Бакула Ринбүчи багш Монголд дахин заларна
2017 оны 7 сарын 18 [Уншсан тоо: 28847]
 
 
1989 онд Энэтхэг улсаас манай оронд суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд залран ирсэн нь Бурхан багшийн 16 архадын нэг Бакулу архадын 19-р дүр Бакула Ринбүчи Живзун Лувсан Түвдэн Чогнор байсан бөгөөд дараа жил нь манайд ардчилсан хувьсгал ялсан бөгөөд тэрээр арван жил Монголд элчингээр ажилласан нь  тохиолдлын гэмээргүй  гайхалтай явдал байлаа.

Тэрээр 1917 онд Оросод пролетарийн хувьсгал гарах жил Ладакын хаан язгуурын гэр бүлд лагшин мэндэлсэн бөгөөд 13-р далай ламын лүндэн зарлигаар Бакула архадын хойд дүрээр тодорч Төвдийн Брайбүн Лосалин хийдэд шавилан сууж лхарамбын дамжаа барьж дүүргэжээ.

1949 онд Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неругийн саналаар Жамму Кашмир мужийн засаг захиргааны сайд ..зэрэг ажил хийж улс төрд оролцож эхэлсэн байдаг.

Бас нэг сонин түүх нь 1930 аад онд Төвдөд суралцаж байх үед Монгол оронд лам нарыг үй олноор нь хядах ажил  эхэлж байгааг сонсоод энэ оронд очихсон гэж хүсэж эхэлсэн тухайгаа хожим өгүүлсэн байдаг.

Тэрээр Монголд ажиллах хугацаандаа олон хүмүүст туслан бурханы номыг дэлгэрүүлэх ажилд идэвхийлж Бурхан багшийн чандар лагшинг залах зэрэг маш олон ажил хийснийг Монголчууд үргэлж санаж явдаг бөгөөд эрт цагаасаа л зах зээл архи тамхины орон байсан өвгөнтийн хөндийн буйран дээр ерөндөг болгож  Бэтүб Данжаа Чойнхорлон хийдийг байгуулсан нь өнөө ч сүсэгтэн олны хөлд дарагдсан хэвээр ариун дагшин газар байсаар байгаа бөлгөө. Тэгээд 2000 онд нутаг буцсан ч 2003 онд 86 насандаа нирваан дүрийг үзүүлсэн бөгөөд 2006 оны 1 сарын 23-нд түүний хойд дүр Бакула Ринбүчи Данзан Агваан Жигмид Ванчиг Энэтхэгийн Ладакын Нубра тосгонд лагшин мэндэлжээ.

Элчин сайд Бакула Ринбүчи жанч халснаас хойш сүжигт шавь нар нь түүний хойд дүрийг хүлээж байсан бөгөөд 2008 оны 2 р сарын 26 ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр урьдын барилдлагат сүжигт шавь нарын ерөөл буяны цагаан үр боловсорч Дээрхийн гэгээн Далай лам бээр Бакула Архадын хорьдугаар  дүр тодорсныг тунхаглан зарлигдсанаар ачит багштайгаа шавь нар нь дахин золгоцгоосон билээ.

Бакула багшийн хойд дүр хэрхэн тодорсон хийгээд гэгээнтний тухай Бакула багштай олон шил шадарлаж сүүлдээ багшийнхаа хамт Бэтуб хийдийг  босгож тэргүүлсээр байгаа Сономванчигаас тодруулахад тэрбээр;
 
Бид бүхэн Элчин багш Бакула ринбүүчи 2003 оны 11 дүгээр сарын 4 нд жанч халснаар түүний алтан шарлийг Ладак газар чандарласныг эдүгээ санаж байгаа билээ. Ризон ринбүүчи тэргүүтэн мянга мянган хүмүүс цуглан түүнийг эцсийн замд нь үдэх ёслолыг үйлдсэн юм.

Түүнээс хойш 2006 оны 1 сарын 26 нд Энэтхэгийн Ладакын Нубра тосгонд Түвдэннаваан хэмээх хөвүүн эцэг Доржцэрин, эх Сонамдолгорын гэр бүлд мэндэлжээ. 19 дэх дүрийн Бакула ринбүүчи шашин амьтны тусыг цаглашгүй хийж байсны адил сүүлчийн дүрийн Бакула ч мөн адил эгэлгүй нэгэн урьдын үйлсээ залгамжлагч хувраг байх болно гэж хүлээж байна.

20 дахь дүрийн Бакула ринбүүчи саяхан өмнөд Энэтхэгийн Брайвүн Лосалин хийдийн Бэтүв хамцаны шавь сургалтанд хамрагдаж эхлээд байна.

Дээрхийн гэгээн Далай Лам бээр эрдэм төгөлдөр Түвдэнравжай гэвшийг 2 туслахын хамт түүний ёнзин багшаар томилсон юм. Түвдэнравжай гэвш мөн Лин ринбүүчийн ч ёнзин багш юм. Лин ринбүүчи бээр анх удаа Монголд 20 дахь дүрийн Бакула ринбүүчитэй хамт морилон ирж байгаа нь нэн таатай сайхан хэрэг болж байна. 20 дахь дүрийн Бакула ринбүүчи хийдийн шавь сургалтаа эхлүүлхээсээ өмнө ариун дагшин номон орон болох Бодгаяа, Варанаси, Наландра, Ражгир, Күшинагар тэргүүтэн газруудаар эргэл мөргөл хийжээ. Ингэж бидний элчин багшийн хойд дүр  20 -р Бакула Ренбучи багш маань Монголд дахин залрах гэж буйг зарлах сайхан байна. Энэ 7 сарын 27-д 20 дахь дүрийн Бакула Ринбүүчийг Бэтүв хийдийн арслант ширээнд залах ёслол болно.Сүсэгтэн олон шавь нарыг хүрэлцэн ирэхийг урьж байна …хэмээсэн билээ.

Монголын түүх сөхөж харвал бурханы шашин манайд гурвантаа дэлгэрсэн гэж бичигдэн үлдсэн ч 1990 оноос дөрөв дөхөө дахин дэлгэрсэн гэж хожим түүхэнд тэмдэглэх нь гарцаагүй юм. 1930 аад оноос  лам хуварга нарыг олноор нь хоморголон хядаж эхэлсэн бөгөөд шашныг устгах энэ ажил 70 жил үргэлжлэн 1990 ээд он гэхэд манайд байсан бараг бүх сүм хийд хаагдаж сүм мүзей төдийхөн болж хоцорсон байсны дээр лам нарыг бэлтгэдэг уламжлал бүрэн алдагдаж хий хоосон мухар сүсэг төдий үлдээд байсныг дахин сэргээх их ажилд Бакула багшийн оруулсан хувь нэмэр туйлийн их бөлгөө.

Тэгээд урьдын их ерөөлөөр манай оронд арван жил элчин сайд хийхдээ бараг мартагдаад байсан уламжлалт шашин эргэж сэргээсэн хүний нэг яах араггүй мөн бөгөөд харин өдгөө түүний хойд дүр хоёр дахь эх орон болсон Монголдоо залрах гэж буй нь мөн л урьдын их ерөөлийн үргэлжлэл буй заа.

Ом сайн амгалан тогтох болтугай.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив