Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголын хагарал өнөө цагт
2017 оны 5 сарын 1 [Уншсан тоо: 64666]

(Үргэлжлэл)

 
 
Улсын их хуралд нэлээд олон удаа сонгогдож сайд ч хийж байсан нэгэн эрхэм ;
-Нэг асуудал хэлэлцэх болно, гэтэл ерөнхийлөгч нэг өөр байр суурьтай, их хурлын дарга бас өөр, ерөнхий сайд нь бас өөр бодолтой буюу  гурвуулаа өөр өөр бүлгийн ашиг сонирхлыг хамгаалж байдаг.
За тэгээд өнөөх маргаантай  асуудлаар ерөнхийлөгчтэй ярьж суухад ерөнхий сайд утсаар залгана. Мэдээж утсаа авахгүй. Гарч ирээд уучлаарай би ерөнхийлөгч дээр байгаад утсаа авч чадсангүй гэхээр чи тэр ерөнхийлөгчтэйгээ яв гээд утсаа тасална.
Тэгээд Их хурлын танхимд орж ирэхэд их хурлын дарга бас өөр юм яриад угтана….хэмээн аргаа барсан хүний шинжтэй ярьж байж билээ.



1992 онд батлагдсан  үндсэн хуулиар УИХурлыг төрийн дээд   байгууллага гэж заасан тул ард түмнээс шууд сонгогдсон  76 гишүүдийн дарга хуулиараа хамгийн том дарга боловч засгийн газраа сонгох удирдахаас цааш хэтрэхгүй дарга, Засгийн газрын тэргүүн  буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн  (голдуу ялсан намын дарга, эсвэл түүний хүн ) Ерөнхий сайдад санхүүгийн болоод төрийн эрхийн ихэнх хэсэг ногддог гол мөнгө барьдаг дарга, харин бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч хуулинд хориг тавих, гадаад бодлогод анхаарах  гэх мэт хязгаарлагдмал эрхтэй ч түүний гарт зэвсэгт хүчин, шүүх, прокурор, АТГ байдгаараа өнөөх хоёроосоо ч илүү нөлөөтэй хүчтэй дарга…  Ийм гурван дарга нар манай улс төрийн тэнгэрт зэрэг  асаж байдаг юм. Энэ гурван ханлигуудыг дагасан хэсгийн зөрчлөөс бие биенээ барьж идэх хагарал үүсдэг  гэдгийг ойлгож эхэлсэн болоод үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа ч яг ямар өөрчлөлт хийх гээд байгаа нь бас л бүрхэг хэвээр тул хагарлаа улс төрийн хүрээнд цухас яриад ер нь энэ хагаралыг үүсгэж байгаа тогтолцоо одоо манайд ямар байгаа болон  дэлхийд ямар засаглалын хэлбрүүд байгааг эхлээд харах нь зөв байх.

Хагалах “зэвсэг” хаа сайгүй
 
 
Талийгаач  С.Зориг 1998 оны 7 сард УИХ-ын гишүүн, АБГББХорооны дарга, засгийн газрын гишүүн дэд бүтэцийн сайд байх үедээ Монголын радиод өгсөн ярилцлага даа;
       
“Миний хамгийн их санаа зовж байгаа юм бол цаашдын манай улс орны хувь заяа. Тухайлбал хоёр нам болоод бие биенээ ойлгохоо больдог ийм зүйл хамгийн их аюултай.
 
…Урд урдаасаа хараад суучихдаг хүн шиг ярьж чадахаа болиод юм л бол хоёр өөр улсын дипломатууд шиг хэлэлцээ хийж суудаг бие биенээ ойлголцох чадвараа алдах юм. Энэ аюул хамгийн том аюул.

Энэ нь нийгмийг хоёр хэсэг болгоод, нэг нь нөгөөгөө эсэргүүцэж байдаг, байнга талцсан тийм хэлбэрт орчих вий гэдэг аюул байгаа юм. Тиймээс улс төрд шийдвэр гаргахдаа дараах 4 ашиг сонирхлыг дараалж авч үзэх хэрэгтэй.

Хүн бүхэн өөр өөрийн сул талтай байдаг. Хувь хүн амьдралаа дээшлүүлэхийг бодно. Нам бэхжихээ бодно. Тодорхой эдийн засгийн бүлэглэл ч юм уу, эсвэл компаниуд бэхжих, хөгжихөө бодно. Үүний хажуугаар улс үндэстний хамгийн дээд сонирхол гэж байна. Бүгдийг нь тооцох ёстой. Гэхдээ дарааллыг нь хэзээ ч алдагдуулж болохгүй. Улс үндэстнийхээ сонирхлыг хамгийн түрүүнд тавих ёстой. Түүний дараа манай нийгэмд ил болсон бүлгүүдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бүлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн төлөө байгууллага. Дөрөвт нь мэдээж хувь хүн амьдралаа дээшлүүлэх, сайхан амьдрах сонирхол төрнө. Тийм сонирхол бүх цаг үед байсан. Үнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар дарааллаа алдаж болохгүй …” гэж хэлж байсан бол эдүгээ нийгмийн бүлгүүдийн сонирхол, компанийн сонирхол, улс төрийн намын сонирхолтой ижил болж дээрх эрэмбийн нэгдүгээрт  гарч ирсэн харагддаг.  Ийм далд холбоотой эдийн засгийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалдаг олигархын засаглал тогтсон, үүнээс үүдэлтэй энэ олон өс хонзон, хагарал, тэмцэл үүссэн гэж би боддог. Энэ даамжирвал бие биенээ ил далд алж эхэлнэ…

Харамсалтай нь Зориг агсан үндсэн хуульд ийм хоорондоо эвтэйхэн ярьж ч чадахаа байсан гурван хүчтний зөрчил байгааг харж байсан ч байж магадгүй хэлсэн дээрх үгийг мартаад зогссонгүй,  одоо болтол  “Зоригийн хэрэг” хэмээх (Зориг өөрөө хэрэгтэн байсан мэт) дуусдаггүй  хэрэг явдал бараг 20 жил  түүний хамгийн ихээр санаа зовж байсан ард олныг хооронд нь хагалан бутаргадаг “зэвсэг” болон сонгуулиас сонгууль дамжин хагалсаар явааг сануулан хэлэх илүүц шахуу.

Яг одоо ч түүнийг хэн алсан, хэн захиалсан тухай маш бүрхэг ээдрээтэй үйл явдал бүр шүүхийн хүрээнд өрнөж дахиад нэг хагарлын үүдний түлхүүр мэт үргэлжилсээр л ...

Улс төрийн намууд мөн л яг түүний хэлсэн эрэмбийн эсрэг буюу өөрт ашигтай бүлгийн сонирхлыг нэгд тавиад тендер, концес булаалдах  тэмцэл бүр ил цагаан явсаар л...

Өнгөрсөн сонгуулиар МАН ын нөхөд 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг “pre-sale” буюу урьдчилан худалдах тухай ярилцаж байсан бичлэг ил болсон ч хэн ч тоохгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд байгаа нь цагдаа хүчний байгууллагууд, шүүх прокурор  ч мөн л ялсан намын буюу далд орших бизнесийн ашиг сонирхлын бүлэг эсвэл  шууд удирддаг хүний “зэвсэг” болсныг тод харуулна.

Энэ бичлэг яаж ч алдагдсан юм, хэн ч олоод тараасан юм одоо болтол бүрхэг. Гэхдээ энэ хуйвалдаан үнэн гэдэгт ард олон  огтхон ч эргэлзэхгүй байгаа бөгөөд одоо эд нар дэнчингийнхээ жаран тэрбумыг хэд нугалж авахаар л улайрч байгааг харж сууна.

Харсаар байтал улс төрд л очсон хүн баяждаг нь ямар ч тэнэг хүний нүднээ ил тул мөнгөтэй болъё амьжиргаагаа дээш татъя гэсэн хүн бүр шахуу улс төр хэмээх тоглоомд орж өөртэйгөө ижил хүсэлтэй бүлгэмд эрэмбээрээ хамаарч байж л хүслээ биелүүлдэг болоод бас уджээ.

“Төрийн минь сүлд өршөө…” гэж хүмүүжсэн бид хэдийн тэр итгэл үнэмшил мөн л Монгол улсын ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг 300 цагдаагаар бүслүүлэн УИХ-ын гишүүдийн нүдэн дээр лантуудаж  орж ирээд ухаан алдуулж оймсыг нь гозойлгон шоронд хийхийг телевизороор нийтээрээ харсан тэр шөнө нуран унасан билээ. Дараа нь тв-гээр нээлттэй явсан шүүх хурлаар ямар хэрэгт шийтгэчхийг ч ойлголгүй өнгөрсөн бөгөөд ар араасаа өлсгөлөн, сонгууль гэх мэтээр нийгмийг улам хагалан үргэлжилсээр одоо ч дуусаагүй байгаа биз дээ.

За ингээд бас нэг хагарал тууштай эхэлснээс гадна МАХН гэх нам Н.Энхбаярт үлдэж,  МАН гэх шинэ хөрөнгөтний нам салж гарч  хагарал албан ёсны болж нийтийг дахиад талцуулж эхэлсэн төдийгүй анх МАНаас ирсэн хэдэн гишүүн  буцаад МАН-руугаа орж байж УИХ даа сонгогдож билээ.

Долоон сарын нэгний үймээн, таван хүний амь нас, араас нь АН ын нөхөд ар араасаа хэрэгт холбогдож зарим нь шоронд зарим нь бас одоо ч ойлгомжгүй хэвээр  гээд ямар ч олон аймшигтай юм болж өнгөрөөв дээ.

Хагалах зэвсэг улам улам  олон болж ирэв. Л.Гансүхийн хямд нүүрс тараасан гэх хэргийг олон түмэн айдастайгаар үзэж зөв зүгээр ажлаа хийж явсан нэгэн нягтлан эмэгтэйг хэрхэн төрийн машинд зажлуулж байгааг  хараад энэ чинь бидэнд ч хамаатай юм байна гэж айж эхлэв. Энэ мэт олон хэрэг явдлаас болоод ард олон энэ бие биенийхээ махыг иддэг хүн л биш бол (бүлэг л биш бол) эвтэйхэн идэхээр 60 тэрбумаар албан тушаалаа үнэлээд байгаа хэсэгт  65 суудал өгч санаа нь амарсан ч  сахил хүртээд шал дордовын үлгэр болсон билээ.

Энэ мэт улс төрийн болон нам дамжсан олигархын засаглалын цаад тэмцэл, С.Баярын байрнууд, Оюу толгой,Таван толгой,  Эрдэнтийн 49 хувь… гэх мэтээр  бичвэл дуусахгүй урт яриа болж хүмүүс залхах тул энэ бүх хагарлаас гарах гарц гэж шинээр яригдаад байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай яриа  үүсгээд дэлхий нийтэд ямар улс төрийн тогтолцоо байгааг эхлээд харцгаая.

 
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР: АНГИЛАЛ, ШИНЖ ЧАНАР
 
Өнөөдөр дэлхийн улсууд засаглалын хувьд Бүгд найрамдах ба Хаант засагт гэсэн хоёр үндсэн хэлбэртэй байна.

Үүнээс Бүгд найрамдах улс нь дотроо ерөнхийлөгчийн, парламентын, холимог буюу хагас ерөнхийлөгчийн, социалист, шашинт бүгд найрамдах улс гэсэн хэлбэрүүдэд, хаант засаг нь үндсэн хуульт хаант засагтай, хоёрдмол шинж бүхий хаант засагтай, хэмжээгүй эрх хаант засагтай гэж хуваагдана.
        
Судалгаанд нийт 188 улс орнуудын засаглалын хэлбэрийг авч үзвэл
  • Ерөнхийлөгчийн засаглалтай 39 орон;
  • Холимог буюу хагас Ерөнхийлөгчийн засаглалтай 49 орон;
  • Парламентын засаглалтай 50 орон;
  • Социалист засаглалтай 5 орон;
  • Шашны (теократ) 3 Бүгд найрамдах улс 1;
  • Үндсэн хуульт хаант засагтай парламентын улс 29;
  • Хоёрдмол шинж бүхий(дуалист) 4 хаант засагтай 9 орон;
  • Хэмжээгүй эрхт хаант засагтай 5 орон;
  • Шашинт (теократ) засаглалтай 1 орон байна.
Эндээс харахад бүрэн буюу бурэн бус авторитар дэглэмтэй, хаант хийгээд ерөнхийлөгчийн засаглалтай орнуудын тоо 131 бол парламентийн засаглалтай орнууд 50 байгааг харж болно.
          
Тэхээр авторитар дэглэмтэй улс орон дэлхийн бүх улсуудын гуравны хоёр нь байдаг ажээ.
 
Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд

 
Ийм хэлбэрийн засаглалтай улсад Ерөнхийлөгч нь нэгэн зэрэг төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн байдаг. Ихэвчлэн ерөнхий сайдын албан тушаал байдаггүй. Ерөнхийлөгчийн засаглалын нэг онцлог нь Ерөнхийлөгчийг парламентын оролцоогүйгээр сонгож, засгийн газрыг мөн парламентын оролцоогүйгээр Ерөнхийлөгч бүрдүүлдэг. Засгийн газар зөвхөн Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээнэ. Ихэнхдээ Ерөнхийлөгч парламентыг тараах эрхгүй, парламент засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг илэрхийлэх эрхгүй, харин парламент импичментын процедураар Ерөнхийлөгчийг огцруулах эрхтэй байдаг. (Ангол, АНУ, Аргентин, Афганистан, Боливи, Бразил,…)  
 
Холимог буюу хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд
 
Ийм хэлбэрийн засаглалтай улсад ерөнхийлөгч, ерөнхий сайдтай ба ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалыг бодитоор хэрэгжүүлдэг. Гэхдээ засгийн газрын тэргүүний зарим чиг үүргийг ерөнхий сайд гүйцэтгэдэг. Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалын зэрэгцээ парламентын зүгээс гүйцэтгэх эрх мэдлийг хянах үр дүнтэй арга механизмтай (итгэл үзүүлэх эсэх г.м), Ерөнхийлөгч засгийн газрыг заавал парламентын оролцоотой бүрдүүлдэг онцлогтой.

Ийнхүү засгийн газар Ерөнхийлөгч, парламентын аль альных нь өмнө хариуцлага хүлээнэ.

(Франц, ОХУ,Португаль, Польш, Румын, Сан-Томи ба Принсипи, Сири, Сенегал, Тайвань, Тажикистан, Шри-Ланк, Индонез,)
 
Парламентийн засаглалтай улс орнууд
 
Төрийн эрх барих дээд байгууллага нь парламент бөгөөд засгийн газрыг парламент бүрдүүлж, огцруулна. Засгийн газар нь парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Төрийн тэргүүнийг парламентаас эсвэл тусгайлан байгуулсан парламентын коллегиас сонгоно. Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгодог ч улс орон бий (Австри, Болгар,Монгол). Парламентын засаглалтай улсын нэг онцлог нь засгийн газар нь парламентын итгэлийг хүлээсэн тохиолдолд л эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжтой.

(Герман, Грек,  Ирак, Ирланд, Израиль, Исланд, Итали,  Кыргызстан, Латви, Ливан, Ливи, Мальт, Македон, Молдав, Монгол,  Өмнөд Африк, Пакистан, Сан-Марино, Самоа, Сингапур, Серби, Словак, Словен, Сомали, Суринам, Тринадад Тобаго, Тунис, Турк, Непал, Фижи, Финланд, Хорват, Чех, Чрна Гора, Энэтхэг, Эстони)
 
Үндсэн хуульт хаант засагтай парламентын улсууд
 
Эдгээр улс орнуудад эзэн хааны эрх зүйн байдал нь хууль эрх зүйн хувьд болон бодит амьдралд хуулиар хязгаарлагдсан байдаг тул төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцох оролцоо бага, зөвхөн ёслол, уламжлалын чиг үүрэгтэй, бэлгэдлийн шинж чанартай байдаг онцлогтой. Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү парламент, гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Иймээс үндсэн хуульт хаант засагтай ихэнх улс орон парламентын ардчилалтай оронд тооцогддог.
           
(Австрали, Бельги,Канад, Дани, Гренада, Испани, Их Британи, Лесото, Люксембург, Малайз, Нидерланд, Норвеги, Тайланд Шинэ Зеланд, Швед, Япон, Ямайка,)
 
Хоёрдмол шинж бүхий хаант засагтай улсууд
 
Эдгээр улсуудад эзэн хаан нь гүйцэтгэх эрх мэдлийг бүрэн хэрэгжүүлж, зарим хууль тогтоох ба шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцоно. Төлөөлийн байгууллага нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлнэ, гэвч хаан хуульд бүрэн хориг тавих болон өөрийн үзэмжээр төлөөллийн байгууллагыг тараах эрхтэй.

(Йордани, Марокко).
 
Хэмжээгүй эрх хаант засагтай улсууд
 
Эдгээр улсуудад эзэн хааны эрх мэдлийг ямар нэг хууль эрх зүйн актаар хязгаарлаагүй, засгийн бүх эрх мэдэл хааны гарт байдаг.

(Бруней, Оман, Катар, Саудын Араб, Свазиланд,)
 
Социалист засаглалтай улсууд
 
Үндсэн хуулиндаа социалист нийгэм байгуулах зорилтыг хуульчилсан. Эдгээр улсууд хөгжлийн өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, БНХАУ нь Үндсэн хуулийнхаа удиртгал хэсэгт хятадын онцлогтой социализм байгуулах үндсэн зорилтыг тодорхойлжээ. Хятад, Куба, Хойд Солонгос, Вьетнам, Лаос
 
Шашны Бүгд найрамдах улс
 

Тус улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд Исламын Бүгд Найрамдах Иран улсын удирдлагыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд велаяте Имамын5 үнэмлэхүй удирдлагын дор хэрэгжүүлнэ, 113 дугаар зүйлд Удирдагчийн (Leadership) дараа Ерөнхийлөгч улс орны албан ёсны дээд удирдлага мөн хэмээн заажээ. Исламын Бүгд Найрамдах Иран улс бол шашны бүгд найрамдах улс юм.
 
Хэмжээгүй эрхт шашинт засаглалтай улс
 
Шашны тэргүүн нь Төрийн тэргүүн байдаг ба төрийн бүх эрх мэдэл бүхэлдээ түүний гарт байна. Энэ улс бол Ватикан юм.
 
Уг нь их товчхон. Манай дэлхийд ийм л засаглалын тогтолцоо байгаа бөгөөд одоо хүмүүсийн ихэнх нь нэгэнт хаант улс эргээд болж чадахгүй болохоор ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэж бодож байгаач мөн л нийтээрээ ерөнхийлөгчийн засаглал гэдэг нэг хүний дарангуйлал тогтчих вий, тэр нь өмнөд хөршийг аманд орчих вий  гэсэн айдас дийлэнхэд нь байгаагаас гадна 1992 оны үндсэн хуульд л гар хүрч болохгүй зүйл гэсэн бас олон хүн байгаа тул энэ талаар тод дуугарахгүй байх шиг.

2016 оны 12 сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал бодлыг сонсож, судалгаа хийж буй ажээ. Энэ боловсруулж буй төслөөр бол ерөнхий сайдад ерөнхийлөгчийн эрх мэдлийг өгөөд хүчтэй ерөнхий сайдтай болох тухайд яригдаж байгаа бололтой.

АН намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Дорлигжав ард түмнээс ерөнхийлөгчийг сонгоод ерөнхийлөгч нь засгийн газраа томилдог босоо загварыг ярьж эхлээд байгаа бөгөөд УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг маань намуудын эрх хэмжээг улам нэмэгдүүлж байна, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг. Бас давхар дээлтэй байхыг үндсэн хуулиар баталгаажуулах гэж байна.  Тэгэхээр асуудлын мөн чанарыг зөв тайлж байж, зөв уншиж байж шийдлийг хийх ёстой. Өнгөрсөн 27 жилийн төрийн доголдол юунд байна вэ гэдгийг төсөл боловсруулсан нөхдүүд олж хараагүй байна… хэмээн эсэргүүцэж байгаа билээ.
Энэ тухай Д.Бямбасүрэн гуайгаас асуухад тэрээр “ Ерөнхийдөө босоо тогтолцоо манайд шаардлагатай байгаа ч яг Францын маягаар бол нэг хүн дээр дааж давшгүй их ачаа овоолхоос гадна бүх “сум” ганц ерөнхийлөгчрүү чиглээд их удахгүй, хэврэг  болж мэднэ…Эхлээд энэ санал болгож байгаа тогтолцооныхоо тухай нийтээр сайн ойлголттой болох хэрэгтэй байгаа юм. Очирбат, Гунгаадорж бид хэд энэ тухай ярьсан ч тэр  нэвтрүүлгийг үндэсний телевиз хоёрдугаар сувгаараа гаргаад олон хүн үзэж чадаагүй бололтой байна билээ. Эхлээд ойлголтоо нэг болгох хэрэгтэй…Энэ яаруу хийх ажил угаасаа биш…”хэмээн хэлж байна билээ.

1992 оны үндсэн хуулийг гадныхан бэлтгэж өгсөн загвар дээр хийсэн бөгөөд тэнд нь зориуд ийм хоорондоо дайсагнасан гурвалжин үлдээж өгсөн байх магадлал өндөр хэмээн анхны үндсэн хууль батлалцаж явсан хүмүүс ч  ярих нь бий. Мөн зарим судлаачид үндсэн хуулийн энэ гуравтыг хэрхэн яаж зохицуулж байх механизм зориудаар суугаагүйгээс ийм бие биенээ барьж идсэн гурвалжин болчхоод байна гэх.

Юутай ч бид одоо нэг гар дор  эвлэрч, хагарсан хагарлаа зогсоогоод  эвтэй найртай хамтдаа нэг гэр бүл шиг  өндийн босож ирэхийг хүн бүр хүсэж байгаагийн учраа зарим хүний илтэд мэдэх засаглалын тогтолцооны талаар урт зүйл нуршив.

Ойлгох  цаг болсон баймаар.






"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив