Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэгш амгалан хүн
2017 оны 4 сарын 4 [Уншсан тоо: 172578]





ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТЭГШ АМГАЛАН ХҮН


Энэ номоо бичиж байх үед УИХ-ын 2016 оны сонгууль болж таарлаа. Сонгуулийн үе дөхөж байхад  ном бичигдэж эхэлсэн болохоор сонгуульдаа хэрэглэх биз гэж бодоод асуухад  тэрээр “сонгууль яахав болдгоороо болно. Энэ номыг сонгуулийн өмнө гаргах гээд ч яахав. Харин хэдэн хүний яриа сэтгэгдэл нэмж оруулбал бас зүгээр дээ” гэж билээ.
   
Сонгуулийн үеэр бас ч гэж ганц нэг нэвтрүүлэг хийх, нийтлэл бичих ажилтайн дээр энэ номыг болж өгвөл хий хоосон магтаалаар дүүргэх бодолгүй, намтарчилж дурдатгал болгох бүүр ч сонирхолгүй байсан болохоор хэн нэгнээр яриа авхуулсан нь зүйтэй санагдаад байлаа.

Гэхдээ хэнээр авхуулах билээ гэж бодож, бодож “Ардчилал” сонины Б.Цэдэвсүрэн гэх сэтгүүлч охинтой өмнө нь таарч ганц нэг яриа өгч  байсныг санаад сураглавал өнөөх охин маань яг 1990 онд төрсөн болж таарснаас гадна Ц.Балдоржийн нэрэмжит сангийн шагналын эхний хэдэд ч билээ шалгарсан дуулдсан нь бүр ч анхаарал татлаа.

“Ардчилал”сонин 1990 онд ардчилсан хувьсгалын дууч болж анх мэндэлж байсан, одоо ч МоАХ-ны дэргэд үйл ажиллагаа явуулдаг учраас сэтгүүлчид нь ардчиллын тухай хавь илүү мэдлэгтэйгээс гадна партизануудаас таних хүн олонтой. Тэгээд ч яг ардчилалтай хамт төрсөн охины өнцгөөс түүний тухай сэтгэгдлүүдийг бэлтгүүлэхээр шийдсэн тухай өмнө би цухас дурдсан билээ.
   
Ингээд дараагийн бүлгийг түүнд өгөхөөр шийдээд  байтал УИХ-ын сонгуульд  АН-аас нэр дэвшигчдийг зарлах хурал болж,  Дорлигжавын нэр дуулдсангүй.
   
Би гайхаад утасдлаа.
-Дорлигоо энэ чинь одоо юу болж байгаа юм бэ? Чи чинь нэр дэвшинэ гээд байгаагүй билүү? гэхэд цай оочих зуураа юу ч болоогүй хүн шиг өнгөөр
-Харин миний нэр гарсангүй…гэж билээ.

Тэгэхэд би үнэхээр гайхсан. Ардчилсан намын нөлөө бүхий лидер, анх таван намыг нэгтгэсэн дарга нь, одоо бол  Хууль зүйн сайд нь байж ингээд тойрог ч үгүй хоцрох гэж… анхнаасаа товлосон тойроггүй… тойрог маллах гэдгийг хийдэггүй… гэх мэтээр өөрөө УИХ-д дэвших гээд тойроггүй хоцорчихсон юм шиг санагдаж байхад өнөөх маань цай оочилон суусан нь мэл гайхахад хүргэсэн билээ.
   
Ингээд үйл явдлууд ар араасаа гэрлийн хурдаар үргэлжилж, сонгуулийн өдөр болж дүн гарлаа.
   
2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт, 65 суудлыг авсан бөгөөд дуучин Жавхлан бие даан ялж, гишүүн болсон бол Ардчилсан нам ердөө 9 суудал авч илт ялагдлаа.

Сонгуулийн дараа хотын экс дарга Ардчиллын алтан хараацай Монгол Улсын баатар Э.Бат-Үүл “Сонгуулийн үр дүн Нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа. Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү бүхнийг харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг баталлаа” гээд МАН-ынхан НИТХ-д үнэмлэхгүй ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрч, “МАН-аас бор халзан хонь ч дэвшүүлсэн сонгогдохоор ийм л сонгууль болсон” гэсэн мэдэгдэл хийв.


ДОРЛИГООГИЙН ЭЛС

Дорлигжав нэг удаа аавынхаа тухай “Аав маань бөх хүн байсан юм. Морь уяна, бөх барилдана “Ганган Дамбий” гэж нутаг хошуундаа нэртэй хүн байсан  даа. Гэр орны ажлыг манай ээж л хийдэг байсан. Нэгдлийн хонь, энэ тэр ар талын ажлыг огт анхаардаггүй тийм хүн байв. Аав маань сумынхаа наадамд морио хөтөлж очоод морьтой, бөхтэй нь наадмыг авчихдаг хүн байсан юм. Их хурц, аатай. Тэгээд би багаасаа бөхөд хорхойтой болсон доо.  Чөлөөтөөр, жүдогоор бас барилдаж явсан. Зөвлөлтөд сурч байхдаа л даа. Самбо, жүдогоор барилдаж, тэндээ байр эзэлж, сүүлд нь Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга болсон Дашжамц гуай Элчингийн нэгдүгээр орлогч байсан. Тэр хүнээс ч диплом энэ тэр авч л явлаа...” хэмээн дурсаж байсан юм.
    
Дорлигийн аав нь иртэй бөх байсан учраас бөхийн хүндэтгэл ааваас нь уламжлагдсан гэхэд болно. Тиймдээ ч тэрээр нутгийн бөхчүүдээ дэмжихээр “Увс нуур” бөхийн галыг байгуулалцан одоо ч тэргүүнээр нь ажилладаг.
   
Дорлиг өөрөө энэ талаар “Нэг хэсэг 1999 онд монгол бөх явахаа байлаа, найраа хавтгайрлаа гээд Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд асуудал босгож тавилаа шүү дээ.
    
Тэхэд би анхлан “Увс нуур бөхийн гал” гэж клуб бий болгоод нутгийнхаа бөхчүүдийг дэмжсэн юм. Яг тэр цагаас л аймаг бүр энд тэнд манай “Увс нуур” бөхийн галыг дуурайгаад галтай болж, түүнээс эхлээд эрүүл өрсөлдөөн бий болж бэлтгэл сайжирч эхэлсэн. Нутгийн зөвлөлүүд ч бий  болсон.
   
Хүмүүс сайн мэддэггүй байх, магадгүй бөхчүүд ч өөрсдөө зарим нь мэдэхгүй байж магад.
   
Тэгээд бид өөрсдөө үлгэрлээд бөхийн галаа мөнгө хөрөнгө босгоод,тэгээд түрүүлсэн бөхчүүдээ үнэтэй жийп машин өгдөг, байр сав авч өгдөг чинь манай тэр “Увс нуурын бөхийн гал”-аас эхлэлтэй юм байгаа юм.
Бэлтгэл тогтмолжсон, барилдаан тэмцээнүүд нэмэгдсэн, өнөөх хэл ам ч намжиж, ер нь монгол бөхийн хөгжилд тустай буянтай ажил эхлүүлсэн гэж одоо болтол дотроо баярлаж явдаг юм.
   
2007 онд намайг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга байхад Мөнхбат аймгийн заан байсан, энэ Бат-Орших аймгийн арслан, улсын начин хожим болсон Батсуурь гэх залуус орж ирээд,
-За Дорлигжав ах минь Увсаас ядаж жилд нэг улсын цолтон төрдөг байсан тэр өнгөрлөө. Үзүүр түрүүнд ч үлдэхээ байлаа. Улсууд ярихдаа, Увсаас баахан дуучин төрлөө, дуучин гараад эхлэхээр бөх явахаа байдаг юм гэж ярьж байна. Бид хэдэд бэлтгэл хийх газар ч олдохоо байлаа. Хүн хүнээс л гуйж нэг заалны буланд жоохон ноцолдоод хөөгддөг. Гараад хоол унд ч байхгүй тэр ахынд очих уу, энэ гуайнд очих уу гэж л айлын хоол буудаж явна...Дорлигоо ах нэг юм бодооч гэлээ.
   
Урд жил нь би Гантогтох, Дамдинхүү хоёрыг дэмжсэн юм. Тэр хоёрт байр сав олж өгөөд бас нэг арга бодож олсноо туршсан хэрэг л дээ. Тэр арга нь юу вэ гэхээр шуудайд янз бүрийн килограммаар элс хийгээд тэрүүгээрээ дасгал хийлгэсэн. 70 кг, 80 кг за тэгээд 100 кг бүр 200 кг гэх мэтээр өөр өөр жинтэй элс хийгээд багаас нь эхэлж, дасгал хийх арга л даа. Шуудайтай элс чинь их дүлий, барьц олдохгүй . Яахав гантель, штанг энэ тэр бол барьцтай шүү дээ. Эхлээд бага жинтэйгээс нь өргөөд хоёр тийш нь шидэх эргүүлэх зэргээр яваа, дасахаараа жингээ нэмээд бай гэж зөвлөсөн. Яагаад ийм арга бодож олсон гэхээр би чинь бүр анх ажилд орохдоо л грушиг /ачаа ачигч/ байсан юм л даа. Барьцгүй юм өргөхөд бяр шаардлагатай болдог. Аргалаад эвийг нь олох тун хэцүү. Бас би чинь боодолтой өвс өчнөөн хурааж явлаа. Эхлээд гарны арьс хорсоод цэврүүтээ, цаашдаа эвэршээд ирдэг. Элс бас адилхан. Тэгээд Гантогтох, Дамдинхүү  хоёрт зөвлөгөө өгөөд  зургаан сар элстэй ноцолдоод, нүдэн дээр бяр ороод жавхайгаад ирсэн юм. Гантогтох зодог шуудгандаа багтахаа байгаад Дамдинхүүгийн салтаан доогуур нь хүн орчихоор байсан бол гуяы булчин нь бүр чангараад шал өөр болоод ирсэн юм. Тэгээд тэр жилээ наадамд шөвгийн дөрөвт үлдээд Сумъяабазартай таарах үед цаадах нь элэг бүснээс бариад татахад тас үсэрч байлаа шүү дээ. Тэгээд даваад Сүхбаттай үлддэг чинь өнөөх элсний тус юм. Тэр бэлтгэлийг залуучууд маань сонсчихоод ирж байж л дээ.

Тэхээр нь манай “Билэг” сургуулийн доод талд аэробик энэ тэр хийгээд байдаг нэг заал бий.Тэнд цагийг нь зөрүүлээд бэлтгэлээ хий дээ гэсэн дээ.

Увсын хэдэн залуу гээд арваад бөхчүүд хүрээд ирлээ дээ. Ганбат арслан, Гантогтох гарьд,  Мөнхбат, Бат-Орших, Батсуурь, Бямбажав харцага ...гээд залуус маань өвөлжингөө тэнд бэлтгэлээ хамт хийж эхэлсэн юм.
   
Тэр жилээ Бат-Орших Мөнхбат хоёр улсын цолонд хүрсэн. Хойтон жил нь Ганбат түрүүлээд дараа нь Бүрэнтөгс ...ингээд л явсан даа. Сүүлдээ бүр Билэг сургуулийн зааланд ч багтахаа болиод, дараа нь Балжинням аварга толгойлоод бэлтгэлээ хийсэн юм. Балжинням аварга тамирчнаас салдаггүй маш сайн дасгалжуулагч шүү дээ. Нэг жижиг ташуур бэлдэж аваад л ороолгоод л дагачихна шүү дээ. Өдөр шөнөгүй дагана. Гайхалтай хүн. Суран ташуураар ороолгоод л байх нь тэр. Өнөөдүүл нь ч аваргын өөдөөс юм хэлэхгүй…
   
Миний тэр элсээр бэлтгэл хийлгэх арга барил тамирчдын дунд их тарчихсан юм билээ. Жигд биеийн бүх хэсэгт бяр оруулдаг арга даа. Зөвхөн ноцолдоод байх биш хол шидүүлнэ, багаас нь эхлээд л жин нэмээд яваад байдаг юм.
   
Бүрэнтөгс тэгэхэд” Гачуурт” компанийн бөх. Бэлтгэл хийж байгаа газар хүн нь цөөдөөд байна. Танай Уувсын гал дээр бэлтгэл хийе гэхээр нь тэг тэг гэлээ. Тэгээд манайхантай бэлтгэл хийж байтал нэг өдөр “Гацуурт” компаниас бичиг ирлээ. Задлаад унштал “Та манай компанийн гэрээт тамирчныг авсан тул 100 хэдэн саяыг ч гэл үү төл” гэнэ. Тэгээд шүүхдээд шүүх эрхбиш танай тамирчинд тусалсан л байна шүү дээ гэсэн хариу гарч нэг юм салсан юм шүү. Үндэсний бөх нэг иймэрхүү.
   
Дараа нь би Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болоод аймгийнхаа бүх сум, арван жилийг жүдо бөхийн дэвжээтэй болгосон. Одоо хараарай даа, хэд хэдэн татами дүүрэн залуус жагсаад зогсч байна. Жүдогийн татамиг авахдаа үйлдвэрлэгчид хорийг захиалбал их хямд тусдаг. Би урдаас хамгийн сайн улсын үйлдвэртэй яриад, нутгийн зөвлөлтэй тохирч “арван сая юм байна” гэсэн бүгд мөнгөө бариад ирсэн. Тэгээд бөөнөөр нь татами, кимоно аваад “та нар өөр өөрсдөө дэвжээгээ нээ” гээд орхисон. Одоо хар даа, нутаг нуга тэр аяараа дэвжээтэй болсон.
  
Болвол арван жилийн сургуулиа хамруулахаар бодож байна. Япон үндэсний бөхийг дэлгэрүүлж байгаа болохоор тэдэнтэй ч хамтарч болох юм билээ. Тэгээд нээлтүүд хийсэн дараа нь олон ч тэмцээн боллоо. Саяхан аймагтаа очиход аймгийн аваргад 700 гаруй хүүхэд барилдаж байна. 1970 аад онд бүр улсын аваргад ч 700 бөх байсангүй шүү дээ.
   
Өнөөдөр ганц аймагт ийм олон жүдочинтой болчихно гэдэг үсрэнгүй амжилт биз... Юм нэг хүчээ авахаар ийм болдог юм байна. Харин тэр шуудайтай элсийг “Дорлигжавын элс” гэдэг юм билээ...гээд тэрээр инээж суулаа.
   
Өнгөрсөн наадмын бэлтгэлд бөхчүүдийг гарахаас өмнө “Увс нуур” бөхийн галыг зорьж очив. Нарны гүүрийн зүүн талд бэлтгэлийн зааландаа байнгын бэлтгэлтэй байх. Тэд зөвхөн наадамд зориулж бэлтгэл хийдэггүй гэдэг нь илт. Энэ үеэр Монгол Улсын аварга С.Мөнхбаттай ярилцсан юм. Нарны гүүрний зүүн талд байрлах спорт зааланд Увс аймгаас төрөн гарсан улсын том цолтой бөхчүүдээс эхлээд цолгүй бөхчүүд бүгд бэлтгэлээ хангадаг аж. Бэлтгэл дуусахтай нь зэрэгцээд давхиад очвол “Сайн хүн санаагаараа гэж” Мөнхбат аваргатай халз таарлаа. Тэрээр “Миний машинд сууж байгаад ярилцая” гэсээр уриалгахан угтав. Бөхчүүдийг бүдүүн хадуун л гэдэг. Мөнхбат аварга харин сайн ярьдаг юм байна лээ. Уг нь би Батсуурь арслан, өнөө жилийн наадмаар урамтай барилдаж, улсын начин цолоо ахиулж улсын харцага болсон Баасанхүүтэй энэ дашрамд уулзсан ч, тэд үг цөөтэй учраас ойр зуур хөөрөлдөөд л өнгөрчихснөө энд хэлэх нь зүйтэй болов уу.
   
Мөнхбат аварга “Манай “Увс нуур” бол бусад бөхийн галаас анхдагч нь. 1997 оноос анх гал болсон. 2005-2007 онд үйл ажиллагаа нь доголдож эхлэх үед би аймгийн заан цолтой байсан юм. Энэ цаг үед амжилттай яваа залуучууд маань ч гэсэн тухайн үед л бүхнийг эхлүүлж байсан ч бөхөө хөөх үү, амьдралаа бодох уу гэсэн сонголтын өмнө ирсэн л дээ. Бүгд гэр бүлтэй болох насандаа ирсэн байсан. Бөхөө орхихгүй явах гэхээр амьдралын баталгаагүй болчих гээд. Амьдралаа хөөх гэхээр бөхдөө дуртай байдаг. Ийм л байдалтай тулгарсан үе л дээ. Бэлтгэл сургуулилалт ч хийх газаргүй болчихсон. Тэр үед Дорлигжав гуай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Би түүн дээр өөрийн үеийн бөхчүүдээ дагуулж орлоо. Батсуурь арслан, Бат-Орших харцага, Болд гээд. Бид хэд ороод тусалж дэмжээч гэсэн. Тэр үеэс л Дорлигжав дарга манай галыг өөр дээрээ авч, үйл ажиллагааг нь жигдрүүлж, бэлтгэл сургууль хийх шинэ хөтөлбөр зохиож, шинэ менежментээр ажиллаж эхэлсэн юм. Бүр өөрөө бэлтгэлийн зааланд ирж бидэнтэй ажилладаг. Өнөөдрийн “Увс нуур” галын дэвжээний амжилт түүний хөдөлмөр зүтгэлээс эхлэлтэй.
   
Дорлигжав гуай өөрөө бөхөд сэтгэлтэй, мэдрэмжтэй. Гантогтох гарьдыг уутанд хийсэн элсээр бэлтгэл хийлгэдэг байсан юм билээ. Түүний ачаар Гантогтох гарьд улсын наадамд хоёр ч удаа үзүүрлэсэн болов уу. Дорлигжав дарга Батсуурь арслан, Бат-Орших харцага бид гуравт энэ бэлтгэлийг Гантогтох гарьдаар заалгаж, өөрөө зөвлөгөө өгөөд хийлгэнэ. Миний хувьд ч элсний бэлтгэл хийснээр аварга цолонд хүрсэн гэж хэлж болно. Яах аргагүй амжилтанд минь нөлөөлсөн чухал бэлтгэлийг Дорлигжав дарга санаачилж хийлгэдэг байсан.
   
Дорлигжав гуай хэдийгээр том улстөрч ч гэлээ бидэн дунд яг л бөхийн хүн шиг байдаг. Хааяа явж байгаад өрөө рүү нь орохоор пиджактайгаа босч ирээд л ийм мэх хиймээр байна гээд хийж үзээд, зааланд ирж давтуулдаг. Ажлынхаа цаг заваар ирж, бидэнд өгсөн зөвлөгөө нь үнэхээр үнэтэй. Хүн бүрийг дуудаад л чи ингэ, чи тэгвэл яах уу гээд л зөвлөдөг. Манай хүний хоёр гар их чанга. Залуу бөхчүүд ч халширдаг. Гар өвдлөө гээд. Дорлигжав дарга зөвхөн Увсын бөхчүүд төдийгүй монгол бөхийн хөгжил, бөхчүүдийн амжиргаа, амьдралын баталгааг баталгаажуулж өгсөн юм шүү. Бусад аймгийн галууд биднийг дуурайж байгуулагдаж бөхчүүдээ дэмждэг боллоо шүү дээ.
   
Дорлигжав дарга хүмүүсийг нэгтгэж, үйл ажиллагаа зохион байгуулахдаа онцгой чадвартай. Увсаас бизнесийн салбарт амжилттай яваа хүмүүсийг нэгтгэж “Увс нуур” галын дэвжээнд дэмжлэг авч чаддаг. Ингэснээрээ улсын цолонд хүрсэн бөхчүүдийг урамшуулдаг. Амжилтаа ахиулах урам зориг, амьдралын баталгааг бий болгож байгаа юм. Нөгөө талаар өөр бөхийн галынхан “Увс нуур”-ынхан ингэлээ гээд өөрийн бөхөө урамшуулна. Энэ жишгийг Дорлигжав дарга л гаргаж ирсэн. Өмнө нь улсын начин болчихсон мөртлөө одоо ч түрээсийн байр хэсч амьдраад яваа бөх байдаг.
   
Монголын бөхчүүд “Увс нуур” бөхийн гал болон бусад гэсэн хуваагдалд хүрэхээ шахаж байна. Увсын бөх л түрүүлэхгүй бол боллоо гэсэн маш том өрсөлдөөнийг бий болгож байгаа юм. Энэ өрсөлдөөн чинь бөхийн хөгжлийг түргэсгэж байна.
   
Дорлигжав дарга их наргианч. Манай гал 70-аад бөхтэй. Бөх болгонтой л тоглож байдаг. Саяхан бөхчүүд санаачлаад Дорлигжав даргад бэлэг барьсан. Түрүүлсэн бөхчүүд малгайныхаа залааны гадна талдаа, үзүүрлэсэн бөхчүүд залааныхаа дотор талд шар зураас нэмдэг. Дорлигоо даргыг гал авснаас хойш түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийнхээ тоогоор чимэглэсэн малгайг бэлэг болгож өгсөн. Тэгэхээр чинь маш том дархан аваргын дайтай малгайтай болгосон байгаа биз дээ. Дөрвөн түрүү, арав гаруй шөвөгтэй.
   
Дорлигоо дарга хийсэн бүх ажилдаа сэтгэл гаргадаг. Үндэсний бөхөөс гадна Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч. Энэ ажлынхаа хүрээнд Увс аймгийн 18 сумыг дэвжээтэй, хүүхдүүдийг нь өмсгөлтэй болгосон. Хөдөөгийн хүүхдүүд хотын хүүхдүүдийг бодвол спортоор хичээллэж, өсөж дэвших нь хомс. Тиймээс түүний хийсэн энэ хөрөнгө оруулалт маш чухал. Ирээдүйн тив, дэлхий, олимпын алдартнууд төрөн гарах боломжийг бүрдүүлж байдагт баярлаж явдаг. Одоо хотод жүдо бөхийн Увс нуур дэвжээ ажиллаад гурван жил болж байна. Манай хүүхдүүд богино хугацаанд Улсын аваргын тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан. Шигшээгийнхэнтэй ана мана үздэг. До дарга бидэнд тусалснаар богино хугацаанд амжилт гаргаж байна” гэсээр бидний яриа өндөрлөв.
   
Ай даа, зуны аагим халуун удахгүй дуусна гэж бодохоор л... Наадмын дараа намар аа гэж. Тунчиг удахгүй наадам болох нь дээ гэсээр гэрийн зүг чиглэсэн юм.






"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив