Миний юм бол чиний юм, чиний юм бол миний юм
2017 оны 2 сарын 16 [Уншсан тоо: 51429]

 
Яг одоо Эрдэнэтийн 49 хувийг Их хурлын 65 нийлж байгаад 400 сая доллараар авсан хувийн өмчийг шууд дээрэмдэн нийгэмчиллээ хэмээн шуугиж байна. Гэхдээ төрд авлаа гэх ч төлсөн 400 саяыг эргүүлж өгөх талаар ярих нь үгүй.

Гэлээ ч гэсэн ихэнх хүмүүс үүнийг нэг их тоож байгаа ч янз алга. Аль ч авсан өөрт нь наалдах юмгүй юм чинь! Худлаа л нүүрэн дээрээ нүүр  номоор янз бүрийн юм бичих ч гэлээ “маньд ямар падтай билээ дээ…” гэж дотор хүн нь шивнэх ажээ. Авах гээд байгаа төр гэдэг ч, авчихсан байсан хувийнхан гэдэг ч  хэрэг дээрээ мань мэтэд ямар ч хүртээлгүй болоод тэр юм. “Бурхадын зодоон,базарваань” хэмээн бодож атаархал тээсэн үгс шидлэнэ.

Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай ярилцаж байхад тэрээр : “Манайд хэт баян, баян, ядуу, ядуувтар гэсэн дөрвөн хэсэг байна. Хэрэг дээрээ бол баян, ядуу гэсэн хоёр л анги оршиж байна. Гэтэл ядуу хийгээд ядуувтар анги наян хувь буюу олонх атлаа УИХ, Засгийн газарт нэг ч ядуу, ядуувтар ангийн төлөөлөл байхгүй шүү дээ…” гэж хэлж байж билээ. Уг нь Ардчилал гэдэг олонхийн засаглал байлтай. Тэгвэл төрдөө олонхийн нэг ч төлөөлгүй орныг дүр эсгэсэн “ардчилалтай” орон гэхээс ч өөрөөр юу гэж нэрлэх ч билээ дээ…

Үндсэн хуульдаа газрын доорх баялаг ард түмний өмч гэж заасан ч ард түмний олонх болсон наян хувьд өмч хувьчлалаар оногдсон юм тун бага.Малыг малчдад, байрыг сууж буй эздэд нь үнэгүй хувьчилсан бол одоо аль дивангарын юм санагдах болжээ. Ягаан, ногоон тасалбар гэж нэгэн зүйл байсан гэх домог шиг яриа л үлдсэнээс бус хувьчилж авсан хувьцаагаараа баяжсан, баяжихаа байг гэхэд түүгээрээ амьдралаа залгуулж байгаа  хүн бараг байхгүй шүү дээ. Хувьцааны тухай ойлголт анхнаасаа л маш бүрхэг байсан. Дундын хөрөнгө гэх юм бүр ч алга болоод амь, амиа л боддог болоод 27 жил болжээ.

Өнөөдөр Монголд ашигтай бизнес хийе гэвэл тэр хорин хувийн баячуудад л зарах юм хийвэл ашиг олж болно.Тэгээд ч барууныхан үүнийг нь олж хараад “LV” гэх мэт үнэтэй дэлгүүрүүд нээсэн байгаа.Тэд хар баримжаагаар ийм алхам хийж дампуурахгүй нь хэнд ч ойлгомжтой юм.  Бас зохиолч Г. Аюурзана : Нэг жилд зарагдсан ямар ч зохиолчын ном, нэг жилд зарагдсан Ланд 200 гаас цөөн гэдгийг батлан бичсэн байдаг.

Баялгийн тэгш бус хуваарилалт гэж ярих ч ямар аргаар түүнийг нийтэд тэгш хуваарилах тухай яриа бараг байхгүй.

Мунхаг миний бодлоор бол суурин иргэншилтэй байхын тулд эхлээд  “суурин” өмчтэй болох ёстой. Тэгж байж л жинхэнээсээ эх орныхоо эзэн нь  болох учиртай. Эзэн гэдэг үг өөрөө эзэмшилтэй хүний л нэр.Ардчилсан нам таван толгойг бүх ард түмэнд хувьцаа хэлбэрээр 1072 хувьцаа болгон өгсөн гэх боловч мөн л гарт баригдаж, нүдэнд харагдах юмгүй хоосон бичээс л байсаар байгаа сурагтай.Харамлах юмтай хүн л эх оронч байдаг болохоос хоосон хашхираад хэнд хэрэгтэй билээ дээ.

Барууны орнуудад паблик компани гэх нэг том ойлголт байдаг.Энэ нь ард түмэн тэр компанийн хувьцааг хувааж дундаа эзэмших бөгөөд Бирж дээр түүнийгээ арилжиж хөрөнгө мөнгөтэй болох тухай яриа бололтой байдаг. Бид өнөөдөр аль 19 р зуунаас эхтэй хувьцааны тухай анх Теодор Драйзерийн “Санхүүч” номоор гадарлах болсон ч доторлон ойлгож бас түүнийхээ хувь хишгийг хүртэж суугаа хүн нэн ховор ажээ.

Өнөөдөр бид суурин соёл иргэншилд баттай шилжсэн гэх ч нутаг дагаж, бэлчээр дагаж нүүдэг зан хэвээрээ л байсаар. Биднийг холбох дундын гэх юм юу байгаа билээ дээ. Нүүдлийн соёл иргэншил гэж их ярьж бичих ч яг юун тухай гэдийг бас мэдэх хүн мөн л  ховор. Иргэншил гэдэг өөрөө суурин иргэншлийг хэлж буй болохоор буруу хэллэг…гэх мэтээр л маргалдах нь л элбэг.

Түүхээс харвал манайд суурин иргэншил бага багаар тогтоод бараг гурван  зуу орчим жилийг элээсэн ч яг бүхлээрээ хотжиж, суурин иргэншилд идээшиж, хоорондоо комун маягаар бие биенийхээ  дэмээр хамтран  амьдрах ёс төдийлөн тогтоогүйгээс гадна, өнөөх мал дагаж бэлчээр дагаж нүүдэллэсэн урт удаан хугацааны дадлаас болж сэтгэлийн гүнд далд ухамсарт, бүр удмын хэмжээнд сууж хоцорсон олон зан байх шиг харагддаг.

Дотор хүн, муу санаа, давхар санаа, дотуур тамир  гээд байдаг нь мөнөөх нүүдэлчин мөн чанараас ихээхэн улбаатай санагдана. Энэ зан чанарууд ардын үг хэллэгт өргөн тааралдана.

Жишээ нь: “Зовлонгийн түргэн жаргалын удаан”  гэж үг байна. Энэ үгийг яаж  практикт хэрэглэдэг  вэ гэвэл зүгээр л зовлонтой юмнаас бушуухан салж зугтаах  гэсэнтэй агаар нэг юм.

Нүүдэлчид үргэлж бэлчээр дагаж нүүж явах болохоор эд хогшилд тун ч дургүй зантай.Тэгээд ч хог-шил гэж нэрлээ биз. Одоо ч адил нэг өрөө байртай хүн за үнийгээ нэг сайхан томруулж байгаад л нэг мөсөн янзална даа… гээд навсайгаад л маргааш нүүх гэж байгаа мэт амьдраад  байдаг. Харин суурин иргэншилтэй улсын иргэд гурав хоног байх ч байсан тэр орчноо тухтай байлгах гэж хичээнэ.

Бараг Монгол хүн бүр аливаа юмыг барж байж л нэг санаа нь амардаг бол Хятад зэрэг суурин иргэншилтэй улс жоохон ч гэсэн юм цааш хийж байж л санаа нь амарч тайван унтана.Суурин улс архи дарсыг бага багаар тухалж амталж, ямбалж хүртдэг бол манайхан мөн л нэг дор хоослож орхино.

Нүүдэлчин улсад өчигдөр гэж байхгүй яагаад гэвэл нүүгээд явчихдаг болоод тэр, бас тэдэнд маргааш ч гэж байхгүй нөгөөдөр нүүгээд явчих болохоор бүх юм түр зуурынх.Энэ зан чанар ч одоо ч мөн л хэвээрээ.Нэг баар цэнгээний газар нээгдвэл эхлээд бүгд тийш гүйх ч маргааш нь очихоо больчихно.Хаачсан бэ гэсэн бас нэг өөр шинэ баар нээгдсэн тул тийш “нүүчихжээ”. Ер нь цаад утгаараа бол тэр миний юм, манай юм биш бас л түр зуурын санагдах болоод тэр  ажээ.

Харин одоо бид Таван толгой, Оюу толгой , Эрдэнэт… гэх мэт томоохон компаниудаа олон нийтийн болгож хувьцаа тарааж чадвал жинхэнээсээ алдах ч  юмтай, олох ч юмтай болж бас цөмөөрөө дундын хөрөнгөтэй болох учир байдал их өөр болж “суурин” болж мэдэх учир нэг намаас жаран таван гишүүнтэй байгаа дээрээ яаралтай хийж чадвал нам, улс төр, баян хоосон ялгаагүй Манай Эрдэнэт, Манай таван толгой, Манай Оюу толгой…гэж үзэх бөгөөд “Манай эх орон” гэсэн нэгдмэл үзэл хэний ч шахалтгүй бий болно! Солонгос мэтийн орон руу нүүдэллээд байгаа нь миний, манай гэх хөрөнгөтэй л болохын тухайд болохоос биш эх орноосоо уйдаад “нүүгээд” ч байгаа хэрэг биш бөлгөө.
Молхи би бээр эдийн засгийн мэдлэг хомс нэгэн тул өнөөх л хар ухаанаар тунгаахад үүнээс өөрөөр бид хоорондоо эвтэй найртай болж чадахгүй.Ингэж байж л чинээлгээ байг гэхэд дундаж ангитай болж баялгаа тэгш хуваарилах ганцхан орц харагдах ажээ. Тэхгүй бол  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын  хэлсэнчлэн “Хөрөнгөтний хувьсгал хийгүй бол пролетарийн хувьсгал гарах  нь зайлшгүй …” нигууртай болсон бөгөөд К.Марксын аль 19 р зуунд ярьж байснаар гинжнээсээ өөр алдах юмгүй наян хувьруу гаднаас ганц шүдэнз зурах төдийд л баян хорин хувьруугаа дайрахад бэлэн болсон ажгуу…

Миний юм бол чиний юм, чиний юм бол миний юм гэх нийтийн хирнээ хувийн өмчтэй болж байж л бид эвтэй, хүчтэй  болж тамын тогооны үлгэр амар сайхандаа жаргах юм шиг!





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив