Д.Ширэндэв: Одоо хэрхэн амьдарч байгаагийн чинь л автомат үргэлжлэл үхэл юм…
2017 оны 2 сарын 6 [Уншсан тоо: 105896]

Үхлийн талаар, үйлийг үрийн тухай, Далай ламын монголд айчлахдаа дурьдсан Випасяна бясалгал гээд өргөн сэдвээр Дорлигийн Ширэндэвтэй ярилцлаа. Тэрээр Энэтхэгийн Варанасын их сургуульд шашин судлалаар суралцаж төгссөн, арав гаруй жил бясалгалын багшаар ажиллаж олон мянган хүнд бясалгал заахын дээр өвөл цагт хорих ангиудад “Ухаарал” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Випасяна бясалгалын багш юм.


Д.Т: -Саяхан “Үхэл бол цэг биш, таслал” гэсэн нэртэй нэвтрүүлэг гарлаа. Энэ уг нь маш түгээмэл хүн бүхэнд хамааралтай сэдэв ч  нэг тодорхой хариулт олсонгүй үхэл бол төгсгөл бол биш гэсэн төдий л тайлбарлах шиг. Бясалгалын багшийн хувиар энэ сэдвийг гүнзгийрүүлж асуух санаатай л уулзаж байгаа маань энэ.

Д.Ш :-Ухаантай хүн бүрийн тодорхой зайлшгүй мэдэж байгаа хоёр зүйл байгаа. Нэгд, хүн биеийг олж төрснөө бүгд мэдэж байгаа. Бас энэ амьдрал дуусна би үхнэ гэдгээ мэдэж байгаа ч өдөр бүрийн амьдралд нухлагдаад энэ тухай бодох сөхөөгүй явсаар нэг л өдөр үхэлтэй нүүр тулдаг.

Д.Т :-Үхэл байгаагүй бол ямар ч шашин байхгүй байх байсан гэж ярьдаг даа…

Д.Ш :-Аливаа шашин амьд ахуйдаа хэрхэн зөв амьдрах тухайд сургадаг. Тэр дундаа бидний хийгээд байгаа випасяна бясалгал зөв амьдрах урлагийг заахын хирээр зөв үхэх урлагт суралцах практик арга гэж хэлж болно. Бурхны номонд өглөө бүр үхнэ гэдгээ санаж бай ч гэж номлодог. Энэ бол гутрангуй ухагдахуун биш, айлгаад эсвэл муу амлаад байгаа ч юм биш гарцаагүй үнэн зүйлийн тухайд юм. Энэтхэгт гэхэд хүн эхний 25 жилээ ном сурахад зориул, дараагийн 25 жилээ тэр сурсан эрдмээрээ ажил хийж амьдрахад зориулдаг бол сүүлчийн 25 жилээ үхэлд бэлд гэж хувааж ойлгодог. Ер нь маш товчоор бол зөв амьдарч сурсан хүн зөв үхэж чадна гэсэн үг л дээ. Үхэл бол яаж амьдарсан түүний л шууд автомат үргэлжлэл байдаг.

Д.Т :--Үйлийн үр гэдэг ойлголт манайд маш их түгээмэл. Гэвч бас яг юуг хэлээд байгаагаа тэр болгон онож ухаарах нь ховор байдаг. Үйлийн үр гэсэн ойлголтыг тайлбарлахгүйгээр зөв амьдрал, зөв үхлийн тухайд бол яриа байхгүй юм шиг?

Д.Ш :-Үйлийн үрийг эртний Энэтхэгийн хэлээр карма гэж нэрлэдэг. Энэ нь бидний сэтгэлээрээ хийсэн үйлийн үр дагавар гэсэн үг. Хүн биеэрээ амьтны амь хөнөөх зэрэг үйлийг, хэлээрээ худал, муу үг ярих гэх мэт үйлийг хийж байдаг ч гэсэн бие хийгээд хэлний үйлийг сэтгэлээс команд өгөөгүй цагт хэн ч хийдэггүй. Тэгэхээр бие, хэл, сэтгэл гэх гурван үүдээр хийх сайн хийгээд муу үйлээс сэтгэл хамгийн чухал, бас түрүүнд нь байдаг. Жинхэнэ карма бол сэтгэлийн үйл юм. Та л өөрийн зовлон жаргалыг бүтээгч. Тэгэхээр үүнийг ойлгосон хүн одоо цагтаа өөрт болон бусдад хортой үйл хийхгүй аль болох буянтай үйл хийхийг эрхэмлэдэг. Иймээс л бидний өвөг дээдэс өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр хулгай хийж, худал хэлж, авилга хээл хахуул авч байгаа энэ бүх үйлдэл нь таны л үйлдэл учраас үүний хорт үр дагавар хохимой толгой дээр л эргэн үржиж ирдэг юм шүү дээ.

 Д.Т :- Нэгэнтэй Д.Батбаяр зохиолч “Бусдын зовлонгоос миний зовлон хүнд гэж боддогт л зовлонгийн хүнд нь оршино” гэж хэлсэн байдаг. Эго буюу би гэх бодол сэтгэлээс л зовлон үүсээд байна уу?

Д.Ш :-Бидний сэтгэлд үүсэж буй уур уцаар хүсэл шунал бүхэн бидний сэтгэлд компьютерийн файл шиг хадгалагддаг. Компьютер бол сэтгэлийн ядмагхан хуулбар шүү дээ. Тухайн сэтгэлийн үйлдэл бүхэн өөр өөрийн эрч хүч энергийг тэр чигт нь агуулан сэтгэлийн мухарт хадгалагддаг. Тэгэхээр та бид өөрийгөө анзаараад үзвэл өглөөнөөс аваад орой болох хооронд сэтгэл агшин хором бүрийд өөрчлөгдөж өөр өөр файлуудыг тасралтгүй үүсгэн хадгалдаг ажилтай  байдаг. Сэтгэл ийнхүү 24 цаг ажиллаж мэдрэхүйн зургаан хаалгаар орж ирсэн мэдээлэл бүхнийг шүүн тунгааж сайхан санагдвал дурлаж, муухай санагдвал дургүйцэж уур уцаар хямралыг үүсгэн тэр л хэмжээний эрч хүч бүхий файлуудыг супер компьютерээс илүү их багтаамжтай сэтгэлийнхээ мухарт хадгалсаар байдаг байна. Хүн бүрийн сэтгэлд үүсээд устдаг мэдрэмж бүр дээр би, миний гэх гагц бодлоос болж хариу үйлдэл хийсээр ирсэн дадалтай аж. Биеэр сайхан мэдрэмж дүүрэхэд түүнийг удаан байлгах гэж дахин дахин мэдрэх гэж шунана. Энэ бүхэн амтлах, үнэрлэх, харах, бие болон сэтгэлийн үүдээр орж ирж байдаг. Тэгэхээр бид амьд байх хугацаандаа муу зүйлийг бодох, муухай мэдрэмжид дургүйцсэн хариу үйлдлийг зогсолтгүй хийсээр байдаг болохоор яг үхэл ирэх тэр агшинд муу муухай хариу үйлдэл хийх магадлал маш өндөр юм л даа.

Д.Т : -Үхэх үед ямар янзын энерги сэтгэлдээ үүсгэнэ яг түүний адил амь явна гэсэн үг болж таарлаа. Пүрэвбат ламаас эхлүүлээд олон хүн Бардо Тодол буюу Сонсгоод гэх түвд номыг их иш татдаг. Үхсэний дараах хоногуудад ямар буян хийх, яг үхэл ирэх үед зөв замруугаа явах тухайд номлосон номыг чихэнд нь сонсгож зөв залвал зөв замруу явна гэж ярих юм. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

Д.Ш : -Насаараа ном үзээгүй бясалгал хийгээгүй хүн яг үхэл ирэх төдийд ганц нэг үг, ном, тарни сонсоод тэр замыг зөв олчихно гэдэг маш эргэлзээтэй зүйл л дээ. Яахав насаараа бясалгасан хүнд бол яг тэр хэцүү үед мартагдсан зүйлийг нь сануулж өгч болох талтай ч амьд ахуйдаа энэ талаар таг сонсоогүй хүнд нэг үг, тарни тус болно гэдэг юу л бол. Хүн гэгч өөрийнхөө хийсэн үйлийг өөрөө л мэдэж байгаа. Тэр ачаагаа хүн өөрөө л аваад явна. Энэ утгаараа бол хүн өөрийнхөө зам мөрийг өөрөө л гаргаж байдаг. Мэдээж урд насны хийсэн үйлийн үр энэ насанд ургаж гүйцэж болох ч бүх зүйл урд төрлөөс л хамааралтай гэдэг өрөөсгөл юм.

Д.Т : -Бурхан багш мэт гэгээрэлд хүрсэн хүн л өмнөх амьдралдаа үзэж туулсан “хуучин файлаа” сэргээж чаддаг нь их хачин санагдаад байна л даа. Хүн яагаад урд төрлөө санадаггүй юм бэ?

Д.Ш : -Хүн хөгшрөхөөрөө нүд, чих, хамар муудах зэргээр таван мэдрэмж муудаж ухаан олон зүйлийг санахаа байдаг нь хэн ч хараажаар зүйл шүү дээ. Түүнээс гадна үхэл өөрөө маш том зовлон учраас үхэх агшинд маш олон файл сэргэхгүй сэтгэлийн мухарт далд үлдэнэ. Бас эргээд төрөх үед амьдаар нь арьс хуулж байгаа мэт зовлонт үе дахиад ирэх болохоор өмнөх түүх бас мартагддаг. Гэвч хүний өмнөх амьдралдаа үйлдсэн сайн хийгээд муу үйлийн чинь тусгал тархи сэтгэлд дадал, үр болон суусан байдаг. Тэр алга болдоггүй, харин далд ухамсарт шилждэг. Галт уул дэлбэрэх цагаа хүлээж байгаатай л адил. Гэхдээ үйлийн үр гэдгийг дандаа муу зүйл гэж бодоод байдаг бол буруу. Сайн үйлийн үр мөн л цаг нь болохоор сайн сайхан боловсроод гарч ирнэ. Нүгэл буян сахилын тухай олон үлгэр байдаг. Нэгэн үлгэрт, “Нэгэн тахилч санваартан хонь алж бурхан аа тахихаар голруу хөтлөн явах үед хонь эхлээд инээж, дараа нь уйлжээ. Учрыг нь асуухад би 500 төрлийн өмнө чам шиг тахилч санваартан байхдаа хонь алж бурханаа тахисны үйлээр 499 төрөлдөө хонь болон төрж алуулсаар ирсэн. Одоо ийнхүү алагдвал тэр нэг үйлийнхээ үрээс мултрах юм. Тэгээд баярлаж инээсэн юм. Харин яагаад уйлсан бэ гэвэл энэ тэнэг тахилч намайг алаад над шиг 500 төрөлдөө хонь болон төрж алуулах нь дээ гэж бодоод чамайг өрөвдөж уйлсан юм хэмээсэн” гэж өгүүлдэг. Таны өөрийн тань ил, далд хийсэн сайн, муу бүхэн таны л өмч. Тэр тань танаас салахгүй хамт явна. Та юу хийснээ, хийдгээ өөрөө л мэдэж байгаа. Сайн үйл таныг жаргааж, муу нь боловсрон ирэхдээ таныг зовооно. Тэгэхээр та бид л өөрсдийнхөө зовлон жаргалыг бүтээгчид. Энэ амьдралд надад тохиолдож байгаа сайн, муу юм бүхэн миний л урьд болон энэ төрөлдөө хийсэн үйлийн үр дагавар. Энэ хорвоогоос нэг өдөр явахдаа бид төрсөн биеэ хүртэл орхиод явдаг. Юу ч авч явж чадахгүй. Харин бидэнтэй хамт юу явдаг вэ гэвэл та бидний ил далд хийсэн муу үйлдэл л хамт явна. Энэ нь таван сахил сахихаас эхэлдэг. Амьтны амь хөнөөхгүй байх, худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, архи тамхи зэрэг мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, буруу бэлгийн харьцаанд орохгүй байх гэх таван зүйлийг бүх шашны үндэслэгчид хүмүүн бидэнд сахиж явахыг сургасан байдаг. Архи уувал хортой гэдгийг хэдий ухамсараараа мэддэгч хүмүүс архи харахаараа сэтгэлээ дийлэлгүй ууж орхидог. Тэгээд маргааш нь ухаан орохоороо уудаггүй байж хэмээн шаналж гэм нь урьдаа гэмшил нь хойноо гэгч болдог. Яагаад ингэж байна вэ гэвэл тухайн хүн сэтгэлээ удирдаж дийлж чадахгүй сэтгэлийн боол болж байдагтай холбоотой юм. Тэгэхээр бид сэтгэлээ удирдаж сурах самади сэтгэл төвлөрөлийн дасгалыг хийж сурах хэрэгтэй болдог юм. Ийнхүү сэтгэлийг номхотголоо ч гэсэн бидний сэтгэлийн архи тамхинд дурладаг сэтгэлийн буруу дадал зуршлууд сэтгэлийн мухарт байгаа болохоор амархан арилдаггүй. Түүнийг арилгахын тулд сэтгэлийн муу зуршлыг гүнээс нь өөрчлөх випашяна бясалгалын аргыг сурах хэрэгтэй болдог. Ингэж л таван сахил сахиж бие хийгээд хэлний үйлийг ариусгаж самади бясалгалаар сэтгэлийн өнгөн хэсгийг цэвэрлэн номхотгож Випашяна бясалгалаар сэтгэлээ гүнээс нь ариусгаж буруу дадал зуршлыг уг үндсээр нь арилгаснаар л хүн өөрт хийгээд өрөөлд хортой муу үйл хийхгүй байж өөрөө ч аз жаргалтай амьдарч, өрөөлийг ч аз жаргалтай амьдруулдаг юм. Ийнхүү өнөөгийн бодит одоо цагийн амьдралынхаа хором бүрийг өөрчилж сэтгэлээ амар жимир амьдруулж сурсан хүн урьдын цуглуулсан муу бохир энергийн цуглуулгаас муу үр дагавар ирж таагүй нөхцөл байдал үүссэн ч сэтгэлийн гүнээсээ амгалан байлгаад сурсан учраас бэрхшээлийг тайвнаар хүлээн авч, шаналалгүйгээр түүнийг давж чаддаг. Мөн урьдын буянт үйлийн улмаас сайхан үр дагавар ирсэн ч сэтгэл амгаланаар аз жаргалыг эдлэн цэнгэснээр тухайн хүний амьдралын хором бүр амар амгалан аз жаргалаар дүүрэн амьдардаг. Яагаад гэвэл тухайн хүн муу нөхцөл байдлаас болж шаналавал одоо цагт би зовохоос гадна үүсгэж буй энэ зовлонт энерги ирээдүйд ч гэсэн гарч ирж намайг зовоох болно гэдгийг мэдэх учраас өөрийгөө зовоох зүйлийг хийлгүй тайван амьдарч чаддаг. Ийнхүү биений болон хэлний муу үйлээс хол байж сэтгэлээ удирдаж, ариусч чадсан хүн одоо цагтаа амгалан амьдарч чаддаг тул үхэл ирэх үед тайван байсаар дараа төрөлдөө тайван ертөнцөд төрдөг. Яагаад гэвэл энэ төрлийн эцсийн мөчид сэтгэлийн байдал ямар байхаас дараа төрлийн сэтгэл хамаардаг. Тэгэхээр тайван амьдарч сурсан хүн л тайван үхэж чаддаг. Амьд байхдаа тайван амьдарч чадаагүй хүн амьдралын эцсийн мөчид тайван байж чадахгүй нь мэдээж шүү дээ. Дараа төрлийг дамжих нь тодорхой учраас тайван ертөнцөд дахин төрөхийн тулд энэ амьдралынхаа үнэтэй хором бүрийг аз жаргалтай өнгөрүүлж сурах арга ухаан болох бясалгалд яаралтай суралцаж, ядаж одоогийн амьдралынхаа үнэтэй хором бүрийг аз жаргалтай өнгөрүүлж сурах хэрэгтэй юм.

Д.Т : -Хүний амьдрал хугацаатай зурсан зурлагаар явна гэж их ярих юм. Бас чиний хийсэн үйлийн үр үр хүүхдүүдэд чинь очиж тусна гэдэг. Энэ бүгд мухар сүсэг үү. Эсвэл үнэхээр ийм юм байна уу?

Д.Ш : -Хорвоод хүн мэндлэх үед энэ бие цогцос дээр орших хэмжээтэй хугацаа бас тогтсон байдаг. Өмнөх төрлүүддээ амьтан алсан тоогоор нас хорогддог ч гэдэг. Өөрөөр хэлбэл энэ биетэй хамт хэр удаан байх “виз” ирдэг гэсэн үг. Тэр хугацаа дуусаагүй бол хүний амьдрал үргэлжилсээр л байна. Дууссан бол мянган ном гүрэм хийлгээд нэмэргүй юм. Виз дуусах үед бидний сэтгэлийн гүндээ хураасан сайн, муу энерги бүхий файлууд маань өндийн гарч ирдэг. Сэтгэлийг компьютер гэж төсөөлбөл энэ байгалийн супер компьютер ямар ч алдаагүй ажилладаг. Ижил төстэй файлуудыг нэг цогц болгон фолдер үүсгэн эмх цэгцтэй далд хадгалсан байдаг. Тэр фолдерууд том, жижиг ямар янзын файлууд хадгалснаас шалтгаалж бидний дараагийн төрөл сайн муу байх, урт богино байх нь хамаарна. Харин энэ бие дээр байх хугацаа дуусах үед та бидний сэтгэлийн байдал тайван, тайван бус байхаас шалтгаалж сэтгэлийн гүнээс түүнтэй яг ижилхэн зохицол бүхий энерги гарч ирдэг. Энэ нь бүхэл бүтэн төрөл өгөх хэмжээний, бүхэл бүтэн шинэ сайн, муу заяаны ертөнцрүү хөтлөх хүч чадалтай байдаг байна л даа. Зул бөхөхдөө бадамладагтай яг ижил. Хамгийн эцсийн мөчид хамгийн хүчтэй хуримтлагдсан энерги дэлбэрч гарах бөгөөд тэр эрч хүч энерги л биднийг дараагийн ижил энергийн орчин луу  чирэн одно шүү дээ. Гэхдээ хэн нэгний хийсэн үйлийн үрийг өөр хүн үүрдэггүй. Хүүхэд эцэг эх хоёроос бүрдэж байгаа бус бас нэг амь тэр цагт тэнд шилжин ирж гурвуул болж байж хүн болдог. Тэр хорвоод ирж буй хүүхэд ч өөрийн гэсэн хангалттай сайн, муу үйлийн үртэйгээ ирж байгаа шүү дээ.

Д.Т : -Үр хүүхэд эцэг эхтэйгээ адилхан байх, тэдний авьяасыг өвлөн авах энэ тэр чинь тэгээд худлаа гэсэн үг үү?

Д.Ш : -Үнэн л дээ. Эр бэлгийн эсэд хэдэн гега гэдэг ч билээ мэдээлэл агуулсан байдаг гэж батлаад байгаа. Гэхдээ оюун ухаан тусдаа ирдэг зүйл. Энэ тухай одоо баруунд маш олон ном бүтээл гарсаар байна. Ер нь тэгээд энэ хорвоогийн бүх шашин их ойролцоо байдаг. Жишээ нь, загалмайтнууд ч адилхан Адам, Ева хоёр тэнгэр байгаад энэ хорвоо дээр ирж жимс идсэнээс болж хүслийн ертөнцөд уяатай болсон тухай номлодог. Буддизмд ч гэсэн хүнийг тэнгэрээс гаралтай, Брахма тэнгэрүүд энэ замбуулинд жимсний үнэрт болж ирээд амсаж үзсэнээр гэрэл нь багасаж алсдаа буцаад тэнгэрийн орондоо нисэж чадахаа больж хүслийн ертөнцөд үлдсэн мэтээр яг адилхан домог өгүүлсэн байдаг.

Д.Т : -Эх болсон зургаан зүйл хамаг амьтан гэдэг юу гэсэн үг вэ?

Д.Ш : -Там, Бирд, Адгуус, Асур тэнгэр /тэнгэр биш гэсэн үг л дээ муу зүйл хийх хүчтэй амьтад/ энэ дөрвийг муу дөрвөн заяа гэдэг. За тэгээд хүн, хүнээс дээш тэнгэр гээд эх болсон зургаан зүйл хамаг амьтан болж байгаа юм. Тэнгэрүүд гэдэг нь тавдахь самадид хүрсэн хүмүүс биетэй, найм хүртэлх самадид хүрсэн бол биегүй оюун ухаанаар амьдардаг шатанд хүрсэн биегүй тэнгэрийн орон гэх мэтээр дотроо задардаг. Самади буюу төвлөрөлийн тавдахь шатнаас эхлэн биегүйгээр орших чадвартай болсон гэсэн үг. Энэ мэт 31 орон байдаг. Үзэгдэх амьтдыг бол бид харж л байгаа. Хорхой, шавьж, адгуус гэх мэтээр гэвч харагдахгүй зүйлийг бид дандаа байхгүй гэж ойлгосоор ирсэн байдаг. Энэ хорвоо гэдэг үйлдэл бүрээс тогтоно. Үйлдэл бүр энергитэй байх нь ёс. Тэгвэл өвдөх, зовох шаналгаа, алсан, алуулсан айдас хүйдэс тэр бүх энерги нэг газарт цугласан байгааг там гээд байгаа хэрэг. Бирд гэж бас адилхан шуналаас үүдэлтэй хүсэл шуналын энергийн төвлөрөл гэж ойлговол илүү дөхөмтэй юм даа. Тэгэхээр дээшээ явахын тулд эхлээд таван сахилаа сахихаас эхлэх нь бүр ч ойлгомжтой. Өөрийнхөө сэтгэлд байгаа тэр их хир тартагийг эхлээд цэвэрлэж байж дээд тэнгэрийн энергитэй ижил долгионтой болж  тийшээ очиж таарнаа даа. Бурхан багш буюу Сидхард Гоутам бясалгал хийсээр бүр тартагтаа тулж сэтгэлд байх тартагаа цэвэрлэснийхээ дараа өмнөх олон төрлөө хардаг чадвартай болохоос гадна ирээдүйгээ ч харж чаддаг болсон байдаг. Энэ нь далд ухамсарт буй хогонд дарагдсан байсан хуучин файлаа нээж чаддаг болсон гэсэн үг юм. Харин дахин төрөл авахгүй, үүсэхгүй, устахгүй хэлбэрт орохыг нирваанд хүрэх гэж ангилдаг.

Абидхарма гэж Ганжуурын гурван сав аймгийн сүүлчийн аймагт энэ тухайд их нарийвчлан бичсэн байдаг юм. Бурхан багш борооны улиралд тэнгэрт байгаа ээждээ очиж айлдсан ном гэдэг шүү дээ. Энэ номын аймаг бол цэцэрхээд, гайхуулаад байгаа зүйл бус тийм газарт очоод тэнд байхгүй зүйлийг хэрхэн заах тухайд, архад болж гэгээрсэн хүн ямар замаар яаж бясалгаж тийшээ хэрхэн очих тухайд бүр атом, молекулын хэмжээнд задалж тайлбарласан аймаг юм. Биетэй тэнгэрийн орон, биегүй тэнгэрийн оронд хэдэн зуун сая жил бүр хэдэн галавын хэмжээтэй амьдрах ч бас л нэг өдөр цаг нь болж өөр төрөлд очих болохоор тэдэнд зориулж заах гэдэг шал өөр ойлголт юм л даа. Энэ тухайд гүнзгийрүүлэн ярих одоо хараахан эрт юм шиг. Тэнд л үхлээс хойших амьдралын тухай нарийн өгүүлсэн байдаг.

Д.Т : -Буян хийхийн тухайд тайлбарлаач. Нас нөгчсөн хүнийхээ араас буян хийнэ гэдэг ямар учиртай юм. Энэ тэгээд хэрхэн буян болж хүрдэг, хэн тэр буяныг нь хэмжээд хувиарлаад байгаа хэрэг вэ?

Д.Ш : -Буддизмийн нэг онцлог бол сэтгэл бүхний түрүүнд явагч гэж үздэг. Өөрөөр хэлбэл матери анхдагч бус гэсэн үг. Сэтгэлээс бүх зүйл үүдэлтэй гэхээр сэтгэл оюуны орон зай байна гэсэн үг юм. Үзэгдэх хийгээд үл үзэгдэх номын гар байна. Тийм орчин байна гэж үздэг. Хэн нэгэн нас барахад буян хийнэ гэдэг тэр хүн биеэ орхиод зуурдад дараа төрөлрүүгээ явж байгаа тэр үе болохоор тэр хүнд тухайлан зориулсан онцгой буян юм. Жишээ нь, “Бурхны номонд нас барсан хүний араас нь уйлахыг муу” гэдэг. Яагаад гэвэл төрлөө олох гэж байгаа хүнд зовлонгийн бохир энергийг нэмэрлэж байна гэсэн үг. Бас эрт цагаасаа лам нарт хоол өгч тэр дундаа 270 сахил сахидаг гэлэнгүүдэд хоол өгж буян хураадаг нь бас учиртай. Гэлэн болсон хүн их дээд шатанд хүрсэн буюу та бидэнтэй харьцуулшгүй цэвэр буянтан учир тэр хүнийг баярлуулснаар сайхан энерги нь нас бараад төрлөө олох гэж байгаа хүнд шууд хүчтэй хүрнэ гэсэн үг. Гэлэн хүмүүс хэзээ ч хүний тусыг мартдаггүй учир дараа ч бас буяны сэтгэл үүсгэсээр л байдаг нь маш хүчтэй энергийн буян өгч байгаа хэрэг юм. Буяны тухай ойлголт бас л одоо цагийн тухай ойлголт юм л даа. Одоо амьдарч байхдаа буянтай сайхан сэтгэл үүсгэж, дэлгэр сайхан амьдарвал үхсэний дараа мөн л тийм балансаа алдаггүй тэгш амгалан өөр хэмжээст амьдрал үргэлжлэх нь ойлгомжтой юм.

Д.Т : -Далай лам сая ирээд явахдаа Випясана бясалгалд шамд гэж хэлчхээд явах юм. Төвдийн шашин нэг л биш болчхоод байгааг алсуур аа хэлчихвүү гэж бодох юм?

Д.Ш : -Випашяна бясалгал хийснээр хүн ямар ч хэцүү зүйлтэй учирсан ч сэтгэлээр шаналалгүй тайван байх сэтгэлийн хатыг үүсгэн хөгжүүлж өгдөг. Яагаад гэвэл Випашяна бясалгал хийснээр биеийн өвчнийг сэтгэлийн өвчин болгохгүй байх чадварыг сэтгэлийн гүнд нь хөгжүүлэн суулгаж өгдөг. Ингэснээр сэтгэлийн хямралд автахгүйгээр түүнийг устгах арга ухааныг эзэмшиж сайхан, муухай ямарч нөхцөлд амар амгалан байж сэтгэлийн ноён нуруугаа алдахгүй байх чадварыг хүнд бодитоор суулгаж өгдөг.  Эцэстээ энэ бие би биш, энэ бие минийх биш гэдгийг молекул болон энергийн өндөр төвшинд хүрч ойлгосноор тухайн муу энергид огт автахгүй байсаар зовлонт үрийг үндсээр нь л устгах тэр дээд төвшинд хүртэл хүрч чаддагт байгаа юм. Далай багш энэ чадварыг л өөртөө бий болгохын тулд Випашяна бясалгалд шамд гэж хэлсэн.

Д.Т : -Та саяхан хорих ангиуд тэр дундаа чанга дэглэмтэй хорих ангиудад бясалгал заагаад ирсэн гэсэн. Энэ ажил тань хэр ахицтай явж байна вэ?

Д.Ш : -Нэлээд эртнээс эмэгтэйчүүдийн хорих ангиас эхэлснийг та андахгүй. Д.Дорлигжав хууль зүйн сайд байхдаа “Ухаарал” хөтөлбөр гэж гаргаад тэр үргэлжлээд их сайхан явж байна. Одоо байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нөхөд ч маш сайн зохион байгуулж дэмжиж байгаа. АНУ-ын хамгийн чанга дэглэмтэй шоронд явуулсан бясалгалын тухай “DHAMMA BROTHERS” гэж кино бас их нөлөө үзүүлсэн гэж боддог. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хэдийгээр бие нь хориотой зовж байгаа ч сэтгэлдээ тэгш амгаланг үүсгэж чадвал гараад очих нар ч диваажин, одоо сууж буй шорон ч диваажин болж чадна гэдгийг зовлон үзэж буй улс илүү сайн ойлгож маш тэвчээртэй суух юм. Үр дүн ч сайтай байгаа. Аливаа ерөндгийг яг өвчний төв дээр нь тавих хэрэгтэй байдаг. Тамын яг эсрэг талд диваажин байдаг шүү дээ. Бакула ренбүчи ч ялгаагүй яг л өвгөнтийн хөндий гэж муу юм шүгэлсэн газарт Битуб хийдээ барьсан бас учиртай юм. Манай шоронд буй хүмүүсийн ерэн хувь нь 20 -40 насны залуус байна шүү дээ. Тэдэнд ч ирээдүй байгаа. Тэгээд тэр төв дээр нь бурхны бясалгалаар ерөндөг тавьж ирээдүйд чиглэсэн буяны ажил хийж байгаа гэж ойлгож ч болно. Маргааш Зүүн хараагийн 200 гаруй хүмүүжигчид рүү явах гэж байна.

Бид эрх чөлөөтэй л гэж өөрсдийгөө ойлгож байгаа ч хэрэг дээрээ  хүн бүр л санкарагийнхаа “шоронд” байдаг.








"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив