцгээж, эцэстээ өөрсдийг нь өөрсдөөр нь үгүй хийлгэх аргад шилжсэн, эсвэл төр өөрөө оролцон алж устгаж эхэлсэн ч байж болох. Ясны хулгайч Глобусыг нууц мэргэн бууч хөнөөж, асар нэр хүндтэй мафийн толгойлогч Отари Квантришвилиг бас зүйл дуусгаж, хуулийг чанд баримтлагч гэгдэх Сильвестр “мерседес”-тэйгээ дэлбэрсэн зэрэг нь Оросыг цочирдуулаад байсан цаг. Ерөнхийлөгчийн засаглалтай үлдээгүй бол Орос орон өдийд бүр ч баларчихсан байх магадлал үнэхээр өндөр байсан даа.

Харин Монголд бол баячууд ердөө хоёрхон аргаар л хөрөнгөжсөн. Нэг хэсэг нь улс төр хөөж, төр засагт ойр байсны хүчээр “төрөөс төрсөн тэрбумтангууд” болж, үлдсэн хэсэг нь ганзагын наймаагаар, эсвэл төрийн алба хашиж байхдаа албан тушаалаа ашиглан хувьчлал энэ тэрээр хөрөнгөжсөн байдаг.

Ер нь 1990-ээд он бол дэлхий даяараа өөрчлөлтөд орсон үе. Хоёр Герман нэгдсэнтэй холбоотойгоор валютын ханшны өөрчлөлт дээр мөнгөжсөн хүмүүс ч маш олон.

Харин Баттулга Хятад, Оросын зах зээлд бараа худалдсанаар ихэнх хуримтлалаа олоод, дараа нь үйлчилгээний салбарт хүч сорьсон юм.

ДУДС-д сурч байхдаа л юм оёж зарсаар ердөө хорин насандаа 13 мянган төгрөгтэй болчихсон гэдэг. Тэгэхэд хуучин “Лада” 5000-8000 төгрөгийн үнэтэй байсан гээд бод доо. Дараа нь наймаа руу орсон. Оёсон юмнаасаа гадна пянз энэ тэр зарна. Дөрөв тавуулаа болж, цех байгуулаад, савхин хүрэм оёдог боллоо. Био комбинатад арьс ширний үйлдвэрийн хаягдлын цэг байсан юм. Тэрийг нь шуудайлж авчраад өөдөснүүдээ гутлын цавуугаар эвлүүлж наачихаад, зиг заг машинаар холбож оёно. Ингээд эсгүүрээ хийнэ.

Бизнес нь баарны сүлжээ, супермаркет гээд үйлчилгээний салбаруудаар тэлэх үед орлогын мөнгө нь “Лада”-д багтахаа болиод фургоноор зөөж байсан гэдэг.

-Тэр үед тэрээр байнга л тийм их мөнгө зөөгөөд яваад байх юм шиг бодож байсан гэж хожим нь ярьсан байдаг.

Хямрал болдог, юм өөрчлөгддөг энэ тэр гэсэн бодолгүй, шөнийн амьдралтай хүн байжээ.

Орлогоо шөнө цуглуулна. Бүүр анх ганзага эхлэхээс ч өмнө1990-ээд онд тэнд сурч, ажиллаж байсан хүмүүсийг хөлжүүлсэн нэг үйл явдал болсон юм.Нэг орой анх 1986 оны үед хамт Эрдэнэтэд видео гаргаж явсан Энхтөр Германаас утсаар
-Энд Монгол хорьтын дэвсгэрт үнэтэй байна. Боломжийнхоо хирээр хорьтын дэвсгэрт аваад ирж чадах уу гэж ярьжээ.

Тэр цагт зүүн баруун Герман хараахан хоорондоо нийлээгүй байсан бөгөөд монголын хорьтын дэвсгэртийг зүүн германд улсын албан ханшаар харьцуулан сольдог хоёр улсын гэрээтэй байсан тул банкуудаар дамжиж солиулаад шууд мөнгөө хэд дахин өсгөх арга байгаа тухай тэндэхийнхэн ярьдаг байлаа.

Тэр үед нэг барууны марк албан ханшаар гурван төгрөг байлаа. Гэтэл зүүн Герман манайтай сайн харилцаатай, аялал жуулчлал хөгжсөн болохоор албан ханшаар герман марк аваад зах дээр зарчихдаг байж. Зах дээр таваас арван төгрөг. Тэгээд тэрээр хоёр гурван мянган монгол төгрөг өвөртлөөд хил давжээ. Германы виз авах маш төвөгтэй байсан тул танил Польш руу ярьж урилга ирүүлээд түүгээрээ Польшийн виз аваад замд гарчээ.
 
Польшоор дамжиж очих гэтэл мөнгөө бараад улс төрийн товчооны гишүүн Д.Моломжамцын хүү Батаатай таарч, өнөөх нь бөх гэдгээр нь таньж, тэднийд хэдэн өдөр хоног төөрүүлжээ.

Тэгээд арай гэж Магдебург орсон ч Зүүн Герман баруун Герман хоёр албан бус байдлаар нийлчихсэн валют солилцдог өнөөх монгол хорьтын дэвсгэртийг зүүн германы маркаар сольдогоо больчихсон байжээ.

Баахан мөнгөтэй болно гэж очоод балрах нь тэр. Эхнэр нь жирэмсэн, араас нь санаа зовоостой. Амьдрахын эрхээр гудамжинд арван маркаар хүний хөрөг зурж арай гэж хоол залгуулж байгаад Энхтөртэйгээ хамтраад гудамжинд хиам хүртэл зарж амиа аргална.


1989 он. Магдебург. Петер Гриэл , Энхтөр, Баттулга нар

Өнөөх нь бас тэнд удсан болохоор нэг “ТҮЦ”-тэй тэндээ ажилладаг байлаа. Орой нь хамт оюутны байранд очиж зурагт үзэж байгаа хүн болж байгаад тэрүүгээр хоног төөрүүлж унтдаг болж.

Гэтэл аз таарч, тэнд ажилладаг гадаадын иргэнд 4000 зүүний маркийг нэг нэгийн харьцаатай барууны маркаар солих тогтоол гарчихдаг байгаа.Тэр үед Магдебургийн махны үйлдвэрт Мозамбик улсын ажилчид ажилладгийг олж мэджээ. Тэгээд баруун Германд байдаг бөх найз руугаа яриад “Чи хэрвээ 10 000 барууны марктай ирвэл долоо хоногийн хооронд нэг нугалаад өгье” гэжээ.

Өнөөх герман нь арван мянган барууны марк бариад, Гамбургээс улаан спорт машинтай давхиад ирж. Гэхдээ нэг л итгэл муутай байсан бөгөөд ирээд машинаа хаахдаа түлхүүрээ дотор нь мартаад түгжчихэж. Тэгээд яахаа мэдэхгүй сандарч байхад нь Баттулга Энхтөр хоёр нийлж байгаад төмөр утас тахийлгаад онгойлгож орхижээ. Энэ өчүүхэн явдал өнөөх эрийн итгэлийг төрүүлж тэр хоёрт 10 мянган маркаа долоо хоногийн хугацаатай, бас өсгөж авах болзолтойгоор өгөв.

Тэр хоёр мөнгийг нь аваад шууд вьетнамууд амьдардаг хороолол маягийн газар хүрч очжээ. Зүүн Германд иймэрхүү хараар амьдардаг хүмүүсийн ядуусын хороолол байсан билээ. Өчүүхэн умгар нэг хэсэгт угаасан эд даавуу, өмд тохсон хэцээр дүүрсэн тэр гудамжаар орж ирэхэд өмхий ханхална.

Нүцгэн шахуу хүүхдүүд гүйлдэж, хар шар арьстан холилдсон хачин газар ажээ.
Өнөөх хоёр шууд явсаар тэдний ахлагч дээр очиж ярилцсан тул нэгийг нь 4 маркаар солиод, зүүн Германы 40 мянган марктай боллоо.

Тухайн үед хоёр герман нэгдэх ажиллагаа эхэлсэн байсан бөгөөд тэр улсад ажиллаж байгаа гаднын иргэн хүн хуримтлалтай бол түүнийгээ нэг “ийст” маркийг нэг “вест” маркаар сольж болохоор журамласан байсан ч тэр нь хугацаатай байлаа.

Өнөөх хоёр Мозамбик улсаас тэнд албан ёсоор ажиллаж байгаа ажилчид дээр очоод мөн тэдний ахлагчийг дуудан уулзаж бас ч үгүй өөрсдийгөө олуулаа мэт харагдуулж бүр цаанаа ар сайтай бас энийг эхлээд сольчихвол дахиж ихийг сольно гэж итгүүлээд 40 000 зүүний маркаа хоёр хоёр мянгаар нь тарааж өгөөд “шовгор” өгнө гэж ахлагчтай нь тохирсонд ажил дороо бүтжээ.

Ингэж тэр хоёр, хоёр хоногт 40 мянган барууны марктай болоод өнөөх германдаа хэлсэн ёсоороо 20 мянган маркаа өгөөд үлдсэн хориосоо 7 мянга орчмыг нь өнөөх мозамбекууддаа “шовгор” болгон тарааж өгөөд үлдсэн мөнгөөрөө Вольксваген жижиг бенз машин хуучин машины зах дээрээс тус тусдаа авч унаад, хамтдаа Монголын зүг хөлгийн жолоо залжээ.


Моломжамцын Батаа


ХЭСЭГ ДОТОРХ НЭМЭЛТ ХЭСЭГ

Хэдийгээр номын нэр “Миний мэдэх Баттулга” нэртэй боловч миний мэдэхгүй зүйлс ном бичих явцад гарч ирээд байлаа.

Зарим нэгийг нь сонсоход эргэлзмээр зүйлүүд бас байх тул “сэтгүүлч” зан хөдөлж зарим нэг хүмүүстэй уулзаж тодруулах санаа төрснийг нуугаад ч яахав. Германы иргэн болчихсон Энхтөр хийгээд түүнийг гэртээ хонуулж байсан Моломжамцын Батаа тэргүүтэнтэй уулзаж баталгаатай болгох нь илүүдэхгүй гэж бодсон билээ. Хэдийгээр Баттулга худлаа ярих хүн биш гэж бодох ч, энэ нь уншигч авхай нарыг хүндэтгэсний илрэл юм.

Тэгээд дээр өгүүлсэн Моломжамцын Батаа гэх хүнийг олж уулзаад хэсэг ярилцав.

Нас жар хол гарсан ч их сайхан цэвэрхэн хувцасласан сэхээтэн байрын эр байж билээ. Тэрээр их гайхангүй яриагаа эхэлж:
-Саяхан би санаандгүй Баттулгатай таарсан. Миний тус ч гэж дээ. 1990 онд байхаа, Польшид таарсан юм. Би Польш эхнэртэй хүн шүү дээ. Одоо мартжээ. Харин тэр хүн монголдоо нэртэй безнесмен, одоо улс төрч болчихсон хэрнээ тэр жаахан тусыг минь мартаагүй яваад их баярласан шүү.Эр хүний л шинж шүү дээ.

Дараа нь 2000 онд би ирчихээд хотод явж байсан чинь нэг хар жипнээс хүн дуудахаар нь хартал Баттулга байв. Тэгээд, “Би таны тусыг мартдаггүй юм шүү” гээд нэрийн хуудсаа өгсөн.

Төмөр зам барих ажил эхлүүлэхэд нь, би л хувьдаа “үүнийг манайх аль хэдийнэ хийх ёстой байсан, цаадах чинь харин энэ улсад юм хийх хүн байна даа” гэж баярлаж л суулаа. Тэгсэн энд тэндээс нь хааж боосоор байгаад ердөө урагш нь явуулсангүй. Нямдорж одоо хэрэг хийчихсэн юм шиг юм яриад л...Өөрсдөө ерөөсөө хийдэггүй. Хийж чадахаа дэгээдэж унагаад л байх юм даа. Хүн ер нь чаддаг юм аа хийх ёстой шүү дээ. Тэд нар юу бүтээсэн юм бэ? Юу ч хийгээгүй улс л хийдэг нэгнээ хорлоод явах юм даа...гэснээр бидний яриа өндөрлөсөн билээ.

Энхтөртэй утсаар холбогдвол тэрээр тэндээ Германы иргэншилтэй одоо болтол амьдарч байгаа. Охин нь хурим хийх тул ойрд ирж чадахгүй гээд дээрх явдлыг бататган ярьсанаас гадна тэр үед олсон ашгаараа худалдаж авсан “Волксваген” хэмээх гэр бүлийн автобусыг нилээд хэдэн жил унасан гэдгээ хэлж билээ.

Миний мэдэх “Женко” Баттулга номын 99-р тал.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив