Монгол киноны нэг “Өглөө”
2017 оны 1 сарын 30 [Уншсан тоо: 43659]
 
…Зууны гэх нь юу юм бэ харин одоогоор Монголын киноны түүхэнд хийгдсэн бүх киноноос хамгийн шилдэг нь “Өглөө” кино юм. Учир нь “Цогт тайж” кинонд Орос мэргэжилтнүүдийн тархи толгой гол үүрэг гүйцэтгэсэн бол “Өглөө” кино нь үзээд үзээд ханашгүй цэвэр МОНГОЛ КИНО шүү дээ…

Кино найруулагч Д.Золбаярын “Жигжид гуайн тухай миний бодол” нийтлэлээс
 
1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны манлай гэх тодотголтой олон шагнал  бий болгосон бөгөөд Б.Ренчин доктор зохиолыг бичиж, оросын найруулагч Юрий Тарич найруулж Д.Жигжид зураглаачаар ажиллаж манай алтан үеийн жүжигчид тоглосон “Цогт тайж” кино тухайн үедээ зууны манлай кино болов.

Юрий Викторович Тарич 1935 онд ЗСБНХАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртсэн Зөвлөлтийн кино найруулагч, кино зохиолч билээ. Тэрээр 1926 онд тус улсын түүхэн дэх анхны бүрэн хэмжээний кино "Ойн домог" ыг  үзэгчдэд хүргэсэн найруулагч юм.
     
Аливаа киног найруулагчаар овоглодог болохоор Цогт тайж кино монгол кино гэхэд учир дутагдалтай. Монгол-Оросын хамтарсан бүтээл  юм. Мөн киноны эхэнд найруулагч (жүжигчидтэй ажилладаг 2 р найруулагч бололтой )Т.Хүрлээ, зөвлөх Г.Т Лукин гэж хамт байдаг нь дээр өгүүлсэн Орос мэргэжилтнүүдийн тархи толгой гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг үнэнтэй нийцэх билээ.
 
Харин Юрий Тарич 1943-1946 онд "Монголкино" үйлдвэрт уран сайхны удирдагчаар ажиллаж байсан байдаг.

Энэ нийтлэлд зууны манлай киногоор шалгарсан “Цогт тайж” киног буруу хэмээн өгүүлэх санаагүй бөгөөд харин  яагаад кино  найруулагч Д.Золбаяр бид хоёр яг адилхан  Л.Ванган Ч.Чимэд нар хамтран зохиолыг нь бичиж  манай киноны жанжин Д.Жигжидийн найруулсан “Өглөө” киног хамгийн сайн кино гэж үзээд байгаа тухайгаа ( түүхэн үнэнг гуйвуулсан, улс төрийн, үзэл сурталжсан кино зэргийг үл өгүүлэн) мэргэжлийн үүднээс тайлбарлах гэж оролдъё.

Өглөө кино яг Холивүүдийн зарчмаар бүтээгдсэн аж.

Өглөө киноны зохиолыг Л.Ванган Ч.Чимэд нар хамтран бичсэн бөгөөд Сайд нарын зөвлөл “ Маш сайн кино болжээ үргэлжлүүлээд дараагийн анги хий”  гэж  шийдвэр гаргах үед Л.Ванган агсан таалал болсон байсан тул Ч.Чимэд хоёрдугаар анги болох “Тэмцэл” киноны зохиолыг ганцаараа бичсэн байдаг.

Өглөө киноны пролог хэсэг максим пулемётоор гал нээж эхлэх бөгөөд гамин цэргүүд Хиагтад ардын журамт цэрэгт бут цохиулж  байгааг 2 минут орчим байлдаантай хэсгээр үзүүлээд яг кино эхлэхдээ  нэгэн бөө Хиагтын гудамжинд бөөлж буй сценээр эхэлдэг.

Бөө их сүрийг үзүүлэн :
-Борон нэг талаас нь ирж шатаалаа… гамин нөгөө талаас нь ирж шатаалаа …Энэ улсын чинь үйл лай барагдаж гүйцээгүй юу? Гэх агшинд морьт улаан цэргүүд тэдэн дээр их замын дээрэмчин дүртэй улс ирдэг. Зайран баахан дүвчигнэх үед хөдсөн нэхий дэлэн дээрээ суран бүс бүсэлсэн сагсуудуу эр:
- Буудачихуу жанжаан гэж анхааралын төвд өнөөх эрийн дүр  орж ирэх  бөгөөд шууд дараагийн сцена эхлэхдээ мөнөөх ойворгон эр  бичиг тунхаг уншиж ардын журамт  цэргүүд дайны дараахан төвхнөж байгааг бараг нэг ч зогсолтгүй урт проезд хөдлөгөөнөөр тун мэргэжлийн өндөр түвшингийн  авалтаар харуулдаг. Энэ хэсэгт бас нэг чухал дүр “Онцойгийн” Дамрин  яг өмнөх сцена дээр жасын нярав болж дараагийн хэсэгт дээрэмчид алт мөнгөө тоолж суугаа мэт  байх үед  “Хачиг” Луузан хэмээх ардын эсрэг дүр орж ирж есөн шарынхаа мөнгийг нэхдэг. Харин   Дамрин:
 -Чамайг гамингийн хоол бэлдэж байсан гэж цаазаар авах байсан юм харин 9 шар чинь чиний амийг аварч хэмээн зөрчил үүсгэдэг.

Энэ эхлэл хэсэг одоо ажхад хувьсгалт улаан цэргүүд болон тэдний байгуулсан засаг төр гэгч нэг л хөөрүү бүлэг дээрэмчид шиг байсныг зохиолч найруулагчид үзүүлж чадсан байдаг.

Үүний дараа хэдэн мянган (массовка) хүнтэй аварга том үзэл сурталжсан түүхэн сцена гарах бөгөөд ардын намын журамт цэргүүдийн сүр хүч хийгээд Д.Сүхбаатар (одоо хөшөөн дээр нь бичээстэй буй алдарт) үгээ индэр дээрээс хэлэх ч энэ хооронд бас нэг өөр дүр буюу Тогмидод хайр сэтгэлтэй болсон бүсгүй ээжтэй нь олны хэсэгт хамт зогсож байхдаа :
 -Энэ жанжны хажууд зогсож байгаа залууг хэн гэдэг юм гэхэд хажуугаас нэг сул эр “Сэлэм” Тогмид гэдэг юм олон гамингийн толгойг хяргаж байсан болоод ийм нэртэй болсон хүн хэмээн  үг дайж ээж нь тэр үгэнд эмзэглэх бяцхан чухал хэсэг орж ирдэг. Энэ сул үгээр дараагийн  ээжийн дотоод зөрчил,  хүүхний хайр дурлалыг эхлүүлдэг нь бас гайхалтай шийдэл юм.

Залгаад Сүхбаатар, Данзан, Бодоо тэргүүтэй ардын журамт цэргүүд Богд хаанд бараалхаж буй хэсэг үргэлжлэх  бөгөөд энэ үед Богд:
-Мориноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархаан, харин мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх гэдэг хэцүү билээ. Энэ үг бол эзэн  Чингис хааны үеэс улбаатай үг юм шүү хэмээнэ.
Харин Сүхбаатар хариу өгүүлэхдээ :
 -Таны сая айлдсан үгс хүний нутгийг булаах тухай хэлсэн болохоос эзэн хүн эх нутгаа захирахыг хэлээгүй болов уу гэсэн үгээр Богд хаантай хэсэг дуусдаг.  Молхи миний бодлоор бол Л.Ванган Ч.Чимид нар  Сүх жанжны хариулт үг түүнийг  ухаантай харагдуулах тул Богдын үгийг авч хаяхгүй байхаар харилцан уялдаатай бичсэн санагддаг. Богд энэ кинонд  нэг л гарч байгаа нь энэ бөгөөд дээр хэлдэгээс өөр үг огт хэлдэггүй.

Дараагийн хэсэгт Сүхбаатар их л нухацтай бичгийн ширээний ард лаа асаагаад юм бичиж  суух бөгөөд Янжмаа түүнийг нойргүй хоносныг зэмлэхэд Сүхбаатар хамт гадуур гаръя гэж хамт гараад хүн бүрийн санаж байдаг цоохор морьтой  захын хэсэг залгадаг.

Энэ хүртэл 15 минут өнгөрсөн байх  бөгөөд  Холивүүдийн кино бичих дүрмээр бол эхлэл хэсэг удахгүй дуусах ёстой юм. 

Эхлэл хэсгийг Холивүүдийн  номоор set up хэмээх бөгөөд энэ хэсэг дуусахад киногоор юун тухай  өгүүлэх, ямар цаг үеийн явдал гарах, ямар жанрын кино болох нь харагдах ёстой бөгөөд  гол болон голлох  дүр эхлэл хэсэгт заавал гарч ирсэн байх ёстой. Эхлэл хэсэг төгсөхдөө ямар нэг ээдрээтэй үйл явдал эхэлж эргэх цэг буюу англиар plot point үүсдэг  дүрэмтэй бөгөөд үүнийг Өглөө кинонд хийхдээ  Сүхбаатар Янжмаа хоёр зах дээр эхлээд морь сонирхож дамын наймаачинд амруугаа алгадуулаад дараа нь хэдэн ардтай… хаант засаг нурж унасан… энэ олон улсыг хэн удирдах билээ… гэх мэтээр чухал яриаг тун чиг ардын хэлээр товч энгийн ойлгомжтой оруулдаг. Яг энэ үед  зах дээр Тогмид морьтой давхин ирж цагаантны 300 цэрэг ирж байна гэснээр шинэ ээдрээ үүсч цааш хөтлөн өрнөл хэсэгрүү шилждэг.

Энэ хүртэл яг 23 минут байгаа нь кино бүхэлдээ 85 минут тул  дээр дурдсан Холивүүдийн номоор эхлэл хэсэг дуусахтай яв цав таарах ажээ. Тэгээд дараагийн үйл явдал руу  Сүхбаатар Тогмидын хамт мордож хөдлөх үед анх кино эхлэхэд гарсан бөө түүний араас бүдрэн унасаар хоцорч жанжны найз хэмээх сайрхах үед дэмий сул үг ярьсан хоёр хөгшин сандарч амаа барих хэсэг  дээр жанжныг энгийн атлаа агуу холын хүн гэж харуулахдаа ард олны яриа хөөрөө үйл хөдлөлөөр үзүүлсэн байдаг.

Энэ байлдаантай хэсгээс хойш киноны гол их бие confontation буюу өрнөл хэсэг эхэлнэ. Байлдаантай хэсэг тийм ч урт биш ч эхэнд гаминг устгасан бол энэ удаад цагааны цэргүүдийг дарж буйг харуулна. Энэ ч эхэндээ бөө гамин бороон хоёр талаас шатаалаа хэмээн (ард олны бодол бухимдал) хашгирсаныг хэн авраад дийлээд ялаад байгааг  нотлох мэт ажээ. Тулаантай хэсгийн төгсгөлд бас нэг шинэ дүр гарч ирдэг нь Гүржав бөгөөд тэрээр нэгэн цагаан орос эмчийг барьж ирдэг. Тэгээд Сүхбаатар Гүржавыг зугтаасан цэргийн араас явуулах бөгөөд дараагийн сцена дээр өнөөх Гүржав шархдаад өмнөх сцена дээр өөрийнхөө Галтай булнайгаас баривчилсан цагаантны орос эмчээр хагалгаа хийлгэхгүй гэж зөрчилдөнө.

Яг залгаад дараагийн хэсэгт хачиг Луузан Сүхбаатараас өнөөх л  9 шараа нэхэж Тогмид буу шийдэмдээ хүрч сахилгад ордог. Үүнээс хойш  Тогмидын эх ирж сахилгаас гаргахыг гуйх, ээж нь бургас цавчих гэж байхад нь сэлмийг нь ариутгуулахаар аваад ламд очдог (бүр эхний хэсэгт олны амнаас сонссон сул үг үйлдэл болж байна), зэргээр ар араасаа үйл явдлууд өрнөх бөгөөд марзан Шаравыг авч ирж Ленин зуруулах гэх мэтээр  энгийн амьдрал, улс төрийн зорилготой үзүүлэх зориудын үйл явдлууд холилдон үргэлжилнэ.

Энэ киноны гол дүр бол сэлэм Тогмид бөгөөд түүний хайр сэтгэл улс төр хоёрын зөрчлийг эхнээс нь суулгаж өгөөд түүн дээрээ Сүхбаатарыг тодотгон харуулах зорилогтой бичсэн болоод тэрээр үхэж дуусвал маш эмгэнэлтэйгээр хүнд хүрнэ хэмээн тооцоолжээ.

Сүхбаатар, Данзан тэргүүтнүүд Орос явж Ленинтэй уулзах бөгөөд энэ хооронд Бодоо эрчүүдийн нударга тайрах, хүүхнүүдийн гэзэг хяргах гэх мэтээр үймээн дэгдээнэ. Бас энэ үед Дамрингийн эхнэр үсээ тайруулж ээж нь түүнд уурлаж  Бодоог элдэвээр хэлэх гэх мэтээр Бодоо хэмээх хувьсгалын эсэргүү эсрэг дүрийг бий болгож амждаг.   Мөн Америкийн хэсэг нөхөд Сүхбаатартай ярилцах гэх мэтээр илт үзэл суртал улс төрөө үзүүлхийг энгийн амьдралтай сайхан хольж үйл явдал өрнөсөөр байх бөгөөд Бодоогийн эхнэрийн дүү хүүхний араас Тогмид гүйсээр байхыг Бодоо өөрийгөө тагнаад байна гэж хардаад түүнийг алуулах хүнээр тагнуулдуулах гэх мэтээр үйл явдалыг зөрчилтэй зангидаж  Холивүүдийн кино зохиолын зарчмаар өрнөөд төгсгөл төгсгөл хэсэг буюу resolution хэмээх тайлалруу шилжиж байна.Тэр хэсэг  Тогмид хайртай бүсгүйтэйгээ адуу манахаар явж буй уянгийн сценээр эхлэх бөгөөд одоогийнхоор бол клип маягийн уянгын халил хийгээд дараа нь залгаад Тогмид хайртай хүүхнийхээ нүдэн дээр алагдаад түүний дараа нүсэр улс төржсөн оршуулга болж Сүхбаатар хүчтэй үгс хэлээд кино дуусдаг. Ардын хувьсгалт улсын хүндхэн өглөө эхлээд кино дуусч байгаа учир Өглөө хэмээн нэрлэжээ. Тийм ээ энэ кино бидэнд их юм өгсөн.

Эцэст өгүүлэхэд ийм эхлэл, өрнөл, тайлал гэсэн гурван хэсэг бол гагц Холивүүдэд ч баримталдаг дүрэм бус бүр Аристотелийн үеэс эхтэй  ажээ. Театрын жүжгүүд ихэнхдээ гурван үзэгдэлтэй байхаас гадна эхний үзэгдлийн хөшиг хаахын өмнө заавал нэг ээдрээ үүсэж ( буун дуу гардаг ч юм уу…) хөшгөө  хаадаг билээ.

Ч.Ойдовын зохиолоор Д.Жигжидын 1959 онд найруулан хийсэн “Ардын элч” кино ч яг дээр дурдсан бүтцээр хийгдсэн байдаг нь бас л анхаарууштай юм. Тэхээр бид тэр цагт хэнээс ч дутахгүй монгол кинотой байсан төдийгүй бүр анхлан хийсэн Монгол хүү кино ч тэр үедээ өнөөдөр ч бидний хүрээгүй өндөрлөгт хүрч байсан тухай түүх өгүүлдэг билээ.

Монголын кино урлаг  хөгжсөн түүхийг товч сөхөж харвал

1935 онд Яамдын Зөвлөлийн шийдвэрээр ЗХУ –ын тусламжтайгаар "Монгол кино" компани үүсгэн байгуулагдаж, 1936 онд Зөвлөлтийн тусалцаагаар анхны кино "Монгол хүү" орос найруулагч Илья Траубергийн зохиол, найруулгаар дэлгэцэнд гарчээ. Ардын Хувьсгалын 15 жилийн ой болохтой холбогдуулан манай Засгийн Газраас ЗХУ-ын Засгийн Газарт захиалж хийлгэсэн монголын анхны уран сайхны кино бол энэ байлаа.

Гэтэл анхны уран сайхны бүрэн хэмжээний кино маань гарсан жилдээ Америкийн кино академиас Нью-Йорк хотноо 1936 онд дэлхийн олон орны дэлгэцэд гарсан кинонуудыг шалгаруулахад “Монгол хүү” кино гадаадын 10 шилдэг киноны тоонд орж байжээ.

Харамсалтай нь 1938 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн БНМАУ-ын уран сайхны хүрээлэнгээс “Монгол хүү” киног олон нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хориглосон байдаг. Үндэслэл нь Архангай аймгийн хувьсгалын эсэргүү лам нарыг олноор харуулсан, гол баатар улсын хилээр  зөвшөөрөлгүй сэлгүүцэж гарч байгаа, гадаадад оргон гарсан Цэвээн буцаж ирээд Засгийн газарт хууль бусаар авирлаж байна гэх зэрэг шалтгаан. Бас энэ үе бол яг Японтой дайн эхлэх байдалтай байсан үе бөгөөд хоёр жилийн өмнө Оросын найруулагч, зохиолч Илья Трауберг  монголчуудын дунд ихээр яригдаж асан Манжго гэх японы шинэ улсыг диваажин юм байна хэмээн ярилцахыг сонсоод аз жаргалын эрэлчид болох Шороотын Цэвээн Дулмаа хүүхний хамтаар Японы байгуулсан Манжго улсад аялж байгаа нь яагаад ч тэр цагт таарахгүй байсантай холбоотой юм.  Гэхдээ уг киног нийтэд үзүүлэхийг бүрмөсөн хорьсон болохоос устгах үүрэг өгөөгүй байдаг.

Д. Золбаяр өөр нэг нэгэн нийтлэлдээ : “Улсын төв театраас ”Монгол хүү” кино зурагт наадахаар томилогдсон долоон жүжигчинд ЗХУ-ын кино зургийн хорооноос сар бүр олгох цалингийн хэмжээг тогтоожээ. Жишээ нь: голлон наадах Цэвээнд Монголд 400төгрөг Оросод 1200рубль, Цахарын ноёнд наадах ня-бо Н.Цэгмидэд 200төгрөг 750рубль гэх мэт. Үүнд хоол, хувцасны зардал зэрэг орсон болно. Мөн түүнчлэн Ленфильм монгол жүжигчидийн СССР-т байх хугацааны орон сууц, ирж очих уналгын зардлыг хариуцахаас гадна өвчилбөл үнэ төлбөргүйгээр эмчлүүлэх, киноны ажил дуусмагц тэдэнд Ленинградын соёлын газруудыг үзүүлж танилцуулах нэг сарын чөлөө олгож цалинг нь төлөх үүрэг хүлээжээ.”хэмээн баримтаар бичсэн байдаг.

Үүнээс үзвэл киноны уран бүтээлчийн амьдрах, уран бүтээл туурвих нөхцөл бололцоонд маш ихээр анхаарал хандуулж байжээ гэж ойлгож болно. Тухайн үед нэг хонь 10 төгрөгийн үнэтэй байжээ. Гэтэл энэ ханшийг одоогийнхтой харьцуулбал нэг хонь 50 000 төгрөг (энэ тоо 2009 оны тоо бөгөөд одоо бол бүтэн хонь 90000-200000  төгрөг болсон тул 150 төгрөг гэж үзвэл ) буюу 400 төгрөг нь одоогийн 2 сая (одоогийнхоор 6 сая ) төгрөгтэй дүйж байна. Муугүй цалин биз. Бас нэг жишээ дуръдая.

Сайд нарын Зөвлөлийн (СнЗ) 1941 оны 6-р сарын 27-ны өдрийн 31-р тогтоолоор “Сүхбаатар” киноны зардалд СнЗ-ийн бэлтгэл хөрөнгөнөөс 300 мянган төгрөг олгох, уг киноны зарлагын төсвийг 7-р сарын 10-ны наана нарийвчлан төлөвлөж СнЗ-д оруулан тогтоолгохыг Сангийн яаманд даалгажээ.

Дээрх ханшаар “Сүхбаатар” киноны төсвийг тооцож үзвэл 15 тэрбум төгрөг болж байна...хэмээн баримт түшиж өгүүлсэн байдаг.

1938 онд "Монгол Кино" анхны бие даасан кино болох "Норжмоогийн Зам", 1939 онд "Чоно" кинонууд бүтээж дэлгэцэд гаргажээ. Энэ кинонууд Монголын нэрт найруулагч Д. Жигжид найруулж байсан бөгөөд 1945 онд "Цогт Тайж"киног бүтээсэн бол хэдэн жилийн дараа   "Ардын Элч", "Үер", "Хүргэн Хүү" гэсэн Монголын сонгодог кинонууд төрөн гарчээ. Ингэж кино урлаг хүчтэй болж ирснээс хойш  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 8 сарын12-ны өдрийн 331-р тогтоолын дагуу Улсын багшийн сургуульд 1959/60 оны хичээлийн жилээс кино, драмын жүжигчний ангийг нээн ажиллуулжээ.

"Монгол кино" үйлдвэр 1970 он хүртэл туулж өнгөрүүлсэн 35 жилийнхээ хугацаанд 52 уран сайхны кино, 315 нэр төрлийг баримтат  кино  бүтээснээс гадна ЗХУ-ын 58 нэрийн 507 бүлэг киног эх хэлээрээ хөрвүүлж  дэлгэцэд гаргасан байна. Кино бол намын үзэл суртлын зэвсэг гэсэн МАХН-ын бодлого чиглэлийн дагуу киноны уран бүтээлд тавих хяналт чангарч, олон шат дамжлагаар хэлэлцэж зааварчлаг өгөх явдал 1960-1970-аад онуудад улам ихэссэн бөгөөд бүтээлийг олон талаас нь харж киноны уран бүтээлчдэд зохих санаа өгч байсан эерэг талтай боловч мэргэжлийн бус хүмүүс бүхнийг мэдэгчийн байр суурьнаас ханддаг, дарга сайд нар уран бүтээлд хамаа хамаагүй оролцож зааж зааварлан өөрчлүүлэх, өөрсдөдөө таалагдаагүй хэсгийг хасуулах, тэр ч бүү хэл зарим бүтээлийг МАХН удирдах байгууллагаар хэлэлцэж хаах, уран бүтээлчдийг нь зэмлэж хэлмэгдүүлэх явдал нэг бус удаа гарсан байх юм.

Харин өнөөдрийн ёроолоос харахад  “Чингис хаан, үхэж үл болно” киног л Гачуурт компанийн захирал Л.Чинбат бараг бүрэн санхүүжүүлж  басчгүй яахав  төрөөс 200 сая төгрөгөөр дэм өгсөнөөс өөр ярих юм байхгүй юм.

1941 онд дэлхийн хоёрдугаар дайн болж байхад Сүхбаатар киног 15 тэрбумын төсөв баталж хийлгэж байсантай зүйрлэхэд Чингис хааныхаа тухай кинонд өнөөгийн төр 200 сая төгрөг л нэмрэлсэн нь  даанч  өчүүхэн тоо гэх мэтээр ярих нь өнөөдрийн ёроолоос хэлэхэд ч утга муутай яриа билээ.

Соёл урлагийг тэр дундаа кино урлагийг огт харж үздэггүй тэр ч бүү хэл Соёлын  яамгүй болоод 27 жил болсон улсад дээрх яриа өнгөрч үгүй болсон нэгнээс өр нэхсэнтэй агаар нэг болох тул ингээд нийтлэлдээ өндөрлөвөл зохилтой ажгуу.

2017 оны 1 сарын 29


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив