Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Миний мэдэх “Женко” Баттулга
2017 оны 7 сарын 6 [Уншсан тоо: 24773]


АРАВДУГААР ХЭСЭГ

“Өр аривдвал үгүйрэхийн цондон, өс арвидвал үхэхийн цондон”
                                                                         Монгол ардын цэцэн үг




Дээрх уулзалтаас хэд хоногийн дараа 8 дугаар сарын 14-нд нэг гайхалтай явдал болов. Тохиолдол ч байж мэднэ.

Энэ өдөр бол “Монголын жүдочдын өдөр” бас монгол түмний “Эв нэгдлийн өдөр”, “Бахархлын баяр”-ын өдөр билээ.

Долоон жилийн өмнөх энэ өдрийг бид мартах учиргүй, мартах ч үгүй байх.

Яагаад гэвэл энэ үйл явдлаас 1 сар 13 хоногийн өмнө сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй олон хүн Хувьсгалт намын цагаан байшинг шатааж, улмаар тэр шөнөдөө таван хүнийг төрийн цагдаа буудаж алсан билээ.

1937 оноос хойш Монголын төр дал гаруй жилийн дараа өөрсдийн гараар иргэдээ буудсан анхны тохиолдол төдийгүй энэ хэрэгт хамааруулж яг яах учраа олоогүй нийгэмд хорсч, бухимдсан олон зуун залуусыг шоронд хоморголон хорьсон түүхтэй хар өдөр.

Энэ аймшигт явдлаас хойш төрд итгэх ард түмний итгэл бараг бүрэн үгүй болж, Монгол орныг айдас хүйдэс нөмөрсөн.

Чухам л энэ их айдас хүйдсийн сүүдрээр нөмрөг хийж байгаад тэр үеийн улс төрчид, “нам”-чид асар их газрын баялгийг гадныхантай хамтран яаж өөрсдийн болгох хуйвалдаанаа хийж эхэлсэнийг дараа дараагийн үйл явдлууд тов тодорхой харуулдаг.

Монгол улс хэдийгээр 1921-1989 оны хооронд социалист чиг баримжаатай орон байсан ч тухайн үедээ бол төрийн бүтэц институцийг энэ богино хугацаанд бий болгоод тусгаар тогтнолоо хамгаалсан тодорхой төрийн бүтэцтэй байсан болохоор л хорин нэгэн онтой харьцуулахад үсрэнгүй хөгжсөн орон болоод байсныг хэн ч үгүйсгэхгүй.

Улс төрийн товчоо үзэл суртлаа яаж явуулах вэ, хөдөөгөө яаж хөгжүүлэх вэ, батлан хамгаалах, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр, төмөр зам, усны судалгаа зэрэг судалгааг мэргэжлийн багаар хийлгээд таван жилийн тодорхой төлөвлөгөөтэй улс орон байлаа.

Ардчилсан хувьсгал гарч эрх чөлөөтэй болсон ард түмний төр бас ч үгүй эхний арван жилд хэдийгээр “тэжээгчээ алдаж” хямралд орсон ч хуучин энерциэрээ эх орноо бодсон, төрөө дээдэлсэн, төрийн бүтцээ сэргээх гэж оролдсон улс байснаа аажмаар энэ сэнтий мөнгөөр арилжиж болдог суудал болон хувирсан.

Ийм суурийг 2010 оноос эхлэн тавигсадын нэг нь Сү. Батболд байлаа. Ерөөсөө эд нарын бизнес бол татвараар бүрдсэн төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг ямар ч хамаагүй үнээр аваад түүнийг өөрсөддөө, өөрсдийн намдаа, намын бүлэглэлүүддээ ашигтайгаар зарцуулахын төлөөх тэмцэл болон хувирсан.
Ийм бүтэц тогтоод ирэхээр , хөгжлийн тухай төрийн институци бүрэн устаж, бүтээн байгуулалт гэгч ор тас мартагдаж, тэр тухай ярьсан хүмүүс гэнэн цайлганаараа дуудагдах болж, улмаар прагматик сэтгэлгээ гэгч бол зөвхөн авах тухай бодол болон хувирч сонгуулийн хугацааны дөрвөн жилээр үргэлжлэх луйврын тогтолцоо өнөөх хуучин төрийн институцийн оронд зүсээ хувиргаад, байраа баттай эзэлжээ.

“Төрд орж байж л баяжина” гэсэн бодол одоо бол дээр дооргүй...

Энэ зүсээ хувиргасан бүтцийг амилуулж байгаа хэсэг нь бэлэн мөнгөний урсгалыг хянаж буй бүлэглэлийнхэн болж хувирав. Өнөөдөр бэлэн мөнгөний урсгал хаана байдаг вэ гэвэл архи, тамхи, бензины бизнес хийгээд нүүрсчдийн л гарт орсон.

Улс төрийн сонгуульд мөнгөгүй л бол, хичнээн ухаантан, эгэлгүй гэгээнтэн, цуцахыг мэдэхгүй хөдөлмөрч байсан ч та улс төрийн хүрээний буюу мөнгөжих хүрээний гадаа л хаягдана.

Яагаад гэвэл танд бэлэн мөнгө байхгүй. Иймээс дээш ахих хүн заавал аль нэг намын далавчин доор орж, өнөөх бэлэн мөнгөтэй бүлэглэлийн өмнө өвдөг сөхрөн мэхийж тусламж гуйж, тангараг өргөнө. Хэрэв өнөөх нам чамайг тоовол шүү дээ.
Ийм бүтэцтэй улс болох эхлэл 2010 оноос биелэлээ олсон юм.

Энэ бүгдийг ард түмэн нарийн ойлгохгүй ч гэсэн мэдрээд байсны нэг тод жишээ нь 7 дугаар сарын 1-ний бослого шүү дээ!

Аргаа барсан , багтарсан олны бослого!. Тэд нар анхнаасаа дээрэм тонуул хийх байсан юм бол яагаад дэргэд нь байгаа бүр тавхан алхамын зайд байх банк, Улаанбаатар зочид буудлыг дайрч довтлон тоноогүй юм бэ гэдэг нь энэ бүхний хариулт юм даа.


 
 
МОНГОЛЧУУД АНХНЫ ОЛИМПИЙН АВАРГАТАЙ БОЛСОН ӨДӨР

Хятад улс. Бээжин хот. 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Олимпийн тосгон.
7 цаг 00 минут.
Түвшинбаяр энэ өглөө олимпийн хотхоноос гарч автобусаар барилдаан болж буй ордон тийш бэлтгэл хангагч Э.Энхбаттай явж байлаа.

Тэрээр ээжийнхээ өгч явуулсан захиаг харж сууна.

Миний хүү алтан медаль аваад ирээрэй. Хүүгээ зүүн хацар дээр нь үнсье. Бөх хүн гэдэг хийморь лундаагаа л өргөж явах учиртай юм шүү...гэх мэтээр сэтгэлийн үгээ бичсэн захидлыг тэрээр уншаад нандигнан эвхэж, халаасандаа хийгээд бодолд автлаа.

Энэ хэд хоногт манайхан медалийн төлөө барилдсан хэдий ч бүгд “мултарчихсан” байсан болохоор урам зориг тийм ч сайн байсангүй.

10 цаг 15 минут.
Тэрээр бэлтгэлийн зааланд ирж кимоногоо өмсөөд биеэ халаахад бэлэн боллоо. Түүнтэй эхний тойрогт таарсан японы алдарт жүдоч Кэ жи Сүзүки мөн адил бэлтгэл хангагч бөхчүүдтэйгээ ирсэн бөгөөд эхний тойрогт чамтай билүү гэх шиг тоомжиргүй харцаар харж буйг Түвшинбаяр бас анзаарлаа. Гэтэл Цагаанбаатар сугалаа барьсаар орж ирээд,
-За Түвшөө цаад Сүзүки чинь жин их хассан байна. Эхний тойрог чамд бүр амар...гэж ярьж байтал Насаа багш нь Цагаанбаатарын үгийг лавшруулж
- Чи цаад японыхоо хүзүүг хардаа горзойчихоод. Барилддаг хүн гэхэд хэцүү хүзүүтэй харагдаж байгаа биз ? хэмээн инээнгээ, - За чи гарангуутаа хөлд сайн дохино шүү...гэлээ.

Түвшинбаяр анхааран харвал нээрээ санаа дагаад ч юм уу хүзүү нь нарийхан болсон мэт харагдана. 

10 цаг 45 минут.
Э.Энхбат түүнд халуун цай авчирч өгөв. Бие халаалт хийх хооронд түүний бэлтгэл хангагч цай чанаж амжсанаа уулгаж байгаа нь энэ.

Энэ үеэр хар саарал хослол өмссөж зангиа зүүсэн Баттулга бэлтгэлийн зааланд орж ирэхэд өдөр бүр бэлтгэлийн хувцастай явдаг түүнийг Түвшинбаяр гайхсан харцаар угтаад
-Та өнөөдөр бэлтгэл хийхгүй юм уу? Яагаад костюм өмсчихөө вэ? гэж асуухад Баттулга
-Яах юу байхав дээ чи алтан медаль авна шүү дээ. Тэгээд би гардуулах гээд л ... гэж хэлээд инээжээ.

11 цаг 30 минут.
Түвшөөгийн бие халаалт дууслаа. Тэрээр агаар амьсгалахаар гадаа гарч ирэхэд Баттулга үүдэнд тосч уулзав.

Шиврээ бороо намуухан шаагиж байлаа. Баттулга
-За Түвшөө минь олимп гэдэг тамирчин хүн болгонд тохиогоод байдаг аз биш шүү дээ. Одоо чи нэг хүнтэй 5-хан минут л барилдана. Таван хүнтэй 25 минут л барилдана гэсэн үг. Хорин тавхан минут чиний амьдралыг бүр орвонгоор
нь өөрчилнө. Чи түрээсийн байрнаасаа гарч шинэ байртай болно, машин унаатай ч болно алдар нэртэй ч болно. Гол нь Монголчууд бидний хүсэн хүлээсэн олимпийн анхны аварга төрөхөд ердөө энэ 25 минутыг чи яаж өнгөрөөхөөс л шалтгаалах болчихоод байна гэж түүний нүд рүү харж хөмсгөө зангидан нухацтай хэлжээ...

12 цаг 00
-100 кг-ийн нэгдүгээр тойрог.
Татами дээр цагаан талаас Монголын тамирчин Н.Түвшинбаяр хөх талаас Японы олимп, дэлхийн аварга Сүзүки нар гарч ирлээ.

12 цаг 03 минут 37 секунд
Манай тамирчин иппон буюу цэврээр өрсөлдөгчөө ялав.

13 цаг 45 минут
Германы бөх Бенжамин Берлаг юүко үнэлгээгээр ялав.

14 цаг 20 минут
Солонгосын бөх Сунг Хо Жаныг мөн юүкогоор ялав.

15 цаг 30 минут
Азарбайжаны бөх Мовлуд Мералиевийг цаг сунгаж барилдсан ч мөн юүко үнэлгээгээр ялаад олимпийн мөнгөн медалийн болзол хангав.

19 цаг 35 минут
Жүдо бөхийн бие халаалт хийдэг бэлтгэлийн зааланд Баттулга яаран орж ирээд
- За, хэн ч баяр хүргэж болохгүй шүү. Медальдаа ханачихна. Одоо алтын төлөө барилдана. Ганцхан Насаа багш зөвлөгөө өгнө, болж өгвөл унтуулж амраагаарай гэв.

Алтан медалийн төлөөх барилдаан.
20цаг 30 минут
Монголын бөх Н.Түвшинбаяр цагаан өмсгөлтэй гарч ирлээ. Түүний өмнөөс Казахын тамирчин Ашхат Житкевич хөх өмсгөлтэй гарч ирлээ.
20 цаг 32 минут 55 секунд
Манай бөх эхний базари үнэлгээг авлаа.
20 цаг 33 минут 40 секунд
Хоёр дахь үнэлгээ юүко.
20 цаг 34 минут 49 секунд
Бас нэг юүко авч илүүрхэв.
20 цаг 35 минут
Монголын тамирчин Н.Түвшинбаяр Алтан медалийн болзол хангав.

Монгол улс. Булган аймаг. Сайхан сум
( Найдан гуайн намаржаа )

2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр
12 цагийн үед Түвшинбаярын аав Найдан ээжийнх нь хамт барилдаан үзэхээр суусан ч Монголын сувгаар гарсангүй тул тэр хоёр яаран утас барьдгаар нь Халхтын уулын оройд хүрч, хотод байгаа хүүгээсээ утсаар мэдээлэл авахаар гарчээ.

20 цаг 30 минут.
Найдан гуай найдвартай нь дээр гээд хотод байгаа хүүгийнхээ телевизээр гарч буй шууд нэвтрүүлгийн мэдээллийг авахаар уулан дээр суусаар байлаа.

Нар уулын цаагуур жаргаж хээр тал тэр чигээрээ алтан шаргал өнгөөр тунарна.
Яг тэр мөчид хүү нь Олимпийн анхны
 Алтан медаль авч төрийн дуулал Бээжингийн тэнгэрт эгшиглэхэд аав ээж хоёр нь зэрэг зэрэг “ Төрийн минь сүлд өршөөлөө дөө”... хэмээн зальбирч нулимс унаган суулаа.
 
Монгол улс. Улаанбаатар хот. Төрийн ордон. Монгол улсын Ерөнхийлөгчийн албан тасалгаа

12 цаг 00 минут
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, Хууль зүйн сайд Ц. Мөнх-Оргил хоёр уулзалттай байлаа. Ерөнхийлөгчийн өрөөний телевизээр Олимпийн жүдо бөхийн тэмцээн гарч байх ч, тэрээр дууг нь хаажээ.

Тэр хоёр ажил ярьж байтал телевизийн дэлгэцнээ манай тамирчин Н.Түвшинбаяр японы бөх Сүзүки нар барилдахаар гарч ирэхийг ерөнхийлөгч анзаараад Мөнх- Оргилд хандан:
-Байж байгаарай. Энэ манай залуу гараад ирлээ. Эсрэг талаас гарч ирж байгаа нь өнөөх алдарт Сүзүки шив дээ. Энэ чинь дийлдэшгүй бөх юм гэсэн. Олимпийн хорооноос санаачлаад бид дэмжээд “Чингис хааны цом” гэж гаргаад, спортоор бусдаасаа илт ялгарсан тамирчдад өгдөг болгоё гээд. Хамгийн эхнийх нь энэ гарч ирээд байгаа японы тамирчин Сүзүкид өгье гэж санал гаргаад, тэгээд Монголд энэ нөхрийг уриад би өөрөө тэр шагналыг нь гардуулсан юм.

Б.Бат-Эрдэнэ аваргын ярьсанаар бол “Энэ бөх жүдод ноёлж байгаа бөх, жиндээ бол бол тасархай, ерөөсөө ялагдаж үзээгүй бөх” гэж надад сурталчилж байсан бөх дөө... Энүүнтэй таарчих ч гэж дээ манай бөх ч шансгүй л болчлоо доо” гээд санаа алдаад яриагаа үргэлжлүүлж телевизээ харахаа байлаа.

12 цаг 03 минут 37 секунд
Ц.Мөнх-Оргил, Н.Энхбаяр ерөнхийлөгч хоёр яриагаа үргэлжлүүлж байтал зурагтаар өнөөх алдарт Сүзүкиг манай нэр нь үл мэдэгдэх бөх давхар хамаад шууд иппон буюу цэврээр ялж орхихыг хааяа зурагт өөд харц чулуудаж суусан ерөнхийлөгч хараад дуу алдан босч ирлээ.

-Хөөе энэ чинь юу вэ? Өнөөх алдартай нөхрийг энэ манай залуу бүр цэвэр ялчихлаа шүү дээ. Яасан сайхан юм болчих нь энэ вэ гэж уулга алдаад
-За Мөнх-Оргилоо чи гар гар, наад ажлаа дуусга манай хүн ямар мундаг барилдваа... би бөх үзье энэ ямар гээч гайхамшиг вэ гээд зурагтын дууг чангалаад шууд ажлаа орхиж, дараа дараагийн барилдааныг үзэхээр хууль зүйн сайдыг бараг хөөхийн наагуур гаргаад ерөнхийлөгч зурагт харан буйдандаа тухаллаа.

14 цаг 20 минут
Ерөнхийлөгч барилдааныг анхааралтай харж байтал Солонгосын бөх Сунг Хо Жаныг мөн юүкогоор ялав. Тэрээр ихэд баярлан “ За хө оройн барилдааныг нүд салгалгүй харья энэ залуу чинь юм дуулгах нь шүү” хэмээн хөөрөн бодож суулаа.

20 цаг 32 минут 55 секунд
Ерөнхийлөгч олимпийн барилдаан үзээд гэртээ харилгүй өрөөндөө сууж байлаа. Монголын бөх Н.Түвшинбаяр цагаан өмсгөлтэй гарч ирлээ. Түүний өмнөөс Казакын тамирчин Ашхат Житкевич хөх өмсгөлтэй гарч ирлээ.

-За хөөрхий мөнгөтэй ч болчихлоо доо. Одоо энэ нө