Монголын хагарал, өнөө цагт
2017 оны 4 сарын 24 [Уншсан тоо: 71575]
 
Монголын түүхийн ихээхэн хэсэг  хагарал, өс хонзон, эвдрэлийн  түүх  байдаг. Чингис, Хасар, Жамух…гэх мэт өнгөрсөн арвин түүхийг эс  өгүүлээд өнөөдрийн байдлыг харахад хагарал, талцал бараг дээд цэгтээ хүрчээ.

Хагарч талцаагүй албан байгууллага (буюу олон хүн нэг доор цугласан газар)  алга боллоо. Улс төрийн намууд МАН-АН гэж хэзээ ч эвсэн нэгдэхгүй бараг дайсан мэт хоёр хэсэг болон  хуваагдсанаас гадна нам бүр дотроо бас фракц болон хагарсан.

Бидний үндэсний ганц бахархал болсон бөхчүүд  дотроо эртнээс хагаралтай.

Хэдийгээр манай иргэдийн наян гаруй хувь нь Буддын шашинтай орон хэмээвч шүгдэн, улаан, шар гэж хагарах бөгөөд  шар дотроо гэлэгбэ, дармава, сажаба  гэх мэтээр  бүр ч илүү хагарсан .

Бизнесийн хүрээ ч ялгаагүй тус тусын намаа дагаж хэд хэдэн хэсэгт хуваагдаж талцсан буюу эсвэл хоёр намд аль алинд нь авилга өгч ажлаа явуулдаг  дүр зураг харагдана.

Иргэд ч ялгаагүй  “би” гэх аминч үзэлтэй, бусдыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс  хавтгайрснаас болоод нүүр номоос өдөр бүр хагарал хэрүүлийг харж суух ажээ.

Хагарал бүрийн ард мөнгө, ашиг сонирхол нуугдаж байдаг!

Энэ хагарал хэнд тустай байх билээ гээд бодохоор гадна талаас ч ийм хагарлыг өөгшүүлж, зориудаар ч хагалан бутаргаад байгаа мэт санагдана…
 
ШАШНЫ ХАГАРАЛ

 
1990 оноос эхлэн бид шашин шүтэх эрхтэй боллоо хэмээн баярлаж байсан ч өнөөдрийн өндрөөс харахад дотроо хэд хэд салж хагарсан бас л мөнгө олохын тулд чөтгөртэй ч нөхөрлөхөд бэлэн хувь хувьдаа сүм дугантай хэд хэдэн бүлэг  болчихжээ. Магадгүй манай хувийн сүм хийдийн тоо эмнэлгээс ч олон байх вий.

Саяхан үндэсний телевизээр Заваа Дамдин хэмээгч Б.Осгонбаяр гэх шүгдэнгийн толгой лам мөнөөх хагарлыг бас дэвэргээд орхилоо.
Тэрээр өгүүлэхдээ ; …Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамцыг хэн тэргүүн гээд томилсон юм. Би болон миний өвгөн багш нар томилоогүй. Ер нь Далай ламыг ч гэсэн хэн тэргүүн гээд томилсон юм. Ганцхан Монголчуудын тархийг л угаадаг болохоор шүтээд байна…хэмээн шууд хагалан бутаргах үг хэлснээс гадна 

….Миний өмсөж байгаа хувцасыг та нарын яриад байгаа тэрбумтангууд чинь авч дийлэхгүй. Би тийм л баян хүн. Миний сууж байгаа сэнтий нөгөө баячуудын унаж яваа унаанаас чинь хэд дахин үнэтэй тэхээр би баян л байгаа биз дээ...гэж баярхаад зогссонгүй тэгж их атаархаад дургүй чинь хүрээд  байгаа бол хүрч ирээд нударгаараа үзчихээч хэмээн омогдов.

Шүгдэн гэх 14 р Далай ламын шүтэхийг хориглосон шарын урсгалыг анх манайд ирж суурьшаад тараасан хүн бол Гүр диваа ренбүчи хэмээх өвөр монгол лам байсан агаад энэ хүн түүний гарын шавь гэдэг. Гүр диваа ренбучи анх Далай ламтай хамт байсан бөгөөд тэрээр хүмүүсийн бичсэн номыг ивээн тэтгэдэг байжээ. Харин  эхэндээ уншиж танилцаад хандив өгдөг байсан ч хожмоо нэг их анхааралгүй нэгэн номыг ивээн тэтгэсэн нь Далай ламын эсрэг ном байсан болоод анхлан тэдний хооронд сэв сууж сүүлдээ тэрээр Өвөр Монголдоо хэсэг байгаад манай Монголд ирж суурьшин эртнээс Шүгдэнгийн төв байсан Амар-баясгалант хийдийг өөрийн хөрөнгөөр сайхан тохижуулан засаж олон мянган шавь дагагчтай болсон хүн. Шүгдэн шүтсэн хүн баяждаг гэж ганцхан манайд л итгэцгээдэг учир Гонгорын бумба тахих гэх мэтээр манай орны баян чинээлэг анги бүгд шүгийнхэн болоод бас л удсан түүхтэй юм. Осгонбаяр ламын ярианы дараа Чикагод оршин суудаг нэгэн эр нийгмийн сүлжээгээр эд нар Хятадын санхүүжилттэй энэ шашны гаж урсгалыг тарааж байна хэмээн мэдэгдэл хийж  нийгмийн сүлжээгээр хагарлын гал асаж эхлээд байна.

Заваа Дамдин хэмээгч өөрөө ч “Намайг баячуудын лам гээд оноогоод хэлчихсэн байна. Баян лам гэвэл би та нарын ухаж ойлгож байгаагаас илүү баянаас баян лам.” хэмээн айлдав. 

Ер нь манайд байгаа нь Төвдийн буддизм нь дотроо Шүгдэн шүтдэг, шүтдэггүй гэж хоёр хагараад, шүгдэн шүтдэггүй нь дотроо  Энэтхэгт буй Далай ламыг шүтдэг, Хятадад буй  Банчин богдыг дагадаг гэдгээрээ хуваагдана. Саяхан Далай лам бөөн хэрүүл шуугиантайгаар айлчлах үед энэ хагарал ил гарч Банчин богдоос мөнгө санхүүгийн тусламж авдаг гэдэг нь илт болсон хэсэг лам нар хэвлэлийн хурал хийж түүний айлчлалыг эсэргүүцэж байсныг бид бүгд харсан. Энэ хэний  санхүүжилттэй, хаанаас хийгдэж байгаа нь төвөггүй ойлгогдоно. Далай ламыг ганц үздэггүй орон бол өмнөд хөрш биз дээ? Далай ламыг дагагсад ч  нь дотроо Энэтхэгт сурсан, сураагүй гэж бас хоёр хуваагдах ажээ.

Энэ бүгд цаанаа доллар хэмээх  том толгойтой хүний зураг бүхий ногоон мөнгийг лам харгүй шүтдэг болсон гэдгийг илтгэнэ.Үүний нэг тод жишээ бол саяхан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргил Хятадаас дөрвөн тэрбум доллар зээлэхийн тулд амьд бурхнаа нутагтаа оруулахгүй гэх амлалтыг Хятадын засгийн газарт өгсөн явдал байлаа.

Далай лам бол ардчилал ялсан цагаас бидний хувьд “амьд бурхан” болсон хүн бөгөөд одоо харин тэр бурхнаа  мөнгөөр шууд арилжих санал Хятадын засгийн газарт тавьж байгаа нь бидний үнэт зүйлс зөвхөн доллар болсныг гэрчлэх бусуу?
Үүнийг тэрлэгч миний бие Бурхан багшийн бясалгалд 10 жил хиртэй шамдсан  нэгэн бөгөөд Мьянмар зэрэг оронд бадар аяганаас өөр өмчгүй 280 сахил сахидаг гэлэн лам нартай уулзаж ч явлаа. Энэхүү  випасяна буюу илтэд онохуйн бясалгалын багш С.Н.Гоенка энхийн чуулган дээр олон улсын төрөл бүрийн шашны тэргүүлэгчдийн өмнө  НҮБ-ын индрээс айлдахдаа;

“Хэрэв хүн төрөлхтнийг нэгтгэж байвал тэр шашин мөн, хэрвээ тэр шашин хүн төрөлхтнийг хувааж байвал тэр шашин бишээ. Шашин бол хүн төрөлхтнийг хуваах биш, нэгтгэх ёстой юм аа” хэмээн айлдсан байдаг.

Монголын задрал бутралыг давж нэгэн цул  болгосон зүйл бол Бурхны шашин буюу оюун санаа, сүжиг бишрэл байсан бөгөөд Богд хаан түвд гаралтай, алтан ургийн хүн биш ч алтан ургийнхан өөрсдөө түүнийг хаан болгон өргөмжилсөн нь зөвхөн эв нэгдлийг бодож хийсэн ухаалаг алхам байсан гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.

БӨХЧҮҮДИЙН ХАГАРАЛ
 
Нэрт түүхч Х.Пэрлээ агсан монгол бөхийн гарал үүсэл, бөх гэдэг нэр томьёоны талаар мөшгөн үзэж дорнод Азийн монгол Хамниган аймгийнхан эзнээ Мофо, Мохэ гэдэг байсан бөгөөд тэр үг алсдаа “М” нь “Б” болж бөх гэдэг үг үүссэн гэж үзсэн  байдаг. Тавдугаар зууны үед Кидан аймгийн тэргүүнийг Мофо-гэ, 6-р зууны үед мөн Кидан аймагт Мох-фо, монгол аймагт мофо гэж тус тус нэрлэдэг байв. XI-XIII зууны үед бөх хэмээх болсон гэж нотолсныг  харахад бөх гэдэг бол эзнээ хүндлэн нэрлэдэг нэршлээс үүссэн ажээ.

Мөн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хөнжлийн ууланд Монгол бөхийн барилдаанаар наадам хийж байсан хадны зураг олдсон байна. Энэ зураг хүрлийн үеийн дурсгалд холбогдож байгаагаас үзэхэд 7,000- 11,000 жилийн өмнөх үед хамаарах ба хамгийн багаар бодоход 7,000 жилийн өмнө монгол бөх байсан гэсэн үг юм.

Бөх хүн гэдэг жудаг, ёс тэгширсэн хүнийг хэлдэг гэж бид эрт дээрээс ойлгож бөх хүнээ бурханчлан шүтдэг уламжлалтай тийм үндэстэн, тийм ард түмэн билээ. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров наадмыг жилдээ ганц удаа хийдэг үндэсний “вакцин” гэж хэлснийг хүн бүр дуулсан биз ээ.

Харин одоо бол интернет нээгээд л бөхийн тухай хайхад “Наадмаас наадамд гээгдсэн Монгол бөхийн жудаг” гэсэн гарчиг үзэгдэж ар араасаа жагссан начны найраа, нутаг нугын үзэл дагасан элдэв хов дүүрэн байхыг олж үзэж болно. Бөхчүүдийг нутгаар нь овоглож дууддаг учраас нутгархаг үзлээс энэ хагарал эхэлж үүссэн байдаг.

Баруун аймгийн төлөөлөл Х.Баянмөнх аварга, төв халхын төлөөлөл Ж.Мөнхбат аварга хоорондоо тулдаг  байсаар маш олон жил болсон бөгөөд сүүлдээ начны найраа… гэх зүйл гарч ирж 1998 оноос хойн Үндэсний бөхийн холбоог тэргүүлсээр буй Р.Нямдорж түүнийг эсэргүүцсэн олон бөхчүүдээс эхлэн өнөөх хагарал бүр ч даамжирсан байдаг.

Хэнтий аймгийн харьяат Б.Бат-Эрдэнэ аварга Х.Баянмөнх аваргын хүргэн А.Сүхбаттай түнжин хагарч тэр нь бүр даамжирсаар өнөөг хүрсэн бөгөөд энэ олон муухай жишээг нуршин давтах хэрэггүй мэт.

Харин саяхан Монгол тулгатны 100 эрхэм Б.Бат-Эрдэнэ аваргын тухай нэвтрүүлэгт  А.Сүхбат аварга цагаан хадаг барьж золгон хагарсан эвээ бөхөлсөн явдал гарч мөн жүдогийн холбооны ерөнхийлөгч  Х.Баттулга, хуучин жүдогийн ерөнхийлөгч асан Б.Бат-эрдэнэ аваргатай Бурхан Халдуны өвөрт сэтгэлийн үгээ хэлэлцэн сууж бөхчүүдийн хагаралд цэг тавих гэсэн оролдлогыг хийж байгаа нь эв эеийг үзүүлсэн сайхан үйл явдал боллоо хэмээн мэргэн түмэн шимтэн үзэж сэтгэл онгойсон бөлгөө.  Бөх хүний жудаг зааж эвлэрэлд дуудсан энэ явдал бол нэвтрүүлгийг эртнээс ивээн тэтгэж, санаа оноо хэлж, нэвтрүүлгийн зургийн дарга хийдэг Х.Баттулгын санаа гэдгийг шууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

Бөхчүүд хоорондоо хагараад манай үндэсний бөх өөдлөхөө байсан бол Жүдо бөхийнхөн харин ч эвтэй найртай босоо удирдлагын хүчээр дэлхийн тавцанд амжилт гаргасаар байгаа нь хагарал зөрчилгүй эвтэй газар ямар их амжилт бий болдогыг бэлхэнээ харуулах ажгуу.

Монголын хагарлын үндэс нь  улс төрийн намууд хийгээд төрийн тогтолцооноос үүдэлтэй  тул энэ сэдвээр бичвэл нийтлэл маань дуусахгүй урт болох нигууртайг хүн бүр мэдэх тул дараа үргэлжлүүлэн бичихээр орхив…
 
Үргэлжлэл бий
2017 оны 4 сарын 22




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив